Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-01-23
Тогтоолын дугаар 48
Хэргийн индекс 185/2018/0605/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Н.Б
Зүйл заалт 11.6.1.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Н.Бад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 638 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1040 дүгээр магадлалтай, Н.Бад холбогдох 1709000000140 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1958 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, 1980 онд Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлийн Б-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлсэн, Б овогт Н.Б нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, хохирогч Ж.Пын нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байна..

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туяагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туяа бичсэн гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шийтгэх тогтоолд заасан дүгнэлтүүд хэргийн бодит байдалтай нийцээгүй, хохирогчид учирсан гэмтлийг Н.Б учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдоогүй. Энэ хэргийг Н.Б үйлдсэн болох нь эргэлзээтэй, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг тогтоох боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хуралдах үед Н.Бын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан үндэслэлд хамааруулаагүй. Иймд Н.Бад холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Бын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон. Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туяагийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.Бад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” амаржих газрын хувцас солих өрөөнд Ж.Пын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Н.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Харин давж заалдах журмаар хэргийг хянан хэлэлцэх үед шүүгдэгч Н.Бын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад энэхүү үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох асуудлыг давж заалдах шатны шүүх шийдвэрлэхгүй орхигдуулсан талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр өнгөрсөн байх тул шүүгдэгч Н.Бад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1040 дүгээр магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бад холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн заалтыг нэмж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 638 дугаар шийтгэх тогтоол болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                           ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                           ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН