Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-01-18
Тогтоолын дугаар 39
Хэргийн индекс 185/2018/0708/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Т.Г
Зүйл заалт 11.1.1
Улсын яллагч Х.Батчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Т.Гт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туяа, хохирогч О.А, хохирогчийн өмгөөлөгч Ч.Нямцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 712 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1075 дугаар магадлалтай, Т.Гт холбогдох 1809034260748 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2014 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 8 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Т.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Гийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гаас 140.047 төгрөг гаргуулж хохирогч О.Амарбаярт олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туяагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Г нь хохирогч О.Ат 4.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туяа бичсэн гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Давж заалдах шатны шүүхийн магадлалд “хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол, хор уршиг арилаагүй, цаашид эмчилгээ хийлгэхээр нөхцөл байдал байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2.6-д заасныг зөрчсөн. Хохирогч өөрийн биед зовиур шаналгаа байхгүй болсон, цаашид ажил хөдөлмөр эрхлэхэд асуудалгүй болсон, эмчилгээ сувилгааны зардлыг авсан,  гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Магадлалд хохирогчийн гомдоогүй зүйлийг тусгаж, хохирол, хор уршиг арилаагүй, цаашид эмчилгээ хийлгэх нөхцөл байдал байна гэсэн үндэслэлүүдээ тайлбарлалгүй, шүүх санаачлагаараа дүгнэлт хийж, Т.Гийн эрх зүйн байдлыг дордуулсан. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт өгч ялыг хөнгөрүүлэх боломжийг шүүх буруу тайлбарлаж, хууль буруу хэрэглэсэн тул хорих ялыг торгох ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ч.Нямцоож хэлсэн саналдаа: “Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг торгох ялаар солих, эсхүл хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй. Т.Г нь 4.000.000 төгрөгийн хохирол хохирогчид төлсөн, хохирогч гомдол, саналгүй гэдгээ анхан шатны шүүх хуралдаан дээр илэрхийлсэн” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Х.Батчимэг хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Т.Гийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туяагийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Т.Гт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзэв.

Шүүгдэгч Т.Гийн үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуульд заасан шаардлагыг хангажээ.

Шүүгдэгч Т.Г нь 2018 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7а байрны 502 тоотод О.Атай маргалдан зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Гт хуульд заасан төрөл хэмжээний буюу 2 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүхээс оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байх тул шүүгдэгч Т.Гт оногдуулсан хорих ялыг торгох ялаар солих, эсхүл хорих ялыг хөнгөрүүлэх талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 712 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1075 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                 ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                 ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                                                                                                                      Б.БАТЦЭРЭН                                  

                                                                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН