Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2018-03-16
Тогтоолын дугаар 124
Хэргийн индекс 106/2017/5555/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Т.С
Зүйл заалт 215.3.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Т.С-д оногдуулсан хорих ялыг

дүйцүүлэн хасах эсэх тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, ялтны өмгөөлөгч Д.Төмөрбаатар, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 12 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 105 дугаар магадлалтай, Т.С-д холбогдох ял дүйцүүлэн хасах эсэх тухай материалыг ялтан Т.С-ын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, Х овогт Т-гийн С нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хасч, 4 жил хорих ял шийтгүүлж, одоо уг ялыг эдэлж байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 12 дугаар шүүгчийн захирамжаар “Т.С-ын хорих ял эдлэх хугацааг 3 жил 6 сар 2 хоног хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр” шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 105 дугаар магадлалаар “Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, ялтан Т.С-д оногдуулсан хорих ялыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэх тухай прокурорын саналыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр” шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд ялтан Т.С гаргасан гомдолдоо “...Миний бие Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилээр хасч, 4 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шинэ Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 12 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар зүйлчилж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилээр хасч, 3 жил 6 сар 2 хоногийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосон. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 105 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг “яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан” гэж үзэн хүчингүй болгосон. Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж ухаарч байгаа, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлж, учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Миний бие цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн үйлчилгээ аж ахуйд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуваарилагдан 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл хорих ялаа эдэлж байна. Энэхүү хүсэлтийг харгалзан үзэж хуулийн хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хорих ял эдэлсэн хугацаа зэргийг харгалзаж зохих хууль, журмын дагуу хорих ялаас дүйцүүлэн хасч өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд ялтны өмгөөлөгч Д.Төмөрбаатар хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн ял дүйцүүлэн хасах захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Ялыг шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх боломжтой. Шүүгдэгчийн үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, ялыг дүйцүүлэн хасах үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж, хүний амь нас хохироосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар хэргийг зүйлчилж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлд “2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд оногдуулсан ял нь 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүх дүйцүүлэн хасна” гэж тус тус заажээ.

Уг зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа этгээдийн хувьд хууль буцаан хэрэглэх явдал нь шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох ялын доод, дээд, эсхүл аль алиныг нь хөнгөрүүлэн тогтоосон тохиолдолд зөвхөн уг багасгасан хэмжээгээр дүйцүүлэн хасахыг ойлгоно.

Нийтлэг баримтлах зарчим нь шүүхээс биечлэн эдлүүлэхээр өмнө нь тогтоосон ялын хэмжээг шинэ хуулиар багасгасан хэмжээтэй харьцуулж, уг багассан хэмжээнд нийцүүлэн шийдвэрлэхээс бус хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг өөрчлөх, ийнхүү өөрчилснийг үндэслэн шинээр ял оногдуулдаггүй болно.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хорих ял оногдуулахаар заасан бол энэхүү гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй тохирч байгаа 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хасч хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байна.

Өөрөөр хэлбэл, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах нэмэгдэл ялын хэмжээ хүндэрсэн, зөвхөн хорих ялтай болсон, хорих ялын дээд хэмжээ нэмэгдсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ялтны эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүхээс Т.С-ын эдлэх хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн хассан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэл бүхий байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 12 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 105 дугаар магадлалыг хэвээр үлдээж, ялтан Т.С-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                         ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                         ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН