Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2018-03-03
Тогтоолын дугаар 140
Хэргийн индекс 108/2018/0156/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Ч.Х
Зүйл заалт 21.7.1.
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Ч.Хд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Ч.Х, түүний өмгөөлөгч Г.Өлзий-Орших, хохирогч Г.С, түүний өмгөөлөгч С.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 190 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1128 дугаар магадлалтай, Ч.Хд холбогдох 201501080234 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, А овогт Ч.Х нь Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх” гэмт хэрэгт холбогджээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Хг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ч.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.Х бичсэн гомдолдоо: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлтэй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцсон гэж үзэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан болно. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянаж, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өлзий-Орших хэлсэн саналдаа: “...Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ч.Хд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг шийдвэрлэхдээ түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан гэдэг нь хавтаст хэргээс харагддаггүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй бөгөөд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч С.Батзаяа хэлсэн саналдаа: “Шүүгдэгч Ч.Х нь өөрийнхөө орон байрыг охин Х.Эрдэнэ-Ундрахын нэр дээр шилжүүлсэн, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас оргон зайлсан гэсэн хоёр үндэслэлээр түүнийг Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Энэ хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр прокурорын шийдвэрээр хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Ч.Хг 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр асуусан. Нэг жилийн хугацаанд Ч.Хг олж тогтоогоогүй. Тэгэхээр энэ хугацаанд мөрдөн шалгах ажиллагаанаас зайлсхийсэн гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байгаа учраас хэргийг дахин шалгуулах нь зүйтэй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон Улсын Ерөнхий Прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруу, хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар буруу дүгнэлт хийсэн байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ч.Хгийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Ч.Хг Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 339 дүгээр шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 578 дугаар тогтоолын дагуу 25.567.375 төгрөгийг төлбөр авагч С.Нд төлөөгүй, өөрийн өмч болох Налайх дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар байрны 1 дүгээр орцны 12 тоот байрыг охин Х.Эын өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн Ү-2207003158 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан шилжүүлсэн,

2015 оны 10 дугаар сард дээрх байрыг 15.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд Э.Урантуяагийн нэр дээр шилжүүлсэн,

2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байрыг 62.000.000 төгрөгөөр зарж Э.Уийн данснаас нөхөр Ц.Дийн дансаар дамжуулан авч Ү.Ад худалдан өөрийн эд хөрөнгийг шилжүүлж зайлсхийсэн,

Мөн 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэлгүйгээр оршин суух хаягаа өөрчлөх, дуудсан хугацаанд ирэхгүй байх зэргээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, зайлсхийсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Хг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн, оршин суугаа хаягаа өөрчилсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокуророос Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Хд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар буруу дүгнэлт хийж, үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 Давж заалдах шатны шүүх хохирогч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх талаар шүүгдэгч Ч.Хгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 190 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1128 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Хгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                          ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН