Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2018-04-04
Тогтоолын дугаар 141
Хэргийн индекс 168/2015/0155/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Г.Ц, Г.Б, Ц.Т
Зүйл заалт 150.3., 22.1.1.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Г.Ц, Г.Б, Ц.Т нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгч Г.Ц-гийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 3 дугаар магадлалтай, Г.Ц, Г.Б, Ц.Т нарт холбогдох 201511000035 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Ц-гийн өмгөөлөгч Г.Ганболд, Б.Гэрэл-Очир нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1964 онд төрсөн, эрэгтэй, Дорнод аймаг дахь Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасч, 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Ш овогт Г-гийн Ц нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр, бүлэглэн бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсний улмаас их хэмжээний хохирол учруулах”, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1964 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, С овогт Г-гийн Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр, бүлэглэн бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсний улмаас их хэмжээний хохирол учруулах”, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1957 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Ц-гийн Т нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Г.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, шүүгдэгч Ц.Т-д холбогдох эрүүгийн хэргээс 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Ажлын гараа” төслөөс 3,600,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Ногоон ажлын гэрээ” хөтөлбөрөөс 3,726,000 төгрөгийг тус тус завшсан гэмт хэргийн гэм буруу нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,

прокуророос шүүгдэгч Ц.Т-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Ц-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж,

шүүгдэгч Г.Ц-г бусдын эд хөрөнгийг завшсан буюу үрэгдүүлсэн, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Ц.Т-г албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч Ц.Т-д холбогдох хэргийг хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-г хувьд оногдох эд хөрөнгөөс 200,000 төгрөгийг хурааж, 5 жил 1 сар хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх нөхцөлд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэж,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хувьд оногдох эд хөрөнгөөс 200,000 төгрөгийг хураах нэмэгдэл ял, 5 жил 1 сар хорих үндсэн ялыг тус тус өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн байна.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Ц-гийн өмгөөлөгч Г.Ганболд, Б.Гэрэл-Очир нар хамтран гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Шүүгдэгч Г.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан нэг л гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамрагджээ. Иймд хууль зүйн хувьд Г.Ц-д оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл болохгүй, үйлдэл өршөөгдсөн тул үр дагавар үүсгэх учиргүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх “Г.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон атлаа 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү. Хохирлын хэмжээний тухайд 2012-2014 оны хооронд Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн үндсэн үйл ажиллагаанаас гадна аж ахуй нэгж байгууллага, иргэдтэй гэрээгээр болон бусад хэлбэрээр хамтран ажиллаж олсон орлогоос ямар ажилд зарцуулсан талаарх баримтуудыг хөтлөлгүй, батлагдсан төсөв, замын хуудас, нотлох баримтгүйгээр 22,659,210 төгрөгийг үрэгдүүлсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь уг үйлдэл нь санхүүгийн зөрчил байх бөгөөд шүүгдэгч Г.Ц уг мөнгийг завшиж, үрэгдүүлсэн бус харин гагцхүү өөрийн удирдаж буй байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Ц-гийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир хэлсэн саналдаа “...Шүүх миний үйлчлүүлэгчийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч энэ нь 2015 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамрагдсан. Дээрхээс үзэхэд миний үйлчлүүлэгчид оногдуулах ялыг хүндрүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл, өршөөгдсөн бол үр дагавар үүсэх боломжгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирол төлбөртэй холбоотойгоор өөрчлөлт оруулж өгнө үү гэж хүсч байна. Хохирол төлбөрийн тухайд 2012-2014 оны хооронд Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн үндсэн үйл ажиллагаанаас гадна аж ахуйн нэгж байгууллага, иргэдтэй гэрээгээр болон бусад хэлбэрээр хамтран ажиллаж олсон орлогоос ямар ажилд зарцуулсан талаарх баримтуудыг хөтлөлгүй батлагдсан төсөв, замын хуудас, нотлох баримтгүйгээр 22,659,210 төгрөгийг үрэгдүүлсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүгдэгч Г.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин хохирол төлбөрийн асуудал дээр маргадаг” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Ц нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй, хохирол төлбөр төлөөгүй, хоёр ба түүнээс дээш гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Мөн шүүгдэгч Г.Б-гийн үйлдэлд хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр зөвхөн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Түүнчлэн шүүгдэгч Ц.Т-гийн хоёр үйлдлийг нотлогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үүднээс няцаалт өгч чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Ц-гийн өмгөөлөгч Г.Ганболд, Б.Гэрэл-Очир нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Г.Ц, Г.Б, Ц.Т нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б нь Г.Ц-тэй бүлэглэн ямар үйлдлээр хэдийд, хэдэн төгрөгийг өөртөө яаж, ямар аргаар завшсан, хэдэн төгрөгийг үрэгдүүлсэн нь хангалттай нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Ц.Т нь “Ажлын гараа” хөтөлбөрөөс 3,600,000 төгрөг, мөн “Ногоон ажлын гэрээ” хөтөлбөрөөс 3,726,000 төгрөгийг тус тус Г.Ц-тэй бүлэглэн завшсан гэх гэмт хэргийн шинжгүй, Г.Ц дээрх мөнгийг өөртөө авч завшсан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 болгон өөрчилж, хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

шүүгдэгч Г.Ц-г бусдын эд хөрөнгийг завшсан, үрэгдүүлсэн, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар үндсэн болон нэмэгдэл ял оногдуулж, уг ялуудаас 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Г.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн гэж үзэж, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх Г.Ц-г бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг, мөн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно, тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн хүнд тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэхийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хориглосон гэж дүгнээд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнд хэрэглэх бөгөөд тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг ямар тохиолдолд хэрэглэх талаар тусгайлан зохицуулсан болно. Ингэхдээ тэнсэх журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хэм хэмжээний агуулгад нийцүүлэн хэрэглэх бөгөөд 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээг хэрэглэхгүй” гэж хориглон зохицуулжээ.

Энэ хэргийн тухайд, анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ц-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, нийт хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн болохыг тогтоосон атлаа ямар үндэслэлээр тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх болсон талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Мөн хэргийн бүх ажиллагааг хянахад анхан шатны шүүх Г.Ц-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа уг зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд “нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасах” нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр зохицуулсан байхад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ нэмэгдэл ялыг ямар үндэслэлээр оногдуулаагүй талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай тул давж заалдах шатны шүүхийн магадлалд уг үндэслэлийг нэмэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлын тухайд, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээг хэрэглэхгүй” гэсэн хориг нь ял оногдуулсан эсэх тухай үр дагаврыг шаардаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ц-гийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 3 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ц-гийн өмгөөлөгч Г.Ганболд, Б.Гэрэл-Очир нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                   ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                   ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН