Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-06-26
Тогтоолын дугаар 352
Хэргийн индекс 105/2019/0265/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Ө.У
Зүйл заалт 11.6.1.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Ө.Ут холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогчийн өмгөөлөгч Ч.Содончимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 370 дугаар магадлалтай, Ө.Ут холбогдох 1806084640094 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Б.Г, түүний өмгөөлөгч Ч.Содончимэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 оны 2 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, Б овогт Ө.У нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ө.Уаас 2.621.528 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Гантулгад олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Ө.Уаас 2.621.528 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Гд олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар хохирогч Б.Гын нэхэмжилсэн 2.621.528 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, өөрт учирсан хохирлын нотлох баримтаа хуульд заасан журмын дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Б.Гантулга, түүний өмгөөлөгч Ч.Содончимэг нар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий, бодит байдалтай нийцсэн, хуулийн дагуу шийдвэрлэгдсэн, харин давж заалдах шатны шүүхийн магадлал нь бодит байдалд нийцэхгүй, шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй буюу шинжээчийн хоёр дахь дүгнэлт үндэслэлгүй байхад үүнийг үнэлж дүгнэсэн нь хэргийг буруу шийдвэрлэхэд нөлөөлсөн, үүгээрээ хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

1.Хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй, шинжээчийн дүгнэлтүүд илт зөрүүтэй, хохирогч дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж дахин хянуулах хүсэлтийг гаргасаар байтал хүсэлтийг хангаагүй, шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа дахин нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулахгүйгээр эхний шинжээчийн дүгнэлтэд авагдсан баримтаар дахин дүгнэлт гаргасан, зөрүүтэй дүгнэлт гарч байгаад эргэлзэх нь зүйн хэрэг байтал эргэлзээг гаргасан нэмэлт нарийн ажиллагаа хийж дүгнэлтийг эцэслэн гаргаж чадаагүй. Ийм дүгнэлтээр давах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсанд гомдолтой байна.

2.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 12044 дугаартай дүгнэлтээр Б.Гын биед /хх-30/ хамар ясны баруун болон хажуу хана зөрүүтэй шинэ хуучин хавсарсан хугаралтай бөгөөд таславч хянга хэсгээрээ хугарч зүүн тийш мурийсан...” гэх эмч С.Мөнхбаатарын дүгнэлт, баруун тал бөмбөлгийн эд доторхи бага хэмжээний цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдож хөнгөн зэргийн гэмтлийг /хх-23/, мөн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1264 дугаар дүгнэлтэд Б.Гын биед “баруун тал бөмбөлгийн эд доторхи бага хэмжээний цус хуралт нь Ө.У хохирогчийг цохих үөд үүссэн шинэ гэмтэл... /хх32/, Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн өгсөн: "... Б.Гын биед баруун тал бөмбөлгийн эд доторхи бага хэмжээний цус хуралт бүхий гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Энэ гэмтэл цохих үед үүссэн гэмтэл” гэснээс үзэхэд хүний биед гэмтэл үүсгэсэн нь тодорхой харагдаж байтал шүүгдэгч Ө.У: “...миний учруулсан гэмтлийн улмаас Б.Г хагалгаанд орох шаардлагагүй байсан.” гэж, мөн давж заалдах шатны шүүх “...хохирогч нь “ЭМЖЖ” болон “Найрамдал” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хэдий ч түүнийг шинжээчийн дүгнэлтэд дурдсан “Баруун тал бөмбөлгийн эд доторхи бага хэмжээний цус хуралт” бүхий гэмтлийг хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болохыг тодорхойлсон эмчийн дүгнэлт, хийлгэсэн эмчилгээ учруулсан гэмтлийг эмчилсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.” гэж үзсэн нь ч өрөөсгөл, хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн л нотлох баримтыг үнэлж чадаагүй гэж үзэхэд хүргэж байна.

Мөрдөн байцаалтын явцад хагалгаанд орсон шалтгаан, хагалгаанд орох шаардлагатай байсан эсэхийг мэс засал гардаж хийсэн эмчээс тодруулах шаардлагатай байсан. Ийм ажиллагааг хийгээгүй атлаа эмнэлгийн байгууллагаар зохих эмчилгээ хийлгэсэн нь учирсан гэмтэлтэй холбоогүй гэж дүгнэж байгаад гомдолтой байна. Шүүгдэгч Ө.У хохирогч Б.Гыг цохисноос болоод сэдэрсэн гэмтлийг л эмчлүүлсэн. Хохирогч Б.Г нь хэдийгээр хамрын хуучин гэмтэлтэй байсан ч хагалгаанд орох шаардлагагүй учраас ороогүй өдий хүртэл явж байсан. Харин 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Ө.Ут зодуулсны дараагаас хамрын гэмтэл зовиуртай байдал үүссэний улмаас хагалгаанд орох шаардлага үүссэн. Хамраараа амьсгалахад хүндрэлтэй, байнгын хамар битүү,  үүний улмаас тархины цусан хангамж муудаж толгой өвдөж, хамар илт муруй болсон нь хэрэгт хавсаргасан зурагнаас харагдах ба гадаад байдалд нөлөөлсөн, биед илэрсэн зовиурын улмаас эмчийн зөвлөснөөр, арга буюу хагалгаанд орсон.

3.Шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй байдалд дүгнэлт хийхэд: Дахин шинжилгээнд эмч Ч.Чулуунсүхийн дүгнэлтээр ...2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Толгойн КТГ-г дахин уншуулахад...’’ гэсэн байгаа бөгөөд дүгнэлт уншуулна гэдэг ойлголт учир дутагдалтай, тухайн шинжилгээг дахин шинжлэн судлалгүйгээр хуучин дүгнэлтийг давтан уншсан мэт ойлгогдож байгаа бөгөөд энэ нь нотолгоо болж чадахгүй гэж үзэж байна. Мөн дүгнэлтэндээ ”...үндэслэл муутай байна...” гэх дүгнэлт нь маш муу, эргэлзсэн утга бүхий дүгнэлт гэж үзэж байна. Дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж тов тодорхой дүгнэх ёстой. Шинжээчийн дүгнэлтүүд илт зөрүүтэй буюу хэргийн шалтгаант холбоог өөр өөрөөр дүгнэсэн нь илт байхад давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар үнэлэлт дүгнэлт өгч өөрчлөлт оруулсан нь буруу байна.

Надад учруулсан гэмтлийн улмаас “Натур” эмнэлэгт толгойн компьютер томографийн шинжилгээ хийлгэж, мэс засалд орсон байхад шүүх ямар ч баримтыг тооцолгүй, иргэний шүүхээр нэхэмжлэх эрхтэйг дурдаж эмчилгээнд зарцуулсан 2.621.528 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ч.Содончимэг хэлсэн саналдаа: “Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нарантуяа хэлсэн саналдаа: “Шүүгдэгч Ө.У нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирол гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1264 тоот дүгнэлтээр хохирогч Б.Гын биед үүссэн шинэ, хуучин гэмтлийг ялгаж өгсөн. Хохирогч нь хамрын таславчийн мурийлтыг тэгшлүүлэх хагалгаанд орсноо мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин Ө.У нь хохирогчийн баруун тал бөмбөлгийн доторх бага хэмжээний цус хуралт гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрсөн. Уг гэмтэлд зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлага байсан эсэх нь тодорхойгүй, анхан шатны шүүх 2.621.528 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Анхан шатны шүүх ямар баримтыг үндэслэж хохирлыг шийдвэрлэсэн нь эргэлзээтэй. Давж заалдах шатны шүүх энэ талаар зөв дүгнэлт хийж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү“ гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ө.Уын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд баруун тал бөмбөлгийн доторх бага хэмжээний цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн харилцан зөрүүтэй 1264, 1244 тоот дүгнэлтэд дүгнэлт хийлгүй, хохирогчийн хамрын ясны хугаралтай холбоотой эмчилгээнд зарцуулсан 2.621.528 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1244 тоот дүгнэлтийг үндэслэн хохирогчийн нэхэмжилсэн 2.621.528 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж, дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:                                                                                      

Хохирогч Б.Г, түүний өмгөөлөгч Ч.Содончимэг нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ө.Ут холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэв.

Шүүгдэгч Ө.У нь 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эрдэнэ толгойн 40 дүгээр гудамжны 3 дугаар байрны 1 тоотод иргэн Б.Гтай үл ялих зүйлээр маргалдсаны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь “баруун тал бөмбөлгийн эд дотор бага хэмжээний цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Гын мэдүүлэг /хх-15/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 1264 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-32/, шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн мэдүүлэг /хх-42/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ө.Уыг хохирогч Б.Гын биед хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон нь зөв боловч шинжээчийн дүгнэлтэд заасан аль гэмтлийг Ө.У учруулсан талаар нэг мөр дүгнэлт хийхгүйгээр хохирогч Б.Гын нэхэмжилсэн эмчилгээний зардлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ганзоригийн 12044 дугаар дүгнэлтээр хохирогч Б.Гын биед “баруун тал бөмбөлгийн эд доторх бага хэмжээний цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон /хх-23/, харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Ганцэнгэл, Ө.Сарангэрэл, Ч.Эрдэмболор нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 1264 дугаар дүгнэлтээр хохирогч Б.Гын биед учирсан баруун тал бөмбөлгийн эд доторх бага хэмжээний цус хуралт нь Ө.Уын хохирогч Б.Гыг цохих үед үүссэн шинэ гэмтэл, харин хамрын ясны хугарал, таславчийн мурийлт нь хуучин гэмтэл /хх32/ болохыг тогтоосон бөгөөд бүрэлдэхүүнтэй шинжээчдийн гаргасан 1264 дугаар дүгнэлтийг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх, шинжээч дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12044 болон 1264 дугаартай дүгнэлтүүдээс гадна хохирогч Б.Гын өгсөн “урьд нь 2018 оны 1 дүгээр сард хамрандаа цохиулж, хамрын хэлбэр нь өөрчлөгдөж мурийсан байсан. Мөн оюутан байхдаа хамрандаа цохиулж гэмтэж байсан” талаарх мэдүүлгийг /хх-66/ хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжилж, өөрсдийн дотоод итгэлээр үнэлэх замаар шүүгдэгч Ө.Уыг хохирогч Б.Гын биед "баруун тал бөмбөлгийн эд доторх бага хэмжээний цус хуралт” гэмтэл учруулсан, харин хохирогч Б.Г хамрын гэмтлээ эмчлүүлэхэд гаргасан зардлыг шүүгдэгч Ө.У хариуцах ёсгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, анхан шатны шүүх Ө.Уаас 2.621.528 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт нь зөв болжээ.

Иймд хохирогч Б.Г, түүний өмгөөлөгч Ч.Содончимэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 370 дугаар магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 370 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Б.Г, түүний өмгөөлөгч Ч.Содончимэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                      ДАРГАЛАГЧ                                     Б.ЦОГТ

                                                     ШҮҮГЧ                                               С.БАТДЭЛГЭР

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН