Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2018-05-17
Тогтоолын дугаар 211
Хэргийн индекс 186/2018/0605/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Э.Э
Зүйл заалт 11.6.1.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Э.Эт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 849 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 120 дугаар магадлалтай, Э.Эт холбогдох 1811015510614 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Х овогт Э.Э нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Эт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 849 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Эт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Давж заалдах шатны шүүхийн 120 дугаар магадлалд “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 849 дугаартай цагаатгах тогтоол нь хуулийн шаардлагад нийцээгүй байх ба хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэргийн үйл баримт, нөхцөл байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судалж, зөв үнэлж дүгнэлт өгч чадаагүй байна гэж үзэв” гэсэн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүх “... хуулийн шаардлагад нийцээгүй” гэдгийг юу гэж үзэж байгаа нь ойлгомжгүй, түүнийхээ үндэслэлийг тайлбарлаагүй, мөн “... дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “үйл баримт, нөхцөл байдал ... нотлох баримтуудыг хооронд нь судалж, зөв үнэлж дүгнэлт өгч чадаагүй” гэсэн нь үндэслэлгүй ба үүнийг дараах байдлаар хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Давж заалдах шатны шүүх “Э.Э нь ...Т.Хын зүүн талын нүд рүү нь цохиж унагаснаас эрүүл мэндэд нь ... хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна” гэжээ. Гэтэл “цохиж унагасан” гэх үйл баримтын талаар хохирогчийн зөрүүтэй мэдүүлгээс өөр баримт байхгүй байхад давж заалдах шатны шүүхээс хийсвэр байдлаар дүгнэлт өгч, тогтоогдохгүй байгаа хэргийн үйл баримтын талаар “хангалттай нотлогдон тогтоогдож байна” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, анхан шатны шүүхэд хэргийг яаж шийдвэрлэхийг заан чиглүүлж, “хуулийн шаардлагад нийцээгүй” гэх хоосон үндэслэлгүй дүгнэлтээр анхан шатны шүүх рүү буцааж байгаад гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүх нь “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 6528 дугаартай дүгнэлтэд “...Т.Хын биед учирсан гэмтлийг мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, энэ гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн байх бөгөөд үүнийг няцаан үгүйсгэх нотлох баримт байхгүй байна” гэжээ.

Давж заалдах шатны шүүх нь шинжээчийн дүгнэлтийн энэ хэсэгт хэмжээ хязгааргүйгээр ач холбогдол өгч “үүсэх боломжтой” гэж тайлбарлагдах бодит нотолгооны ач холбогдлын хязгаарыг давж дүгнэлт хийсэн. Хөнгөн гэх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн нь ойлгомжтой ба гол нь хөнгөн гэмтэл “Санаатайгаар цохисноос үүссэн”, эсхүл “Хувцаснаас нь татаж газарт унаснаас үүссэн” эсэх нь хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байхад шинжээчийн дүгнэлт нь “Санаатайгаар цохисноос үүссэн” гэдгийг тогтоож байгаа мэтээр тайлбарлан үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Энэхүү үндэслэл муутай дүгнэлтээ “...үүнийг няцаан үгүйсгэх нотлох баримт байхгүй байна” гэх байдлаар хэт явцуурсан хүрээнд зөвшөөрөх боломжгүй дүгнэлт хийсэн.

“Санаатайгаар цохисноос үүссэн”, эсхүл “Хувцаснаас нь татах үед газарт унаснаас үүссэн” гэдгээс хамаараад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх эсэх үндсэн асуудал дүгнэгдэх ёстой байсан. Учир нь энэ зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг нь зөвхөн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх боломжтой байдлаар хуульчлагдсан ба бусдын биед хөнгөн гэмтэл болгоомжгүйгээр учруулсан үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх боломжгүй.

Давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүйгээр санаатайгаар цохиж учруулсан мэтээр дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Давж заалдах шатны шүүх нь “Нөгөөтэйгүүр, шинжээч эмч Ц.Нандинцэцэг “...энэ гэмтэл нь хохирогчийг татаж буюу түлхэж газарт унахад үүсэх ямар ч боломжгүй, цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэж мэдүүлсэн” гэжээ. Гэтэл шинжээч эмч Ц.Нандинцэцэгээс хэзээ мэдүүлэг авсан нь ойлгомжгүй /он, сар, өдөр байхгүй/ буюу хуулийн шаардлага хангаагүйн улмаас нотлох баримтаар үнэлэх эсэх нь эргэлзээтэй байхад тэр шинжийг нь ярихгүйгээр шинжээч эмч нь үзсэн, харсан гэрч мэтээр түүний мэдүүлгийг үнэлэн дүгнэлт өгч байгаад гомдолтой байна.

Түүнчлэн шинжээч эмч Ц.Нандинцэцэг “Гэмтэл нь татаж буюу түлхэж газарт унахад үүсэх ямар ч боломжгүй, цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэж хэрэгт шууд субъектив байдлаар хандаж мэдүүлэг өгсөн нь илт харагдаж байхад энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй атлаа харин ч дэвэргэсэн дүгнэлт өгсөнд гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүх нь “Харин гэрч нар хэргийн үйл явдлыг хараагүй, мөн гэрч Т.Мягмарсүрэн, Б.Цэцэгдэлгэр нар нь шүүгдэгч Э.Этэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байх бөгөөд шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалан, нэг талыг барьсан мэдүүлэг өгсөн байхыг үгүйсгэхгүй бөгөөд хохирогч Т.Хын мэдүүлгийг няцаан үгүйсгэх нотлох баримт болж чадахгүй байна” гэжээ. Гэтэл гэрч Т.Мягмарсүрэн, Б.Цэцэгдэлгэр нар нь харин ч хэргийн үйл баримтын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн болох нь тодорхой харагддаг. Тухайлбал, Т.Мягмарсүрэн нь “Харсан. Т.Х өөрөө газар унасан. Э.Э цохиогүй” гэж мэдүүлэг огт өгдөггүй. Яг бодит үнэнээр нь “...би цохисон эсэхийг нь хараагүй. Намайг гэртээ охиноо оруулчихаад гарахад газар унасан байсан” гэж мэдүүлэг өгсөн. Үүнийг давж заалдах шатны шүүхээс хэрхэн дүгнээд нэг талыг барьсан мэдүүлэг өгсөн гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Үзэмжээрээ ингэж дүгнэлт өгч байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх нь “шүүгдэгчийн эрх ашийг хамгаалсан, нэг талыг барьсан мэдүүлэг өгсөн байхыг үгүйсгэхгүй” гэх байдлаар таамаглал дэвшүүлэн дүгнэлт хийж байгаад гомдолтой байна. Гэрч Б.Цэцэгдэлгэр нь утсаар ярьж байгаад сонссон зүйлээ бодит үнэнээр нь мэдүүлсэн байхад яг ямар үндэслэлээр нэг талыг барьсан мэдүүлэг өгсөн байхыг үгүйсгэхгүй” гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Эдгээр гэрч нараас мэдүүлэг авахдаа худал мэдүүлэг өгсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар сануулж гарын үсэг зуруулан мэдүүлэг авсан, гэрч нараас хууль зөрчиж мэдүүлэг авсан талаар улсын яллагч, хохирогч нараас ямар нэгэн гомдол, санал гаргаагүй, хяналт тавьж буй прокурор нь өөрөө нотлох баримтаар үнэлж яллах дүгнэлтдээ дурдсан байхад “байхыг үгүйсгэхгүй” гэж хардсан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.

Гэрч нарын мэдүүлэг нь хуулийн хүрээнд нотлох баримтаар үнэлэгдэх эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байж “хохирогч Т.Хын мэдүүлгийг няцаан үгүйсгэх нотлох баримт болж чадахгүй” гэх ойлгомжгүй байдлаар гэрч нарын мэдүүлгийг үнэгүйдүүлж, нотлох баримтыг үнэлэхдээ гэрч нарын мэдүүлгээс хохирогчийн мэдүүлгийг илүүд үзэж, илт субъектив байдлаар хандаж, нотлох баримтад хардлага, таамаглалаар ялгавартай хандан байж боломгүй дүгнэлт, тайлбар хийсэн. Гэрчийн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлгийг “няцаан үгүйсгэх нотлох баримт болж чадаж байж” нотлох баримтаар үнэлэгддэг байж огт болохгүй юм.

Давж заалдах шатны шүүх нь “Мөн хохирогч Т.Х нь анхнаасаа тогтвортой мэдүүлэг өгсөн, мэдүүлэг нь ямар нэг байдлаар өөрчлөгдөөгүй...” гэжээ. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Хын мэдүүлгүүд зөрүүтэй байгаа нь тодорхой харагддаг. Давж заалдах шатны шүүх түүний мэдүүлгүүдийг сайтар нягтлан харьцуулж, анхан шатны шүүх хурлын тэмдэглэлийг судлан дүгнэсэн бол ингэж дүгнэлт өгөхгүй байх байсан. Учир нь Т.Х нь “ ...зүүн талын нүд рүү цохихоор нь би газарт унасан...”, “...юугаар цохисныг нь сайн мэдэхгүй байна, нүд рүү цохихоор нь би газарт унасан” гэж, эсхүл “...миний зүүн нүдний дээд хэсэг буюу хөмсөг хэсэг рүү гараараа нэг удаа цохих үед нь би халтираад газар унасан...” гэж, эсхүл бүр өөр байдлаар буюу “...нөхөр нь намайг бие засаж байхад миний футболкны зүүн ханцуйнаас урсан. Тэгээд би газарт унах үед пүүз, өмдний өвдөг хэсгээ урсан...” гэж зөрүүтэй байдлаар мэдүүлгээ өгч ирсэн.

Мөн хохирогч Т.Х нь ”хашааны буланд бие засаж байтал...” гэж мэдүүлдэг боловч мөрдөгчөөс “Нохойны үүр орчим болон хохирогч Хын унасан гэх газрын зургийг харуулав” гэж фото зургаар бэхжүүлэн хэрэгт хавсаргасан байдаг. Энэ нь түүний “буланд шээсэн” гэх мэдүүлэг нь худлаа болохыг бүрэн дүүрэн харуулдаг болно. Түүнчлэн “... 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр амралтаас хотод орж ирээд ... найзындаа очиж найзтайгаа уулзчихаад ... урьд өдөр нь архи хэрэглэсэн байсан. Тэр өдөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...”, эсхүл “... Миний бие ажлынхантайгаа амралтанд явж 2018 оны 5 дугаар сарын 20-ны өглөө 11-12 цагийн үед согтуу орж ирсэн...” гэж, мөн мөрдөгчөөс “Та тухайн үед ямар учраас цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөөгүй юм бэ” гэж асуухад “Тухайн үед би тодорхой хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь үнэн...” гэж хариулсан зэргээр олон удаа зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад давж заалдах шатны шүүхээс “хохирогч Т.Х нь анхнаасаа тогтвортой мэдүүлэг өгсөн, мэдүүлэг нь ямар нэгэн байдлаар өөрчлөгдөөгүй” гэсэн дүгнэлт хийснийг хүлээн авах боломжгүй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн үнэн зөв, эргэлзээгүй талаас үндэслэл бүхий дүгнэлт өгөх ёстой. Гэтэл ийм байдлаар дүгнэлт хийж байгаа нь хэрэгт субъектив байдлаар хандаж байна гэж үзэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүргэж байна.

Давж заалдах шатны шүүх нь “...Э.Эийг гэм буруугүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ”, “Иймд ...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 849 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Э.Эт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ” гэжээ. Давж заалдах шатны шүүх магадлалдаа анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлээ тодорхойлоогүй атлаа “Э.Эийг гэм буруугүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй” гэсэн нь хэргийг анхан шатны шүүх рүү буцаах үндэслэл болохгүй.

Давж заалдах шатны шүүх нь таамаглалд үндэслэн хийсвэр байдлаар хэрэгт хандан үнэлэлт дүгнэлт өгч, нотлох баримтыг үнэлэхдээ субъектив байдлаар ялгавартай хандаж, зарим нотлох баримтыг үндэслэлгүйгээр илүүд үзэж, бусад нотлох баримтын ач холбогдлыг ор үндэсгүйгээр үгүйсгэж, шинжээчийн дүгнэлтийг үнэлэхдээ нотолгооны ач холбогдлын хэр хэмжээнээс хэтрүүлэн дүгнэлт өгч, хэт нэг талыг барьсан байдлаар хэргийн шийдвэрлэлтэд хандаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эргэлзээ бүхий нөхцөл байдлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр зохицуулсан хуулийн үзэл баримтлал, зарчмыг алдагдуулж, үндэслэлгүйгээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасанд гомдолтой байна.

Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 120 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 849 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шинжээч эмчийг байцаасан мэдүүлэгт он, сар, өдөр бичигдээгүй байх тул тухайн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх шаардлагагүй. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд “Хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэснийг хохирогч унахаас гадна түүнийг цохисноос учирсан гэмтэл гэж үзэх үндэслэлтэй юм. Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь шүүгдэгчийг энэ хэрэгт гэм буруугүй гэж үзэх үндэслэл болохгүй. Харин ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Прокурорын яллах дүгнэлтэнд “Э.Э нь ... Т.Хын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан”  гэж бичсэн нь ойлгомжгүй байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн санаа сэдэлт, шалтгаан нөхцөлийг хангалттай нотолж чадаагүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Иймд цагаатгах тогтоол болон магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.Эт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Үүнд:

1. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Майбаяр нь 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 536 дугаартай яллах дүгнэлт үйлдэхдээ “Яллагдагч Э.Э нь 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бамбар инж” ХХК-ийн барилгын хашаанд Т.Хын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэж хэргийн агуулгыг хэт ерөнхий байдлаар товчлон бичихдээ гэм буруугийн ямар хэлбэрээр, хохирогчийн эсрэг ямар үйлдэл хийж, хэрхэн эрүүл мэндэд нь хохирол учруулсан талаар дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т заасан шаардлагыг бүрэн хангаагүйгээс гадна яллагдагчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” эрх зөрчигдсөн гэж үзнэ.

Прокурорын яллах дүгнэлт хуульд заасан шаардлагыг хангаагүй нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 34.14, 35.8 дүгээр зүйлд заасны дагуу “Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд” яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй болно.

2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 849 дүгээр цагаатгах тогтоолоор шүүгдэгч Э.Эт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ харилцан бие биенээ үгүйсгэх 3 өөр хууль зүйн дүгнэлт хийж, цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 болон 1.15 дугаар зүйлийн 2, мөн Эрүүгийн хуулийн 2.1 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус давхар баримталсан нь хууль буруу хэрэглэсэн болно.

Тухайлбал, шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хохирогч Т.Хатанбаатарыг согтуурсан үедээ “Бамбар инж” ХХК-ийн барилгын хашаа буюу иргэн Э.Эийн гэрийн хашаанд орж шээх үед шүүгдэгч Э.Э “хашаанд битгий шээгээд бай, нохойд хазууллаа” гэж хэлсний улмаас хоорондоо маргалдсан, шүүгдэгч Э.Э хохирогч Т.Хатанбаатарыг нохойд хазуулахаас урьдчилан сэргийлж түүнийг нохойноос холдуулах гэж татсаны улмаас хохирогч Т.Хатанбаатар унаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон гэж хэргийн үйл баримтыг дүгнэсэн ба шүүгдэгч Э.Эт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо 849 дүгээр цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн удиртгал хэсэгт гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарах /Гарцаагүй байдалд хохирол учруулах/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 заалтыг баримталжээ.

Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн 4.3 дугаар зүйлд заасан гарцаагүй байдалд бусдад хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюул, түүний дотор араатан амьтны довтолгооныг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай ойлголт юм. Харин учирч болох байснаас илүү хохирол учруулж хийсэн үйлдлийг гарцаагүй байдлын хэр хэмжээг хэтрүүлсэнд тооцдог.

Гэтэл анхан шатны шүүхийн 849 дүгээр цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч хохирогчийг санаатайгаар зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдохгүй байна. Харин бусдын биед болгоомжгүйгээр хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна” гэсэн дүгнэлт хийж, цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэсэн заалтыг баримталж, хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хууль тогтоогч гэмт хэрэгт тооцоогүй гэсэн  агуулгаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ.

Түүнээс гадна анхан шатны шүүх 849 дүгээр цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Э.Эт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлууд тогтоогдсон ба энэ үндэслэлээр хэргийг урьд нь прокурорт буцаасан боловч 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шийдвэрлэсэн талаар дурдсан байна.

Түүнчлэн шүүгдэгч Э.Эийг хохирогч Т.Хыг зодож гэмтэл учруулсан болох нь гэрч Б.Цэцэгдэлгэр, Т.Мягмарсүрэн нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж, хохирогч Т.Хын өгсөн “Намайг зодож гэмтэл учруулсан” гэх мэдүүлгийн эх сурвалж нотлогдохгүй байна гэсэн дүгнэлт хийхдээ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 6528 дугаартай дүгнэлтэд “… Т.Хын биед учирсан зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд няцарсан өнгөц шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний ухархайн дээд ханын зөрүүгүй хугарал, баруун сарвууны 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн тохой, зүүн өвдгөнд зулгарал бүхий гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой…” /хх-39/, мөн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн “… энэ гэмтэл нь хохирогчийг татаж буюу түлхэж газарт унахад үүсэх ямар ч боломжгүй, цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ” /хх-46/ гэсэн мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан шаардлагыг бүрэн хангаагүй байх бөгөөд анхан шатны шүүхийн 849 дүгээр цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч … шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд … эргэлзээ гарвал түүнийг … шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг баримталж, шүүгдэгч Э.Эийн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож чадаагүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Ийнхүү анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан хууль зүйн дүгнэлтүүд нь тогтоох хэсэгт баримталсан хуулийн зүйл хэсэгтэй зөрчилдсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл”-д хамаарах “гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй”, “шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй”, “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” зэрэг хуульд заасан аль үндэслэлээр шүүгдэгчийг цагаатгасан болохыг тодорхой заах шаардлагад нийцээгүй байх тул анхан шатын шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасанШүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх.” шаардлагыг хангаагүй гэж дүгнэв.

3. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 120 дугаартай магадлал нь хуулиар тогтоосон журмыг зөрчиж гарсан байна.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанДавж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр тогтоогдоогүй нөхцөл байдлыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэсэн заалтыг зөрчиж, “Э.Э нь … Т.Хын зүүн талын нүд рүү цохиж унагаснаас эрүүл мэндэд нь … хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна” гэж анхан шатны шүүхээр тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг шинээр тогтоож, хуульд заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хэтрүүлсэн дүгнэлт хийжээ.

Мөн давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч Э.Эт холбогдох хэргийг хянан хэлэлцээд “Хэрэгт авагдсан нотлох баримтад анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэргийн үйл баримт, нөхцөл байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судалж, зөв үнэлж дүгнэлт өгч чадаагүй, шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэрэг яллах талын нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй” гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээтэй хэдий ч анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрхэн үнэлж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар ямар хууль зүйн дүгнэлт гаргахыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй болно.

Хяналтын шатны шүүхийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөвхөн “Анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх”-ийг хянана.

Иймд хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын “Яллах дүгнэлт хуульд заасан шаардлага хангаагүй байх тул хэргийг прокурорт буцаах” талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 849 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 120 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Шүүгдэгч Э.Э нь гэм буруугийн талаар маргаж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны дараа шүүгдэгчийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

Хяналтын шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн гаргасан “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 849 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 849 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 120 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

                                                       ДАРГАЛАГЧ                                     Б.ЦОГТ

                                                       ШҮҮГЧ                                              Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН