Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-10-16
Тогтоолын дугаар 510
Хэргийн индекс 180/2019/0153/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч А.Д, Д.Х, С.М, А.Э, Ц.Г
Зүйл заалт 24.6.2.2.
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

А.Д , С.М , А.Э, Ц.Г , Д.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, хохирогч Д.Б , нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр магадлалтай, А.Д , С.М , А.Э , Ц.Г , Д.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Д , түүний өмгөөлөгч Б.Жавхлан нарын гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1956 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, О овогт А-ы Д,

2. Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт С-н М

3. Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт А-ийн Э,

4. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, О овогт Д-ын Х,

5. Монгол Улсын иргэн, 1966 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, А овогт Ц-ийн Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Д , С.М , Д.Х , А.Э  нарыг бүлэглэн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн,

А.Д , С.М , Д.Х , А.Э , Ц.Г  нарыг бүлэглэн гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар А.Д ыг 2 жил 6 сарын хорих ял, С.М ыг 2 жилийн хорих ял, Ч.Эрдэнэбаярыг 1 жил 6 сарын хорих ял, Д.Х ийг 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Г г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д , С.М , А.Э , Д.Х нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Г гийн тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнсэгдсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Г д анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Д.Хуягт буцаан олгож, хөрөөний үнэ болох 136,000 төгрөгийг шүүгдэгч нараас тус тус хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ногоон өнгийн Пад тракторыг хууль ёсны эзэмшигч Д.Хуягт буцаан олгож, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тракторын үнэ болох 3,500,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч А.Д аас 875,000 төгрөг, шүүгдэгч С.М аас 875,000 төгрөг, шүүгдэгч А.Э аас 875,000 төгрөг, шүүгдэгч Д.Х ээс 875,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Исүзү загварын ,,,, улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Ц.О-д буцаан олгож, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 1,000,000 төгрөгийг шүүгдэгч Ц.Г гаас гаргуулж улсын төсөвт шилжүүлж, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай ...5/30 дугаартай тогтоолоор битүүмжилсэн 4 метрийн урттай 32 ширхэг хуурай шинэс мод, 4,2 метрийн урттай 4 ширхэг нойтон шинэс мод, 5/01 дугаартай тогтоолоор битүүмжилсэн 4 метрийн урттай 59 ширхэг, 5 метрийн урттай 5 ширхэг, 7 метрийн урттай 20 ширхэг шинэс мод, 5/02 дугаартай тогтоолоор битүүмжилсэн 6 метрийн урттай 43 ширхэг, 4 метрийн урттай 7 ширхэг шинэс мод, шүүгдэгч С.М ын 3,000,000 төгрөгийн үнэлгээтэй улсын дугаар, гэрчилгээгүй ногоон өнгийн Пад трактор, 2,700,000 төгрөгийн үнэлгээтэй ,,,,улсын дугаартай “Киа пронтер” загварын автомашин, 350,000 төгрөгийн үнэлгээтэй улаан өнгийн “Супер Вени” загварын улсын дугаар, гэрчилгээгүй мотоциклийг тус тус хурааж улсын төсөвт шилжүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д аас 4,691,520 төгрөг, шүүгдэгч С.М аас 4,691,520 төгрөг, шүүгдэгч Д.Х-с 4,691,520 төгрөгийг, шүүгдэгч Ч.Э-аас 4,708,256 төгрөгийг тус тус гаргуулж Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын байгаль хамгаалах санд олгохоор шийдвэрлэсэн байна.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 4 дэх заалтын “2 жил 6 сарын” гэснийг “2 жилийн” гэж өөрчлөн, тус тогтоолын 2, 4 дэх заалтаас шүүгдэгч С.М , А.Э , Д.Х нарт холбогдох хэсгийг тус тус хасч,

3 дахь заалтын “Ц.Г г” гэснийг “С.М , А.Э , Д.Х , Ц.Г  нарыг” гэж,

5 дахь заалтын “Ц.Г гийн” гэснийг “С.М , А.Э , Д.Х , Ц.Г  нарын” гэж, мөн заалтын “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн” гэснийг “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн болон Хэнтий аймгийн” гэж,

6 дахь заалтын “Ц.Г д” гэснийг “С.М , А.Э , Д.Х , Ц.Г  нарт” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Д ын цагдан хоригдсон 74 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч С.М , А.Э , Д.Х нар нь шийтгэх тогтоол гарснаас хойш 74 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Д  гаргасан гомдолдоо “...Миний бие ийм хэрэг үйлдэж, өөрийн хүү болон найз нөхдөө ийм байдалд хүргэсэндээ маш их харамсаж байна. Манайх өндөр насны тэтгэврээс өөр орлогогүй байсан юм. Анхан шатны шүүх хуралдаанаас өмнө хохирлоо төлөх гэсэн боловч мөнгө бүтээгүй ч хамаатнуудаасаа мөнгө цуглуулж надад оногдуулсан 4,691,520 төгрөг, төрсөн хүү Д.Х ийн 4,691,520 төгрөг, А.Э ын төлбөрийн тал нь болох 2,345,760 төгрөг буюу нийт 11,728,800 төгрөгийг төлж, тракторын төлбөр 3,500,000 төгрөг, хөрөөний үнэ 136,000 төгрөгийн төлбөрийг төлөхөд мөнгө хүрэлцээгүй юм. Миний бие насны эрхээр даралт ихсэх, зүрх, сахар, бөөрний өвчтэй бөгөөд улмаар сэдэрсэн тул цагдан хорих байрны эмчийн байнгын хяналтанд тариа хийлгэж байгаа болно. Би урьд нь ямар нэг хэрэгт холбогдож байгаагүй тул дээрх байдлуудыг харгалзан надад боломж олгож оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч А.Д ын өмгөөлөгч Б.Жавхлан гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. А.Д  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн ...гэмт хэргийн улмаас ойн санд нийт учруулсан хохирол болох 18,766,080 төгрөгийн хохирлоос өөрт ногдох 4,691,520 төгрөг, өөрийн төрсөн хүү Хүрэлийн төлбөр 4,691,520 төгрөг, А.Э т ногдох хохирлын тал хувь болох 2,345,760 төгрөг, нийт 11,728,800 төгрөгийг өөрийн зүгээс төлсөн, шүүхээс оногдуулсан тракторын төлбөр болох 3,500,000 төгрөг, хөрөөний үнэ болох 136,000 төгрөгийн төлбөр, нийт 15,364,800 төгрөгийг ганцаараа төлж барагдуулахдаа өөрийн амьдардаг хашаа, гэрээ зарж, хамаатан садангуудаас мөнгө зээлж төлсөн болно.

А.Д  нь өөрийн гэсэн жижиг байшин барьж амьдрах зорилгоор мод бэлтгэсэн бөгөөд энэхүү үйлдэл нь хууль бус аргаар явагдсаныг А.Д  нь ойлгож ухаарч, чин санаанаас гэмшиж байгаа болно.

...А.Д ын хувийн байдлын тухайд 64 настай, өндөр настны тэтгэвэрт байдаг, ...өрхийн амьжиргааны баталгаажих түвшинөөс доогуур ангилалд хамаардаг, түүний эхнэр хүнд өвчтэй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй бөгөөд Дамдинжавын зүрх судас, артерийн даралт ихсэх, сахарын өвчтэй, түүний энэхүү эрүүл мэндийн байдал нь цагдан хориход байх хугацаанд хүндэрч цагдан хорих байрны эмчийн байнгын хяналтанд эм тариагаар эмчлүүлж байгаа ч биеийн байдал дээрдэхгүй, цээжиндээ битүү хавантай байгаа.

Иймд дээрх байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шаардлагыг хангаж байх тул А.Д т оногдуулсан ялыг биелэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...А.Д , Д.Х , С.М , А.Э , Ц.Г  нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар өөрчлөлт оруулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байгаа тул хэвээр үлдээх саналтай байна. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирол төлсөн гэх үндэслэлээр гомдол гаргасан бөгөөд тэнсэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  А.Д , түүний өмгөөлөгч Б.Жавхлан нарын гаргасан гомдлыг үндэслэн А.Д , С.М , А.Э , Ц.Г , Д.Х нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх А.Д , С.М , А.Э , Д.Х нар нь бүлэглэж 2018 оны 03 дугаар сарын 25-аас 27-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум, Согоот багийн нутаг “Бэрхийн зоо” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр шинэс мод бэлтгэж, 6,255,360 төгрөгийн хохирол учруулсан,

С.М , Э.Эрдэнэбаяр нар нь бүлэглэж 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөн аймаг, сум, багийн нутаг “Пижигнүүрийн үзүүр” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр шинэс мод бэлтгэсэн, тээвэрлэсэн,

А.Д , С.М , А.Э , Д.Х , Ц.Г  нар нь хууль бусаар бэлтгэсэн модыг тээвэрлэсэн нөхцөл байдлууд, үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шүүхүүд дээрх үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэхдээ уг хуулийн ерөнхий ангийн бүлэглэсэн гэсэн шинжийг баримталж, гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ямар нэг алдаа гаргаагүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх А.Д , С.М , А.Э , Д.Х нарын гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын хэмжээний дотор ял оногдуулж, Ц.Г д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг тус бүрт нь харгалзан тохируулж, ялгамжтай эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь зөв байна.

Харин, давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарт дээрх байдлаар оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэхдээ хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэж байх үед илэрсэн нөхцөл байдал, эсхүл үүнээс хойш илэрсэн нөхцөл байдлын алинд нь дүгнэлт өгч шийдвэрлэж байгаа үндэслэл, үүнээс шалтгаалсан эрх хэмжээнийхээ асуудалд огт дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчил гэж үзнэ.

Тухайлбал, давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр оногдуулсан ялыг хөнгөрүүлэх эрхтэй боловч энэ нь уг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлага нь түүний гэм буруу, нийгмийн аюулын шинж чанар, үйлдэл оролцоонд тохирсон байхыг шаардсан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилгыг алдагдуулахгүй байх ёстой бөгөөд хэрэв хөнгөрүүлж байгаа тохиолдолд эдгээр нөхцлүүдэд хэрхэн тэнцвэртэй хандаж байгааг зайлшгүй дүгнэх шаардлагатай, ийнхүү дүгнэсэн шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, хууль зүйн үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангана.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл нь шүүх заавал хэрэглэхээр үүрэг болгосон хэм хэмжээ биш тул дээрх нөхцөл байдлуудтай харьцуулан үндэслэлээ гаргасны эцэст хэрэглэх зохицуулалт бөгөөд ямар ч тохиолдолд хэрэглэж болох хязгааргүй эрх хэмжээ биш гэдгийг анхаарвал зохино.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхээс ял хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулсныг дахин хөнгөрүүлэх талаар гаргасан гомдол нь дээрх нөхцөл байдлуудад хийсэн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Д , түүний өмгөөлөгч Б.Жавхлан нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Д , түүний өмгөөлөгч Б.Жавхлан нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН