Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2018-04-04
Тогтоолын дугаар 140
Хэргийн индекс 132/2017/0158/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Б.Б
Зүйл заалт 11.6.1.
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгч Б.Б, хохирогчийн өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2 дугаар магадлалтай, 1715001230060 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б, хохирогч Ш.Д нарын гаргасан гомдол, Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сувдаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Б-гийн Б нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчсөн. Хохирогч Д.Б-гийн давж заалдах гомдолд дурдсан зэвсэг хэрэглэж, бүлэглэж зодсон гэдэг нь үндэслэлгүй болох нь түүний анх цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо Б.Б намайг цохьсон гэснээр зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байсан, мөн шинжээчийн дүгнэлтэд хөлөн тус газар бэртэл гэмтэл байгаа тухай дурдагдаагүй зэргээр нотлогдоно. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн төрсөн эцэг Ш.Д, төрсөн дүү Д.Р зэрэг тухайн хэрэг болсон газар байгаагүй атлаа гэрчээр мэдүүлэг өгөхдөө бодит байдалтай нийцэхгүй худлаа зүйл ярьж гэрчилсэн мэдүүлгийг дангаар нь нотлох баримтад тооцон үнэлсэн. Түүнчлэн хэрэг болсны дараа хохирогчоор тогтоогдож, хэргийн материалтай танилцан ямар нэг гомдол, хүсэлт гаргаагүй, анхан шатны шүүх хуралдаанд хохирогчоор оролцож чадаж байсан хүн давж заалдах шатны шүүхэд аавыгаа хохирогчоор тогтоолгон шүүх хуралдаанд хоёулаа оролцсон нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр ...дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гээд 6.2-т “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох, өөрчлөх талаарх санал, хүсэлт” гэсэн байгаа нь давж заалдах шатны шүүх хэрэгт оролцоогүй хүнийг хохирогчоор тогтоох үндэслэлгүй гэж ойлгохоор байна. Иймд эдгээр нөхцөл байдлыг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сувдаа гаргасан эсэргүүцэлдээ “...Хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч Д.Б, гэрч Д.Р, Ш.Д, Д.Б, Б.М нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Б-тэй хадлангийн зориулалт бүхий эзэмшлийнхээ талбайгаас зөвшөөрөлгүй хадлан хадахаа зогсоо, уг талбайгаас хадсан өвсийг авна гэж маргалдах явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдсон. Давж заалдах шатны шүүх “...Д.Б-гийн хадсан өвсийг авч явсан үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй” гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хавтаст хэргийн 44-45 дугаар талд байгаа 2005 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн иргэний газар эзэмших гэрээ, хадлангийн талбайн эзэмшигч болохыг нотолсон иргэдийн тодорхойлолт зэргээр өвс хадсан газар нь шүүгдэгч Б.Б-гийн аав болох Д.Б-гийн эзэмшлийнх болох нь нотлогдсон бөгөөд хохирогч Д.Б нь бусдын эзэмшлийн талбайгаас өвс хадсан нь хохирогчийн зүй бус үйл ажиллагаа бөгөөд хадсан өвсийг буцаан авсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бөгөөд шалгах үндэслэл болохгүй юм. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...хохирогч өвс хадахад зарцуулсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг” дурдсан нь үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсэгтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасан “...анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэсэн заалтыг баримталсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Учир нь анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу явуулсан болно. Дээр дурдсан нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг давж заалдах шатны шүүх хэрэгжүүлээгүй байх тул мөн хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйл буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагааны явцад анхан шатны шүүх өөрийн болон оролцогчдын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг хийхээр зөвхөн анхан шатны шүүх хэрэглэхээр хуульчилсан байхад давж заалдах шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Мөн шүүхэд хохирогч Ш.Д гаргасан гомдолдоо “...Шүүгдэгчийн аав Д.Б нь Д.Б-г заамдаад зогсож байсан, хүү Б.Б нь хүйтэн зэвсэг болох үзүүртэй сэрээгээр сэрээдэх гэж завдаж, ишээр нь цохиж хөх няц болгосон, бэр Б.М хоёр ханцуйг холбон барьсан нь бүлэг биш, хүч хэрэглээгүй, дээрэмдээгүй гэх үндэслэл юугаар нотлогдож байгааг тогтоогоогүй. Хохирогчийн дүү Д.Р болон миний бие дэргэд нь байгаагүй боловч хохирогч Д.Б-гийн ярьснаар мэдүүлэг өгсөн нь буруу юм бол хамтран үйлдсэн шүүгдэгчийн аав Д.Б, ах Б.Б, Б.М нар яахаараа гэрч болдог, ямар хууль, журам байдгийг тогтоолгох хүсэлтэй байна. Шинжээчийн дүгнэлтэд зөвхөн зөөлөн эдийн гэмтлийг тусгасан. Хохирогчийг хавтаст хэрэгтэй танилцуулаагүй, анхан шатны шүүх хуралд ажиглагчаар оролцоход яаж будилсан нь шүүх хурлын бичлэгт тодорхой байгаа. Иймд миний бие хохирогч, хүү Д.Б-г төлөөлж хохирогчоор оролцох хүсэлт гаргаж, материал бүрдүүлж өгсөн нь ямар хууль тогтоомж зөрчсөнийг тогтоолгох хүсэлтэй байна. Анхан шатны шүүх 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан гэсэн атлаа тогтоол дээрээ 250,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан гэж бичиж эрүүгийн хэргийг Зөрчлийн хуулиар өөрчилсөн нь ямар үндэслэлтэй болохыг, мөн шүүх хурлын бичлэг, тогтоолыг хянаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ хэлсэн саналдаа “...Хохирогч Д.Б нь төрөлхийн өрөөсөн чих нь сонсголгүй, тахир дутуугийн группт байдаг, хөдөө мал малладаг хүн юм. Анхан шатны шүүх хуралдаанд дээрх бэрхшээлээсээ үүдэн зарим нэг зүйлийг сонсож чадаагүй учраас давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн төрсөн эцгийг өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан. Үндсэн хуульд бэлчээрийн талбай болон төрийн тусгай хамгаалалтад авагдсан газраас бусад газрыг өмчилж болно гэж зааснаас харахад тухайн бэлчээрийн талбай нь шүүгдэгч Б.Б-гийн өмчлөлд байгаа талбай биш болох нь харагдаж байна. Мөн Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөнд халдахыг хориглоно гэж заасныг зөрчиж шүүгдэгч нь хохирогчийг зодож, хадсан өвсийг нь булааж авсан байгаа. Хохирогч Д.Б нь тухайн дээрэмдүүлсэн өвсийг олон хоногийн турш техник хэрэгсэл ашиглаж хадсан бөгөөд хохирогчийн зүгээс тухайн өвсөө 3,000,000 төгрөгөөр үнэлсэн учраас өвсний үнийг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Б.Б нь Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Б-г цохиж, бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Харин давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Модон давааны ар” гэх газарт хадлангийн талбайгаас хадлан бэлтгэлээ гэсэн шалтгаанаар иргэн Д.Б-тэй маргалдах явцдаа түүнийг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Шүүх шүүгдэгч Б.Б-гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Харин давж заалдах шатны шүүх гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, уг баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн болохыг шалгаж, тэдгээрийн эх сурвалж болон агуулгыг тусгаж, эрх зүйн ухамсрыг удирдлага болгож өөрийн дотоод итгэлээр үнэлсний эцэст шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоож, гэм буруутайд тооцон, ял оногдуулж шийдвэрлэхдээ хууль зөрчөөгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлаар буюу хохирогчийн биед гэмтэл учирсан эсэхийг тодруулахаар мөрдөгч шинжээч томилсон тогтоол үйлджээ. Уг тогтоолын дагуу гаргасан Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 273 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Б-гийн биед зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл тогтоогдсон бөгөөд харин түүний гуя, шилбэнд ямар нэг гэмтэл тогтоогдоогүй болно.

Мөн бусдын эзэмшлийн талбайгаас хадлан хадаж, тодорхой зардал гаргаснаа нэхэмжлэх эсэх асуудал нь Эрүүгийн хуулиар тогтоосон энэхүү гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болон зүйлчлэлд хамаарахгүй бөгөөд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээнд нийцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ...өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй бол энэ зүйлд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдэлнэ” гэж заасан байхад хохирогч Д.Б-гийн эцэг Ш.Д-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр бус хохирогчоор тогтоож оролцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болохыг давж заалдах шатны шүүхэд анхааруулбал зохино.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн хохирогчоор тогтоосон Ш.Д-гийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2 дугаар магадлалыг хүчингүй болгож, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Ш.Д-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН