Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2018-06-27
Тогтоолын дугаар 315
Хэргийн индекс 168/2018/0064/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Б.Га-, Г.Г-, Б.Өн-, Э.Хү- нар
Зүйл заалт 17.4.1., 21.10.1., 24.8.1.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.Га-, Г.Г-, Б.Өн-, Э.Хү-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Т.Энхболд, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 18 дугаар магадлалтай, 1721002590180 дугаартай эрүүгийн хэргийг Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй Б.Га-.

2. Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, хүнд даацын машины жолооч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй Г.Г-.

3. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй Б.Өн-.

4. Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй Э.Хү-.

Шүүгдэгч Б.Га- нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Халхгол сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаагаар ажиллаж байхдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хураагдсан 2279.85 кг байгалийн ховор дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг аймгийн төв рүү хүргэж өгөх харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхдээ уг ачааг итгэмжлэн хариуцаж тээвэрлэж явсан жолооч Б.Өн-тай бүлэглэн 40 кг буюу 2.000.000 төгрөгийн үнэ бүхий ургамлын үндсийг завшсан, шүүгдэгч Г.Г- нь урьдчилан амлаж дэмжлэг үзүүлэн, хамжигчаар оролцсон, шүүгдэгч Э.Хү- нь уг 40 кг ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Га-ийг битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завшсан, Г.Г-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Э.Хү-ийг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үндсийг худалдсан, Б.Өн-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Га-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр, нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Э.Хү-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Б.Өн-д Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Б.Га-, Г.Г-, Б.Өн-, Э.Хү- нарын ургамлын нөхөн төлбөрт төлсөн 2.000.000 төгрөгөөс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1.120.000 төгрөгийг улсын орлого болгож, 880.000 төгрөгийг шүүгдэгч Б.Га-, Г.Г-, Б.Өн-, Э.Хү- нарт буцаан олгох, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох “Пажеро” загварын 9551 ДОА дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, “...АК...” ХХК-ийн эзэмшлийн “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Га-, Г.Г-, Б.Өн-, Э.Хү- нарын 40 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын экологи эдийн засгийн үнэлгээний төлбөрт төлсөн 2.000.000 төгрөгийг улсын орлого болгосугай” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаа бичсэн эсэргүүцэлдээ “...Шүүх тухайн гэмт хэрэгт үйлдэхэд ашигласан машин нь бусдын өмчлөлийн хөрөнгө байхаас гадна Эрүүгийн хуульд заасан ялын зорилгыг хангахад шаардлагагүй байх тул “Норд бенз” загварын автомашины үнэ 48.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлгүй гэж буруу шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ 3.000.000 төгрөгийн үнэлгээтэй “Пажеро”, 48.000.000 төгрөгийн үнэлгээтэй “Норд бенз” загварын тээврийн хэрэгслийг ашигласан нь нотлох баримтуудаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх “Пажеро” загварын тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, харин “Норд бенз” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, “...АК...” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан өндөр үнэлгээ бүхий “Норд бенз” загварын тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх заалтыг зөрчсөн. Иймд магадлалд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Прокурорын эсэргүүцэлд 48.000.000 төгрөгийг 4 холбогдогчоос хувь тэнцүүлэн гаргуулахаар тусгагдсан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн, судалж үзэхэд прокурорын эсэргүүцлийг дэмжих боломжгүй байна. Хамгийн гол нь тухайн гэмт хэргийг үйлдэхэд 80 км газар тээвэрлэсэн гэх 48.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг ашигласан эсэхэд эргэлзээ төрж байгаа учраас прокурорын эсэргүүцлийг дэмжих боломжгүй байна. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн.

Давж заалдах шатны шүүх тээврийн хэрэгсэл битүүмжилсэн битүүмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Холбогдогч нар 2 шуудай ургамлын үндэсний нөхөн төлбөр 2.000.000 төгрөгийг төлсөн. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Т.Энхболд хэлсэн саналдаа “...Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн хуулийн заалтыг шүүх хэрэгжүүлээгүй байна. Шүүгдэгч Г.Г- нь энэ хэрэгт хамжигчаар оролцсон бөгөөд ямар нэгэн байдлаар гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн зүйл байхгүй. Иймд шүүгдэгч Г.Г-д оногдуулсан 2 жилийн тэнсэн харгалзах ялыг багасгаж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Га- нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Халхгол сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаагаар ажиллаж байхдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хураагдсан 2279.85 кг байгалийн ховор дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг аймгийн төв рүү хүргэх хамгаалалтын үүрэг гүйцэтгэхдээ уг ачааг итгэмжлэн хариуцаж тээвэрлэж явсан жолооч Б.Өн-тай бүлэглэн 40 кг буюу 2.000.000 төгрөгийн үнэ бүхий ургамлын үндсийг завшсан,

шүүгдэгч Г.Г- нь тухайн гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон, шүүгдэгч Э.Хү- нь зохих зөвшөөрөлгүйгээр 40 кг ховор ургамлын үндсийг худалдан борлуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хэргийн үйл баримтыг эргэлзээгүй байдлаар зөв тогтоож, шүүгдэгч Б.Га-, Г.Г-, Э.Хү-, Б.Өн- нарын гэм буруутай үйлдэлд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан, тэдэнд хорих ял оногдуулалгүйгээр тэнсэх боломжтой гэж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Тодорхой гэмт хэргийн үндсэн шинж, түүнийг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, онцлогоос хамааран гэмт хэргийн эд зүйлсийг тээвэрлэсэн тохиолдол бүрд тухайн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэх боломжгүй байдаг билээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших санаа зорилгоо хэрэгжүүлж гэмт хэрэг төгссөний дараа 2 шуудай, 40 кг ховор ургамлын үндсийг тодорхой зайд тээвэрлэсэн “...АК...” ХХК-ийн эзэмшлийн Г.Г-ын жолоодож явсан тээврийн хэрэгслийг тухайн гэмт хэргийг үйлдэхэд ашигласан гэж үзэх боломжгүй тул 3209 УНҮ дугаартай “Норд бенз” загварын автомашиныг хураан авч, улсын орлого болгох үндэслэлгүй болно.

Иймд Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж, улсын орлого болгуулахаар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 18 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагийн хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН