Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-10-14
Тогтоолын дугаар 489
Хэргийн индекс 150/2019/0020/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Б.Э
Зүйл заалт 27.10.3.
Улсын яллагч Д.Дамдинсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Б.Э д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Ж , шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч Д.Түмэнжаргал, Л.Намнансүрэн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б , нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн  49 дүгээр магадлалтай, Б.Э д холбогдох эрүүгийн хэргийг хохирогч С Р М ы хууль ёсны төлөөлөгч К.Ж ийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Б-ийн Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь насыг хохироох, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Б.Э г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах, хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3  жилийн хугацаагаар тэнсэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Б.Э гаас 4,523,409 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан хохирогч С Р М ы ар гэрт,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар шүүгдэгч Б.Э гаас 831,068 төгрөг гаргуулж Т.А-д, 277,000 төгрөг гаргуулж К.Ж т,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Э гаас 9,266,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ш.Бд тус тус олгож,

Л.Л нь замын зардлын 21,900 төгрөгийг, Т.А-гийн эд хөрөнгө болох 900 евро, Т.А-гийн зочид буудлын зардал гэх 435,000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

эрх зүйн туслалцаа үзүүлсэн Л.Л-н үйлчилгээний хөлс 600 доллар буюу 1,481,600 төгрөг, “А ХХН-аас эрх зүйн туслалцаа үзүүлсний зардал 4,692.65 доллар буюу 12,347,770 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 7,600 төгрөг, илүү нэхэмжилсэн 825,304 төгрөг зэргийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Хохирогч С.Р.Максмилианы ар гэрт 19,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ш.Б-д 550,000 төгрөг тус тус төлсөн зэргийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С Р М  болон Т А- нарын хууль ёсны төлөөлөгч К.Ж ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч С Р М ы хууль ёсны төлөөлөгч К.Ж  гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлс буюу 4,692.65 ам.доллар буюу 12,347,770 төгрөг, Л. Л гийн орчуулга хийсэн хөлс 600 ам.доллар буюу 1,481,600 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр хэсгийн 1 дэх хэсгийн 1.1-д “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, ...орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал” гэж заасан байдаг. Хохирогч М-ы эцэг, эх нь Монгол Улсын өмгөөллийн нөхөрлөл болох “А ХХН-тэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан, уг гэрээний үндсэн дээр тус нөхөрлөлийн ахлах хуульч К.Ж  миний бие М-ы амь нас хохирсон эрүүгийн хэрэгт хохирогчийн төлөөлөгчөөр оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өмгөөлөгчид төлөх зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд багтаахаар зохицуулсан байна.

Гэтэл хоёр шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр” гэж заасныг хэрэглэсэн нь илт үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хууль зүйн туслалцаа авч зардал гаргаснаараа тэдгээрийн эд хөрөнгөд шууд хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Өмгөөллийн “А” ХХН-ийн нэрийн өмнөөс хохирогчийн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хуульч нь дараах мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн явуулна”, 24.1.3-т “Иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр хууль тогтоомжид заасан хууль зүйн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих байгууллагад төлөөлөх”, 24.1.5-т “Шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох” гэж тус тус заасны дагуу хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байна.

...Хэрэв Б.Э  нь гэмт хэрэг үйлдээгүй, хүний амь нас хохироогүй бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, эцэг, эхээс нь зардал гарахгүй байсан ба энэхүү зардал нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарч байна.

3. Давж заалдах шатны шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох, санхүүжүүлэх журам”-д заасан тохиолдолд өмгөөллийн үйлчилгээний хөлсийг олгоно гэх анхан шатны шүүхийн үндэслэлийг зөвтгөж байгаагаа магадлалд заасан атлаа тодорхой хууль зүйн үндэслэл дурдаагүй. ...Тодорхой харилцааг зохицуулсан хууль зүйн хэм хэмжээний актууд хоорондоо зөрчилдсөн тохиолдолд илүү хүчин чадалтай актыг баримтлан хэргийг шийдвэрлэх ёстой.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгохоор заасан ба 50,000,000 төгрөг хүртэлх төгрөгийн хохирлыг амь нас хохирсонтой адилтгаж үзэж, хэрэглэж болно гэж үзэж байна. Хохирогчийн амь насыг үнэгүй мэтээр дүгнэж, бодитоор гарсан зардал буюу хохирлыг төлүүлэхгүй байгаа нь ...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

4. Орчуулагч Л. Л д орчуулгын үйл ажиллагаа үзүүлсний хөлсөнд төлсөн 600 ам.доллар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр хэсгийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарах тул шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байсан.

Түүнчлэн 1 дүгээр хавтаст хэргийн 182-183 дугаар талд авагдсан баримтаар ...орчуулагч Л. Л  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймагт очиж орчуулга хийсэн нь тогтоогдож байх тул орчуулгын хөлсөнд төлсөн 600 ам.доллар буюу 1,481,600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт өгөх үндэслэлтэй.

Гэтэл давж заалдах шатны шүүх орчуулагчаар томилсон шийдвэр байхгүй гэж үзэж нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд төлсөн 12,347,770 төгрөг, орчуулгын үйлчилгээ үзүүлсний хөлсөнд төлсөн 1,481,600 төгрөг нийт 13,829,370 төгрөгийг шүүгдэгч Б.Э гаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэв.  

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал хэлсэн саналдаа “...Энэ гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийг хэрхэн яаж буруу хэрэглэснийг хэлээгүй. Хохирлын хувьд анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан хохирлыг давж заалдах шатны хурлын өмнө шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар орчуулагчийн зардлыг орчуулагч өөрөө шаардах эрхтэй. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлээд байдаг. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орж байгаа нь өмгөөлөгчийн хөлс төлөх үндэслэлийг бий болгохгүй. Дээрх үндэслэлүүдээр гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн хэлсэн саналдаа “...Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хохирогчийн төлөөлөгчийн гаргасан гомдол нь агуулгын хувьд адилхан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нь тусдаа ойлголт байхад хольж хэрэглээд байгаа юм шиг ойлгогдоод байгаа. Анхан шатны шүүх хохирлыг тодорхойлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар гэдэг хүрээнд шийдсэн. Бодит хохирол гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхойлогдох ба анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлаж үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Гомдолд дурдсан зардлыг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгайлан заасан зардлыг хэлсэн байдаг. Энэ зардлыг хэрхэн тооцож, яаж гаргуулахыг тусгайлан зохицуулсан байдаг. Анх хэргийг хэлэлцэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчийн болон орчуулагчийн зардлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж нэхэмжилснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хэм хэмжээний хүрээнд дүгнэсэн. Оршуулгын зардал зэрэг 19,000,000 төгрөгийг бодит гарсан хохирол гэж үзээд шүүх гаргуулсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно” гэж заасан зардалтай холбоотойгоор анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Б.Э  нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасныг зөрчсөний улмаас Аникагийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж иргэн С Р М ы амь насыг хохироож Болортуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэл нь хамаарахгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохиролд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд хамаарахгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүх хохиролтой холбоотойгоор үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж гомдлыг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Ж ийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Э д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Э гийн холбогдсон гэмт хэргийн нөхцөл байдал, хэргийн зүйлчлэлтэй холбоотой асуудлыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргаагүй, энэ талаар шүүгдэгч болон хохирогч, прокурорын байгууллагын зүгээс ямар нэг маргаан гараагүй байна.

Харин шүүхүүд Б.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан зарим хохирол буюу 19,550,000 төгрөгийг төлсөн, 14,857,477 төгрөгийг Б.Э  төлөхөө илэрхийлсэн гэсэн үндэслэлээр Б.Э д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан үйлдсэн гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, түүний үндэслэлд тулгуурлаагүй хийсвэр дүгнэлт хийжээ.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтын “..., эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ...” гэсэн нөхцлийн агуулга нь шүүгдэгчийн уг илэрхийлэл бодит байдалтай хэрхэн нийцэж байгаагаар тодорхойлогдох учиртай.

Шүүгдэгч ямар боломжид үндэслэж хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгааг зөвхөн түүний хэлсэн үг, бичиж өгсөн баримт төдий ойлгож, улмаар үүнийг үндэслэн хорих ялаас чөлөөлөх нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, бодитой, хэрэгжихүйц, шударга байдалд нийцсэн байх агуулгыг алдагдуулах бөгөөд шүүхийн шийдвэрээс гарах үр дүн бодит байдалд хэрэгжих боломжтой байх нь түүний заавал биелэгдэх шинжтэй холбоотой байдаг тул анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар заавал дүгнэлт хийвэл зохино.

Энэхүү нөхцөл байдлыг зөв эсхүл буруу үнэлэх нь оногдуулах эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлөх тул энэ талаар огт тайлбар, дүгнэлт хийгээгүй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, зөрчсөн гэж үзнэ.

Дээрх зөрчил нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчил тул шийтгэх тогтоол, түүнийг хэвээр үлдээсэн магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй холбогдуулан хэргийг дахин хэлэлцүүлж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдолд эцэслэн хариу өгөх боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн  49 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд нь буцаасугай.

                                            ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН