Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-03-29
Тогтоолын дугаар 153
Хэргийн индекс 177/2017/0065/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Ц.Б
Зүйл заалт 17.1.1., 18.5.1., 19.14.2.1.
Улсын яллагч Х.Батчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Ц.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаар магадлалтай, Ц.Бд холбогдох 201620000087 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 5-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2012 онд Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2, 145 дугаар зүйлийн 145.2, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 5 сар 7 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэгдэж суллагдсан, Т овогт Ц.Б нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах”, Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх”, Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Бүлэглэж, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Быг хулгайлах, бүлэглэж улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т зааснаар Ц.Бт холбогдох Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих, Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 1.4-т заасныг баримтлан ялуудыг нэмж, нийт эдлэх ялыг 1 жил 6 сар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтанд бүрэн гүйцэд дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Б бүлэглэж Монгол Улсын хил нэвтэрсэн гэх нотлох баримт хэрэгт хангалттай авагдаагүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, холбогдсон хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Ц.Б нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө бусадтай бүлэглэн Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутаг “Тарвагатайн хөдөө” гэх газраас хохирогч 3.Сансарын 9 тооны адуу хулгайлсан гэх хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн тохиолдол болжээ. Учир нь мал хулгайлах гэмт хэргийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн хуулиар шинээр гэмт хэрэгт тооцож зохицуулсан учраас 17.12 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх боломжгүй, харин өмнөх 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой байжээ. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяагийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Бт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ц.Бт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх дараахь үндэслэл тогтоогдов.

Прокуророос Ц.Бын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө бусадтай бүлэглэн Увс аймгийн Зүүнговь сумын Суврага багийн нутаг Тарвагатай хөдөө гэх газраас хохирогч 3.Сансарын 9 тооны адуу хулгайлж 6.850.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн бусадтай бүлэглэж 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө хилийн 176.2 тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар, мөн хохирогч З.Сансарын 7 тооны адууг ОХУ-ын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2002 оны Эрүүгийн хуулиар мал хулгайлах гэмт хэргийг ердийн хулгайн гэмт хэргийн адилаар Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлд зааснаар зүйлчилж, олон тооны мал хулгайлсан тохиолдолд мөн зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилж, тухайн гэмт хэргийг үйлдсэн хүнд эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байна.

Харин 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн 2015 оны Эрүүгийн хуулиар мал хулгайлах гэмт хэргийн шинж, тухайн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан ердийн хулгайн гэмт хэргээс тусад нь 17.12 дугаар зүйл болгож хуульчилсан бөгөөд хууль тогтоогч ийнхүү мал хулгайлах гэмт хэргийг тусад нь хуульчилсныг шинээр гэмт хэрэгт тооцсон гэж үзэхгүй болно. Учир нь “Олон тооны мал хулгайлах” гэсэн хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 болон 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн аль алинд нь хуульчлагдсан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуульд олон тооны мал хулгайлсан үйлдэлд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хүндрүүлж өөрчилсөн байна.

Гэтэл шүүх Ц.Бын бусдын 9 тооны адуу буюу олон тооны мал хулгайлсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Б нь бусадтай бүлэглэж 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө хохирогч 3.Сын 9 тооны адуу хулгайлсан, хилийн 176.2 тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, хохирогч З.Сын 7 тооны адууг ОХУ-ын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэргийг хэнтэй, хэрхэн бүлэглэж үйлдсэн, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, тухайн хэргийг хамтарч үйлдсэн гэх хүн нь хэрэг хариуцах чадвартай эсэх зэрэг хэргийн талаар нотлогдвол зохих нөхцөл байдлууд нь мөрдөн байцаалтын шатанд нотлогдсон эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, шүүхийн тогтоосон “бүлэглэж үйлдсэн” гэх  хэргийн үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотолгооны стандарт шаардлагыг хангаагүй байх бөгөөд энэ талаар өмгөөлөгч Ө.Нарантуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлтэй гэж үзэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Бд холбогдох 201620000087 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН                                             

                                                                                                           Д.ГАНЗОРИГ         

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН