Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-03-27
Тогтоолын дугаар 145
Хэргийн индекс 106/2018/0875/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Г.Г
Зүйл заалт 11.6.2.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Г.Гaд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 884 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 16 дугаар магадлалтай, Г.Гад холбогдох 1805043490954 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Г.Г нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Гад холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг нотлогдоогүй гэсэн дүгнэлт хийж, шүүгдэгчийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 843 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар бичсэн гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүх хэргийн нөхцөл байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судалж, зөв үнэлж чадаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлд шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийг тусгайлан заасан бөгөөд анхан шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоогүй байхад давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гаргасан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаана гэж заасан нь мөн хуулийн 34.19 дүгээр зүйлд заасан хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалтаас процессийн хувьд ч, хууль зүйн хувьд ч өөр юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Эрдэнэсувдын мэдүүлэг нь нотлох баримтын чадваргүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй.

Анхан шатны шүүхээс Г.Гын үйлдсэн гэх гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдоогүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хэргийн үйл баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан, үнэн зөв нотлох баримтаар тогтоогдох зарчимтай. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь нотолгооны чадваргүй, үнэн зөв, эргэлзээгүйгээр хэргийн үйл баримтыг нотлон тогтоогоогүй. Анхан шатны шүүхээс нотлох баримт тус бүрийг хянан үзэж нотолгооны чадвар, хууль ёсны байдал, хамаарал зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг нотлогдоогүй гэж үзэн цагаатгасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар няцаалт хийсэн дүгнэлтүүдийг цагаатгах тогтоолд заагаагүй байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Г нь өөрийн эхнэр С.Эыг хоорондын таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн болох нь нотлогдсон байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, яллах талын нотлох баримтыг няцаасан үндэслэлийг дурьдалгүй хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Гад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Г.Гыг 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 17 тоот гэртээ эхнэр С.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлын талаар шүүгдэгч Г.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тэр өдөр найз Гтэй хамт бичиг, баримт авах зорилгоор гэртээ ороход манай эхнэр гэртээ эрэгтэй хүнтэй пиво угаад сууж байсан. Би ороод юун эрэгтэй хүнтэй пиво уугаад сууж байгаа юм бэ гэж хэлээд ээжийндээ очих гээд гараад явсан. Би ээжийндээ очих гээд явах үедээ цагдаа дуудсан. Цагдаа дуудчихаад гэр рүүгээ ороод энэ найз чинь ямар учиртай залуу юм бэ гэхэд юм янзалж өгөх гэж ирсэн залуу гэж хэлсэн. Би нөгөө залуутай маргалдаад байж байхад манай эхнэр Гийн толгой руу цохиод над руу хутга бариад дайрах үед цагдаа орж ирсэн. Би эхнэрээ цохиогүй, урьд нь над руу хутга бариад дайрдаг байсан болохоор бас дахиад хутга бариад дайрах байх гээд цагдаад дуудлага өгсөн” гэх,

гэрч Э.Гийн мөрдөн байцаалтад өгсөн “... Би Г, тэр залуу хоёрыг салгах гэж байхад хажуунаас Э уурлаад аяга аваад миний шанаа руу цохисон. Аяга бол хагараагүй. Тэгээд Эыг тайвшруулах гээд цааш холдуулахад Э хутга аваад дайрсан. Би Эын гарыг бариад авахад Г ирээд хутгыг нь авсан. Тэгэж байхад цагдаа орж ирсэн. ...Ганбат, Эыг цохисныг би хараагүй” гэх /хх-28/,

гэрч Ц.Аын мөрдөн байцаалтад өгсөн “... Эрдэнэсувдтай зууралдаад заамдаж аваад цохиж байсан. Ганбат эхнэр Эыг өшиглөөд цохиж байсан. Тэр хоёрын зодооныг харах хугацаа ч байхгүй. Тийм сөхөө байхгүй байсан. Хаана яаж хэдэн удаа өшиглөж цохисныг би анзаарч хараагүй... Би хутгыг мэдэхгүй байна. Ганбат л эхнэр Эын гарнаас зуурч өшиглөж байсан” /хх-30/ зэрэг агуулгын хувьд зөрүүтэй мэдүүлгүүдийг шийтгэх тогтоолд дурьдаж, тэдгээр мэдүүлгийг хэргийн үйл баримтыг бодитой тогтооход ач холбогдолтой, үнэн зөв эсэхийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар шүүгдэгч Г.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч С.Эын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг мөрдөн байцаалтын шатанд хангалттай нотолж чадаагүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

 Түүнчлэн мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмын дагуу С.Эыг хохирогчоор тогтоож, түүнээс мэдүүлэг авахдаа мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг сануулаагүй байх тул хохирогч С.Эын мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэсэн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Гын үйлдэл гэмт хэргийн шинжийг хангасан эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч Г.Гыг гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

Харин давж заалдах шатны шүүх “Хэрэгт авагдсан нотлох баримтад анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүх хэргийн үйл баримт, нөхцөл байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судалж, зөв үнэлж чадаагүй, ... шүүх хэрэгт авагдсан яллах талын нотлох баримтуудын талаар няцаалт хийсэн дүгнэлтүүдийг цагаатгах тогтоолд заагаагүй” гэсэн дүгнэлт хийж, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Гад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх” 4 үндэслэл, мөн хуулийн 39.7 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх” 3 үндэслэл, мөн хуулийн 39.8 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих” 10 үндэслэлээс аль заалтыг, хэрхэн зөрчсөн, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох ямар нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй, ямар нотлох баримтыг үнэлэхгүй орхигдуулсан, эсхүл тухайн баримтыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг тогтоолд заагаагүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрхтэй хэдий ч анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар ямар шийдвэр гаргахыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй болно.

Хяналтын шатны шүүхийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөвхөн “Анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх”-ийг хянана.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амарын гаргасанДавж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй... тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Гад холбогдох хэргийг гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй үндэслэлээр шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгох асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул энэ талаар цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Түүнээс гадна анхан шатны шүүх шүүгдэгч Г.Гыг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцааж шийдвэрлэснийг дараахь үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12, 34.7 дугаар зүйлийн 6.2-т зааснаас бусад тохиолдолд тухайн шүүгдэгчийг дахин шалгуулахаар хэргийг прокурорт буцаах эрхгүй бөгөөд энэ хэрэгт шүүгдэгч Г.Гаас өөр хэн нэгнийг холбогдуулан шалгах үндэслэл тогтоогдоогүй байхад шүүх өөрийн санаачилгаар яллах дүгнэлтийг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж, улмаар шүүхийн шийдвэрээр цагаатгагдсан шүүгдэгч Г.Гын гэм буруутай эсэхийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцэх нь олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн “Non double jeopardy” буюу нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгэх зарчимд нийцэхгүй тул анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 884 дүгээр цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг баримтлан Г.Гад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмсүгэй.

2. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 16 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

                                                ДАРГАЛАГЧ                                      Б.ЦОГТ

                                                ШҮҮГЧ                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН