Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-10-09
Тогтоолын дугаар 476
Хэргийн индекс 105/2019/0183/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч У.М
Зүйл заалт 17.3.3.1.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

У.М д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 285 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 619 дүгээр магадлалтай, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 419 дүгээр тогтоолтой, У.М д холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэгийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлж байсан Х овогт У-ийн М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх У.М-ыг хуурч бусдын эд хөрөнгийг залилж авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М ас 26,170,000 төгрөг гаргуулж, хохирогч М.Бат-Эрдэнэд 4,785,000 төгрөг, Ж.Баяннамарт 3,000,000 төгрөг, Б.М-д 4,000,000 төгрөг, М.П-д 4,785,000 төгрөг, Б.Б-т 4,570,000 төгрөг, О.О-т 4,710,000 төгрөг, М.Ц-д 320,000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч У.М-ын  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, У.М-ыг  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилж авсан гэм буруутайд тооцсугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М-ыг  3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилж, шүүгдэгч У.М-ын  гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Нямсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Хяналтын шатны шүүхэд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэг бичсэн дүгнэлтдээ “... У.М  нь 2017 оны 11 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр иргэн В.О-г ажилд оруулж өгнө, зөөврийн компьютер авч өгнө гэж хуурч 760,000 төгрөгийг залилан авсан гэх хэрэгт ...мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг шүүх ...хянан хэлэлцээд ...шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан.

Яллагдагч У.М  нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоол нь дээд шатны шүүхүүдээр хянагдаж, зохих өөрчлөлт орсон байна.

...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах тухай заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж,

1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заажээ.

Энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулсан. Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх үндэслэл бий болсон байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан. Энэ нь өөр өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд нэг шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх хуулийн зохицуулалт юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тус тус заасан бөгөөд яллагдагч У.М д ...нэг шийдвэрээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь яллагдагчийн эрх зүйн байдалд шууд хамааралтай байна.

...Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн...” гэх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 619 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч У.М-ын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 760,000 төгрөг залилсан гэх гэмт хэрэгт бичсэн яллах дүгнэлтээр хэргийг хэлэлцэж шүүгчийн захирамжаар прокурорт буцаасан. 2017 оны 7 дугаар сараас 11 дүгээр  сарын хооронд үйлдсэн 7 удаагийн үйлдлээр 26,170,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргээс нь 1 үйлдэл нь үлдсэн. Шүүх хэргийг прокурорт буцаасан учраас прокурор дүгнэлт бичсэн байдаг. Шинээр илэрсэн нөхцөл байдлын үндэслэлд дээрх нөхцөл байдал хамаарахгүй байна. Анх 2018 онд шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн тухайд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилснийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг өөрчилсөн, мөн хяналтын шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь үндэслэлтэй гэж үзсэн. Тэгэхээр хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж прокурорын дүгнэлтийг дэмжихгүй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

У.М д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 285 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 619 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 419 дүгээр тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

Ялтан У.М  нь дээрх гэмт хэрэгт ял шийтгүүлэхээс өмнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр иргэн В.О-г “Ажилд оруулж өгнө, зөөврийн компьютер авч өгнө” гэж хуурч 760,000 төгрөгийг залилан авсан үйлдэлд прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1268 дугаар шүүгчийн захирамжаар У.М-ын  урьд ял шийтгүүлсэн хэргийг энэ хэрэгтэй нь нэгтгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг прокурорт буцаасан байна.

Захирамжийн заалтыг хангах зорилгоор прокурор дээр дурдсан анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичжээ.

Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд тодорхой заасан бөгөөд У.М д холбогдох хэргийн шийтгэх тогтоол, магадлал, тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын 03 тоот дүгнэлтийг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Прокурорын дүгнэлтэд дурдсан хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах болсон гэх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “... хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэсэн үндэслэлийн алинд ч хамаарахгүй байгаа бөгөөд У.М-ын  сүүлд илэрсэн гэх үйлдлүүдэд гэм буруутайд тооцож, ял оногдуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар...” шийдвэрлэх боломжтой.

Тодруулбал, У.М д эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй үйлдлийг эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн үйлдлүүдтэй нь нэгтгэснээр хүчин төгөлдөр шийдвэртэй гэмт хэргийн зүйлчлэл хөнгөрөх, хүндрэх, ямар нэг өөрчлөлт орох үндэслэл бүхий нөхцөл байдал илрээгүй байна.

Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 285 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 619 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 419 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэгийн бичсэн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.

2. У.М д холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасугай.

               

                                 ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                 ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН