Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2018-01-17
Тогтоолын дугаар 23
Хэргийн индекс 001/2018/0001/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч М.Ц
Зүйл заалт 091.1.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

М.Ц-д оногдуулсан хорих ялыг

шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд

нийцүүлэн хасах тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 3-ны өдрийн 138 дугаар шүүгчийн захирамж, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар магадлалтай, М.Ц-д холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг ялтан М.Ц-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1963 онд төрсөн, эрэгтэй, урьд 3 удаа ял шийтгүүлсэн, Боржигин овогт М.Ц нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 576 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 15 жил хорих ял шийтгүүлж, одоо хорих ял эдэлж байгаа.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 3-ны өдрийн 138 дугаар шүүгчийн захирамжаар  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан М.Ц-ийн хувьд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхээс татгалзаж, ялтан М.Ц-ийн биечлэн эдлэх хорих ялын үлдсэн хугацааг 2 жил 9 сар 9 хоногоор тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 138 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, ялтан М.Ц-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Ялтан М.Ц хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа миний шийтгэх тогтоолтой танилцсан эсэхийг мэдэхгүй байна. Хохирогчийн буруутай үйлдлээс болж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний аминд хүрсэн гэж шийтгэх тогтоол дээр байсан шиг санаж байна. Тухайн үед хохирогч согтуу, би эрүүл байсан. Согтуу, өөрийгөө хянах чадваргүй хүнээс өөрийгөө аргагүй хамгаалсныхаа төлөө 15 жил хорих ял аваад сууж байна. Одоо 54 нас хүрч, бие бага багаар муудаж, даралт үе үе огцом өсөж, эмчийн хяналтанд байх боллоо. Хохирогчийн талынхан миний 2 өрөө байрыг авах зорилготой байсан ба өгвөл гомдол саналгүй, өгөхгүй бол амийг амиар солино гэж зүтгэж, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 болго гэсэн гомдол гаргаж байсан. Энэ хэргийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлгүй болохоор Гүнсэнхорлоо прокурор 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан ялын дээд талыг баримталж ялласан. ...Анхан шатны шүүх миний эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар хандлаа. Шинэ, хуучин хуулийн аль алинд нь байдаг яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтаас хөндий явсаар 15 жилээ биеэр бүрэн эдлэх бие тэнхэлгүй болж байгаа тул шинэ хуулийн заалтыг надад ашигтайгаар хэрэглэж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Хяналтын шатны шүүхэд гаргасан ялтны гомдол үндэслэлгүй байна. Ял дүйцүүлэн хасахаас татгалзсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хууль буцаан хэрэглэх үндэслэлийг тодорхойлжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж заасны дагуу 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд шүүхээс оногдуулсан ял нь тухайн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэгт зааснаар оногдуулж болох ижил төрлийн ялын доод, дээд хэмжээнээс дээгүүр байвал уг ялыг шинэ Эрүүгийн хуульд нийцүүлж хассан болно.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 576 дугаар шийтгэх тогтоолоор ялтан М.Ц-д 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 15 жил хорих ял оногдуулсан бөгөөд тухайн гэмт хэрэгт 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулж болох хорих ялын дээд хэмжээг 15 жил хорих ялаар тогтоосон нь 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээтэй ижил байх тул ялтан М.Ц-ийн хувьд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл бий болоогүй байна.

Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь зөв байх тул шүүгчийн захирамж болон магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Ялтанд шүүхээс оногдуулсан ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хасах эсэх асуудлыг шүүх шийдвэрлэхдээ урьд нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлтийг ялтны гомдлоор дахин хянан хэлэлцэх, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг өөрчлөн тогтоох, улмаар өөрчлөн тогтоосон хэргийн үйл баримтыг үндэслэн зүйлчлэл болон ялд өөрчлөлт оруулах эрхгүй тул ялтан М.Ц-ийн урьд ял шийтгүүлсэн хэргийг дахин хянуулах болон ял хөнгөрүүлэх агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 3-ны өдрийн 138 дугаар шүүгчийн захирамж, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, ялтан М.Ц-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                  ДАРГАЛАГЧ,                                                           Б.ЦОГТ

                                  ШҮҮГЧ                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН