Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-10-23
Тогтоолын дугаар 537
Хэргийн индекс 179/2017/0135/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Н.Д
Зүйл заалт 17.4.1., 17.8.1.
Улсын яллагч О.Сарангэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Н.Д д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр, хохирогч Ч.Т , түүний өмгөөлөгч Б.Батдорж, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 28 дугаар магадлалтай, Н.Д д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй,  Б овогт Н-ийн Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргүүдэд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Н.Д д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Н.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, түүний цагдан хоригдсон 13 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас 104 цагийн ажлыг хасаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Д гээс 30,743,750 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Т т олгохоор шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. ...Өмгөөлөгч миний бие шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж... шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах, шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтэй байсан боловч гэм буруугийн шүүх хуралдаанд уг хүсэлтийг хэлэлцсэн, давж заалдах шатны шүүх нь магадлалдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн гэсэн нь энэ заалтад өдөрт нь гэж заагаагүй, мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэг явуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэргийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ёстой бөгөөд өдөрт нь шилжүүлж хурлын тов мэдэгдэж гарын үсэг зуруулсан, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтэй байна гэхэд наад хүсэлтийг чинь гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж болно гээд уг хурал дээр хүсэлтийг хэлэлцэж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, талуудын эрхийг хангаагүй хэргийг шийдвэрлэсэнд давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй.

2. Шүүх нь шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй эсэх энэ нь нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгаа талаар дүгнэлт хийж аман гэрээ байгуулсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Аман гэрээг нөгөө тал зөвшөөрвөл хийсэнд тооцдог атал аман гэрээгээр ажилласан ажилтан нь байсан, итгэмжлэн хариуцсан байна гэж дүгнэвэл аман гэрээг аж ахуйн болон дэлгүүрт ажиллаж буй худалдагч, түгээгч нар байгуулж барааг хүлээлгэж өгч авсан баримт байхгүй байхад тийм бараа зар гэж хүлээлгэж өгсөн, түүний дагуу зараагүй байна гээд аж ахуйн болон дэлгүүрийн эзэн гараар хөтөлсөн тэмдэглэлийн дэвтэр гаргаж нотлох баримтаар үнэлүүлж гэмт хэрэгт ял шийтгэвэл бүгд завшсан гэмт хэрэгт ял шийтгүүлж болохоор харагдаж байхад давж заалдах шатны шүүх дүгнэлтээ үндэслэлтэй гаргалгүй ял халдааж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Аман гэрээг Н.Д  нь зөвшөөрдөггүй.

Шүүгдэгч Н.Д  нь шүүх хуралдааны үед “...би энэ дэвтрүүдийг мэдэхгүй, нэг л дэвтэр байдаг байсан” гэж мэдүүлдэг. Завших үйлдлийг нотлохдоо шүүгдэгч нь эд хөрөнгийг хэрхэн хууль бусаар олж авсан, өөрийн үзэмжээр захиран зарцуулах боломжоо хэрхэн хэрэгжүүлсэн, гэрээ болон хуулийн үндсэн дээр эд хөрөнгө эзэмшиж байсан эсэх, завших санаа зорилгыг хэрхэн хэрэгжүүлж өөртөө болон бусдад ямар давуу байдлууд үүсгэсэн гэдгийг нотолж хор уршиг, үйлдэл хоёрын шалтгаант холбоог дүгнэх нь үндэслэлтэй атал буруу шалтгаант холбоог шүүх дүгнэж ял шийтгэл халдаасан нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчиж гэм буруугүй хүнд ял халдаасан гэж үзэж байна.

Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байгаа талаар хүсэлт болон давж заалдах гомдолд дэлгэрэнгүй дурдсан. Шинжээчийн дүгнэлт нь гэмт хэргийн энэхүү үйлдлийн улмаас завших гэмт хэрэг гарсан байна, завшиж үрэгдүүлж ийм хор хохирол учруулсан байна гэж гарах ёстой атал ийм үлдэгдэлтэй байна гэж гаргасан дүгнэлтээр хэргийг шийдвэрлэсэн, гаргах боломжгүй гаргах ёсгүй гэсэн удаа дараагийн шинжээч нарын мэдүүлэг баримтууд байсаар байтал огт үндэслэлгүй дүгнэлтээр хэргийг хилсдүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Шинжээчийн дүгнэлтийг үнэлэх, үнэлэхгүй нь хуульч нарын дотоод итгэл үнэмшил бөгөөд илтэд эргэлзээтэй үнэлэх боломжгүй шинжээчийн дүгнэлтээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхэд хэргийг буцааж дахин хэлэлцүүлэх, эсхүл хэргийг прокурорт буцааж дахин шинжээч томилуулж Н.Д г цагаатгах хүсэлтэй байгаа” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Батдорж хэлсэн саналдаа “...Н.Д д холбогдох хэргийн шийдвэр нь  хэргийн бодит байдалд нийцсэн, хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гол үндэслэл нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ процессийг зөрчсөн гэсэн байна. Шүүх хэргийг хүлээж аваад яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ. Хэргийг хүлээж авсан өдрөөс хугацаа тоологдох бөгөөд заавал 15 хоногийн хугацааг хүлээх шаардлагагүй гэж үзэж байна. Хохирогч, шүүгдэгч нарын тооцоо, хэргийн үйл баримтад үндэслэж шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтэд ямар нэгэн гомдол гаргаагүй, харин энэ талаар шүүхийн шатанд яригдсан. Процессийн алдаа гарсан гэж байгаа боловч Н.Д  анхнаасаа хэргээ хүлээсэн нь хэргийн бодит байдалтай зөрчилдөж байгаа юм. Н.Д  нь 2-3 жилийн хугацаанд ажиллаж байгаа. Бодит байдалд үйл явдлаар илэрхийлэгдэж байгаа учраас аман болон бичгийн хэлцэл яригдахгүй. Анхнаасаа итгэмжлэн хариуцаж итгэлийг нь хүлээсэн. Барааг нь борлуулж үлдэгдэл үүсгэсээр байгаад ашиглаад хохирол учруулсан нь тогтоогдсон. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг үндэслэлтэй дүгнэсэн гэж үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул гэм буруугийн талаар дүгнэлт өгөх боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж дүгнэсэн мөртлөө Н.Д  нь бусдын эд хөрөнгийг шатаах аргаар 3,970,750 төгрөгийн хохирол учруулсан нь бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж хоёрдмол утгаар дүгнэсэн нь хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаярын гаргасан гомдлыг үндэслэн Н.Д д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Н.Д  нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ч.Т ын эзэмшлийн “...” худалдааны төвийн бараа түгээгчээр ажиллаж 2012 онооо хойш ажиллаж байхдаа 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Мөрөн сумын 7 дугаар хороонд  .... улсын дугаартай цагаан өнгийн “Пронтер” загварын ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг, ачааны агуулахад байсан барааны хамт шатааж 3,970,750 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Ч.Т ын эзэмшлийн “....” худалдаа үйлчилгээний төвийн барааг хувьдаа завшиж үрэгдүүлсний улмаас 30,743,750 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Хоёр шатны шүүх дээрх үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхдээ Н.Д гийн 30,743,750 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж үзэж, гэм буруутайд тооцон хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь “гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн арга, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн хэрэгтээ хандаж буй хандлага, шүүгдэгчийн хувийн байдал /0-13 насны гурван хүүхэдтэй, өрхийн тодорхой орлогогүй/-д” нь тохирсон, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн бөгөөд гэмт этгээдийг хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж үзнэ.

Түүнчлэн прокуророос Н.Д д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил гарсныг батлах, Н.Д г гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүх хүлээн авч 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэсэн нь тухайн хугацааны аль ч үед яллагдагчийг шүүхэд шилжүүлж болохыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг зарласны дараа тодорхой хүсэлтүүд гаргасан байх тул урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцаж шилжих боломжгүй байсан, гэм буруугийн шүүх хуралдаанаар уг хүсэлтүүдийг хэлэлцэн шийдвэрлэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдөөгүй байна.

Мөн шүүх шүүгдэгч Н.Д гийн ажил үүрэг, эд хөрөнгийн хариуцлагатай холбоотой, уг үүрэг, хариуцлагаа санаатай зөрчсөн үйлдэл, уг үйлдлийн улмаас гарсан шууд үр дагавар, түүнийг нотолсон баримтуудыг нэг бүрчлэн судалж, зөв үнэлэлт дүгнэлт өгсөн бөгөөд үүнийг няцаасан тодорхой баримт, үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 28 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.              

                                            ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН