Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-02-20
Тогтоолын дугаар 79
Хэргийн индекс 166/2018/0186/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Т.Г
Зүйл заалт 11.6.1.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Т.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 648 дугаар цагаатгах тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 76 дугаар магадлалтай, Т.Гт холбогдох 1818001920193 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Т.Г нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хохирогч нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж, цагаатгах тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Г гаргасан гомдолдоо: “...Цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш улсын яллагч эсэргүүцэл бичих, хохирогч нар давж заалдах гомдол гаргах хугацаанд гомдол, эсэргүүцэл бичигдээгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах талаар бичсэн прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа цагаатгах тогтоолыг хэвээр үлдээлгүй хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасанд гомдолтой байна. Энэ хэрэг гарахад хохирогч нарын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн бөгөөд энэ хэргээс болж би маш их сэтгэл санааны дарамтанд орж, жирэмсэн байж байхдаа зулбасан. Эдийн засаг, цаг хугацааны хувьд ч гэсэн маш их хохирч байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Хэрэгт хяналт тавьсан прокурор анхнаасаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүдэгч Т.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн нь буруу байна. Прокурор  хуульд заасан хугацааанд эсэргүүцэл бичээгүй бөгөөд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийн ажиллагааг сэргээж, үндэслэлгүй прокурорын дүгнэлт бичжээ. Давж заалдах шатны шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн хэргийг хянан хэлэлцэхдээ шинээр илэрсэн нөхцөл байдал биш гэсэн үндэслэлээр дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, мөн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1.3-т заасан эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзэв. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн Т.Гийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Т.Г нь 2018 оны 3 дугаар сарын 9-ний орой Дархан-Уул аймгийн Дархан сум 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Күйн” баарны гадна хохирогч Ц.Мг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан” дээд сургуулийн гадна хохирогч Х.Зыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдож, прокуророос түүний үйлдэл тус бүрийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 2018 оны 5 сарын 30-ны өдрийн 170 дугаар яллах дүгнэлтээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд “Шүүгдэгч Т.Гийн үйлдсэн гэмт хэргүүд нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон боловч хэргийн зүйлчлэл тохирохгүй байна. Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх эрхгүй тул шүүгдэгч Т.Гийн иргэн Ц.М, Х.З нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, 648 дугаар цагаатгах тогтоолоор Т.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн      1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хохирогч нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Т.Гт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.   

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн “Шүүгдэгч Т.Г нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх нотлох баримтууд хэрэгт авагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “цагаатгагдсан хүн..., гэм буруутай болохыг нотлох, ..., эсхүл хүнд ялтай зүйл хэсэг хэрэглэх нөхцөл байдал илэрсэн үндэслэл тогтоогдсон байна.” гэсэн үндэслэлээр 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 01 тоот “Шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэрэг үүсгэх тухай” тогтоол гаргаж /хх-216/, Т.Гт 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж /хх-219/,

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цагаатгагдсан хүнийг гэм буруутай болохыг нотолсон нөхцөл байдал шинээр илэрсэн” гэсэн үндэслэлээр мөн хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 648 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр прокурорын дүгнэлт /хх-227/ бичиж, холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай прокурорын дүгнэлтээр Т.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу хянан хэлэлцээд “Т.Гт холбогдох хэрэгт түүнийг гэм буруутай болохыг нотолсон шинэ нотлох баримт авагдаагүй, хяналтын прокурорын дүгнэлтэнд хэрэгт авагдсан байсан нотлох баримтуудыг шинээр илэрсэн нөхцөл байдлыг нотолсон баримт гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй.” гэсэн дүгнэлт хийж, Прокурорын 01 тоот дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс гадна анхан шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон “Анхан шатны шүүх прокурорын хууль буруу хэрэглэсэн алдааг зөвтгүүлэхгүйгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэд буцаасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, энэ зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэлээр 648 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Т.Гт холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэжээ.

Ийнхүү давж заалдах шатны шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай прокурорын дүгнэлтээр Т.Гт холбогдох хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу хэлэлцэж, тухайн зүйл хэсэгт заасан шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэргийг шийдвэрлэх байтал хуулийн хүчин төгөлдөр болсон 648 дугаар цагаатгах тогтоолтой хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр бүлэгт заасан журмаар хянан хэлэлцэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Иймд Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 76 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Гийн хяналтын журмаар гаргасан “цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх тухай” гомдолд энэ удаа хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 76 дугаар магадлалыг хүчингүй болгож, Т.Гт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дархан-Уул аймаг дахь эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Шүүгдэгч Т.Гийн хяналтын журмаар гаргасан “цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх тухай” гомдлыг хэлэлцэхгүй орхиусгай.

                                          ДАРГАЛАГЧ                                      Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                                     Д.ГАНЗОРИГ

                                                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН