Захиргааны хэргийн танхим

2015 оны 05 сарын 13 8883

Захиргааны хэргийн танхим

Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа:

Хяналтын журмаар гомдол гаргах, түүнийг шийдвэрлэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлгийн 123-129 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.

            123 дугаар зүйл.Хяналтын журмаар гомдол гаргах

123.1.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

123.2.Дараахь үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргана:

123.2.1.шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн;

123.2.2.шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол.

123.3.Давж заалдах шатны журмаар хэлэлцээгүй хэрэгт хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

123.4.Хяналтын журмаар гомдол гаргаж байгаа этгээдээс энэ хуулийн 48.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлнэ.

123.5.Хяналтын журмаар гомдол гаргасан этгээд хяналтын шатны шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзвал түүнийг гомдол гаргаагүйд тооцож, шүүгч захирамж, харин шүүх хуралдааны явцад татгалзвал хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгож, шүүх тогтоол гаргаж, улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоно.

123.6.Хяналтын журмаар гомдол гаргасны дараа хэргийн оролцогчид эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.

123.7.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 119.5-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт анхан шатны шүүхэд гаргах бөгөөд хүсэлтийг хангах эсэхийг шүүгч тухайн хүсэлтэд хавсаргасан баримтын хүрээнд захирамж гарган шийдвэрлэнэ.

            124 дүгээр зүйл.Хяналтын журмаар гаргасан гомдол хүлээж авах

124.1.Хяналтын журмаар гаргасан гомдлыг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээж авах бөгөөд энэ хуулийн 114 дүгээр зүйлд заасан ажиллагааг гүйцэтгэнэ. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдлын талаар тайлбараа гаргах эрхтэй.

124.2.Гомдол хүлээж авсан шүүх хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хэргийн оролцогчдын гомдлыг хавсарган гомдлыг хүлээж авсан өдрөөс хойш нийслэлд гурван хоногийн дотор, орон нутагт 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.

124.3.Хяналтын журмаар хэрэг хүлээн авсан шүүгч 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх тухай захирамж гаргана.

124.4.Хяналтын журмаар гаргасан гомдол нь энэ хуульд заасан журмыг баримтлаагүй бол шүүгч гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гаргана.

124.5.Гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг гомдол гаргагч эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдлыг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэлэлцэж, тогтоол гаргана.

            125 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх хугацаа

125.1.Хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ.

            126 дугаар зүйл.Хэргийн оролцогчид мэдэгдэх

126.1.Хяналтын шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.

126.2.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй нь хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.

            127 дугаар зүйл.Хяналтын шатны шүүх хуралдаан

127.1.Хэргийг хяналтын журмаар Улсын дээд шүүх таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ.

127.2.Шүүх хяналтын журмаар хэргийг дараахь байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана:

127.2.1.шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих;

127.2.2.шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах;

127.2.3.магадлалыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл өөрчлөх;

127.2.4.шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл нэхэмжлэлийг хангах;

127.2.5.шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаах.

127.3.Тогтоолд анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн агуулга, хяналтын журмаар гаргасан гомдлын болон гаргаж байгаа тогтоолын хуулийн үндэслэлийг тусгаж, шүүх хуралдаан даргалагч, илтгэгч шүүгч гарын үсэг зурна.

            128 дугаар зүйл.Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан

128.1.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 127.2-т заасан тогтоолыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор хуульд харшилсан гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно.

128.2.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гаргасан гомдлыг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээн авч энэ хуулийн 114.4, 114.5, 124.1, 124.2-т заасан журмын дагуу хэргийн хамт Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Энэ хуулийн 128.1-д заасны дагуу гомдол гаргасан этгээдэд энэ хуулийн 48.1, 48.3-т заасан журам хамаарахгүй.

128.3.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлгүй гэж үзвэл 30 хоногийн дотор гомдол гаргагчид бичгээр хариу өгнө.

128.4.Хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон шүүх бүрэлдэхүүний хоёр шүүгч тусгай санал гаргасан, эсхүл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч хуульд харшилсан гэж дүгнэлт гаргасан бол хэргийг 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

128.5.Энэ хуулийн 128.4-т заасан тохиолдолд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан явуулах тухай шийдвэр гаргаж, хуралдааны тов тогтооно.

128.6.Энэ хуулийн 128.4-т заасан хуралдааныг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч даргална.

128.7.Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс гадна Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн дөрөвний гурваас доошгүй нь оролцсоноор хүчинтэйд тооцогдоно.

            129 дүгээр зүйл.Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны шийдвэр

129.1.Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэргийг дараахь байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана:

129.1.1.шийдвэр, магадлал, тогтоолыг хэвээр үлдээж, энэ хуулийн 128.4-т заасан санал, дүгнэлтийг хангахгүй орхих;

129.1.2.шийдвэр, магадлал, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах;

129.1.3.магадлал, тогтоолыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл өөрчлөх;

129.1.4.тогтоолыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, магадлал, шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл өөрчлөх;

129.1.5.шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;

129.1.6.шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд буцаах.

129.2.Энэ хуулийн 129.1-д заасан шүүхийн тогтоол танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болно.

129.3.Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байна.