Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-04-12
Тогтоолын дугаар 167
Хэргийн индекс 168/2018/0330/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Ж.Ц
Зүйл заалт 11.6.1., 13.6.1.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Ж.Цт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 360 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 06 дугаар магадлалтай, Ж.Цт холбогдох 1821000280125 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Ц.Цын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 6-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2008 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Ж.Ц нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэгтгэж, нийт торгох ялын хэмжээг 900.000 төгрөгөөр тогтоож, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ж.Цаас 1.176.950 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Цт олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр” гэсний дараа “орон байранд нэвтэрч” гэсэн нэмэлт оруулж,

тогтоох хэсгийн 2, 3, 4, дэх заалтуудыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Цын үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож,

тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цаас бусдын эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 451.800 төгрөг гаргуулан хохирогч Ц.Цт олгон, 882.000 төгрөг болон 1300 орчим юаний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Ц.Ц гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх намайг шүүх хуралд оролцоно гэж утсаар хэлсээр байтал миний эрхийг ноцтой зөрчсөн, мөн Ж.Цаас миний эмчилгээний болон бусад зардлыг гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүйгээр өөрчилсөнд гомдолтой байна... Ж.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 19 цагийн орчимд... шатаар бууж явсан хохирогч миний өмсөж явсан хувцаснаас татсан үйлдлийн улмаас миний бие хий гишгэж ойчин биедээ хөнгөн гэмтэл авсан бөгөөд нуруугаар хүчтэй өвдөлт зовиур өгч хуучин өвчин сэдэрсэн. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нарт биеэ үзүүлэхэд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж шинжилгээ өгөх шаардлагатай гэснээр Улаанбаатар хот явж, эмнэлэгт шинжилгээ өгч, зарим эмчилгээг хийлгэсэн. 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Дорнодоос Улаанбаатарт ирэх онгоцны зардал 238.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатараас Дорнод явах онгоцны зардал 154.500 төгрөг, мөн 185.000 төгрөг, нийт 577.500 төгрөг, бариа хийлгэх 110.000 төгрөг, Люкс мед эмнэлэгт 180.000 төгрөг, бүсэлхий нурууний рентген зураг авахуулахад 20.000 төгрөг зарцуулсан, мөн БНХАУ-ын Хайлаарын монгол эмнэлгүүдээр үзүүлж, шинжлүүлж эмчлүүлсэн. Шүүгдэгч Ж.Цын гэм буруутай үйлдлийн улмаас биеэ үзүүлж шинжилгээ өгсөн, шинэ гэмтэл үүссэн эсэхийг тогтоолгохоор шинжлүүлж эмчлүүлсэн нь үнэн бөгөөд үүнд гарсан зардал, шүүгдэгчийн үйлдэлтэй шууд холбоотой гэж үзэж байна. ...Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа хэлсэн саналдаа: “...Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна... Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.Ц нь хохирогч Ц.Цын хувцаснаас татсаны улмаас унагаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон. Анхан шатны шүүх хохирогчийн эмчилгээтэй холбоотой зарим зардлыг Ж.Цын үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэж шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын дээрх заалтыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул хохирогчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч Ц.Цын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ж.Цт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүгдэгч Ж.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 19 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн “Бумбат” хотхоны 47Б байрны 2 дугаар орцны нэг давхрын шатан дээр хохирогч Ц.Цын хувцаснаас татан унагааж эрүүл мэндэд нь “баруун гарын эрхий хурууны 2 дугаар үений суналт" бүхий хөнгөн хохирол учруулсан, мөн байрны 21 тоотод оршин суух Ц.Ц, Д.Аюур нарын гэрт тэдний зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ж.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Цын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэхдээ Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүх хуралдааны товыг хохирогчийн өмгөөлөгч Т.Энхболдод 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр, хохирогч Ц.Цт 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр тус тус мэдэгдсэн баримт хавтаст хэргийн 222 дугаар хуудсанд авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, оролцогч оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол оролцуулна.” гэж заасан бөгөөд хохирогч, түүний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй учир давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ.

Түүнээс гадна давж заалдах шатны шүүх хохирогчийн гаргасан нэхэмжлэлээс онгоцны тийзний үнэ 451.800 төгрөг, рентгэн зураг авахуулахад төлсөн 20.000 төгрөг, MRI шинжилгээ хийлгэхэд төлсөн 180.000 төгрөг, нийт 651.800 төгрөгийг холбогдох баримтыг үндэслэн шүүгдэгчээс гаргуулахаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, үүнээс шүүгдэгчийн төлсөн 200.000 төгрөгийг хасч, үлдэх 451.800 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэлийн бусад хэсгийг буюу хохирогчийн нурууны архаг өөрчлөлттэй холбоотой хийлгэсэн шинжилгээ, эмчилгээтэй холбоотой зардал нь тухайн хэрэгт хамааралгүй, мөн нотлох баримтгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болжээ.\

Шүүгдэгч Ж.Цын буруутай үйлдлээс хохирогч Ц.Цын хуруунд учирсан гэмтэл нь түүний бүсэлхийн нугалмуудын ясны ургалт, сээр, бүсэлхийн нугалмуудын жийргэвчийн цүлхийлт бүхий өвчинтэй шалтгаант холбоогүй болохыг шүүх эмнэлгийн шинжилгээний 577 тоот дүгнэлтээр /хх-88/ тогтоосныг дурьдах нь зүйтэй.

Иймд хохирогч Ц.Цын гаргасан “Давж заалдах шатны шүүх намайг шүүх хуралд оролцоно гэж утсаар хэлсээр байтал миний эрхийг ноцтой зөрчсөн, мөн миний эмчилгээний болон бусад зардлыг гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүйгээр өөрчилсөн” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хяналтын шатны шүүхэд хэргийн материалтай хамт ирүүлсэн хохирогч Ц.Цын амбулаториор эмчлүүлэгсдийн картыг энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хурааж аваагүй тул өөрт нь буцаан олгох нь зүйтэй.

Анхан шатны шүүх нь тогтоол гаргахдаа Монгол Улсын Дээд шүүхээс Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлэгт заасан шаардлагад нийцүүлж тогтоосон “Шүүхийн шийдвэр бичих аргачлал, журам”-ыг чанд баримталж, тогтоолыг хэлбэр, бүтэц, утга найруулга, зөв бичих дүрмийн алдаагүй боловсруулах, тухайлбал, шүүгдэгчийн урьд ял шийтгүүлсэн байдал, түүний үйлдсэн хэргийн нотлогдсон байдал, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийх, мөн хэргийн бусад баримт, үндэслэлийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлж бичихийг зориуд анхааруулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 360 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 06 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Ц.Цын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хохирогч Ц.Цын амбулаториор эмчлүүлэгсдийн картыг өөрт нь буцаан олгохыг анхан шатны шүүхэд мэдэгдсүгэй.

 

                                                        ДАРГАЛАГЧ                                     Б.ЦОГТ

                                                        ШҮҮГЧ                                              Б.БАТЦЭРЭН

                                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН