Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2018-06-22
Тогтоолын дугаар 284
Хэргийн индекс 164/2017/0097/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Л.Ба-, Б.Бу-, Б.Эн-, М.Да-, Б.Лу- нар
Зүйл заалт 23.1.1
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Л.Ба-, Б.Бу-, Б.Эн-, М.Да-, Б.Лу- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгч Л.Ба-ын өмгөөлөгч Б.Эрдэнэбат, Б.Оюунбилэг, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар цагаатгах тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 12 дугаар магадлалтай, 201707000063 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.Ба-ын өмгөөлөгч Б.Эрдэнэбат, Б.Оюунбилэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1964 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнес удирдлагын менежер мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн шүүхийн 1990 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/4 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, 1991 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 311 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1721-1-д зааснаар 250.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан Л.Ба-,

2. Монгол Улсын иргэн, 1961 онд төрсөн, 56 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан Б.Бу-,

3. Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй М.Да-,

4. Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхай ашиглалтын инженер мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй Б.Эн-,

5. Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй Б.Лу-.

Шүүгдэгч Л.Ба-, Б.Бу-, Б.Эн-, М.Да-, Б.Лу- нар нь Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Эн-, хэсгийн төлөөлөгч Б.Б- нарыг албан үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ба-, Б.Бу-, Б.Эн-, М.Да-, Б.Лу- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.Ба-ын өмгөөлөгч Б.Оюунбилэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч Л.Ба- нь эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй, гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байсныг харгалзан хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан.

Өөрөөр хэлбэл Л. Батжаргал нь 2017 оны 03-р сарын 17-ны өдөр Байгаль орчны тухай хуульд заасан ямар зөрчил гаргасан талаар хавтаст хэрэгт ямар ч нотлох баримт байдаггүй. Байгаль орчны улсын байцаагч, хэсгийн төлөөлөгч нар ямар албан үүрэг гүйцэтгэж явсан нь тодорхой бус, ажлаар явсан гэх баримтуудыг нөхөн бүрдүүлсэн байх магадлалтай, зарим тушаал шийдвэр нь тамга тэмдэггүй байдаг. Байгаль орчны байцаагч, хэсгийн төлөөлөгч нар нь өөрсдийгөө ямар албан үүрэг гүйцэтгэж яваа талаар танилцуулахгүйгээр шууд бичиг баримтаа шалгуулахыг шаардсан нь тэдний хооронд маргаан гарах үндэслэл болсон байдаг.

Л.Ба- Ц.Эн-ыг цохисон нь тогтоогдоогүй, эргэлзээтэй гэж анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байтал давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад ач холбогдол өгөхгүйгээр үндэслэлгүйгээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон.

Байгаль орчны байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах хуульд заасан Байгаль орчны улсын байцаагчийн үүргийг хэрхэн гүйцэтгэсэн, Л.Ба- нар нь байгаль орчны ямар зөрчил гаргасан, зөрчлийг хэрхэн илрүүлж, шалгаж, тогтоож, ямар арга хэмжээ авсан талаар хэрэгт ямар нэг баримт байдаггүй бөгөөд харин ч эсрэгээрээ ямар нэг зөрчил гаргаагүй явсан иргэд өөрсдөө тэдэн дээр очиход нь өөдөөс нь дөвчигнөсөн байдал хэргийн материалаас харагддаг. Ц.Эн-ын улсын байцаагчийн үнэмлэхийн хугацаа дууссан байсантай холбоотойгоор маргаан үүссэн нь хохирогчийн зүй бус үйлдэл нь нөлөөлсөн гэх үндэслэл байдаг. Хэрэгт шалгавал зохих бүхий л зүйлийг шалгасан боловч Л.Ба- нь гэмт хэрэг үйлдсэн талаарх субъектив санаа, объектив тал түүний гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй, гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байдаг. Иймд магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.Ба-ын өмгөөлөгч Б.Эрдэнэбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх “Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх, гэмт үйлдэл нь нотлон тогтоогдоогүй, шүүгдэгч нарын үйлдсэн гэх гэмт хэрэг нь гэмт хэргийн шинжгүй байна гэх хоорондоо ялгаатай нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэж түүнийгээ тайлбарлан дүгнэлгүй цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлтийг хийсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд “...хоорондоо ялгаатай нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэж түүнийгээ тайлбарлан дүгнэх” гэсэн хуулийн заалт байхгүй. Энэ утгаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

Харин анхан шатны шүүх Ц.Эн-ыг Л.Ба- нь тохойгоороо мөр, шанааг дамнуулан цохиж унагаасан гэдэг нь хохирогч Б.Б-, гэрч Ц.Ба-, Ц.Да-, Б.Са-, М.Бя- нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдохгүй, мөн  хүч хэрэглэсэн эсэх нь тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцэж байна. Мөн “Ц.Эн-ын баруун гарын алганы дотор талд 0.5x0.1 см ягаан сорвитой, энэ нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлтэд гарсан бөгөөд хохирогч Ц.Эн-ын мэдүүлэг болон шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг гаргаж өгсөн байдаг. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад хэсгийн төлөөлөгч болон байгаль орчны байцаагч нар ажил үүргээ гүйцэтгэж явахад нь шүүгдэгч нар хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцэл үзүүлсэн болох нь нотлогдож, тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх үед оролцогчийн эрхийг хязгаарласан зүйлгүй. Анхан шатны шүүх хэргийн тогтоогдсон үйл баримтад буруу дүгнэлт хийж, хэргийг цагаатгасан байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Ба-, Б.Бу-, Б.Эн-, М.Да-, Б.Лу- нар нь Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Эн-, хэсгийн төлөөлөгч Б.Б- нарыг албан үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэж прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Ба-, Б.Бу-, Б.Эн-, М.Да-, Б.Лу- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүйн дээр шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдолтой байж болох яллах талын нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой зааж чадаагүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харилцан эсрэг, эсхүл нэгдмэл сонирхолтой байж болох гэрчийн мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлж дүгнэсний эцэст хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч бүрийн үйлдэл, оролцоог хөдөлбөргүй нотлох учиртай. Ингэхдээ хэргийн үйл баримтыг тогтоосон дүгнэлтэд онцгой ач холбогдолтой байж болох харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг нь үндэслэлтэй гэж үзсэн, нөгөөг нь ямар үндэслэлээр няцааж үгүйсгэснээ үндэслэл бүхий дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн хэм хэмжээ агуулгад нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй гэж үздэг болно.   

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Ба-ын өмгөөлөгч Б.Эрдэнэбат, Б.Оюунбилэг нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 12 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН