Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2018-04-13
Тогтоолын дугаар 163
Хэргийн индекс 106/2017/0259/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Ж.А
Зүйл заалт 17.3.2.2.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Ж.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортуяа, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 52 дугаар магадлалтай, Ж.А-д холбогдох 201626020032 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Жийн А нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.А-г давтан үйлдлээр, хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар хорих ял шийтгэж, хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Ж.А-г бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авснаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”, “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Ж.А-г 7 жил хорих ял шийтгэсүгэй”, “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ж.А-д оногдуулсан 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй”, “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.А-гийн цагдан хоригдсон 136 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.А-, түүний өмгөөлөгч М.Ариунболд, хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн тогтоож, хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэв” гэсэн атлаа магадлалын тогтоох хэсэгтээ “Ж.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Ж.А-г 7 жил хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Тодруулбал, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг дан ганц хорих ял оногдуулах санкцтай, гэтэл шинээр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэг хорихоос гадна торгох ялын санкцтай, анхан шатны шүүхээс түүнд хуучин хуульд зааснаар ялын доод хэмжээ буюу 10 жил оногдуулж байхад давж заалдах шатны шүүх оногдуулах ялын дээд хэмжээний дайтай ял оногдуулсанд гомдолтой байна. Ж.А-д холбогдох хэргийг 3 шатны шүүх хянан шийдвэрлэж шийдвэр гаргаж байсан ба дараах байдлыг анхаарч үнэлэлт дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлага зөрчигдөхөд хүргэсэн. Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэх тухай” прокурорын тогтоол нь үндэслэлгүй, тодорхой бус байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Тодруулбал, уг тогтоолд “...хяналтын прокурор Н.Дамбадаржаагийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2545 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан ...хянаад” гэж бичээд тогтоох хэсэгт “...хяналтын прокурор Н.Дамбадаржаагийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгосугай” гэжээ. Гэтэл “Үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоол нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай байна. Мөн “Б п” ХХК, “Д Ф” ХХК-иудын “Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай” гүйцэтгэх захирал Д.М-ын албан бичгээр Т.Б-ийг итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Учир нь “Компанийг төлөөлж хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Монгол Улсын иргэн, компанийн хувьцаа эзэмшигч Т.Б-ийг оролцуулах хүсэлтэй байгааг хүлээн авна уу” гэж бичсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан эрх, үүргийг тодорхой заагаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль шатанд төлөөлөөд байгаа нь тодорхой бус, үүнийг итгэмжлэл гэхээсээ илүү хүсэлт гэж ойлгогдохоор байна. БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс болох Хонг Конгод үйл ажиллагаа явуулдаг Х банкны ажилтан Ш С Е гэдэг хүн байдаг болох нь “Кемпенски Хаан Палас” зочид буудлын албан тоотоор тогтоогдож байгаа бөгөөд KJ0034069 дугаартай гадаад паспорттой байсныг ч заагаад байхад Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцааны албаар дамжуулан Интерполд хандсан гэх боловч мэдээллийг дутуу явуулснаас болж гол гэрч болох гадаад улсын иргэн Ш С Е-ийг тогтоох цаашлаад гэрчээр асуух боломжит ажиллагаа хийгдээгүй байна. Зүй нь хавтаст хэрэгт гадаадын иргэний нэр, гадаад паспортын дугаар, хаяг байршил тодорхой байхад U банкны Азийг хариуцсан салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулдаг эсэхийг тодруулж болох байсан. Шүүх дээрх нөхцөл байдлуудад дүгнэлт өгөөгүй төдийгүй Ю Б Э Хонг Конг дахь хөрөнгө оруулалтын банкны Уул уурхайн салбарын захирал Ш С Е-ий 2015 оны “...харамсалтай нь уул уурхайн салбар, зах зээлийн нөхцөл байдал муудсанаас бид энэ төслийг дэмжих боломжгүй боллоо” гэсэн гарын үсэг, тэмдэг бүхий 260,000 ам.доллар хүлээн авсан тухай бичигт ач холбогдол өгөөгүйд гомдолтой байна. Шүүх гэрээ хэлцлээс үүссэн үүргээ өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдал буюу эдийн засгийн хямралт байдал олон улс даяар ид үүсээд байсан 2014-2016 онуудад гүйцэтгэх боломжгүй байдалд хүрсэн хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзээгүй төдийгүй энэ нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэх иргэний эрх зүйн зөрчил болохыг дүгнэсэнгүй. Ж.А- “Д Ф” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний 14-т Энэхүү гэрээ нь гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаас хойш 12 сарын турш хүчинтэй байх бөгөөд эсвэл гэрээнд заасны дагуу цуцалж болно. Дээр дурдсан хугацааны дагуу гэрээ дуусгавар болсон ч энэхүү гэрээний 3-с 16 заалтууд хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж, мөн 3.б-д “гэрээний хүчин төгөлдөр хугацаанд буюу 12 сарын хугацаанд эсвэл гэрээ албан ёсоор дуусгавар болох хугацаанд” гэж заасан нь гэрээ албан ёсоор дуусгавар болоогүй байхад цагдаагийн байгууллагад хандсан гэж үзэх үндэслэлтэй. Залилан мэхлэх гэмт хэргийг иргэний эрх зүйн төстэй зөрчлөөс ялгах шаардлагатай ба иргэний эрх зүйн зөрчил нь иргэд, хуулийн этгээд сэтгэл санаагаар тэгш харилцах, бие биенээ хүндэтгэх, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах, нэхэмжлэх эрхтэйгээр оролцдогоороо залилан мэхлэх гэмт хэргээс онцлог юм. Дээрх гэрээний 16-д “Энэхүү гэрээтэй холбоотойгоор талуудын хооронд үүссэн аливаа маргааныг Монголын олон улсын үндэсний арбитрын төвийн Арбитрын тухай хуулиар шийдвэрлэнэ” гэж заасан нь аливаа маргаан үүссэн тохиолдолд Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх үндэслэл болж байна. Шүүгдэгч Ж.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн үйлдэлдээ гэмшиж хохирогч болох “Б п” ХХК-аас өөрийн дансандаа шилжүүлэн авсан 70,000 ам.доллар, “Д Ф” ХХК-аас авсан 60,000 ам.долларыг буцаан өгч хохирлыг бүрэн барагдуулсан болон хохирогч нар нийт төлбөр болох 130,000 ам.долларыг буцаан авсан, ямар нэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар “...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” заалтад нийцүүлэн өнөөдрийн байдлаар нийт 393 хоног хоригдсоныг эдэлсэн ялд оруулан тооцож ялаас чөлөөлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Энэ хэргийн хувьд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх үед хохирогч нар шүүгдэгчийг цагаатгах саналтай санал нийлэхгүй байгаагаа хэлсэн. Шүүгдэгчийг яагаад залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн гэхээр U банкны Монгол Улс дахь гүйцэтгэх захирлаар гэрээнд гарын үсэг зурсан нь хуурамч байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэх үед хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий хуралд оролцсон бөгөөд хохирол төлбөр авсан, гомдол саналгүй гэсэн үг, үсэг магадлалаас харагдахгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.А- нь өөрийгөө Швейцарь улсын “U” банкны БНХАУ-ын засаг захиргааны тусгай нэгж Хонг Конг дахь салбарын Монголыг хариуцсан захирлаар ажилладаг, 9,500,000 ам.долларын төслийн зээл авахад зуучилж ажиллана, гэрээний төлбөр, гэрээний урьдчилгаа гэж хуурч 2014 оны 5 дугаар сарын 20, 7 дугаар сарын 9-ний өдрүүдэд нийт 59,794.15 ам.доллар буюу 108,977,548 төгрөгийг “Д Ф” ХХК-иас,

2014 оны 9 дүгээр сарын 12, 15-ны өдрүүдэд нийт 70,000 ам.доллар буюу 129,101,690 төгрөгийг “Б п” ХХК-иас өөрийн дансанд шилжүүлэн авсан хэргийн үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Ж.А-гийн дээрх үйлдэл, уг үйлдлийн улмаас учирсан хохирол нь тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд анхан шатны шүүх 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жил 1 сар хорих ял оногдуулж, Ж.А-гээс хохирлыг гаргуулж хохирогч байгууллага буюу тэдгээрийн төлөөлөгчид олгохоор шийдвэрлэжээ.

Харин давж заалдах шатны шүүх 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэх үед урьд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиас хөнгөн ялтай шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагдсан болно.

Давж заалдах шатны шүүх дээрх зарчим, хэм хэмжээг баримтлан шүүгдэгч Ж.А-гийн гэмт үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж, 7 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж 2015 оны Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортуяа “Д Ф” ХХК болон “Б п” ХХК-д учирсан хохирлыг бүрэн барагдуулсан, хохирогч нар ямар нэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа тухай гомдлыг, “Д Ф” ХХК-ийн захирал Ж.Ч-өөс “Ж.А- бидний хооронд байгуулсан гэрээ хэлцэл тодорхой шалтгаануудын улмаас хэрэгжээгүй боловч гэрээ хэлцэл эцсийн байдлаар дуусгавар болж Ж.А-гээс нийт 60,000 ам.долларыг буцаан авсан, ямар нэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй”, “Б п” ХХК-ийн захирал Т.Б-ээс мөн дээрх агуулгыг илэрхийлсэн албан бичгийг анхан шатны шүүхээр дамжуулан тус шүүхэд ирүүлсэн байна.

“Залилах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг авч, хохирол учруулдаг бөгөөд энэхүү эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд эрүүгийн хариуцлагын зорилго оршдог.

Ж.А- дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн талаар хохирогч нараас ирүүлсэн албан бичгийг үндэслэн хохирлыг бүрэн төлөгдсөн гэж дүгнэсэн тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар оногдуулсан 7 жил хорих ялыг тухайн зүйл, хэсэгт заасан торгох ял болгон хөнгөрүүлэн оногдуулах боломжтой гэж үзэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортуяагийн “ял хөнгөрүүлэхийг хүссэн” гомдлыг хүлээн авч энэ талаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 52 дугаар магадлалын тогтоох хэсэгт “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Ж.А-г дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2, 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Ж.А-гийн цагдан хоригдсон 436 хоногийн 1 хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож, нийт 6,540,000 төгрөгийг торгох ялаас хасаж, үлдэх торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн хорих ялтай холбогдох заалтуудыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН