Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-05-24
Тогтоолын дугаар 231
Хэргийн индекс 188/2018/1061/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Н.Б
Зүйл заалт 27.10.3.
Улсын яллагч Ш.Одонсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Н.Бөд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Ганболд, С.Батболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 195 дугаар магадлалтай, Н.Бөд холбогдох 1803005990371 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхбат, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батболд нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1965 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Н.Б нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироох” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Бийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний амь нас хохироож үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 12 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Булган Хөрс” ХХК-иас 730.270 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 933.500 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч “Багануур АЗЗА” ТӨХК-д тус тус олгуулах, шүүгдэгч Ц.Б болон иргэний хариуцагч “Булган Хөрс” ХХК-иас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мд 9.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, түүний нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн гэрчилгээг “Булган Хөрс” ХХК-д буцаан олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ч.Ганболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхбат гаргасан гомдолдоо: “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 195 дугаар магадлалыг 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч танилцаад дараах гомдлыг гаргаж байна.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Н.Бийн үйлдлийн улмаас миний төрсөн эцэг Г.Мын амь нас хохирогч манай гэр бүлд хүнд гарз хохирол учирсан билээ. Дээрх гэмт хэргийн улмаас 15.430.000 төгрөгийн бодит хохирол учирсан. Шүүгдэгч Н.Б болон иргэний хариуцагч “Булган Хөрс” ХХК-иас 9.000.000 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэгдэл 5.700.000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Үлдэгдэл 3.700.000 төгрөг нь миний аав Г.Мын Төрийн банкнаас зээлсэн цалингийн зээлийн үлдэгдэл юм. Цалингийн зээл авсан тухай банкны холбогдох зээлийн баримтыг мөрдөн байцаалтын явцад гарган өгч хохирлыг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх шийдвэрлэхгүй орхисон ба давж заалдах шатны шүүх гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн дээрх гэмт хэргийн шийдвэрлэлтийн явцад Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Б.Хүрэлсүхтэй “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулан 2.000.000 төгрөг түүнд төлсөн ба дээрх өмгөөллийн үйл ажиллагааны хөлс 2.000.000 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцдог хуулийн дагуу гэм буруутай этгээдүүдээс нэхэмжилсэн боловч анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүгдэгч Н.Б, иргэний хариуцагч “Булган Хөрс” ХХК нь бидэнд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулах тал дээр хойрго хандаж байгаа ба хүний алтан амийг хохироож, үнэлж баршгүй гарз хохирол учруулсан үйлдэлдээ гэмшиж байгаа тал дээр эргэлзээтэй байна. Хохирогч бидний хохирлын үлдэгдэл төлбөр 5.700.000 төгрөгийг гэм буруутай этгээдүүдээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан төлүүлэхээр шийдвэрлүүлэх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал...” гэж хуульчилсан байхад өмгөөлөгчид төлсөн зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцолгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэлтэй байх тул хяналтын журмаар гомдлыг гаргаж байна. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батболд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Үүнд,

Н.Б нь 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 50-27 ХОА дугаартай хүнд даацын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж бусдын амь насыг хохироосон тул шүүхээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын тогтоох хэсэгт ...Н.Б болон иргэний хариуцагч “Булган хөрс” ХХК-иас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мд 9.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн, ...Иргэний хариуцагч “Булган хөрс” ХХК-иас 730.270 төгрөгийг гаргуулан Ц.Мд... гэж шийдвэрлэсэн байна.

Гэвч Н.Бөөс хохиролд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 3.000.000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 12-ны өдөр 800.000 төгрөг, 13-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 9.800.000 төгрөг төлсөн байна. Мөн цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хохиролд төлсөн 800.000 төгрөгийн талаар дүгнэлт хийгээгүй тул шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.7-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд нөлөөлсөн гэж дүгнэхээр байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, Н.Бөд оногдуулсан хорих ялын хэмжээг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Ганболд хэлсэн саналдаа: “Шүүгдэгчийн гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүй тэнсэх боломжтой байхад шүүх энэ заалтыг хэрэглээгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харахад зам засварын ажил хийж байгаа гэх ямар нэгэн тэмдэг байхгүй байсан. Анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа нэмэгдэл ялыг хэтрүүлэн өгсөн. Шүүгдэгч нь жолооч мэргэжилтэй бөгөөд амьдралаа залгуулдаг ганц зүйл нь автомашин байсан” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ш.Одонсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгч Н.Бийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан байна. Хэргийн талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Харин шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн 800.000 төгрөгийн талаар шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 800.000 төгрөг төлөгдсөн гэж тусгах нь зүйтэй”” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батболд нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.Бөд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Н.Бийн үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулжээ.

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 12 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 52-ийн давааны урд замд “FAW-CA4226” загварын 52-27 ХОА улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжүүлэхийг хориглоно”, мөн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчин тоормосны систем бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцон явган зорчигч Г.Мыг мөргөж, амь насыг хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Бийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг хүний амь нас хохироож үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг харгалзан шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, учруулсан хохирлын шинж чанарт тохирсон гэж дүгнэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М нь хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгчтэй харилцан тохирч 2 сая төгрөгийн хөлс төлсөн нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол биш бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй, мөн хавтаст хэрэгт амь хохирогч Г.Мын Төрийн банкинд цалингийн зээлтэй байсан талаарх нотлох баримт авагдаагүй байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мын гаргасан “шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас 5.700.000 төгрөг нэмж гаргуулах тухай” гомдол, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батболдын “Шүүгдэгч Н.Бөд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх тухай” гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мд “...800.000 төгрөг өгсөн...” /1хх-236/ гэх баримт хэрэгт авагдсан бөгөөд тэрээр 800.000 төгрөг хүлээж авснаа хяналтын шатны шүүх хуралдаанд зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 195 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батболд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                 ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                                 ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН