Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-03-20
Тогтоолын дугаар 124
Хэргийн индекс 105/2018/1127/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч С.А, Л.Д
Зүйл заалт 22.4.2., 22.5.1.
Улсын яллагч Ц.Насанбат
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

С.А, Л.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгч С.Аын өмгөөлөгч Б.Батбаяр, Ц.Цэрэнжээ,  Д.Тунгалаг, шүүгдэгч Л.Дын өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Г.Нямхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1338 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 1080 дугаар магадлалтай, С.А, Л.Д нарт холбогдох 1802000000151 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, Ц.Цэрэнжээ,  Д.Тунгалаг, шүүгдэгч Л.Дын өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Г.Нямхүү нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 1. Монгол Улсын иргэн, 1971 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, А овогт С.А нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэгт

2. Монгол Улсын иргэн, 1967 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Л.Д нь Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Аыг хахууль авсан, шүүгдэгч Л.Дыг хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Аыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Дыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс хугацааг тоолох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ааас 100.000.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах, Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Л.Дын хүүхэд болох Д.Тамирт асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтыг хүчингүй болгож,

-шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Б овгийн Л.Дыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг, шүүгдэгч А овгийн С.Аыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.” гэж,

-2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

-4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дын цагдан хоригдсон 52 хоног, шүүгдэгч С.Аын цагдан хоригдсон 75 хоногийг тус тусын эдлэх ялд нь оруулан тооцсугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж,

-шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч М.Дэлгэрнасан, шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, Б.Батбаяр, Д.Тунгалаг, С.Төмөрбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.А бичсэн гомдолдоо: “...ДЦС-4 ТӨХК-ийн өвлийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний хүрээнд шаардагдах тээрмийн салхилуурын сэлбэгийг бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа хуулийн хүрээнд, нээлттэй, ил тод явагдсан. Уг тендерт шалгарсан “Эзэлхүүн хүч” ХХК нь “ДЦС-4” ТӨХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж, хоёр тал гэрээгээ дүгнэж протокол үйлдсэний дагуу ирүүлсэн нэхэмжлэлээр ажил гүйцэтгэсэн төлбөрийг манай байгууллага шилжүүлсэн. Түүнээс биш шийтгэх тогтоол, магадлалд дүгнэсэн шиг “Эзэлхүүн хүч” ХХК-тай 684.5 сая төгрөгийн гэрээ байгуулж тус гэрээний дагуу эхний санхүүжилт болох 300 сая төгрөгийг олгоогүй болно. Бэлтгэн нийлүүлэгчийг тендерийн үнэлгээний хороо сонгодог бөгөөд холбогдох албан тушаалтнууд гэрээг байгуулж миний бие эрх үүргийн хүрээнд баталсан. “Эзэлхүүн хүч” ХХК нь 2010 оноос “ДЦС-4” ТӨХК-д бэлтгэн нийлүүлэлт хийсээр ирсэн. Д нь 2010-2016 онуудад тус станцын Хангамжийн хэлтэст зуухын сэлбэг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, өөрөөр хэлбэл зуухны тээрмийн салхилуурын сэлбэгийг хариуцаж байсан. Иймд Д нь “Эзэлхүүн хүч” ХХК-тай ямар нэгэн ашиг сонирхлын холбоотой байх ёсгүй. Хавтаст хэргээс харахад уг компанийг Д гэдэг хүн 100 хувь эзэмшдэг юм билээ. Энэ компани олон жил “ДЦС-4” ТӨХК-д уг сэлбэгийг нийлүүлж ирсэн туршлагатай компани. Би тус компаний захирал Доржнямбууг танихгүй, уулзаж байгаагүй. Тэгэхээр энэ компани, энэ хүн надад мөнгө өгөх ямар ч шаардлагагүй. Д нь гэрээ байгуулах бүрт үе үеийн захирлуудад өгнө гэж Даас мөнгө авдаг байсан байх гэсэн бодол төрдөг. Учир нь Д нь “дарга нарт мөнгө өгч байж тендерт шалгардаг, өөр арга байхгүй” гэсэн байдаг. Энэ бүхнийг мөрдөн байцаалтын явцад шалгаагүй. Ер нь 100 сая гэдэг тоо ганцхан Дын мэдүүлэгт л байдаг. Өөр хаана ч тогтоогдоогүй. Миний бие мөрдөн байцаалтын явцад болон  шүүх дээр ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй, авах ч шаардлага байхгүй гэдгээ хэлсэн. Үүнийг Дын өгсөн зөрүүтэй мэдүүлгүүд нотолдог. Тэрээр мэдүүлгүүд дээрээ мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй гэж мэдүүлж байсан. Түүнийг Төв аймгийн хорих ангид шилжүүлсний дараа компаний ашиг 100 сая төгрөгийг өгөх юм байна гэж ойлгосон... гэх мэтээр мэдүүлгээ өөрчилсөн. Тухайн үед өндөр настай аавынх нь бие муу байсан, төгсөх ангийн сурагч хүү нь гэртээ ганцаараа байсан, мөн өөрийнх нь биеийн байдлаас шалтгаалж батлан даалтанд гарахын тулд болон бас бус шалтгаанаар мэдүүлгээ өөрчилсөн байх. Дын өгсөн олон зөрүүтэй мэдүүлгүүдээс нэгээр нь намайг яллаж байгаа нь хэт нэг талыг барьсан явдал юм. Дын тендерийн санхүүжилтийн мөнгийг хэрхэн зарцуулсан тухай өгсөн мэдүүлгээс үзэхэд түүнд 100 сая төгрөгийн хахууль өгөх эх үүсвэр байхгүй байдаг. Мөн хавтаст хэрэгт “Хан хув” ХХК-ийн татвар төлөлтийг Дын өгсөн гэх мөнгөөр хийсэн гэж харуулахыг оролдсон байдаг. Гэтэл тухайн татвар төлсөн мөнгөний эх үүсвэрийн талаар гэрчийн мэдүүлгүүд хангалттай байгаа. Д мэдүүлэхдээ “Насанбат цагаан өнгийн микро шиг машинтай ирсэн бөгөөд машин дотор мөнгийг өгсөн, тэр машиныг эрэгтэй хүн жолоодож явсан” гэдэг. Гэтэл дээрх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваагүй нь мөрдөх болон яллах ажиллагаа хэт нэг талыг барьсны нотолгоо юм. Улс орны цахилгаан, дулааны эрчим хүчний 70 орчим хувийг үйлдвэрлэдэг улсын онцгой объектын тасралтгүй, найдвартай, үр ашигтай үйл ажиллагааг хангахын тулд хамт олноо удирдан зохион байгуулж байсан намайг болон миний эхнэр, дүү нар дээр тагнуулын байгууллага хууль бусаар гүйцэтгэх ажиллагааг урт хугацааны туршид явуулж байсанд туйлын гомдолтой байгаа. Тэгээд ч гүйцэтгэх ажиллагаагаар авагдсан гэх тэдгээр материалуудыг сонсож, үзэж байхад чухам аль хэсэг нь намайг авлига авсан гэдгийг нотлоод байгаа нь ойлгомжгүй байна. Иймд миний эрх, эрх чөлөөг сэргээж шударга ёсыг тогтоож намайг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Аын өмгөөлөгч Д.Тунгалаг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... С.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс” буюу Л.Дын ямар ашиг сонирхлын үүднээс түүнээс хахууль авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй. Мөн хахуульд мөнгө өгсөн эсэх нь ямар баримтуудаар нотлогдож байгаа талаар анхан болон давж заалдах шатны шүүх бодит дүгнэлт хийж чадаагүй байна. С.Аыг “нийтийн албан тушаалтан” байснаар нь түүнийг “санхүүжилт олгохыг зөвшөөрснийхөө төлөө бусдаас мөнгөн хөрөнгө авсан” гэж дүгнэсэн нь мөн л үндэслэлгүй. Мөрдөн шалгах ажиллагаагаар “Тээрмийн салхилуурын сэлбэг нийлүүлэх тухай” гэрээг сонгон шалгаруулсан худалдан авах ажиллагааг хуульд заасны дагуу явагдсан болохыг тогтоосон байхаас гадна худалдан авахтай холбоотой санхүүжилтийг ажил үүргийн хувьд С.А хариуцдаггүй, хуваарилдаггүй болох нь нотлогдсон байдаг. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар, өөрөөр хэлбэл камерын бичлэг болон утасны бичлэгийг тэмдэглэл болгон бичсэн мөрдөгчийн тэмдэглэл зэргээр С.Аыг “хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй юм. Эд мөрийн баримтаар хураагдсан СД-нд үзлэг хийсэн тэмдэглэлээр тухайн цаг хугацааны бичлэгт хэн хэний дүрс ямар үйлдлээр хэрхэн бэхжигдсэн талаар дүгнэлт хийх боломжгүй байхад шүүхээс Л.Дгийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2, 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг зөрчин нотлох баримтаар үнэлсэн нь буруу байна. С.А нь Л.Дын ямар ашиг сонирхлын үүднээс өөрийн албан тушаалын ямар чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлсний хариуд түүнээс хахууль өгөхийг хэрхэн шаардаж, ямар хууль бус үйлдэл хийсэн, мөн хахууль болгож юу авсан болохыг шалгаж тогтоогоогүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж ял оногдуулсан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж дүгнэж байна. Мөн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж заасныг ноцтойгоор зөрчиж “С.Аын үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад анхан шатны шүүх түүнд тухайн хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй байна” гэж Эрүүгийн хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1 заалтыг зөрчиж авсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шийтгэх тогтоолын үндэслэл болгосныг давж заалдах шатны шүүх хянаж үзсэнгүй.

Мөрдөгчийн №2, №3 магадлагаануудад дурдагдсан прокурорын зөвшөөрөл хэрэгт авагдаагүй байгаа нь мөрдөн шалгах нууц ажиллагаа прокурорын зөвшөөрөлгүй явагдсан болохыг нотлоно.

Мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах прокурорын зөвшөөрлийн загвар нь Тагнуулын Ерөнхий газрын дарга болон Улсын Ерөнхий прокурорын хамтарсан тушаалаар батлагдсан загвартай байдаг. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан эх сурвалж нь тодорхойгүй СД-нд үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, мөн зүйлийн 9 дэх хэсэгт үзлэгийг прокурорын зөвшөөрлөөр нууцаар хийж болно гэж заасан байх боловч мөрдөгч энэхүү ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.3 дугаар зүйлд зааснаар прокурорын зөвшөөрөл аваагүй явуулсан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1338 дугаартай шийтгэх тогтоол, мөн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 сарын 06- ны өдрийн 1080 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Аыг цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Аын өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, Б.Батбаяр нар хамтран гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина гэж заасан байдаг. 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр С.Ат цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаас эхлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдсөн. С.Аыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн цагдан хорьсон нь хуулийн болон бодит үндэслэлгүй болсон юм. Өөрөөр хэлбэл С.Аыг мөрдөгчийн дуудсан цагт ирсээр байтал “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан” гэж үзэн 3 сар шахам цагдан хорьж хуулийг ноцтой зөрчсөн.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нутаг дэвсгэрийн болон хуульд заасан харьяаллын дагуу явагдана” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг энэ хуульд заасан нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу явуулна” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуулиар харьяалуулсан асуудлыг шүүх хянан шийдвэрлэнэ" гэж тус тус заасныг шүүх зөрчсөн. С.Аыг яллагдагчаар татсан тогтоолд “Яллагдагч С.А нь “ДЦС-4” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ... тендерийн сонгон шалгаруулалтад хууль бусаар нөлөөлж, авлига авсан” гэсэн. Өөрөөр хэлбэл Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газраас С.Аыг Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орших “ДЦС-4” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байхдаа, тухайн байгууллагад явагдсан тендерт хууль бусаар нөлөөлсөн гэж үзсэн атлаа Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч хуульд заасан харьяалал зөрчсөн юм. Эцэст нь эрх бүхий байгууллагаас харьяалал тогтоох ажиллагаа хийхгүйгээр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлж хянан шийдвэрлэсэн.

С.Ат ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх үндэслэл, журмыг зөрчиж цугларсан нь тогтоогдсон.

1 дүгээр хавтасны 62-72 дугаар талд мөрдөгчийн магадлагаа гэх баримт авагдсан бөгөөд иргэн С.А, Б.Н, Л.Д нарын харилцаа холбооны сүлжээнд нэвтэрч хяналт тавьсан гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2.13-д “прокурорын зөвшөөрлөөр мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулахаар эрх бүхий байгууллагад даалгавар бичиж, гүйцэтгүүлэх” гэж, мөн хуулийн 26.2 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч хэрэгт ач холбогдол бүхий мэдээ, баримт байна гэх хангалттай үндэслэл байвал прокурорын зөвшөөрлөөр дараах арга хэмжээг авч болно” гэсний 1.1-д “харилцаа холбооны сүлжээний хэрэглэгч, эзэмшигч хэн болох, тэдгээрийн байршил, холбогдсон цаг хугацаа, техник хэрэгсэл, төхөөрөмж болон хандалт зэрэг мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авах” 1.2-т “харилцаа холбооны сүлжээгээр дамжсан мэдээллийн агуулгад хамаарахгүй бусад мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авах”, 1.3-т “харилцаа холбооны сүлжээнд нэвтрэх боломжийг хязгаарлах талаар холбогдох байгууллагад даалгах” гэж тус тус заасан байна. Мөн хуулийн 26.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Дараах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр нууцаар явуулж болно” гэсний 2.1-д “харилцаа холбооны сүлжээнд нэвтэрч, хяналт тогтоох”, 2.2-т “харилцаа холбооны сүлжээгээр дамжсан мэдээллийн агуулгыг холбогдох байгууллагаас гаргуулж авах” гэж тус тус заажээ. Гэтэл дээрх нууц ажиллагаа гэгчийг явуулахдаа Тагнуулын байгууллага прокурорын зөвшөөрөл аваагүй нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.10-д “мөрдөн шалгах нууц ажиллагаа гэж прокурорын зөвшөөрлөөр нууцаар явуулах энэ хуульд заасан ажиллагааг” гэж тодорхой заасан бөгөөд тухайн ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүйгээр явуулах боломжгүй юм. Прокурорын зөвшөөрөлгүйгээр ТЕГ-ын Нийслэлийн тагнуулын газрын ажилтан, ахлах дэслэгч Б.Баярсүрэнгийн явуулсан гэх гүйцэтгэх ажиллагаа гэгчийг эрүүгийн хэрэгт нотлох баримтаар ашиглан, бусдыг яллах нь хуульд нийцэхгүй. Прокурорын зөвшөөрөлгүй учраас гүйцэтгэх ажиллагаа гэж үзэх хуулийн үндэслэлгүй байна.

Л.Д нарын харилцаа холбоонд нэвтэрч утсыг нь чагнасан эсэх, чагнасан бол ямар зорилгоор /тагнуулын байгууллагын үйл ажиллагааны хүрээнд хамаарахгүй/, прокурорын зөвшөөрөл яагаад аваагүй гэх олон асуудлууд тодорхойгүй. Тагнуулын байранд шалгах харьяаллын бус хэрэгт жирийн иргэнийг тагнах зөвшөөрлийг прокурорын байгууллагаас өгсөн байх үндэслэлгүй юм. Тухайн төрлийн гэмт хэрэгт тагнуулын байгууллага гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх хуулиар олгогдоогүйн дээр тагнуулын байгууллага гүйцэтгэх ажиллагааг явуулсан эсэх нь тодорхойгүй. Тухайн гүйцэтгэх ажиллагаануудыг хэн, хэрхэн, хэзээ явуулсан, яагаад прокурорын зөвшөөрөл аваагүй, тухайн мөрдөгчийн магадлагаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учраас хүнийг яллах, гэм буруутайд тооцох үндэслэл болохгүй. Мөрдөгчийн магадлагаануудыг нөхөн хийсэн.

Мөн хавтас хэргийн 73-74 дүгээр талд СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл, 75-77 дугаар талд Уян дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл гэх зүйлс тус тус хавсаргагдсан байна. Үзлэгийг явуулахдаа мөрдөгч нар хөндлөнгийн гэрчийг оролцуулалгүй, эзэмшигчийг байлцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг зөрчсөн.

Үзлэгийн тэмдэглэлд мөрдөгч нар дүрс бичлэгт гарч байгаа хүмүүсийг Б.Н, Л.Д гэж нэр заан, цүнхийг дотроо юмтай гэх мэтээр бичжээ. Дүрс бичлэгт бүдгээр гарч буй байр, машин, зурган дээрх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дүрсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд зааснаар таньж олуулах мөрдөн байцаалтын ажиллагаа хийгээгүй байхад мөрдөгч нар тэдгээр хүмүүсийг хэрхэн шууд таньж байгаа, цүнх нь хоосон, эсхүл юмтайг, тэрхүү дүрс бичлэгт гарч буй автомашины зогсоол, граж, орон сууц зэргийг хэрхэн таньж мэдээд буй нь тодорхойгүй байна. Шүүхээс тус бичлэгийн аль хэсэг нь С.Аыг авлига авсан гэж нотолж байгааг шийтгэх тогтоол болон магадлалд тус тус бичээгүй байна.

Мөн СД-ийг хэзээ, хэнээс, хэрхэн хурааж авсан нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл уг СД-ийг хураан авсан эх сурвалж нь байхгүй байхад нотлох баримтаар тооцох хуулийн үндэслэлгүй. Ахлах комиссар Э.Батбаяр болохоор Тагнуулын ерөнхий газраас ирүүлсэн гэж, комиссар Б.Батболд Гүйцэтгэх ажлын хэлтсээс ирүүлсэн гэж тус тус үзлэгийн тэмдэглэлд зөрүүтэй бичсэн бөгөөд СД яг хаанаас гарч ирээд энэ хэрэгт хавсаргагдсан нь тодорхойгүй. Мөрдөгч Э.Батбаярын СД-нд “Үзлэг хийсэн тэмдэглэлд 2017.08.09-ний өдрийн камерын бичлэг гэсэн бол мөрдөгч Б.Батболдын СД-нд хийсэн үзлэгийн тэмдэглэлд 2017.08.08-ний өдрийн камерын бичлэг” гэж огноо нь ч зөрүүтэй бичигджээ. Тус СД-нд бичигдсэн дүрс нь эвлүүлэг байх магадлал өндөр байна. Мөрдөгчийн тэмдэглэлээс үзэхэд орон сууцны хорооллын камерын бичлэг бололтой. СД нь гүйцэтгэх ажлын баримт биш юм. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Гэрэл зургийн үзүүлэлтүүдийг шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт оруулсан боловч тухайн гэрэл зурган дээрх хүн, машин, байр, граж, орц гэх зүйлс нь энэ хэрэгт ямар хамааралтай талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд тэрхүү зурган дээрх зүйлсэд таньж олуулах ажиллагаа явуулаагүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

Тус хэрэгт анх 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэх баримт 1 дүгээр хавтасны 1-д авагдсан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол прокурорт даруй мэдэгдэн, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, тогтоолыг 72 цагийн дотор прокурорт танилцуулна” гэж, мөн 4 дэх хэсэгт “Мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь үндэслэлгүй гэж үзвэл прокурор мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгоно” гэж тус тус заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолоо прокурорт танилцуулаагүй болох нь “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол” гэх баримтын тогтоох хэсгийн 2 дахь заалтаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн эсэх нь эргэлзээтэй бөгөөд нээгээгүй атлаа мөрдөн байцаалтын ажиллагаанууд явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрхээс дүгнэхэд анхан болон давж заалдах шатны шүүх хууль, журам зөрчиж хийгдсэн мөрдөгчийн магадлагаа, СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасныг зөрчжээ.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс “Хэргийн матөриалаас үзэхэд, мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн болох баримт, мэддэллийн талаар мөрдөгч нууц ажиллагааны магадлагаа үйлдэж, түүнийг прокуророос баталгаажуулсан, өөрөөр хэлбэл уг ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу прокурорын хяналт, зөвшөөрлийн дор явагдсан байх тул үүнийг нотлох баримтаар тооцох үндэслэлтэй.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох ба нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааны арга, хэрэгсэл, эх сурвалж нууц байна.” гэж хуульчилсан тул мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаанд хавсарган ирүүлсэн дүрс бичлэг бүхий СД, уян дискэнд үзлэг хийх ажиллагааг бусад оролцогчийг байлцуулалгүйгээр явуулсныг буруутгах үндэслэлгүй байна. Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна” гэсэн дүгнэлтийг хийсэн ба хавтас хэрэгт нууц ажиллагаа явуулах прокурорын зөвшөөрөл байхгүй байхад илэрхий үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Мөрдөгчийн нууц ажиллагааны магадлагаа үйлдэхдээ прокурорыг оролцуулсан нь гүйцэтгэх ажиллагаа явуулах прокурорын зөвшөөрлийг орлож үгүйсгэж чадахгүй. Нууц ажиллагаа нь прокурорын зөвшөөрлөөр явагдана гэж хуульд заасан, түүнийг хэрэгжүүлэхтэй шүүгч, прокурор, өмгөөлөгч хэн ч маргаан хийх ёсгүй. Хавтас хэрэгт прокурорын зөвшөөрөл заавал байх ёстой. Прокурорын зөвшөөрөл байхгүй байхад байгаа юм шиг утга оруулж бичих нь хуулийг санаатай зөрчиж, үл тоомсорлож байгаа ажиллагаа юм.

Өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 3-д “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан нотлох баримтад үндэслэн цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг үндэслэн шүүх хянан шийдвэрлэнэ” гэж,

мөн хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Талууд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргах эрхтэй” гэж тус тус заасныг үндэслэн дээрх нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй, нотлох баримтуудаас хасуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хүсэлтийг хэлэлцүүлсэн атлаа шүүгч шийдвэр гаргаагүй. Тус хэргийг мөрдсөн мөрдөгч, хяналт тавьсан прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй" гэж хуульд заасан үндсэн үүргээ зөрчиж хэргийн бодит байдлыг тогтоох үүднээс мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй, өмгөөлөгч нарын хэргийг нарийн шалгуулах тухай удаа дараагийн хүсэлтийг шүүгч хүлээн аваагүй.

Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн бөгөөд магадлалын хянавал хэсэгт “С.А нь “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “Эзэлхүүн хүч” ХХК-тай “Тээрмийн салхилуурын сэлбэг нийлүүлэх тухай 684,5 сая төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулж, тус гэрээний дагуу эхний санхүүжилт болох 300.000.000 төгрөгийг олгож, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмералд хотхон”-д Л.Дс 100.000.000 төгрөгийн хахуулийг эхнэр Б.Насанбатаар дамжуулан авсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдлоо” гэжээ.

Гэтэл 1 дүгээр хавтасны 187 дугаар талд авагдсан 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, С.Аыг яллагдагчаар татах тухай тогтоолд “....Л.Дын төрсөн дүү Л.Дийн “Эзэлхүүн хүч” ХХК-нд давуу байдал олгож сонгон шалгаруулж хариуд нь 120 сая төгрөгийн хахууль Л.Даар дамжуулан авсан” гэжээ. 1 дүгээр хавтасны 106-108 дугаар хуудсанд авагдсан Л.Дийн мэдүүлэгт “...Манай ах “ТЭЦ-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Ат өгнө гэсэн. Тус мөнгийг манай компанийг тендерт шалгаруулсны төлөө өгч байна гэж ойлгосон” гэдэг. Ингээд Л.Д өөрийнх нь компанийг тендерт шалгаруулсны төлөө мөнгө өгнө гэж ойлгоод, ганцаараа хувьцааг эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг компанийхаа касснаас нэгдүгээр гарын үсгээ зурж 120 сая төгрөг бэлнээр авч Л.Дд өгсөн хэмээн мэдүүлжээ.

Энэхүү мэдүүлгээс шалтгаалан С.Аыг Дийн “Эзэлхүүн хүч” ХХК-ийг тендерт сонгон шалгаруулж хариуд нь 120 сая төгрөгийн хахууль Л.Даар дамжуулан авсан гэж буруутган цагдан хорьж, ял сонсгож яллагдагчаар байцаан мөрдөн байцаалтын ажиллагаа /1хх-ийн 187-190/ явагдсан.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан шиг “гэрээний санхүүжилт болох 300 сая төгрөг “Эзэлхүүн Хүч” ХХК руу шилжүүлсний хариуд 100 сая төгрөг Л.Даас Наар дамжуулан авсан” гэх хэрэгт шалгалтын ажиллагаа хийгдээгүй байхад хяналтын прокурор 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 88 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор С.Аыг 300 сая төгрөг шилжүүсний хариуд 100 сая төгрөг Б.Наар дамжуулан Л.Даас авсан гэж тогтоолоо өөрчлөн бичиж яллах дүгнэлт үйлдсэн /5хх-ийн 226-227/.

Анхан болон давж заалдах шатны шүүх мөрдөн байцаалтын ажиллагаа хийгээгүй, шалгагдаагүй дараах асуудлууд байсаар байхад үл хэрэгсэн С.Аыг шийтгэсэн. Үүнд:

С.А нь “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Эзэлхүүн хүч” ХХК-тай “Тээрмийн салхилуурын сэлбэг нийлүүлэх гэрээ” байгуулаагүй, харин гүйцэтгэх захирлын хувьд эрх бүхий мэргэжлийн хүмүүс гэрээнд гарын үсэг зурсны дараа баталсан. Энэ нь 1 дүгээр хавтас хэргийн 137-139 хуудсанд авагдсан гэрээгээр тогтоогдсон бөгөөд тус гэрээнд “ДЦС-4” ТӨХК-ийг төлөөлж нийт 7 албан тушаалтан гарын үсэг зуржээ.

Мөн С.А нь 300.000.000 төгрөг олгоогүй бөгөөд тэрхүү мөнгө нь “Эзэлхүүн хүч” ХХК-ийн нэхэмжилсний дагуу “ДЦС-4” ТӨХК-аас шилжүүлсэн тендерийн ажлын гүйцэтгэлийн төлбөр гэдэг нь тогтоогдсон. Гэтэл С.Аыг 300 сая төгрөг шилжүүлснийхээ хариуд 100 сая төгрөг авсан гэх илэрхий үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Авах ёстой мөнгөө авсныхаа төлөө 100 сая төгрөг өгсөн, авсан байх үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр С.Аыг 100.000.000 төгрөг авсан талаар ямар ч баримт хавтас хэрэгт байхгүй. Шүүгдэгч Л.Д нь Б.Над 100 сая төгрөг өгсөн гэдэг боловч түүний мэдүүлгээс өөр баримт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-т “нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж, 16.3 дугаар зүйлийн 2-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж, мөн зүйлийн 3-т “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус зааснаас үзэхэд ганц шүүгдэгч Л.Дын олон янзын зөрүүтэй мэдүүлгүүдийн нэгээр нь С.Аыг 100 сая төгрөгийн хахууль авсан хэмээн буруутгаж байгаа нь яллах талыг барьсан ажиллагаа юм. Л.Д 100 сая төгрөгийг компаний ашгаасаа өгсөн, шүүх хуралдаан дээр түр зээлүүлсэн гэж мэдүүлдэгч нотолж чадаагүй. Тендерийн ажлын төлбөр болох 684,5 сая төгрөгөөс 100 сая төгрөгийг хахуульд өгсөн гэх боловч тухайн 684,5 сая төгрөгөөс 260 сая төгрөгийг Мд зээлсэн, 320 сая төгрөгийг юань болгож шилжүүлсэн, В.Бд 100 орчим сая төгрөгийг БНХАУ-ын эрээн хотод аваачиж өгсөн, 60 орчим сая төгрөгийг мөн бэлнээр В.Бд өгсөн, 100 мянган юань нийт бэлнээр 100 орчим сая төгрөгийг Монголд ирэхээр нь В.Бд өгсөн хэмээн мэдүүлсэн /1хх-ийн 162-164/ бөгөөд С.Ат 100 сая төгрөг өгсөн байх бодит боломжгүй юм. “Эзэлхүүн хүч” ХХК-ийн тендерийн асуудал, Л.Дын мэдүүлгийг шалгахаас, мөрдөгч, прокурор, шүүгч үндэслэлгүйгээр татгалзаж, хэргийг тал бүрээс нь цагаатгах, яллах талын нотлох баримтуудыг зэрэг цуглуулан шалгах тухай хуулийн заалтыг зөрчлөө.

Нийслэлийн шүүхийн магадлалд “Шүүгдэгч Л.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ, С.Ат мөнгө өгөх болсон шалтгаан нөхцөл, өгсөн мөнгөнийхөө тоо хэмжээ, эх үүсвэр болон түүний эхнэр Б.Насанбаттай уулзсан газар, цаг хугацаа, болсон үйл явдлын талаар /1хх-ийн 154-157, 161-164/ тодорхой мэдүүлж, түүнийхээ эх сурвалжийг зааж чадсан” хэж дүгнэсэн атлаа түүний бусад зөрүүтэй мэдүүлгүүдийг хэрхэн няцааж буй үндэслэлээ заагаагүй байна. Мөн Б.Наар дамжуулан хахууль өгсөн гэх түүний мэдүүлгийг үндэлэлтэй гэж үзсэн атлаа, гэрч Б.Наас энэ талаар мэдүүлэг аваагүйг зөвтгөх хуулийн болон бодит үндэслэл байхгүй юм.

С.Аыг Л.Даас 100.000.000 төгрөгийн хахуулийг эхнэр Б.Наар дамжуулан авсан гэж дүгнэсэн атлаа Б.Наас энэ талаар гэрчийн мэдүүлэг аваагүй. 2 дугаар хавтас хэргийн 90-92 талд авагдсан гэрч Б.Нын мэдүүлгээс харахад тэрээр мэдүүлэг өгөхөөс татгалзаагүй ба түүнээс Л.Даас 100.000.000 төгрөг авч, С.Ат өгсөн эсэх талаар асуугаагүй.

Хавтаст хэргийн 73-74 талд авагдсан СД-нд үзлэг хийсэн тэмдэглэлд 6425-УНҮ дугаартай тээврийн хэрэгслийг хар өнгийн цамцтай эрэгтэй хүн жолоодож байна гэж тэмдэглэл үйлдсэн боловч тэрхүү тээврийн хэрэгслийг жолоодож явсан хүнээс гэрчийн мэдүүлэг аваагүй. Машиныг хэн жолоодож явсан тэр хүн нь мөрдөгч, прокурор, шүүхийн очсон гэж үзээд байгаа тус газарт байсан эсэх, Б.Нтай хамт явсан уу, Л.Д гэж хүн машинд орж ирсэн үү /таньж олуулах/ машинд ямар үйл явдал болсон эсэх талаар тодруулах зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, шүүгдэгч Л.Дын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт “Н нь цагаан өнгийн микро шиг машинтай ирсэн бөгөөд тус машин дотор нь мөнгийг нь өгсөн юм” /1хх-ийн 156 / гэж мэдүүлсэн. Тэрхүү жолоочийн дэргэд мөнгө өгсөн гэж Л.Д мэдүүлсэн тул түүнээс мэдүүлэг авах нь Л.Дын үнэн ярьсан эсэхийг тогтоох нэг шалгуур юм. Л.Дын мэдүүлгийг шалгаагүй.

С.Аыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс... гэсэн үндэслэлээр бутуутгасан. “Эзэлхүүн хүч” ХХК нь Л.Д гэх нэг хувьцаа эзэмшигчтэй бөгөөд 2011 оноос хойш тус тендерт орж, салхин сэнслүүрийн төхөөрөмжийг тогтмол нийлүүлсээр иржээ. С.Аыг ДЦС-4 ТӨХК-д ажилд орохоос өмнө “Эзэлхүүн хүч” ХХК нь салхин сэнслүүрийн төхөөрөмжийг нийлүүлж мөнгөө авсаар иржээ. Одоо ч нийлүүлж байгаа. Гэтэл С.А нь хууль, гэрээнд заасан үүргийн дагуу төлбөрийн мөнгийг шилжүүлсэн. Төлбөрийг төлөхгүй байх эрх байхгүй.

АТГ, НПГ-аас С.Аыг анх 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр яллагдагчаар татан Л.Дийн “Эзэлхүүн хүч” ХХК-нд давуу байдал олгож сонгон шалгаруулж хариуд нь 120 сая төгрөгийн хахууль Л.Даар дамжуулан авсан гэх хэргийг 4 сарын хугацаанд шалгасан. Тухайлбал тэрхүү 120.000.000 төгрөг, эсхүл 100.000.000 төгрөг нь компани болон түүний захирал, эсхүл хэний мөнгө болохыг тогтоогоогүй.

Шүүгдэгч Л.Д нь анх 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс ШШГЕГ-ын хорих 461 дүгээр ангид цагдан хоригдсон бөгөөд тухайн хэргийг үйлдээгүй талаараа удаа дараа мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл түүнийг 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс ШШГЕГ-ын Төв аймгийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэн хориход тэрээр өмнө мэдүүлж байгаагүй, эрс өөрчлөгдсөн мэдүүлгүүд өгсөн. Энэ тухайгаа тэрээр шүүх хурал дээр ярихдаа АТГ-ын 3 хүн надтай уулзаж, мэдүүлэг авсан, нэрийг нь мэдэхгүй, танихгүй байна гэсэн.

С.Ат холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” бүрэн шалгагдаж тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2 /гэмт хэргийг хэн үйлдсэн/, 1.3 /гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр/, 1.6 /гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл/ зэргийг шалгаж тогтоолгүй зайлсхийж, Л.Дын мэдүүлгийг шалгасангүй.

Гэтэл Давж заалдах шатны шүүх “Тэрээр энэхүү албаны чиг үүргээ хэрэгжүүлсэний хариуд буюу “ДТС”-4 ТӨХК, “Эзэлхүүн хүч” ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Тээрмийн салхилуурын сэлбэг нийлүүлэх” тухай гэрээг баталж, санхүүжилт олгохыг зөвшөөрснийхөө төлөө бусдаас мөнгөн хөрөнгө авсан” анхан шатны шүүхийн болон давж заалдах шатны шүүх хурал дээр яригдаагүй прокурорын яллаагүй асуудлыг зохиож бичжээ.

С.А тендер сонгон шалгаруулалтад нөлөөлсөн, эсхүл түүнийг эрх үүргээ хэтрүүлсэн, урвуулан ашигласан, эдлэх ёсгүй эрх эдэлсэн гэх үйл баримт мөрдөн байцаалт, шүүх хурлын явцад огт тогтоогдоогүй. Мөн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад хууль тогтоомж зөрчөөгүй болохыг эрх бүхий байгууллага тогтооосон байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын дүгнэлтэд няцаалт өгсөн гэж шийтгэх тогтоолдоо бичсэн боловч ямар ч няцаалт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт заасныг зөрчсөн байна.

Шүүгч, прокурор нар прокурорын зөвшөөрөлгүй хийгдсэн гүйцэтгэх ажиллагааны баримт, сэлт, хураан авсан тэмдэглэл байхгүй байхад СД гэгчид эзэмшигч, хөндлөнгийн гэрч байлцуулахгүйгээр үзлэг хийсэн гэх тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа хийхгүйгээр явуулсан мөрдөгч нарын өөрсдийн үзэмжээр бичсэн тэмдэглэл зэргийг нотлох баримт гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хууль ёсны ноцтой зөрчил гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Шүүгдэгч С.Аын үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад анхан шатны шүүх түүнд тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шудрага ёсны зарчимд нийцээгүй байна. Иймээс давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийвдэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "... шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг..., хүндрүүлж болно” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шудрага ёсны зарчим, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцүүлэн, шүүгдэгч С.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ” гэсэн хуулийн болон бодит үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх гэм буруугаа хүлээгээгүй гэсэн үндэслэлээр ял шийтгэлийг нэмэгдүүлж байгаа нь эрүүдэн шүүх, хүчээр гэм бурууг нь хүлээлгэх гэсэн арга, хэрэгсэл байна. Өөрөөр хэлбэл өөрийгөө гэм буруугүй хэмээн үзэж байгаа хүн заавал өндөр ял авах ёстой, худлаа ч хамаагүй хэрэг хүлээх юм бол бага ял авах ёстой гэсэн нь илэрхий шударга бус үйл ажиллагаа болно. Мөн шударга ёсны зарчимд нийцүүлэн ялыг хүндрүүлж байгаа гэдэг нь эсрэгээрээ шударга ёсны зарчмыг алдагдуулсан үйлдэл болсон. Тухайлбал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, үндэслэл, журмыг ноцтой зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй асуудлаар мөрдөн байцаах, прокурор, шүүхийн үйл ажиллагаатай холбогдуулан хэргийн оролцогч давж заалдах гомдол гаргахад нь шүүгдэгчийн ялыг хүндрүүлэн өөрчилж байгаа нь шударга ёс, хуулийг хэрэгжүүлэх, эрхээ хамгаалах, үнэнийг тогтоохын төлөө шүүгдэгч, өмгөөлөгч нарын хууль ёсны ажиллагааг нухчин дарах ажиллагаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн асуудлаарх гомдлыг дээд шатны шүүхээс хянан үзээд, хэргийн бодит байдал, зөв бурууг хуульд зааснаар хянаж хуулийн болон бодит үндэслэлтэй дүгнэхээс зайлсхийсэн атлаа шүүгдэгчид оногдуулсан ялыг шууд хүндрүүлж, цаашид хэргийн оролцогч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй холбоотой гомдол гаргуулахгүй, өөрсдийн хууль бус дураар авирлах боломжийг бүрдүүлж байна.

Хэргийн оролцогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэн шүүхийн гаргасан хуулийн зөрчлийг засуулахаар, эрхээ хамгаалуулахаар дээд шатны шүүхэд хандасных нь төлөө давж заалдах шатны шүүхээс ялыг нь хүндрүүлж, Монгол Улсын Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулсан, иргэнийг басамжилсан хүний эрхийн ноцтой зөрчил юм. Ял шийтгэл нь прокурор, өмгөөлөгч, шүүхийн санал дүгнэлт, нотлох баримт, хуульд тулгуурласан маш нарийн хянуур хариуцлагатай ажиллагаа юм.

С.Аыг гэм буруутайд тооцсон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл болгосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглараагүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндэслэл болохгүй тул Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09-р сарын 25-ны өдрийн 1338 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1080 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, С.Аыг цагаатгаж өгнө үү гэв.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.Дын өмгөөлөгч Г.Нямхүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан шатны шүүх нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ямар нөхцлүүдийг харгалзан үзсэн нь шүүхийн шийтгэх тогтоолд харагддаггүй юм. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Л.Дд оногдуулсан ялыг гэмт хэргийн нөхцөл байдалд тохирсон байна гэж хэвээр баталсан. Гэтэл хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын оролцоог харахад Эрүүгийн хууулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байсан байна. Л.Д нь гэмт хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, энэ гэмт хэргийг илрүүлэхэд хуулийн байгууллагад туслалцаа үзүүлсэн, бусдад төлөх төлбөргүй, албан тушаалын эрхшээлд автан анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хавтаст хэргийн материалаас харахад Л.Дын дүүгийн “Эзэлхүүн хүч" XXК нь “ДЦС-4” ТӨХК-иас зарласан сэлбэг нийлүүлэх тендерт удаа дараа шалгарч, гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн хэл аманд өртөж байгаагүй юм.

2016 оны 9 дүгээр сард Анхбаяр нь “ДЦС-4” ТӨХК-ны гүйцэтгэх захирлаар томилогдож, түүнээс хойш сар гаруй хугацааны дараа Л.Дын ажлыг өөрчилж зуухан цехийн үнс зайлуулах тоноглолын засварын инженерээр томилсон. 2017 оны 2 дугаар сарын үед С.А нь Л.Дтай холбогдон “Home plaza”-гийн үүдэнд дуудаж, түүний авто машинд уулзахдаа “Ажлыг чинь өөрчилсөнд ямар нэгэн юм санаж бодоогүй биз дээ, танай дүүгийн компани “ДЦС-4” ТӨХК-нд нийлүүлдэг сэлбэг хэр ашигтай вэ” гэж асуугаад салсан. Түүний дараа дахин С.А нь Л.Дтай уулзаж “Танайх тендер шалгаруулалтанд ор, би саад тавихгүй” гэж хэлсэн, түүнд ашиг болох 100.000.000 сая төгрөгийг өгөхөөр болсон нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Л.Дын мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогддог.

Л.Д нь “ДЦС-4” ТӨХК-нд хариуцлагатай ажлыг 30 гаруй жил хашихдаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, өөрийнхөө үйлдсэн хэргийг сайн дураар хүлээн мэдүүлж, үүндээ гэмшин өөрийн сайн дураар ажлаас чөлөөлөгдсөн зэрэг нь ямар ухамсартай хүн болохыг харуулж байна. Л.Д нь өөрийн хүүгийн хамт амьдардаг бөгөөд хүү Д.Тамир нь одоо их дээд сургуульд суралцах, амьдрал зохиох ид эгзэгтэй мөчид өөрийнх нь аав шоронд орох нь тэр хүүхдийн хүмүүжил, сурч боловсрох, хөдөлмөрлөх, амьдралаа авч явахад хэрхэн нөлөөлөх нь ойлгомжтой юм.

Гэтэл улсын яллагчийн зүгээс түүний хийсэн гэмт үйлдэл, тэр хэргийг илрүүлэхэд үзүүлсэн туслалцаа, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулахаар санал тавьж байхад анхан шатны шүүх ямар шалтгаанаар хүндрүүлж байгаа нь ойлгомжгүй, уг ялыг хүндрүүлж 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь хууль зүйн хувьд үндэслэл муутай шийдвэр болсон. Энэ талаар Л.Д, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ хэрэг хуульд заасан хөнгөн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байсаар байтал түүний ялыг хүндрүүлж байгаа нь ойлгомжгүй юм.

Иймд хяналтын шүүхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, Л.Дд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, эсвэл түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.Дын өмгөөлөгч М.Дэлгэрнасан: “...анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэж Л.Дын хувийн байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн болно. Л.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирол төлбөргүй, албан тушаалтны шахалтын дор, түүний хууль бус үйлдлээс шалтгаалан мөнгө өгөхөөс өөр нөхцөлгүй болсон, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг тогтооход тусалсан нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Л.Д нь мөрдөн байцаалтын ажиллагаа болон шүүх хуралдааны явцад гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн  сэдэлт зорилго, хэн, хэн ямар үүрэг гүйцэтгэсэн талаар тодорхой мэдүүлж, шаардлагатай бичгийн нотлох баримтуудыг гаргасан өгсөн байдаг. Түүнчлэн төрсөн дүү Л.Д “Эзэлхүүн хүч” ХХК-ийн нягтлан бодогч Х.Ц нар ч гэрчийн мэдүүлгийг үнэн зөвөөр өгсөн байдаг. Л.Дын анх удаа гэмт хэрэгт холбогдсон нь хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байх бөгөөд дээрх нөхцөл байдлууд нь бүхэлдэ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.5 дугаар зүйлд заасантай тус тус хамаарч байгааг шүүх харгалзан үзэлгүй дээрх заалтуудыг зөрчсөн. Улсын яллагч шүүх хуралдаан дээр 6 сар хорих ялын санал гаргасан ч шүүх ямар үндэслэлээр 3 дахин нэмэгдүүлж ял оноосон үндэслэлээ дурдаагүй. Л.Д нь хэрэгт холбогдсонтой холбоотойгоор ёс зүйн болон нийгмийн хариуцлагаа ухамсарлаж төр засгийн одонгоор шагнуулах тодорхойлолтоос татгалзаж, 30 гаруй жил ажилласан байгууллагаасаа гарах өргөдөл гаргасан. Иймд Л.Дд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хорих ялын доод хэмжээгээр хорих эсхүл торгох ял оногдуулах эсвэл ялаас чөлөөлж 3 жил хүртэлх хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Насанбат хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...С.А, Л.Д нарт холбогдох хавтаст хэрэгт гүйцэтгэх ажлын үр дүнгээр бий болсон ямар ч нотлох баримт, материал байхгүй. Харин мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнгийн талаар бичсэн мөрдөгчийн магадлагаа гэсэн нотлох баримт, түүнд хавсаргасан гэрэл зураг, дүрс бичлэг бүхий уян диск бий. ...Тагнуулын байгууллага Монгол улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй, эсхүл Тагнуулын мөрдөн байцаах байгууллагын харъяалан шалгах гэмт хэргийг илрүүлэх зорилгоор Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасан гүйцэтгэх ажил явуулж болно. Энэ нь хуулиар хориглоогүй зүйл. Харин энэ гүйцэтгэх ажлын үр дүнгээр мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулж болохуйц сэжигтэй нөхцөл байдал, үйл баримт байвал прокурорт танилцуулж, прокурорын зөвшөөрлөөр мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулна. Мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнгээр 3 төрлийн үр дүн гарах бололцоотой. Үүнд: Сэжигтэй нөхцөл байдал батлагдахгүй байх, сэжигтэй нөхцөл байдал батлагдах, хүссэн үр дүнгээс өөр нөхцөл байдал бий болох боломжтой. Энэ хэргийн хувьд Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт явуулж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1661 дүгээр зүйлд заасан “Мөнгө угаасан байж болзошгүй” гэсэн үйлдэлтэй, эрүүгийн 201601000105 дугаартай хэрэгт прокурорын зөвшөөрлөөр мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулж байхад 3 дахь хэсэгт заасан “Хүссэн үр дүнгээс өөр шинэ нөхцөл байдал” болжээ. Энэ нь С.А, Л.Д нарын үйлдсэн байж болох гэмт хэргийн талаарх баримтат мэдээлэл юм. ...Хууль зүйн дагуу харъяалан шалгах байгууллага буюу Авлигатай тэмцэх газарт бий болсон үр дүн, баримтат мэдээллийг шилжүүлж, тэнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Мөрдөн шалгах нууц ажиллагаа нь “харилцаа холбооны сүлжээнд нэвтрэх”, “нууц ажиглалт” гэсэн 2 төрлөөр нэгэн зэрэг явагдсан байна.  Уг ажиллагааны үр дүнд бий болсон мэдээллийн талаар мөрдөгч магадлагаа үйлдэж, уг ажиллагааг хууль зүйн дагуу явуулсан эсэхийг зөвшөөрөл олгосон прокурорт хянуулж, баталгаажуулсан байна. Энэ ажиллагаа бүгд хууль зөрчөөгүй. Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа бол дангаараа нотлох баримт юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан мөрдөгчийн магадлагаа, түүнд хавсаргасан бичлэг, гэрэл зургийн үзүүлэлт нь хууль ёсны нотлох баримт буюу баримтат мэдээлэл мөн. Шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Энэ нотлох баримт нь яллагдагч Л.Дын мэдүүлгийг баталж байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцнэ. Мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах талаар олгосон зөвшөөрөл нь С.А нарт холбогдох эрүүгийн 1741000120050 дугаартай хэрэгт олгосон зөвшөөрөл биш, харин эрүүгийн 201601000105 дугаартай хэрэгт олгосон зөвшөөрөл. Эрүүгийн 201601000105 дугаартай хэрэг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэсээс мөрдөн байцаалт явуулж байгаа “төрийн нууц”-д хамаарах хавтаст хэрэг. Төрийн нууцад хамаарах хавтаст хэрэгт байгаа прокурорын зөвшөөрлийг энэ хэрэгт хавсаргаагүй шалтгаан нь энэ. Уг зөвшөөрөлд мөрдөн шалгах нууц ажиллагааны арга, хэрэгсэл, хүчний талаар зарим мэдээлэл орсон. Эсхүл өөр хүмүүсийн талаар мэдээлэл орсон ч байж болно. Энэ агуулгаараа зөвшөөрөл мөн нууцад хамаарна. Зөвшөөрөл олгосон прокурор мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнгээр бий болсон “магадлагаа” гэсэн нотлох баримтыг хянаад, зөвшөөрөл олгосон хүрээ хязгаараас хэтрээгүй, хууль зөрчөөгүй байна гэж дүгнээд, үр дүнг баталгаажуулсан байна. Ийм учраас энэ нотлох баримт хууль ёсных болно. Энэ хүрээнд дүгнэлт хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзнэ. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, Ц.Цэрэнжээ,  Д.Тунгалаг, шүүгдэгч Л.Дын өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Г.Нямхүү нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч С.А, Л.Д нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд бүрэн хянаж үзэв.

           

          Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд прокуророос С.Аыг “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэгт, Л.Дыг “Хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.А нь “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “Эзэлхүүн хүч” ХХК-тай “Тээрмийн салхилуурын сэлбэг нийлүүлэх тухай" 684,5 сая төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулж, тус гэрээний дагуу эхний санхүүжилт болох 300.000.000 төгрөгийг олгож, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Эмералд хотхон”-д Л.Даас 100.000.000 төгрөгийн хахуулийг өөрийн эхнэр Б.Наар дамжуулан авсан,

Шүүгдэгч Л.Д нь өөрийн төрсөн дүү Л.Дийн "Эзэлхүүн хүч" ХХК-д “Тээрмийн салхилуурын сэлбэг нийлүүлэх тухай” 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Д/2017-338 тоот гэрээний дагуу “ДЦС-4” ТӨХК-иас олгогдсон санхүүжилтээс 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр өөрийн амьдардаг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмералд” хотхоны автомашины зогсоолд “ТЭЦ-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Ат 100.000.000 төгрөгийн хахуулийг түүний эхнэр Б.Наар дамжуулан өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн зөв зүйлчилж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянаж үзэхэд:

Шүүх харилцаа холбооны сүлжээнд нууцаар нэвтэрч хяналт тавьсан ажиллагааны үр дүнг бэхжүүлсэн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Мөрдөгчийн 02 тоот лавлагаа 1хх-62/, мөн харилцаа холбооны сүлжээнд нууцаар нэвтэрч хяналт тавьсан ажиллагааны үр дүнг бэхжүүлсэн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн Мөрдөгчийн 03 тоот лавлагааг /1хх-67/ тус тус хэрэгт ач холбогдолтой нотлох баримтаар үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна.

Хавтаст хэрэгт авагдсан Мөрдөгчийн 02 болон 03 тоот лавлагаанд тус тус дурьдсанаар Улсын Ерөнхий Прокурорын газрын тусгай хяналтын прокурорын 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 04, 05, 06, 07 дугаар тогтоолуудаар тус тус зөвшөөрөл олгогдсоны дагуу Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан 201601000105 дугаартай эрүүгийн өөр хэрэгт харилцаа холбооны сүлжээнд нэвтэрч хяналт тогтоох мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулжээ.

Мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн бүхий “Магадлагаа”-г Тагнуулын Ерөнхий газрын Нийслэл дэх газрын ажилтан бичиж, Тагнуулын Ерөнхий газрын Нийслэл дэх газрын дарга хянаж, Улсын Ерөнхий Прокурорын газрын туслах прокурор баталгаажуулж гарын үсэг зурсан, өөрөөр хэлбэл тухайн мөрдөн шалгах нууц ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд эрх бүхий прокурор хяналт тавьж, үр дүнг албан тушаалтнууд баталгаажуулж хавтаст хэрэгт хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох ба нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааны арга, хэрэгсэл, эх сурвалж нууц байна.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн болох баримт, мэдээллийн талаар мөрдөгч нууц ажиллагааны магадлагаа үйлдэж, прокуророор баталгаажуулж хавтаст хэрэгт тусгана.” гэсэн шаардлагыг хангасан байх бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн Тагнуулын Ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсээс ирүүлсэн 02 тоот нууц ажиллагааны магадлагаанд хавсаргаж ирүүлсэн камерын бичлэг бүхий СД-нд 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр болон 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр үзлэг хийж, дүрс бичлэгт хадгалагдсан үйл баримтыг 28 ширхэг фото зургаар давхар бэхжүүлсэн тэмдэглэлүүдийг /хх-73-105/ шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон байх ба эрүүгийн хэрэгт хураагдсан камерын бичлэгт үзлэг хийж тэмдэглэл үйлдэхэд өмгөөлөгч нарын гомдолд дурьдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ.” гэсэн заалт хамаарахгүй болно.

Тагнуулын Ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсээс ирүүлсэн 02 тоот нууц ажиллагааны магадлагаанд хавсаргаж ирүүлсэн дүрс бичлэг бүхий СД-ийг мөрдөгч ямар эх сурвалжаас хурааж авсан тухай баримт хэрэгт авагдаагүй хэдий ч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн тухайн баримтуудыг хэргийн бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж, хэрэгт ач холбогдолтой хамаарал бүхий нотлох баримтаар тооцсоныг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

С.А, Л.Д нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нутаг дэвсгэрийн болон хуульд заасан харьяаллын дагуу явагдана” гэсэн заалт зөрчигдөөгүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд “ДЦС-4” ТӨХК-иас зарласан “Тээрмийн салхилуурын сэлбэг нийлүүлэх тухай” тендерт шалгарсан "Эзэлхүүн хүч" ХХК-ний захирал Л.Д болон нөхрийнхөө хэлсэн дагуу Л.Даас 100.000.000 төгрөгийг очиж хүлээж авсан С.Аын эхнэр Б.Н нарыг энэ хэрэгт яллагдагчаар татаж, гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгаагүй байх бөгөөд анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.А, Л.Д нарын хувьд гэмт хэрэг үйлдсэн буруутай эсэхийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчимд нийцжээ.

Шүүгдэгч С.Аыг “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу болон батлагдсан төлөвлөгөөний дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хорооны гишүүдийг тушаал гаргаж томилж, үнэлгээний хорооноос сонгосон бэлтгэн нийлүүлэгчтэй байгуулах гэрээг баталж, санхүүжилт олгох зөвшөөрөлд 1 дүгээр гарын үсэг зурах албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу “ДЦС-4” ТӨХК, “Эзэлхүүн хүч” ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Тээрмийн салхилуурын сэлбэг нийлүүлэх” тухай гэрээг баталж, санхүүжилт олгохыг зөвшөөрснийхөө төлөө бусдаас мөнгөн хөрөнгө авсан үйлдлийг анхан шатны шүүх “… албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, ... албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, … хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр их хэмжээний хахууль авсан...” гэж буруу дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч С.А нь Л.Даас өөрийн эхнэрээр дамжуулан 100.000.000 төгрөгийн хахуульд авахдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд 100.000.000 төгрөгийг хахуульд авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, “ДЦС-4” ТӨХК-иас 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр нээлттэй зарлагдсан “Тээрмийн салхилуурын сэлбэг нийлүүлэх” тендер шалгаруулалт нь хуульд заасан журмын дагуу явагдсан ба үнэлгээний хорооны гишүүд “Эзэлхүүн хүч” ХХК-иас ирүүлсэн материалыг шаардлагад нийцсэн гэж үнэлэн шалгаруулж, уг компанитай гэрээ байгуулах шийдвэрийг гаргасан бөгөөд үнэлгээний хорооны үйл ажиллагаа болон шийдвэрт гүйцэтгэх захирал С.А болон Л.Дын нарын зүгээс хууль бусаар нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч С.Аыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан, шүүгдэгч Л.Дыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон өөрчлөлтийг оруулсан нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжид нийцжээ.

Харин давж заалдах шатны шүүх нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болон 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг …хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” эрхтэй байсан хэдий ч анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөдсөн талаар прокурор эсэргүүцэл бичээгүй, хохирогч гомдол гаргаагүй байхад шүүгдэгч С.Аыг “Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй” гэсэн үндэслэлээр оногдуулсан хорих ялыг нэмэгдүүлж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулсан нь буруу байна.

Анх удаа гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч С.А, Л.Д нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал болон шүүгдэгч С.Аын хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн 100.000.000 төгрөгийг бүрэн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байдал болон шүүгдэгч Л.Дын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байдал, шүүгдэгч С.А 251 хоног, Л.Д 228 хоног цагдан хоригдсоныг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагын зорилго болон шударга ёсны зарчимд нийцүүлж, шүүгдэгч нарыг заавал нийгмээс тусгаарлахгүйгээр хуульд заасан торгох ял оногдуулах боломжтой гэж үзэв.

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, Ц.Цэрэнжээ, Д.Тунгалаг, шүүгдэгч Л.Дын өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Г.Нямхүү нарын гаргасан гомдлоос шүүгдэгч С.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, харин шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлэх тухай гомдлыг хүлээн авч, тэдэнд торгох ял оногдуулсан тухай өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4  дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1338 дугаар шийтгэх тогтоолын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж,

шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 1080 дугаар магадлалын 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27.000.000 /хорин долоон сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Магадлалын 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дын цагдан хоригдсон 52 хоног, шүүгдэгч С.Аын цагдан хоригдсон 75 хоногийг тус тусын эдлэх ялд оруулан тооцсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аын цагдан хоригдсон 251 хоног, шүүгдэгч Л.Дын цагдан хоригдсон 228 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, С.Ат оногдуулсан торгох ялаас 3.765.000 /гурван сая долоон зуун жаран таван мянга/ төгрөгийг, Л.Дд оногдуулсан торгох ялаас 3.420.000 /гурван сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг тус тус хассугай.” гэж өөрчилж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 болон 8 дахь заалтыг хүчингүй болгосугай.

3.Шүүгдэгч С.А нь шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гаргуулахаар тогтоосон 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

4.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1338 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 1080 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, Ц.Цэрэнжээ, Д.Тунгалаг нарын гаргасан гомдлоос шүүгдэгч С.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тухай хэсгийг, шүүгдэгч Л.Дын өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Г.Нямхүү нарын гаргасан “Л.Дд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, эсвэл түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

5.Шүүгдэгч С.А, Л.Д нарыг нэн даруй сулласугай.

 

                                                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                       ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН                            

                                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН