Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-03-29
Тогтоолын дугаар 154
Хэргийн индекс 107/2018/0135/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Н.Г
Зүйл заалт 11.1.2.1.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Н.Гэд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогч  Э.Отгонзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 30 дугаар магадлалтай, Н.Гэд холбогдох 1804001730129 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, хохирогч Э.Отгонзаяа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Н.Г нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар Н.Гийг 3 жил 4 сар 10 хоног хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь хохирогчид 800.000 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Э.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарс нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Э.Отгонзаяа гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдолтой байна. Н.Г бид хоёр 10 гаруй жил ханилан суусан, дундаасаа 5 болон 9 настай хоёр охинтой. 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нөхөр бид хоёрын маргасан маргаанд би буруутай, нөхөр маань намайг санаатайгаар цохиогүй, алгадах гээд далайхад нь би бултах гэж байгаад хальтарч унаад хөргөгч мөргөсөн. Миний гэр бүлийн хувьд бид хоёр маргаж муудах үе байсан ч намайг хүчирхийлж, дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Гэтэл Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар хүчирхийлэлд хамааруулж ялласанд гомдолтой байна. Би прокурор болон шүүхийн өмнө миний буруугаас болж хэрүүл маргаан үүссэн, нөхөр маань цохиогүй, би өөрөө хальтарч унасан, намайг эмнэлэгт сахиж, эмчилгээний төлбөрийг хийсэн, тиймээс миний гэр бүлийг бүрэн бүтэн үлдээж хөнгөн шийтгэл оноож өгөөч гэж удаа дараа гуйсан. Миний нөхөр Н.Г хүний ганц хүү, өвчтэй ээжийгээ асардаг, хоёр охиноо сургууль цэцэрлэгт зөөдөг, хувийн машинаараа таксинд явж ар гэрийн амьжиргаагаа авч явдаг. Иймд миний гомдлыг хүлээн авч, нөхрийн минь ялыг хөнгөлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр бичсэн гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг үнэн зөв, бодитойгоор тогтоох ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нийцүүлэн явуулаагүй байгааг шүүх анхаарч үзээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч болон хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн мэтгэлцээний явцад удаа дараа санал хүсэлт гаргаж, хүнд зэргийн гэмтэл учраагүй талаар мэдүүлж, дахин шинжилгээ хийлгэх тухай хүсч байсан. Гэмт хэрэг гарсны маргааш нь хохирогчийг эмнэлэгт байхад шинжээч эмч нь өвчтөний эмнэл зүйн зураг, баримтанд үзлэг явуулж дүгнэлтээ гаргасан байна. Үзлэгийн үндэслэл болсон рентген зураг нь тухайн үед хохирогчийн биеийн хөдөлгөөний улмаас гэрэл сүүдрийн тусгалын өнцөгт алдаа гарч түүний зүүн талын тархины ясны дүрслэл хугаралтай мэт харагдаж байсан байна. Гэтэл энэхүү 3D КТГ шинжилгээ хийдэг тоног төхөөрөмжийн зураг авалтын үр дүнд бий болсон алдаатай рентгенийг үндэслэн “...зүүн талын духны дэлбэнгийн суурь хэсгийн тархины ясанд 2 см урт гиподенси өөрчлөлт тодорхойлогдоно” гэж эмчлэгч эмч буруу тодорхойлолт бичсэн байсныг шинжээч эмч хуулбарлан “Тархины ясны шугаман хугарал” гэсэн дүгнэлтийг гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжээч томилуулах хүсэлтийг хэргийн оролцогчдын хэн алинаас удаа дараа гаргасан боловч мөрдөгч, прокурор, шүүхийн зүгээс хүсэлтийг хангахаас татгалзаж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг мөрдөгч прокурор удаа дараа зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан эрхийг оролцогч нарт эдлүүлээгүй нь Н.Гийн эрх зүйн байдлыг дордуулж байсныг шүүх анхаарч үзээгүй. Хохирогч Э.О нь шүүх хуралдааны дараа өөрт учирсан гэмтлийг  дахин шинжлүүлэхэд “тархины ясны шугаман хугарал, гэмтэлгүй” гэсэн дүгнэлт гарчээ. Гэмтлийн зэргийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтэд хохирогч болон шүүгдэгч нар гомдолтой, шинжээч дахин томилуулах хүсэлт гаргасаар байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр буруу гарах гол нөлөөг үзүүлсэн. Шинжээчийн 229 дүгээр дүгнэлтийг гаргахдаа хохирогчийн биед учирсан гэмтэл тус бүрээр гэмтлийн зэргийг тогтоогоогүй байгааг шүүх анхаарч үзээгүй нь хууль буруу хэрэглэхэд хүргэсэн. Өөрөөр хэлбэл Н.Г нэг удаагийн үйлдлээр хохирогчийн биед учруулсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах байсныг шүүх анхаарч үзээгүй. Хохирогчийн тархины зүүн хэсэгт учирсан хүнд гэх гэмтэл нь эд зүйлийн нөлөөлөл буюу түүнийг мөргөсний улмаас бий болсон гэмтэл юм. Энэ нь Н.Г хохирогчийн толгойн хэсгийг эд зүйл мөргүүлэн түүний эрүүл мэндийг хүнд гэмтээхийг хүсч үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үгүйсгэнэ. Шүүгдэгчийн субъектив санаа зорилгыг шүүх зөв тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэхэд хүргэсэн. Шүүх гэм буруугийн хэлбэрийг зөв тогтоох үүргээ биелүүлээгүйгээс Н.Гэд Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжийг алдагдуулсан. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буцаан шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Н.Гэд холбогдох хэрэгт нотолбол зохих ажиллагааг бүрэн хийсэн. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Харин шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хөнгөн ял шийтгэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч Э.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.Гэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Миний нутаг” нэртэй хүнсний дэлгүүрт Э.Ог утсаар ярьж хардлаа гэж уурлан түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа алгадаж унагаан эрүүл мэндэд нь “зүүн талын зулайн дэлбэнгээс доош даган хөхлөг сэртэн дайрсан үргэлжилсэн шугаман хугарал, тархины эдийн няцрал, тархины баруун талын дух ба зулай хэсэгт цусархаг няцрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Харин шүүгдэгч Н.Гийн тухайн үйлдлийг анхан болон давж заалдах шатны шүүх “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” буюу Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар хүндрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Учир нь шүүгдэгч Н.Гийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд эр, эмийн хардлагаас үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас өөрийн эхнэр Э.Оийн эрх чөлөөнд халдсан үйлдлийн сэдэлт, тухайн хэрэг гарахад хохирогчийн хувьд зохих буруутай талаар хохирогч Э.Отгонзаяагийн өгсөн удаа дараагийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрийн харилцааны түүхийг үл харгалзан зөвхөн “Гэр бүлийн хамаарал бүхий хүн”-ий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх шинжээр  Н.Гэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд энэ талаар хохирогч Э.Оийн гаргасан гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Н.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирогч гомдол саналгүй, биеийн байдал сайжирсан зэргийг харгалзан шүүгдэгч Н.Гэд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийтгэх тогтоол, магадлалд оруулахаар хяналтын шатны шүүх шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаярын гаргасан “шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буцаан шийдвэрлэж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Гийн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс хойш цагдан хоригдсон 143 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, Н.Гийн торгуулиас 2.145.000 төгрөгийг хасах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1.Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг “Прокуророос шүүгдэгч Н.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Н.Гийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

-шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож,

-Тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гийн цагдан хоригдсон 143 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, Н.Гийн торгуулийн ялаас 2.145.000 төгрөгийг хассугай.”,

-“Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гэд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.” гэсэн заалт тус тус нэмсүгэй.

3.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаярын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Гийг нэн даруй сулласугай.

 

                                     ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                                     ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН                                           

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН