2018 онд улсын хэмжээнд хянан шийдвэрлэсэн иргэний хэрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тойм

2019 оны 03 сарын 25

2018 онд улсын хэмжээнд хянан шийдвэрлэсэн иргэний хэрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тойм

2019.03.20                                                                                                                                                                                                      Улаанбаатар хот

 

        Нэг. Хянан шийдвэрлэсэн хэргийн тоон судалгаа

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхим, Практик судлалын хэлтэс хамтран улсын хэмжээнд 2018 онд иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдсэн нийт хэрэг, маргааныг тоймлон үзэхэд:       

2017 оны үлдэгдэл 6657, 2018 онд 57861, нийт 64518 нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг улсын хэмжээнд анхан шатны журмаар хүлээн авч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 16.1 хувь буюу 10397 нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж буцаасан, 74.6 хувь буюу 48155 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн, 9.2 хувь буюу 5966 хэргийн үлдэгдэлтэй байна.

      -2018 онд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч 15578 өргөдөл, гомдол хүлээн авснаас 12092 маргааныг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэжээ.

     -2018 оны үлдэгдэл 5966 хэргээс 922 хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, харин 587 хэргийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаа хэтэрсэн гэсэн тоон судалгаа гарчээ.

     -Хянан шийдвэрлэсэн 48155 хэргийн 26 хувь буюу 12516 хэргийг хялбаршуулсан  журмаар хянан шийдвэрлэжээ.

Дээрх тоон үзүүлэлтийг 2017 онд хүлээн авсан 63220 нэхэмжлэл, шийдвэрлэсэн 45233 хэрэгтэй харьцуулахад 2018 онд улсын хэмжээнд анхан шатны шүүхийн хүлээн авсан нэхэмжлэл 1298 буюу 2.0 хувиар, шийдвэрлэсэн хэрэг 2922 буюу 6.5 хувиар өссөн, харин давж заалдах шатны шүүхээр хүлээн авсан хэргийн тоо 360 буюу 8.6 хувиар буурсан, хяналтын журмаар хүлээн авсан хэргийн тоо 172 буюу 8.6 хувиар өссөн байна.

Анхан шатны шүүхээс 2017 онд нийт хүлээн авсан нэхэмжлэл, гомдол, хүсэлтийн 15.4 хувь буюу 9763 нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж буцаасан бол 2018 онд 16.1 хувь буюу 10937 нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь өссөн үзүүлэлт юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад залруулах боломжтой ялимгүй зөрчлийн  үндэслэл зааж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь иргэн хуулийн этгээдэд цаг хугацаа, өртгийн шаардлагагүй зардлыг үүсгэдгээс гадна талуудын эрх ашигт сөргөөр нөлөөлөх үр дагаврыг үүсгэх нөхцлийг бий болгодог тул шүүх хүлээн авахаас татгалзаж буцаасан нэхэмжлэлийн тоо жил тутам өссөн дүнтэй гарч байгаад анхаарал хандуулах  шаардлагатай байгааг дурдах нь зүйтэй.

2018 онд хянан шийдвэрлэсэн нийт хэргийг эрх зүйн төрлөөр нь ангилж үзэхэд Иргэний эрх зүйн маргаанаар 21616 хэрэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 18318 хэрэг, Гэр бүлийн эрх зүйн маргаантай 4763 хэрэг, Хөдөлмөрийн эрх зүйн маргаантай 1785 хэрэг, Газрын тухай хуулиар 169 хэрэг, бусад хуулиар 1504 хэрэг байна.

Шийдвэрлэсэн нийт маргааны 79.3 хувийг иргэний эрх зүйн маргаан эзэлж байх бөгөөд үүнээс 17141 нь  худалдах-худалдан авах гэрээний, 6040 нь арилжааны гэрээний эрх зүйн маргаан, 5570 нь зээлийн гэрээний эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар буюу онцгой ажиллагааны журмаар 18318 хэрэг шийдвэрлэснээс хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтээр 3677 хэрэг, ажилласан жил тогтоолгох хүсэлттэй 11673 хэрэг, согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх 1061 хэрэг, бусад хуулиар 1907 хэрэг хянан шийдвэрлэгдсэн байна.

Иргэний хэргийн анхан шатны  шүүхээр улсын хэмжээнд хянан шийдвэрлэгдсэн хэргийг  маргааны төрлөөр нь харьцуулбал.

Маргааны төрөл

2017

2018

Зөрүү

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

1

Иргэний хуулиар

22783

50.4

21616

44.8

-1167

   -5.6

2

ИХШХШтХ

13600

30.1

18318

38

+4718

+7.9

3

Гэр бүлийн хуулиар

4566

10.1

4763

10.14

+197

+0.04

4

Хөдөлмөрийн хуулиар

2214

4.9

1785

3.7

-429

-1.2

5

Бусад хуулиар

2070

4.6

1673

3.5

-397

  -1.1

 

 

45233

 

48155

 

2922

+6.5

Судалгаанаас үзэхэд 2018 онд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэсэн хэрэг 7.9 хувиар, Гэр бүлийн хуулиар шийдвэрлэсэн хэрэг 0.04 хувиар өсч, Иргэний хууль, Хөдөлмөрийн хууль болон бусад хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо ялимгүй буурсан байна.

2018 онд шийдвэрлэсэн нийт 48155 хэргийн 47.9 хувийг орон нутгийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр, 52.1 хувийг нийслэлийн дүүргүүдийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэжээ.

Нийт хянан шийдвэрлэсэн 48155 хэргийн 7.9 хувь буюу 3807 хэрэгт давж заалдах журмаар гомдол гаргасны 92.6 хувь буюу 3527 хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ.

Хоёр. Хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн хэрэг.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн 3527 хэргийн 59.8 хувь буюу 2108 хэрэгт хяналтын журмаар гомдол гаргасан байна. Энэ үзүүлэлтийг улсын хэмжээнд шийдвэрлэсэн нийт 48155 хэргийн хувьд авч үзвэл 4.3 хувьд хяналтын журмаар гомдол гаргажээ.

Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар 2018 онд 1932 хэргийг  хянан шийдвэрлэсэн нь өмнөх 2017 онд шийдвэрлэсэн 1704 хэрэгтэй харьцуулахад 228 хэрэг буюу 13.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.  

2018 онд хяналтын журмаар хянан шийдвэрлэгдсэн нийт хэргийг бүсчлэн авч үзвэл 1932 хэргийн 72.7 хувь буюу 1405 хэрэг нь дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр, 27.3 хувь буюу 527 хэрэг нь орон нутгийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан  шийдвэрлэгдсэн хэрэг байна.

/Хяналтын шатны шүүхээр сүүлийн 2 жилд шийдвэрлэгдсэн хэргийн тоон үзүүлэлт/

 

 Утга/Он

2017

2018

Нийт

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

1

Хүлээн авсан хэрэг

1991

 

2163

 

4154

 

1.1

Нийт шийдвэрлэсэн

1829

91.8

2074

  95.9

3903

93.9

Үүнээс

Хариу өгсөн

69

3.5

87

4.0

156

3.7

Нийт шүүгчдийн хуралдаан

0

0

0

0

0

0

Шинээр илэрсэн нөхцөл байдал

56

2.8

55

2.5

111

2.7

Шүүх хуралдаан

1704

85.5

1932

89.3

3636

87.5

1.2

Үлдэгдэл

162

8.1

89

4.1

251

6.0

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 онд хяналтын журмаар хянан шийдвэрлэгдсэн 1932 хэргийн 56.7 хувь буюу 1096 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 10.8 хувь буюу 208 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, 18.5 хувь буюу 357 хэргийн шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, 10.6 хувь буюу 206 хэргийн магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилж, 3.4 хувь буюу 65 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

/Шийдвэрлэгдсэн хэргийн судалгаа/  

Шийдвэрлэсэн байдал

        2017

      2018

 Өсөлт, бууралт

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

1

Шийдвэр, магадлал хэвээр

915

53.7

1096

56.7

+181

+19.8

2

Шийдвэр, магадлалд нэмэлт өөрчлөлт

307

18.0

357

18.5

+4

+1.2

3

Шийдвэр, магадлал, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилсөн

201

12

206

 10.6

+5

+2.5

4

Шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон

 

85

 

4.8

    65

3.4

-20

-23.5

5

Шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан

196

11.5

208

10.8

+12

+6.1

Нийт

1704

 

1932

 

 

+228

 

+13.3

Хяналтын шатны шүүхээс  шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан 208 хэргийн 48.1 хувь буюу 100 хэргийг шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэж, 51.9 хувь буюу 108 хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.  

Үүнээс 2 хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаажээ.

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан 108 хэргийн хүчингүй болгосон үндэслэлийг авч үзвэл:

  • Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн –3 хэрэг;
  • Хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн –8 хэрэг;
  • ИХШХШТХ-ийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн -97 хэрэг байна.

Харин хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн, шийдвэрт шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч гарын үсэг зураагүй, эсхүл шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан, хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь илэрсэн гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлал хүчингүй болсон тохиолдол гараагүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нийт 208 хэргийг бүсчлэн авч үзвэл 146 нь нийслэл, дүүргийн шүүхээр шийдвэрлэсэн, 62  нь орон нутгийн шүүхээр шийдвэрлэгджээ.

2016 онд хяналтын шатны шүүх хуралдаанаар 793 хэргийн шийдвэр, магадлал хэвээр үлдээсэн нь 53.9 хувь байсан бол 2017 онд 915 хэрэг буюу 53.7 хувь, харин  2018 онд 1096 хэрэг буюу 56.7 хувийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэрэг 2016 онд 12 хувь, 2017 онд 11.5 хувь байсан бол 2018 онд 10.8 хувь болж буурсан байна.

2.1. Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан   байдал.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 1932 хэргийн 56.7 хувь буюу 1096 хэргийг хэвээр үлдээж, 43.3 хувь буюу 836 хэргийн шийдвэр, магадлал өөрчлөгдсөн, хүчингүй болж шийдвэрлэгдсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой.

Шүүхийн шийдвэр хуулийн дээрх шаардлагыг хангаагүй буюу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх нь шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл болдог.

Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бус байх гэдэгт: Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал буруу тодорхойлогдсон, нэхэмжлэлийн  шаардлага, түүний үндэслэл тодорхой бус байх, маргааны зүйлийн талаар талууд мэтгэлцээгүй байх, талуудын нотолгооны үүрэг буруу хуваарилагдсан байх тохиолдлууд хамаарна. 

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчих нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар хэргийн оролцогчоос хяналтын гомдол гаргах үндэслэлийн нэг юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил бүр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим зөрчигдсөн тохиолдолд шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болох юм.

а. Хяналтын шатны шүүхээс 2018 онд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан 208 хэргийн 51.9 хувь буюу 108 хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэл заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан 108 хэргийн 2.8 хувь буюу 3 хэргийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж, 7.4 хувь буюу 8 хэргийг шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж, 89.8 хувь буюу 97 хэргийг ИХШХШТХ-ийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж, хэргийг шийдвэрлэсэн алдаа зөрчлүүд гаргаснаас шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан хэргийн дотор ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан тохиолдол буюу нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж, хэргийг шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр 2016 онд 12.4 хувь буюу 22 хэрэг, 2017 онд 32.6 хувь буюу 64 хэрэг, 2018 онд 46.6 хувь буюу 97 хэрэг дахин хянан шийдвэрлэгджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад зөрчил харьцангуй багассан судалгаа гарч байгаа ч ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлсэн гэх үндэслэлээр  хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан хэргийн тоо жил тутам өссөн дүнтэй гарч байгаад анхаарах шаардлагатайг тэмдэглэж байна.

Маргааны үйл явц талуудын санаачилгаар явагдах боловч энэхүү ажиллагаа нь хуулиар тогтоосон журмын дагуу явагдаж буй эсэхэд шүүгч хяналт тавьж чиглүүлэх, хэргийн оролцогчдын хүсэлтээр нотлох баримтыг шүүх бүрдүүлэх үүрэгтэй.

Нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлсэн, хэргийн оролцогчдын нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй гэсэн үндэслэлээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөнөөс 97 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэдий ч өөр бусад үндэслэл байсныг тогтоолд заажээ.

Тухайлбал, хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхой бус, нотлох баримт хуульд заасан шаардлагыг хангаагүй, шүүхээс нотлох баримт бүрдүүлэх талаар захирамж гаргасан атлаа биелэлт  хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн, эсхүл хүсэлтийг хангахгүй орхисон захирамж гаргахдаа үндэслэл, дүгнэлтийг тодорхой заадаггүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, огт үнэлэхгүй орхисон, нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй, хууль хэрэглээгүй, шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх ёстой байсан маргааныг анхаараагүй, шүүх онцгой ажиллагааны журмаар  хэрэг хянан шийдвэрлэхдээ нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй, хүсэлт гаргагчаас гаргасан баримтуудыг хэрхэн үнэлсэн тухайгаа шийдвэрт заагаагүй зэрэг алдаа зөрчил гарч байна. 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 129/ШШ2017/00562 дугаар шийдвэртэй А.Э-ын нэхэмжлэлтэй хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэгчийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлэхийн тулд гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан байхад анхан шатны шүүх “...хэргийн үйл баримттай шууд хамааралгүй, маргааны зүйлд ач холбогдолгүй, түүнчлэн шүүгчийн захирамжаар урьд шийдвэрлэсэн хүсэлттэй давхцсан...” гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, шүүх хүсэлттэй холбоотой ямар баримт хэрэгт давхцаж авагдсан талаар нэр дурдаж заагаагүй, тухайн гэрчийн мэдүүлэг, холбогдох баримтыг ямар үндэслэлээр хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй алдааг гаргасан байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. /Улсын Дээд шүүхийн 2018.05.03-ны өдрийн №001/ХТ2018/00704 дүгээр тогтоол/

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03288 дугаар шийдвэрээр В.Г-ын нэхэмжлэлтэй хэрэгт давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо магадлалын тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл хэсгийг заагаагүй. Түүнчлэн “...талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь худалдах-худалдан авах гэрээний шинжийг...” агуулсан гэж дүгнэсэн боловч үндэслэлээ заагаагүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “...халаалтын шугам татсан эсэх... татсан бол ашиглаж байгаа эсэх ...40-ийн голчтой турба байрлуулсан эсэх...”-г тодруулах агуулгатай хүсэлт гаргасан, уг нөхцөл байдлыг тогтооход тусгай мэдлэг шаардагдаж байхад анхан шатны шүүх шинжээч томилолгүй, үзлэг хийсэн буюу шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн алдааг гаргажээ. /Улсын Дээд шүүхийн 2018.05.22-ны өдрийн №001/ХТ2018/00814 дүгээр тогтоол/

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/01893 дугаар шийдвэртэй Л.Я, С.Г нарын нэхэмжлэлтэй хэрэгт шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа шинжээч томилсон боловч 2016.03.18-ны өдрийн шинжээч томилсон 102/ШЗ2016/09999 дугаартай захирамжийн заалт биелэгдээгүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн, нэмэлт эсхүл дахин шинжилгээ хийлгэсэн эсэх, бүрэлдэхүүнтэй шинжээч томилох болсон шаардлага зэрэг нь тодорхойгүй байхад эдгээр дүгнэлтүүдийг шийдвэрийн үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй гэж үзжээ. /Улсын Дээд шүүхийн 2018.03.22-ны өдрийн 001/ХТ2018/00457 дугаар тогтоол/

4. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/01486 дугаар шийдвэрээр Ч.Ю-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх байсан хэрэгт шүүх нотлох баримтыг өөрөө бүрдүүлж хэргийг шийдвэрлэх ёстой байсныг анхаараагүй. Хүсэлт гаргагч өөрийн хүсэлтийг нотолж иргэн М.Б, Г.О, Г.Ю нарын тодорхойлолтыг хавсаргасан байхад шүүх эдгээр хүмүүсийг гэрчээр асууж, нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй, тухайн баримтуудыг хэрхэн үнэлсэн тухайгаа шийдвэрт заагаагүй. Түүнчлэн, 1998 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1522 дугаар шийдвэртэй иргэний хэргийн материалыг хэрэгт холбогдуулан судлах шаардлагатай байсныг хэрэгжүүлээгүй тул шийдвэр, магадлал хүчингүй болсон. /Улсын Дээд шүүхийн 2018.09.28-ны өдрийн №001/ХТ2018/01288 дугаар тогтоол/

5. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/03058 дугаар шийдвэрээр Ш.С-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ Ш.С нь “...хууль бусаар яллагдагчаар татагдсан” гэсэн үндэслэлээр өөрт учирсан хохирлыг ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр шаардсан бөгөөд үүнийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх байсныг анхаараагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, мөн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх алдааг илрүүлээгүй байна. /Улсын Дээд шүүхийн 2018.06.14-ний өдрийн №001/ХТ2018/00953 дугаар тогтоол/

6. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/00125 дугаар шийдвэрээр хэргийг шийдвэрлэхдээ гадаад хэлээр бичигдсэн нэг баримтын хоёр өөр орчуулга хэрэгт авагдсан байхад шүүх аль нь үнэн зөв гэж үзсэн үндэслэлээ шийдвэрт заагаагүй, талууд орчуулга үнэн зөв эсэх талаар маргаж буй тохиолдолд шинжээч томилох эсэх талаар тодруулаагүй тул шийдвэр, магадлал хүчингүй болсон. /Улсын Дээд шүүхийн 2018.09.27-ны өдрийн №001/ХТ2018/01263 дугаар тогтоол/

7. Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 147/ШШ2017/00542 дугаар шийдвэрээр хэргийг шийдвэрлэхдээ ...хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлттэй холбогдуулж нэхэмжлэгчийн саналыг сонсоогүй, ...хүсэлтийг шийдвэрлээгүй, мөн шүүх хуралдааны тэмдэглэлд зохигч нарыг оролцсоноор бичигдсэн атал шийдвэрт энэ талаар тусгагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 118.2-т заасныг ноцтой зөрчсөн тул шийдвэр, магадлал хүчингүй болсон. /Улсын Дээд шүүхийн 2018.06.28-ны өдрийн №001/ХТ2018/01104 дугаар тогтоол/

8. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/03058 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг зөрчсөн, мөн Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлд шүүх Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төлөөлөгчийг хариуцагчийн итгэмжлэлгүй оролцуулсан алдааг гаргажээ. Давж заалдах шатны шүүх нь шийдвэрийг хэвээр үлдээж, алдааг илрүүлээгүй байна. /Улсын Дээд шүүхийн 2018.06.14-ний өдрийн №001/ХТ2018/00953 дугаар тогтоол/

9. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2017/00837 дугаар шийдвэртэй хэрэгт нэхэмжлэгч нь хоёр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад  анхан шатны шүүх нэг хариуцагчид холбогдох шаардлагыг шийдвэрлээгүй алдааг гаргасан байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, алдааг илрүүлээгүй байна. /Улсын Дээд шүүхийн 2017.12.27-ны өдрийн №001/ХТ2018/00029 дугаар тогтоол/

10. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00320 дугаар шийдвэрээр хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 118.3-т заасныг зөрчиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь хуудас хэргийн баримтад байхгүйгээс нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал тодорхой бус байхад давж заалдах шатны шүүх, шийдвэрийг хэвээр үлдээж, алдааг илрүүлээгүй байна. /Улсын Дээд шүүхийн 2018.12.20-ны өдрийн №001/ХТ2018/01913 дугаар тогтоол/

11. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/00254 дүгээр шийдвэрээр хэргийг шийдвэрлэхдээ гэрээний оролцогч талыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй алдааг гаргасан тул шийдвэр, магадлал хүчингүй болсон. /Улсын Дээд шүүхийн 2018.09.27-ны өдрийн №001/ХТ2018/01269 дүгээр тогтоол/

12. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр Х.Б-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ тухайн маргааны хариуцагчаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрх бүхий байгууллагын шийдвэрээр томилогдон дүгнэлт гаргасан шинжээч байгууллагыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлын хариуцагч болох эрх зүйн үндэслэлтэй эсэхийг анхаараагүй байна. /Улсын Дээд шүүхийн 2018.06.19-ний өдрийн №001/ХТ2018/01017 дугаар тогтоол/

13. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/00253 дугаар шийдвэрээр О.Д-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлэх нөхцөл тогтоогдсон байхад нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасныг ноцтой зөрчсөн тул шийдвэр, магадлал хүчингүй болсон. /Улсын Дээд шүүхийн 2018.09.20-ны өдрийн №001/ХТ2018/01206 дугаар тогтоол/

Түүнчлэн шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас шийдвэр, магадлал хүчингүй болсон тохиолдол гарсан байна. Тухайлбал:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/02233 дугаар шийдвэрээр Г ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийг шүүгчийн “захирамж” гэсэн бланк дээр гаргасан нь хууль зөрчсөн тул уг шийдвэр, магадлал хүчингүй болсон. /Улсын Дээд шүүхийн 2018.01.23-ны өдрийн №001/ХТ2018/00131 дугаар тогтоол/

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2018/00188 дугаар шийдвэрээр Т.О-гийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ шийдвэрийн тодорхойлох хэсэгт үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаарх зохигчдын тайлбарын агуулгыг тодорхой тусгаагүй, үндсэн нэхэмжлэлд гаргасан хариуцагчийн тайлбар, сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын дарааллыг алдагдуулснаас шийдвэрийн тодорхойлох хэсэг ойлгомж муутай болсон, мөн нэхэмжлэгч хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон 3 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан байхад шүүх Г.Б-д ногдох хэсгийг гаргуулах шаардлагад эрх зүйн дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэлийг шийдвэрлээгүй алдаа гаргажээ. /Улсын Дээд шүүхийн 2018.09.28-ны өдрийн №001/ХТ2018/01287 дугаар тогтоол/

б. Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаасан 208 хэргийн 48.1 хувь буюу 100 хэргийг шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй гэсэн үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргадаг.

Зохигчдын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг зөв тогтоогоогүй, маргааны зүйлийг үндэслэлтэй зөв тодорхойлж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байгаа тохиолдолд шүүх тухайн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэх боломжгүй, улмаар  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.

Эрх зүйн маргаантай харилцааг зөв тодорхойлоогүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хууль хэрэглээний алдааг гаргажээ. Тухайлбал,

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00542 дугаар шийдвэрээр Ц.М-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ итгэмжлэлийн нэг тал болох Б.Н оролцоогүй, тэрээр итгэмжлэлтэй холбоотой тайлбар гаргаагүй байгааг шүүх анхаараагүйгээс итгэмжлэл хүчин төгөлдөр бус болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэж үзсэн нь учир дутагдалтай болсон. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалах хүсэл зорилгоо илэрхийлж улмаар итгэмжлэлд гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ. Түүнчлэн, Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхгүй. Барьцааны эрх нь үндсэн үүрэгтэй буюу зээлийн гэрээтэй салшгүй холбоотой, Г банк нь Б.Н-тай барьцааны гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч Ц.М-ийн итгэмжлэлийг үндэслэсэн бөгөөд банк хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэх байдал тогтоогдоогүй байна. Итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдэл шүүхийн шийдвэрээр хожим хүчингүй болсон нь барьцааны гэрээний талуудын үйлдэл, эс үйлдэхүйтэй холбогдолгүй, тэдгээрийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэхгүй тул гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлбэрийн шаардлагыг зөрчсөн гэж үзэх, энэ үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тогтоох боломжгүй. Дээрх байдлуудыг хоёр шатны шүүх анхаараагүй байна. /Улсын Дээд шүүхийн 2018.10.16-ны өдрийн №001/ХТ2018/01416 дугаар тогтоол/

2. Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх  2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 138/ШШ2018/00151 дүгээр шийдвэрээр хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч Д.Х-ын хүсэлтээр гуравдагч этгээдээр Г.Г-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа түүнийг бие даасан шаардлага гаргасан, эсхүл гаргаагүй гуравдагч этгээд болохыг шүүгчийн захирамжид тодорхой заагаагүй ба “Г.Г-ийн өмчлөх эрх зөрчигдөж болзошгүй” гэж зааснаас үзвэл шүүх түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан гэж үзэхээр байна. Гэтэл Г.Г-ийн тайлбарт өөрийн өмчлөлийн орон сууцыг банкны зээлд барьцаалахыг зөвшөөрөөгүй, Д.Х, Д.Д нарыг гэрээт борлуулагч болоход нь тусалж, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн учир “хамтран эзэмшигчийн зөвшөөрөл”, “барьцааны гэрээ”, “барьцаалбар” зэрэг хэлцлүүдийг хүчин төгөлдөр буст тооцуулах хүсэлт гаргасан ба энэ утгаар түүнийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд гэж үзвэл түүний шаардлагыг шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарт гардуулаагүй, барьцааны гэрээнд Г.Г-г төлөөлсөн Д.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, шүүх дээрх шаардлагыг хянан шийдвэрлээгүй буюу гуравдагч этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон эрх зүйн байдал тодорхой бус болсон алдааг гаргасан. Мөн зээлийн гэрээ цуцлагдсан эсэх, эсхүл шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага гаргаж буй нь тодорхой бус, хоёр шатны шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй алдааг гаргаж, улмаар зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг хэрхэн хийсэн нь ойлгомжгүй. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй байхад зохигчдын  хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.11 дэх заалт нь зээл буцаан төлөх хуваарьтай, Иргэний хуулийн холбогдох зохицуулалттай хэрхэн уялдаж байгааг дүгнээгүй алдаатай болжээ. /Улсын Дээд шүүхийн 2018.10.02-ны өдрийн 001/ХТ2018/01310 дугаар тогтоол/

3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2017/02330 дугаар шийдвэртэй хэрэгт газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэгчийн шаардлага өмчлөх эрхтэй холбоогүйгээс гадна өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоох тухай биш, харин эрх шилжүүлэх тухай байхад шүүх шаардлагын эрх зүйн үндэслэлд хамааралгүй зохицуулалтыг баримталсан байна. Мөн гэрээний зүйл тодорхой бус байгааг шүүх анхаараагүй. Газар эзэмших эрхийг худалдагч тал худалдан авагч талд шилжүүлэх үүрэг хүлээсэн эсэх талаар буюу гэрээний гол нөхцлийг тодорхойлсон талаар болон худалдах-худалдан авах гэрээний зүйл нь юу болох, гэрээний оролцогч талын бүрэн эрх, эрх зүйн байдал, гэрээний үүргээ худалдагч тал бүрэн гүйцэтгэсэн эсэх, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний зүйл эрхийн доголдолтой байсан эсэх талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийж чадаагүй байна. /Улсын Дээд шүүхийн 2018.04.10-ны өдрийн №001/ХТ2018/00554 дүгээр тогтоол/

4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01705 дугаар шийдвэрээр Ц.А-ын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлд гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй буюу хэлбэрийн зөрчилтэй байсан гэх, төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр бус харин ам.доллараар гүйцэтгэсэн гэх үндэслэлүүд нь гэрээнээс татгалзах болсон нэхэмжлэгчийн бодит нөхцөлтэй уялдахгүй байгааг шүүх анхаараагүй. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхдээ Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасан зохицуулалтыг анхаараагүй. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “худалдах-худалдан авах гэрээний зүйл худалдагчийн өмчлөлийн зүйл байх шаардлагагүй” гэж эрх зүйн хувьд учир дутагдалтай дүгнэлт хийсэн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон. /Улсын Дээд шүүхийн 2018.03.01-ний өдрийн №001/ХТ2018/00323 дугаар тогтоол/

5. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 157/ШШ2017/00108 дугаар шийдвэрээр М ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хэн хэний хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн, маргааны зүйл нь юу болохыг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлага бүрт эрх зүйн дүгнэлт өгч хуулийг тайлбарлан хэрэглээгүй, шүүх шийдвэртээ зайлшгүй хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй алдааг гаргажээ. /Улсын Дээд шүүхийн 2018.02.08-ны өдрийн 001/ХТ2018/00223 дугаар тогтоол/

в. Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн  шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэл болон хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдал   /Судалгааг хүснэгтээр үзүүлэв./  /Нийт 65 хэрэг/

Д/д

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэл,

         хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл

Тоо

Эзлэх хувь

  1.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлоогүй, үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон,

  39

   60%

  2.

ИХШХШТХ-ийн 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон,

   5

   7.7%

  3.

ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.4-д зааснаар шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон

  21

    32.3%

Хяналтын шатны шүүхээс 2018 онд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэл болон хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нийт 65 хэргийн 21.5 хувийг орон нутгийн анхан шатны шүүх, 78.5 хувийг нийслэлийн дүүргүүдийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэжээ.

Хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт нотлогдоогүй, шийдвэрт дүгнэсэн нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр 39 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Тухайлбал,

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01317 дугаар шийдвэрээр Г.Э-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Г.Э, хариуцагч Б.Л-д 10.000.000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон хэдий ч уг мөнгийг буцаан шаардах үндэслэлгүй бөгөөд Г.Э, Б.Л нарын хооронд аливаа гэрээ байгуулагдаагүй тул зохигчдын хооронд үүрэг үүссэн буюу нэхэмжлэгч талаас хүлээсэн үүргийн дагуу хөрөнгө шилжүүлсэн гэх үндэслэлгүй болохыг хоёр шатны шүүх анхаараагүй алдааг гаргасан тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. /Улсын Дээд шүүхийн 2018.12.14-ний өдрийн №001/ХТ2018/01860 дугаар тогтоол/

2. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх  2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/0516 дугаар шийдвэрээр хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбар нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсныг эс зөвшөөрсөн агуулгатай байгааг шүүх анхаараагүй, гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хэрхэн зөрчсөн болох, нэхэмжлэгч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон эсэх нь тодорхой бус, мөн нэхэмжилж буй зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр хэдий хугацааных болохыг тооцсон баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасныг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн алдааг гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. /Улсын Дээд шүүхийн 2018.12.11-ний өдрийн №001/ХТ2018/01819 дугаар тогтоол/

3. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч нь зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг авч ашиглаагүй, зээлийг буцааж төлөх талаар банкнаас огт мэдэгдэж байгаагүй гэсэн тайлбар гаргасан нь зээлийн гэрээний дагуу мөнгийг хүлээн аваагүй учраас үүрэг үүсээгүй гэх агуулгатай татгалзал болохыг шүүх тайлбарлаж чадаагүй. Зээлдэгч нас барсан байхад түүнээс хойш хэн төлөлт хийсэн болохыг баримтаар нотлоогүй. Зээлийг хүлээн авсан, зээл төлж байсан гэх үүрэг үүссэн байдал хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нотлогдоогүй байна. Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. /Улсын Дээд шүүхийн 2018.06.18-ны өдрийн №001/ХТ2018/00993 дугаар тогтоол/

2.2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд нэмэлт өөрчлөлт оруулах, магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилсөн  байдал.

а. Хяналтын шатны шүүх хуралдаанаар 2018 онд хянан шийдвэрлэгдсэн 1932 хэргийн 18.5 хувь буюу 357 хэргийн шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Судалгаанаас үзэхэд зээлийн гэрээ, худалдах-худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн маргаантай хэрэг нийт хянагдсан хэргийн дийлэнх  хувийг эзэлжээ.

2016 онд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас “Гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд”, 2017 онд “Худалдах-худалдан авах гэрээний зохицуулалт, шүүхийн практик, анхаарах асуудал” гэсэн зөвлөмжийг гаргасныг дурдах нь зүйтэй.

Зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцаа болон маргааны зүйлийг зөв тодорхойлсноор тухайн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг оновчтой хэрэглэх нь шийдвэрийн  хууль ёсны байх нөхцлийг бүрдүүлдэг бол нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх нь үндэслэл бүхий байх шаардлагад хамаарна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй.

Анхан шатны шүүх, шийдвэрийн үндэслэл болгосон, мөн болоогүй нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаарх дүгнэлт, шалтгааныг шийдвэрт заах ёстой.

Нэхэмжлэлийн шаардлагыг ойлгомжгүй бичих, нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан атлаа үлдэх хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар заагаагүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хуулийн заалт, зүйл, хэсэг баримтлаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар тодорхой заагаагүй, орхигдуулсан зэрэг дор дурдсан зөрчил нь шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэл болжээ. Тухайлбал,

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2017/02369 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0018 дугаар магадлалтай хэрэгт анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг хэрэглэсэн боловч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглээгүй байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь буруу болжээ. /Улсын Дээд шүүхийн 2018.04.12-ны өдрийн 001/ХТ2018/00586 дугаар тогтоол/

2. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 22 дугаар магадлалаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ Н.Т нь өөрийн тэтгэврийг барьцаалж зээл авсан нь тогтоогдсон, гэрээний тохиролцоо нь ирээдүйд авах тэтгэврээ барьцаалж, зээл авсан Н.Т-д холбогдолтой болохоос бус зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан, гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн орлогыг барьцаалаагүй А.С-д хамаарах боломжгүй болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна. /Улсын Дээд шүүхийн 2018.09.27-ны өдрийн 001/ХТ2018/01272 дугаар тогтоол/

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 178 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр 01-ний өдрийн 1116 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ банк зөвхөн Ж.И-ын цалин орлогын хэмжээ, түүний хүсэлт, анкет зэргийг үндэслэн зээл олгосон нь тогтоогдсон, Ж.И цалингаа барьцаалж, зээл авсан нь түүнд хамааралтай байхад гэрээнд гэрээний үүргийг буцаан төлөх нөхцөлийг заасан атлаа хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн цалин, тогтмол орлогоо барьцаалаагүй Ц.Ч, П.Э нарт зээлийн үүргийг хамааруулж үзсэн нь үндэслэлгүй байна. /Улсын Дээд шүүхийн 2018.04.03-ны өдрийн 001/ХТ2018/00531 дүгээр тогтоол/

4. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2355 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/03062 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад Иргэний хуулийн фидуци болон өмчлөх эрхийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргажээ. / Улсын Дээд шүүхийн 2018.03.11-ний өдрийн 001/ХТ2018/ дугаар тогтоол/

5. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/01578 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2110 дугаар магадлалтай, Т.Э-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хоёр шатны шүүх Т.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ. /Улсын Дээд шүүхийн 2018.02.06-ны өдрийн 001/ХТ2018/00208 дугаар тогтоол/

6. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2018/00140 дүгээр шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр магадлалтай хэрэгт анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн байгааг анхан шатны шүүх анхаараагүй, энэ талаар дүгнэлт өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй. Давж заалдах шатны шүүх дээрх алдааг илрүүлж, зөвтгөх арга хэмжээ аваагүйгээс гадна хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. М.А нь төлбөр төлөгч боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцоогүй тул түүнийг хуулийн 44.3, 44.4-т зааснаар гомдол гаргаагүй гэж буруутгасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй байна. /Улсын Дээд шүүхийн 2018.10.12-ны өдрийн 001/ХТ2018/01399 дүгээр тогтоол/

7. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1180 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр магадлалтай хэрэгт анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэлээс 62.500 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийг оновчтой сонгон хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу болжээ. /Улсын Дээд шүүхийн 2018.05.10-ны өдрийн 001/ХТ2018/00766 дугаар тогтоол/

8. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 129/ШШ2017/00694 дүгээр шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар магадлалтай хэрэгт анхан шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүйгээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...тогтмол зээлийн үйл ажиллагаа эрхлэгч этгээд нь хуулийн этгээдийг байгуулж, зохих тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх болохыг холбогдох хууль тогтоомжид заасан...” гэж гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дурдсан атлаа гэрээний хүүг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний хүү тооцох заалттай холбогдуулан дүгнэсэн нь ойлгомжгүй, шүүхийн дүгнэлт хоорондоо зөрчилтэй болжээ. Нэхэмжлэгч нь банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзсэн бол талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох бөгөөд энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулаагүй хэвээр үлдээсэн байна. /Улсын Дээд шүүхийн 2018.05.01-ний өдрийн 001/ХТ2018/00674 дүгээр тогтоол/

9. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 802 дугаар шийдвэрээр “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээл, хүү төлөх үүрэгтэй гэж үзсэн нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс алдангийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийг оновчтой сонгон хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулж зөвтгөөгүй нь буруу болжээ. Нэхэмжлэгч нь хариуцагчийн орлого, эд хөрөнгө, хувьцааг барьцаалсан боловч барьцааны зүйлийг хуульд заасан журмаар худалдан борлуулж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхээ хэрэгжүүлээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хариуцагчаас алданги гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. /Улсын Дээд шүүхийн 2018.02.27-ны өдрийн 001/ХТ2018/00318 дугаар тогтоол/

10. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/01456 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2090 дүгээр магадлалаар заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах...” шаардлагын талаар хийсэн дүгнэлт учир дутагдалтай болжээ. Зохигчид 2009-2013 оны хооронд 13-14 удаа зээлийн гэрээ байгуулж, мөнгө өгч авч байсан нь тогтоогдсон хэдий ч нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтаар төлбөрийг аль зээлийн гэрээний үүрэгт төлж байсныг тодорхойлох боломжгүй байна. Нэхэмжлэгч нар шаардлагаа нотолж чадаагүй, хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийхэд хариуцагчаас төлбөр гаргуулах үндэслэл тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцээгүй. Хариуцагч Г.М нь зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй явуулдаг байж болох баримт хэрэгт авагдсан,  хариуцагчийг  “зээлийн үйл ажиллагаа” явуулдаг гэж дүгнэхээр байна гэжээ. /Улсын Дээд шүүхийн 2018.01.23-ны өдрийн 001/ХТ2018/00131 дугаар тогтоол/         

б. 2018 онд хяналтын журмаар хянан шийдвэрлэгдсэн 1932 хэргийн 10.6 хувь буюу 206 хэргийн магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилж шийдвэрлэсэн байна.

Дээрх 206 хэргийн 31 хувийг буюу 64 хэргийг орон нутгийн анхан шатны шүүх, 68.9 хувийг буюу 142 хэргийг нийслэлийн дүүргүүдийн шүүх  хянан шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Хэрэгт авагдаагүй нотлох баримтыг үндэслэх, талуудын мэтгэлцээгүй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар дүгнэлт хийх, түүнчлэн  нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журам зөрчих, хэрэглэх ёстой хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь магадлалыг хүчингүй болгох үндэслэл болжээ. Тухайлбал:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1371 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00851 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн дахин шинжээч томилуулах хүсэлтэд дурдсан асуудал нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүйгээс гадна бүрэлдэхүүнтэй шинжээч томилох хүсэлтийг шинэ хүсэлт гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ. Мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар журмыг зөрчсөн, уг зөрчлийг ноцтой гэж үзсэн үндэслэлээ давж заалдах шатны шүүх магадлалд заагаагүй байна. /Улсын Дээд шүүхийн 2018.11.22-ны өдрийн №001/ХТ2018/01691 дүгээр тогтоол/

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1047 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00482 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэхдээ ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсанаас хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд ажил бүрэн гүйцэтгэгдэж үр дүн гараагүй, үр дүн гарахгүй нь илт атал давж заалдах шатны шүүх хариуцагч талаас шинжээч томилох хүсэлт гаргасныг хангах нь зүйтэй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болсон тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулжээ. /Улсын Дээд шүүхийн 2018.10.11-ний өдрийн №001/ХТ2018/01364 дүгээр тогтоол/

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 122 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03494 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэхдээ түрээслэгч нь түрээсийн байранд салгаж болох, засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах эрхтэй, өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа явуулахдаа ашиглаж байсан тоног төхөөрөмжийг буцаан авах боломжтой байхад давж заалдах шатны шүүх “...түрээсийн байранд хариуцагчийн ямар эд хөрөнгө үлдсэн нь тодорхойгүй” гэж үзсэн нь ойлгомжгүй болсон бөгөөд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар журмыг зөрчсөн, уг зөрчлийг ноцтой гэж үзсэн үндэслэлээ магадлалд заагаагүй тул хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээжээ. /Улсын Дээд шүүхийн 2018.04.20-ны өдрийн 001/ХТ2018/00662 дугаар тогтоол/

4. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2017/02070 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/01680 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгч гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн...” гэж үзсэн бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 183/ШШ2016/00107 дугаар шийдвэр Ц.М 2017 оны 05 дугаар сарны 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах үед биелэгдээгүй буюу нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хэвээр байхад давж заалдах шатны шүүх гомдол гаргах хугацааг шийдвэр гарсан үеэс эхлэн тооцсон нь буруу болжээ. Мөн давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргажээ. /Улсын Дээд шүүхийн 2018.01.23-ны өдрийн 001/ХТ2018/00124 дугаар тогтоол/

5. Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 131/ШШ2017/00523 дугаар шийдвэртэй Н.М-ийн нэхэмжлэлтэй хэрэгт давж заалдах шатны шүүх зөвхөн бичгийн гэрээнд тусгаж, уг гэрээг нотариатаар гэрчлүүлсэн нь 87.000.000 төгрөг зээлснийг нотлох хангалттай баримт гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох үүрэг, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журамтай нийцээгүй байна. Мөн давж заалдах шатны шүүх бичгийн гэрээг үнэлж дүгнэсэн атлаа хүү төлөхөөр хэлэлцсэн тохиролцоо Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг зөрчсөн гэж хоорондоо зөрчилтэй дүгнэлтийг хийжээ. Анхан шатны шүүх хариуцагчийн зээлийн хүүг гэрээгээр тохиролцоогүй тул үндэслэлгүйгээр илүү төлсөн 21.040.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлийг тодорхойлж хууль хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүх илрүүлж засаагүй нь буруу болжээ. /Улсын Дээд шүүхийн 2018.03.06-ны өдрийн 001/ХТ2018/00370 дугаар тогтоол/

6. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.06.22-ны өдрийн 1470 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.11-ний өдрийн 184/ШШ2018/00871 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасан журам зөрчигдсөн гэж үзэх байдал тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч энэ хэргийг хянан шийдвэрлэж болохгүй гэх хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад давж заалдах шатны шүүх хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээжээ. /Улсын Дээд шүүхийн 2018.12.06-ны өдрийн 001/ХТ2018/01773 дугаар тогтоол/

7. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.05.29-ний өдрийн 212/МА2018/00065 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.01-ний өдрийн 130/ШШ2018/00144 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ “...уг маргааны талаар шийдвэр гаргахаас өмнө иргэн Т.З-г тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулах шаардлагатай байжээ” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж алдаа гаргасан тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээжээ. /Улсын Дээд шүүхийн 2018.11.13-ны өдрийн 001/ХТ2018/01624 дүгээр тогтоол/

8. Нийслэлийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.02.21-ний өдрийн 210/МА2018/00518 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.06-ны өдрийн 181/ШШ2017/03113 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад хамаарах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2017 оны 07 дугаар сарын 01-нээс өмнөх хугацаанд буюу 2017 оны 04 дүгээр сард үйлдэгдсэн байхад давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдааг гаргасан тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээжээ. /Улсын Дээд шүүхийн 2018.06.20-ны өдрийн 001/ХТ2018/01032 дугаар тогтоол/

9. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.03.27-ны өдрийн 42 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.07-ны өдрийн 142/ШШ2018/00154 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж, магадлалд заасан дүгнэлтээсээ өөр шийдэл гаргасан тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээжээ. /Улсын Дээд шүүхийн 2018.09.25-ны өдрийн 001/ХТ2018/01257 дугаар тогтоол/

10. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.03.16-ны өдрийн 713 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.26-ны өдрийн 181/ШШ2018/00020 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүх “...хамтран хариуцагч оролцуулах хүсэлтийг хангаагүй...” гэж  үзсэн , мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар журмыг зөрчсөн, уг зөрчлийг ноцтой гэж үзсэн үндэслэлээ давж заалдах шатны шүүх магадлалд тодорхой дурдаж дүгнээгүй  алдаа гаргасан тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээжээ. /Улсын Дээд шүүхийн 2018.09.18-ны өдрийн 001/ХТ2018/01195 дугаар тогтоол/

Давж заалдах шатны шүүх, шүүгчийн үйл ажиллагаатай шууд хамааралтай зарим ноцтой алдааг гаргасан тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасан байна. Тухайлбал,

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2018/01375 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01134 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуудас нь дутуу буюу хуулийн шаардлага хангасан магадлалыг нэхэмжлэгчид гардуулаагүй. /Улсын Дээд шүүхийн 2018.11.30-ны өдрийн №001/ХТ2018/01730 дугаар тогтоол/

2. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар магадлалаар Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 239 дүгээр шийдвэрийг хянаж, хэвээр үлдээж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8-д зааснаар шийдвэрлээгүй алдааг гаргажээ. /Улсын Дээд шүүхийн 2018.12.04-ний өдрийн №001/ХТ2018/01743 дугаар тогтоол/

Хяналтын шатны шүүхээс  шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулсан  хууль зүйн үндэслэлийг дүгнэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх зохичдын хооронд үүссэн маргааны зүйл болон эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс талууд бодитой мэтгэлцээгүй,  нотлох баримтын хууль зүйн бодит үндэслэл тогтоогдоогүй нөхцөл байдал үүссэн гэж, түүнчлэн  хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрх аливаа хэлбэрээр хязгаарлагдсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь тэгш байдлыг алдагдуулсан, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хууль буруу хэрэглэсэн зэрэг үндэслэлээр  анхан болон давж заалдах шатны шүүхийн  шийдвэр, магадлалыг  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  байх  шаардлагыг хангаагүй гэж үзжээ.

2018 онд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас  “Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах ажиллагааны эрх зүйн үндэслэл”, “Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулсан зарим үндэслэлийн талаар”  Зөвлөмж  гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүгч зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг нэг мөр  баримтлан, тухайн  маргаантай  харилцааг  зохицуулж буй хууль, хуулийн зүйл, заалтыг  оновчтой зөв сонгон,  үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэх нь   шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангах нөхцөл болно.

 

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ

 

ПРАКТИК СУДЛАЛЫН ХЭЛТЭС