Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-04-24
Тогтоолын дугаар 181
Хэргийн индекс 188/2018/0887/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч М.Г
Зүйл заалт 11.1.1
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

М.Гд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогч Б.Туяа, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1003 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 105 дугаар магадлалтай, М.Гд холбогдох 1808010760759 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 оны 7 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт М.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Гг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Гг 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Гг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж өөрчилж, тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзана” гэж, мөн зүйлийн энэ хэсгийн 1.1-т “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэж, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн энэ хэсгийн 1.3-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус заасныг давж заалдах шатны шүүх хэрэглэлгүйгээр зөвхөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн дүгнэлт хийж, хорих ялаар шийтгэсэн. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалт буюу “Шүүгдэгч М.Гг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэсэн заалтыг хэвээр үлдээсэн атлаа дээр дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйл, хэсэг, заалтуудыг хэрэглэлгүйгээр шийдвэр гаргасан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу М.Гд холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан гаргасан саналдаа: “Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч М.Гын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг зэргийг харгалзан үзэлгүй шүүгдэгчид торгох ял оногдуулсан. Харин давж заалдах шатны шүүх дээр дурдсан бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл болон 5.1 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгчид хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүх М.Гд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Давж заалдах шатны шүүх ял хүндрүүлэх нь Үндсэн хууль зөрчсөн талаар Монгол Улсын Цэцийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтийг Улсын Их Хурал 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ процессын хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй тул магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч М.Гд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч М.Г нь 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орбит зах” зочид буудлын 5 тоот өрөөнд иргэн Б.Тийн нүүр рүү архины шил шидэж эрүүл мэндэд нь “...баруун нүдний хараагүйдэл, торлогийн ховхрол, баруун лимбэ эвэрлэгийн зүсэгдсэн шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч М.Гыг хохирогч Б.Тийн нүүр рүү архины шил шидэж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хохирогч Б.Тийн гаргасан гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго”-д нийцээгүй, шүүгдэгч М.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Тийн баруун нүд хараагүй болж, улмаар баруун нүд буюу эрхтэнээсээ хагацаж, байнгын хөдөлмөрийн чадвар алдалт 65 хувь болсон тул шүүгдэгч М.Гын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд торгох ял тохироогүй гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч М.Гд оногдуулсан торгох ялыг 3 жил 6 сар хорих ял болгон хүндрүүлж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй болно.

Гэвч Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно” гэж, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж тус тус заасны “... хүндрүүлж ...", “... эсхүл хүндрүүлж...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “...шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Гд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн гаргасан гомдолд хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1003 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 105 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч М.Гд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэх хүртэл шүүгдэгч М.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ                                      Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН