Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-04-24
Тогтоолын дугаар 182
Хэргийн индекс 186/2018/0782/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Н.О
Зүйл заалт 11.4.1.
Улсын яллагч Д.Дамдинсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

 

 

 

Н.Од холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 833 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 103 дугаар магадлалтай, Н.Од холбогдох 1811008890936 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Э овогт Н.О нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг өдөрт 2 цагаар хийлгэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оаас 900.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Бт олгуулах, хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.  

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг гаргасан гомдолдоо: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1-д хуульчилсан “...хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал...” зэргийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил юм. Мөн анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоогүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг үндэслэн шүүгдэгчээс 900.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, хохирогчид төлсөн 140.000 төгрөгийг хасч тооцолгүй орхигдуулсан. Эдгээр алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөөгүй нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэх зарчмыг зөрчсөн. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Н.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалд “Н.Оын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл гаргасан саналдаа: “Шүүгдэгч Н.О нь хохирогч Б.Бын хөл, толгойд нь хутгалж, дараа нь гэрээсээ чирч гарган шанаа руу нь өшиглөж 2 шүдийг нь хугалсан. Шүдний талаар байцаагчид хэлэхэд энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй, мөн Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй. Б.Б зүүн гуяны ар хэсэгт хутгалуулсны улмаас өнөөдрийг хүртэл хөл нь сойлттой, булчин шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай болсон. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Шинжээч гэмтлийн зэргийг хүндэвтэр гэж буруу гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд дурдсан хүндэвтэр зэргийн гэмтлийг шүүгдэгч Н.О учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Хэрэгт нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.Од холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Оын 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 16 дугаар гудамжны 336-А тоотод байрлах нийтийн байрны өрөөнд хохирогч Б.Бын зүүн гуяанд хутгалж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Оыг хохирогч Б.Бын зүүн гуянд хутгалж хатгагдаж, зүсэгдсэн гүн шарх, суудлын мэдрэлийн тасрал, хуйхны зүсэгдсэн шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж, харин давж заалдах шатны шүүх хохирогч Б.Бын зүүн гуянд хутгалж, толгой тус газар хутгаар зүсэж эрүүл мэндэд нь “зүүн гуяны хатгагдаж, зүсэгдсэн гүн шарх, суудлын мэдрэлийн тасрал, хуйхны зүсэгдсэн шарх” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж тус тус зөрүүтэй дүгнэсэн байна.

Хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар хоёр шатны шүүхийн хийсэн дээрх дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж үзэхэд хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс 2 шүд гэмтсэн, энэ талаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй учраас дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай үндэслэл бүхий хүсэлт гаргасныг шийдвэрлэлгүй орхигдуулж, тэдний хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан байх тул мөрдөн байцаалтыг гүйцэд биш хийсэн, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан буюу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмыг бодитой хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил мөн болно.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр “…Дөнгөж хаалгаар ороод явтал араас гуян тус газар Отгонжаргал хутгалсан, тэгэхээр нь чи яаж байна аа гээд 3 алхамын цаана байсан орон дээр унасан, тэгтэл Отгонжаргал гуянаас хутгаа сугалаад дахиад миний толгой руу хатгасан, тэгэхээр нь түргэн дуудаач ээ, чи намайг аллаа ш дээ гэтэл миний хувцасны захаас бариад коридороор чирээд үүдээр гадаа гаргасан” /хх-30/ гэж мэдүүлсэн байх бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 14-нд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “Миний бие 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Н.О гэгч хүнд зүүн хөлийн гуяны ар хэсэгт 1 удаа, толгойн ар дагзанд 2 удаа хутгалуулсан” /хх-86/ гэж дурдсанаас гадна анхан шатны шүүх хуралдаанд “Намайг коридороор чирч байхад нэг шүд унасан. Нэг шүд хөдөлсөн. Би энэ талаар сувилагч, прокурор, шүүх эмнэлэгт хэлж байсан” гэж мэдүүлсэн, давж заалдах гомдолдоо “Н.О нь зүүн хөлийн гуяны ар хэсэгт 1 удаа, толгойн ар дагзанд 2 удаа хутгалж, улмаар гэрээсээ чирч гаргаж байх үед зүүн талын шанаа руу өшиглөж 2 шүд унагаасан. Тухайн үед шүүх эмнэлгийн шинжээчид хэлж байсан боловч дүгнэлтэд тусгагдаагүй. Толгойн ар дагзанд 2 удаа хутгалсан, 2 шүд унасан зэрэг нь гэмтлийн зэрэгт ороогүй байгааг харгалзан шүүх эмнэлгийн шинжилгээнд дахин хамруулж өгнө үү” /хх-156/ гэжээ.

Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Н.Оыг хохирогч Б.Бын толгой руу хутгалсан үйлдлийн талаар огт дурдаагүй, мөн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Оыг хохирогч Б.Бын толгой руу хэдэн удаагийн үйлдлээр хутгалж түүний хуйханд зүсэгдсэн шархууд учруулсан талаар, мөн хохирогчийн зүүн талын шанаа руу өшиглөж 2 шүдийг гэмтээсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүйгээс гадна энэ талаар хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг няцаан үгүйсгээгүй атлаа Н.О нь хохирогч Б.Бын зүүн гуянд хутгалсны улмаас хохирогчийн биед зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, суудлын мэдрэлийн хагас тасрал гэмтлээс гадна хуйханд зүсэгдсэн шархууд учруулсан үйл баримтыг дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх “Н.О нь хохирогч Б.Бын зүүн гуянд хутгалж, толгойн тус газар хутгаар зүсч…” гэж анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй үйл баримтыг шинээр тогтоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөнөөс гадна хохирогч Б.Быг анх гэрч, хохирогчоор мэдүүлэхдээ /хх-30, 31/ шүд гэмтсэн талаар мэдүүлэг өгч байгаагүй, шинжээч эмч 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хохирогчийн биед үзлэг хийхэд шүд гэмтсэн байдал тогтоогдоогүй /хх-44/, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 718 дугаар шинжээчийн дүгнэлтэд /хх-69/ “Б.Б нь шүд хугарсан гэсэн ба шүдний рентген зураг авахуулсан боловч шаардлага хангахгүй байх тул дүгнэлтэд тусгах боломжгүй байна.” гэснийг тус тус үндэслэн шүүгдэгч Н.Оын хохирогч Б.Бын биед гэмтэл учруулсан үйл явдлын үеэр хохирогчийн биед шүд хугарсан, гэмтсэн үйлдэл болсон гэж үзэх үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг хийжээ.

Шүүх эмнэлгийн шинжээчийн 718 дугаар дүгнэлт болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтээс харахад хохирогч Б.Бын шүдний рентген зураг шаардлага хангаагүй явдал нь түүний шүд гэмтсэнийг шууд үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд шүдний рентген зургийг дахин авах замаар хохирогчийн шүд гэмтсэн эсэх, гэмтсэн бол Н.Оын үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэх, түүнчлэн хохирогчийн мэдүүлсэн “Н.О нь гуянд нэг удаа, толгойд 2 удаа хутгалж, улмаар гэрээсээ чирж гаргах үедээ зүүн шанаа руу өшиглөж 2 шүд унагаасан” гэх мэдүүлэг хэргийн жинхэнэ байдалд нийцсэн тохиолдолд тухайн гэмт хэрэг нь “онц харгис хэрцгийгээр”, эсхүл “хохирогчийг тохуурхан доромжилж”, “бие махбодийн, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж” үйлдсэн зэрэг хүндрүүлэх шинжийг агуулсан эсэх, эсхүл хохирогч Б.Б нь шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гаргасан атлаа 2 шүд гэмтсэн талаар зориуд худал мэдүүлэг өгч, шүүгдэгчийг гүтгэж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

Ийнхүү мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд биш хийгдсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүх харилцан зөрүүтэй мэдүүлэг, эргэлзээ бүхий нотлох баримтыг дахин нягтлан шалгахгүйгээр зөвхөн яллах талын баримтыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотолгооны стандарт шаардлагыг илтэд хангаагүй гэж үзнэ.

Хяналтын шатны шүүхийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хуулиар олгогдоогүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөвхөн “Анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх”-ийг хянах эрх хэмжээтэй тул дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан “...Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоогүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг үндэслэн шүүгдэгчээс 900.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, хохирогчид төлсөн 140.000 төгрөгийг хасч тооцолгүй орхигдуулсан. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жилийн хугацаа өнгөрсөн тул Н.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн гомдолд хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 833 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 103 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Н.Од холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                       Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН