Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-03-22
Тогтоолын дугаар 139
Хэргийн индекс 171/2018/0028/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Ч.Г
Зүйл заалт 17.1.1.
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Ч.Гад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч О.Сарантуул, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төгсбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 94 дүгээр магадлалтай, Ч.Гад холбогдох 1725000000194 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 оны 8 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Д овогт Ч.Г нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Гыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.Г бичсэн гомдолдоо: “...2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр тухайн нарядтай ажлыг гүйцэтгэж явсныг даалгавар өгсөн наряд, хэсгийн дарга, ган бөмбөлгийн цехийн нярав нарын мэдүүлэг, замын хуудас зэрэг нь нотолно. Мөн ажил үүргээ гүйцэтгэж явах үед эхнэр утасдаж сэтгэлд таагүй мэдээ дуулгаж, сэтгэлийн хямралд оруулж, хийж гүйцэтгэж явсан ажлаа хооронд нь сольж андуурч хийсэн үйлдлийг гэрчлэх Орхон аймгийн БОЭТ-ийн Хавдрын их эмчийн Хавдар судлалын үндэсний төвд илгээсэн 13 дугаар маягт, хэсгийн дарга Б.Ганхуягийн “Ч.Г нь өмнөх өдөр нь эхнэрийн бие өвдөөд байна гэж ярьж байсан” гэх мэдүүлэг зэргийг нотлох баримтаар өгсөн билээ. Хэсгийн дарга Б.Ганхуягийн мэдүүлгээр миний эхнэр үнэхээр өвдөж байсан гэдэг нь нотлогдоно. Гэтэл шүүх нотлох баримт байхгүй гэж үзээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 15 тонн нүүрсийг байгууллагын эзэмшлээс гаргаагүй юм. Сэтгэл санааны хямралаас болоод сольж буулгасан байсан. Түүнээс биш би өөрийн эзэмшилдээ оруулаагүй, тухайн үед сольж буулгаснаа мэдээгүй байдаг. Би хулгайлья, байгууллагын эзэмшлээс гаргая гэж бодсон бол маршрут тогтоож өгсөн ДЦС, ГБЦ, Хогийн цэг зэрэгт буулгах боломжгүй юм. Учир нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн харуулын постууд бүгд камертай. Доторх цехүүд нь камераар хянагддаг. Хогийн цэг нь тусгай харуул хамгаалалттай, хэдэн машин хог хаягдаж байгаа нь тоологддог, хог хаягдал дарж устгах устгалын дагуу гэрээтэй ажилладаг юм. Тийм учраас хогийн цэг дээр буулгасан, байгууллагын эзэмшлээс гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй. Мөн хулгайлах гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн нь хэргийн бодит байдал болон ажил үүргийн хуваарь, камерын хяналт, миний өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтад нийцэхгүй гэж үзэж байна. Би сэтгэл ханамжтай ажлын байртай, олон жил тогтвор суурьшилтай ажилласан зэрэг нь үүнтэй нийцэхгүй. Андуурч буулгасан нүүрсийг тухайн өдөр тусгай ачигч машинаар ачиж буулгасан. Иймд хэргийг тал бүрээс нь судлан үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.Гын өмгөөлөгч О.Сарантуул гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасангүй. Гэрч Г, Э нарын мэдүүлэг, Ч.Гын эхнэрийн эмчид үзүүлсэн эмнэлгийн бичиг, хогийн цэгт хог хаягдал буулгах Эрдэнэт үйлдвэр, хот тохижуулалтын газрын хооронд байгуулсан гэрээ зэрэг нотлох баримтыг хэрхэн үзэж, няцааж буй талаар огт дүгнэлт хийгээгүй. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн мэтгэлцсэнийг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэсэн атлаа бусад нотлох баримтыг хэрхэн дүгнэснээ заагаагүй. Ч.Г нь 15 тонн нүүрсийг өөрийн эзэмшил, өмчлөлд оруулсан гэх байдал тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон Улсын Ерөнхий Прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Анхан болон давж заалдах шатны шүүх Ч.Гад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байна. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн байх бөгөөд прокурор “Шүүгдэгч Ч.Гын 15 тонн нүүрсийг хогийн цэгт буулгасан” гэх үйлдлийг “Хулгайлах” гэмт хэргээр зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “..прокурор ...хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “прокурор шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ” гэж заасан үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд шүүгдэгч Ч.Гын үйлдэл нотлогдоогүй байх тул түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож байгаа прокурорын зүгээс өмгөөлөгчийн гомдлыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд хяналтын шатны шүүхээс Ч.Гад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ч.Гад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ч.Гад холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Ч.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх дараахь үндэслэл тогтоогдов.

Прокуророос шүүгдэгч Ч.Гыг Орхон аймаг, Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн авто тээврийн байгууллагад ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 60-18 OPX улсын дугаартай Хьюндай дамп Эйч ди-270” загварын тээврийн хэрэгслээр Дулааны цахилгаан станцаас Ган бөмбөлөгийн цехэд буулгах 75 тонн нүүрсийг тээвэрлэх явцдаа 15 тонн нүүрс хулгайлж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 675.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хохирогч Д.Т, гэрч Ц.О, Б.Г, Ж.Г нарын мэдүүлэг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нүүрс түгээлтийн бичиг, тээврийн хэрэгслийн замын хуудас, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 17/276 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний 60-18 OPX улсын дугаартай “Хьюндай дамп Эйч ди-270” загварын тээврийн хэрэгслийг жолоодон тус үйлдвэрийн Дулааны цахилгаан станцаас 75 тонн нүүрсийг Ган бөмбөлөгийн цехэд буулгах ажлыг гүйцэтгэх явцдаа 15 тонн нүүрсийг хогийн цэг дээр аваачиж урьд буулгасан нүүрсний үнсний дэргэд буулгаж орхисон үйл баримт тогтоогджээ.

Харин шүүхээс Ч.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Ашиг олох зорилгоор, шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан” гэх хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримттай нийцэхгүй байна.

Шүүгдэгч Ч.Г нь тухайн нүүрсийг өөртөө ашиг олох зорилгоор, шунахай сэдэлтээр өөрийн захиран зарцуулах эрхэд шилжүүлж авсан, эсхүл түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг шунахай зорилгоор завшсан гэж үзэх хангалттай үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байх бөгөөд Ган бөмбөлөгийн цехэд нэг машин нүүрс дутуу буусан тухай асуудлыг анх Дулааны цахилгаан станцын харуул Ц.Очирбат илрүүлж тухайн өдөр нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсний дагуу /хх-3/ Ч.Г нь 15 тонн нүүрсийг хогийн цэг дээр буулгаж орхисон болохыг тогтоож, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хохирол биет байдлаар арилсан байна.

Шүүгдэгч Ч.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Дулааны цахилгаан станцаас Ган бөмбөлөгийн цехэд нүүрс буулгах, мөн Ган бөмбөлгийн цехээс хогийн цэг рүү үнс буулгах ажил үүргийг гүйцэтгэж байх үед эхнэр нь утасдаж өөрийн өвчний талаар таагүй мэдээ дуулгаснаас сэтгэл нь хямарч, улмаар Ган бөмбөлгийн цехэд буулгахаар ачиж явсан 15 тонн нүүрсийг хогийн цэг дээр андуурч буулгасан, ийнхүү 15 тонн нүүрсийг хогийг цэг дээр буулгаснаа тухайн үед ухаарч мэдээгүй байсан талаар удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлгүүд, түүнчлэн шүүгдэгч Ч.Гын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд болох түүний эхнэр З.Эрдэнэжаргалын эрүүл мэнд, өвчний оноштой холбоотой нотлох баримтууд /хх-ийн 100-103/,

мөн З.Эын гэрчээр өгсөн “Миний бие сахар, зүрх судас, савны өвчнөөр өвчлөөд удаж байгаа, байнга эмнэлгийн байгууллагын хяналтанд байдаг. Энэ бүгдэд нөхөр маань их санаа зовж, халамжилдаг. Тэр хэрэгт холбогдсон гэх 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр би Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үзүүлэхэд савны хагалгааны үлдэц, хавдрын шинж байж магадгүй, нарийвчилсан шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Хоёр жилийн өмнө би хагалгаанд орж саваа авахуулсан юм. Тэгээд би сэтгэл санаагаар хямраад, уйлаад нөхөр рүүгээ утсаар ярихад нөхөр маань их сандраад ажлаа тараад хурдан очно, тэр эмчилгээг нь хийлгэе гэж байсан. Нөхөр маань өөрөө их өрөвчхөн сэтгэлтэй, тэр чинээгээрээ сандарч санаа зовсон байсан… Нөхөр маань өөрөө утсаар яриад “Би чамтай өдөр утсаар ярьчихаад сэтгэл санаа хямраад, сандарч явж байгаад ачиж явсан нүүрсээ хогийн цэг дээр үнстэйгээ андуураад асгасан байна. Тэгээд шалгана гэж байна” гэсэн… Нөхөр маань хулгай хийх хүн огт биш” гэх мэдүүлэг /хх-34/,

мөн Ч.Г нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Автотээврийн байгууллагын Хүнд машин механизмын хэсэгт 1991 оноос эхлэн 26 жил ажилласан, ажиллах хугацаандаа осол зөрчилгүй, удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай биелүүлдэг, зан байдлын хувьд төлөв даруу, хамт олны дунд нэр хүндтэй, идэвх санаачлагатай манлайлагч, хэрэгт холбогдож байгаагүй, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас захиргааны шийтгэл хүлээж байгаагүй тухай “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хүнд машин механизмын хэсгийн дарга Б.Ганхуягийн гаргасан тодорхойлолт /хх-44/, Ч.Гын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажиллах хугацаандаа авсан удаа дараагийн шагналууд /хх-ийн 112-115/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хэргийн бусад баримтуудтай харьцуулан үнэлж, үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүй байна.

Шүүгдэгч Ч.Гын 15 тонн нүүрсийг хогийн цэг дээр буулгасан үйлдэл хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан, тэрээр энэ гэмт хэргийг шунахай сэдэлтээр үйлдсэн эсэх нь хөдөлбөргүй тогтоогдоогүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотолгооны стандарт шаардлагыг хангаагүй байх тул энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол, хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хууль зүйн дүгнэлийг тус тус хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч Ч.Гад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 94 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ч.Гад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

                                                 ДАРГАЛАГЧ                                   Б.ЦОГТ

                                                 ШҮҮГЧ                                            Б.БАТЦЭРЭН                                 

                                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН