Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-10-21
Тогтоолын дугаар 514
Хэргийн индекс 108/2019/0057/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Ч.Н, Ч.Х
Зүйл заалт 21.2.1., 10.1.2
Улсын яллагч О.Сарангэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Ч.Н, Ч.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Ч.Н ын өмгөөлөгч Ш.Сарангэрэл, шүүгдэгч Ч.Хгийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 698 дугаар магадлалтай, Ч.Н, Ч.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Н ын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эрэгтэй, 1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял,

2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял,

2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Х овогт Ч.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ч.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Ч.Х д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ч.Н ыг 15 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н аас 4,513,705 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С т олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Н , түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.Н  гаргасан гомдолдоо “...2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байцаагч Мөнх-Очир, Түвшинтөгс нар надаас байцаалт авахдаа “чи нэг цохисон гэж хэлээд даалтад гар” гээд “Хараа” нэртэй архи уулгаж, анхнаасаа хуурч мэдүүлэг авсан. Талийгаач Жаргалсайханы гэрт Хулангийн хамт гурвуулаа амьдардаг байсан. 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө бид гурвыг унтаж байхад гаднаас А гэх эмэгтэй орж ирээд бид гурав 2 шил архи хувааж уугаад, Хулан бид хоёр Цагдаагийн хэлтэс орохоор гараад А, талийгаач хоёр үлдсэн. Хулан бид хоёр 14 цаг өнгөрч байхад гэрт ирэхэд талийгаач хүнд зодуулсан байдалтай цус болсон, хавирга нь хугарсан байсан. Би түргэн дуудаж, цусыг нь цэвэрлэсэн. Талийгаач эмчид “Дөрвөн хүнтэй архи ууж байхад хоёр нь хашааны мод зарсангүй” гэж зодсон гэж хэлсэн байдаг. Талийгаач бид хоёр зодолдоогүй. Би хүнийг зодоогүй, харин түргэн тусламж дуудаж байхад намайг хүнийг алсан гэж ялласанд гомдолтой байна. Талийгаачтай хамт А, Л мөн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хамт архи уусан байхад тэр эмэгтэй, эрэгтэй хоёр хүнээс мэдүүлэг аваагүй. Гэрчээр А, Л нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч “Олдохгүй байна” гээд хуралд оролцуулаагүй. Иймд талийгаачтай хамт архи уусан хоёр хүнийг дахин шалгуулж, зодсон хоёр хүнийг олох, гэрч А, Л, И нарын худал мэдүүлгийг шалгуулж хэргийг үнэн зөвөөр шийдэх боломж олгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл хэлсэн саналдаа “...Ч.Н ын хяналтын журмаар гаргасан гомдол нь давж заалдах шатны шүүхэд миний гаргасан гомдолтой агуулга нэг байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гэрч Аг болон түүнтэй хамт байсан хүнийг оролцуулах хүсэлтэй байсан боловч оролцуулахгүйгээр хийсэн. Мөрдөн шалгах ажиллагааны үед авагдсан баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэж үздэг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гэмт хэрэг үйлдсэн гэмт этгээд цаана нь үлдчихлээ гэж хардаг. Улсын дээд шүүхэд хэргийг хянан хэлэлцүүлэхээр шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаан шүүгдэгч Ч.Хгийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд нь шүүгдэгч Ч.Хд холбогдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь үнэн зөв тул ямар нэгэн тайлбар байхгүй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Ч.Н ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч Ч.Хгийн хувьд  шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж прокуророос Ч.Хг холбогдуулан “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байна гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.Н  нь “...Энэ хэргийг үйлдээгүй. Өөр хүмүүс гэмт хэргийг үйлдсэн гэдэг боловч Поогоо буюу Сүхбаатар гэдэг хүнээс гэрчийн мэдүүлэг авахад тухайн гэмт хэрэг гарах үед Улаанбаатар хотод байгаагүй, Хэнтий аймагт мал маллаж байсан нь тогтоогдсон. Мөн хэрэг гардаг өдөр Л, А нар хамт архи ууж байсан нь тогтоогдсон боловч талийгаачийг биедээ ямар нэгэн гэмтэлгүй үлдсэн болохыг гэрчилдэг. Мөн шүүгдэгч нь хохирогчийг цохиход толгойгоороо савж унаад цус гараад арчиж байсан талаар Ч.Х мэдүүлдэг, үүнийг Ч.Н  ч мөн өөрөө цохисон гэдгээ хэлдэг. Тухайн нөхцөл байдалд гэрч Б ороод цус арчиж байсныг харсан гэж гэрчилдэг. Иймд шүүгдэгч Ч.Н  нь “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Н ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Ч.Н  нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 14-15 цагийн үед Налайх дүүргийн ...... тоотод суух С.Ж-ы гэрт согтуугаар, хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, баруун 2,3,4,5,6,7,9,10 дугаар хавирганы шууд болон хоёрлосон, шууд бус зөрүүтэй, ...зүүн талын 4,5,6,7,8,9,10,11 дүгээр хавирганы шууд, хоёрлосон болон шууд бус хугарлууд, баруун уушгинд шарх, уушгины хөндийд хий хуралдалт, 2 талын уушгины уналт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, духанд шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи, зүүн шилбэ, баруун тавхайн 1 дүгээр хуруунд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий олон тооны шарх гэмтэл учруулан алсан болохыг тогтоосон дүгнэлт нь үндэслэлтэй болсон бөгөөд ийнхүү хэргийн үйл баримтыг тогтооход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүх Ч.Н ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргээр зүйлчилж, гэм буруутайд тооцон хуульд заасан төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил гарсныг батлах, Ч.Н ыг гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Н ын “...Анхнаасаа намайг хуурч мэдүүлэг авсан. Талийгаачтай хамт архи уусан эрэгтэй, эмэгтэй хоёр хүнээс мэдүүлэг аваагүй. Гэрч Я.И, Ч.А, Ж.Л нарын зөрүүтэй мэдүүлгийг шалгуулах” тухай гомдол нь анхан болон давж заалдах шатны шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг үгүйсгэж, улмаар үүнээс үндэслэн хяналтын шатны шүүхээс шийдвэр гаргуулах агуулгатай байх бөгөөд хяналтын шатны шүүхэд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээ байхгүй юм.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, ... эрхгүй” хэмээн тодорхой заасан тул  шүүгдэгчийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Харин, анхан шатны шүүх хэрэг болох үед болон дараа нь шүүгдэгч, хохирогч нартай хамт байсан Ч.Хгийн “С.Ж нь Ч.Н  бид хоёрыг гэрт нь очиход зодуулсан хэвтэж байсан” гэсэн мэдүүлгийн эсрэг шийдвэр гаргасан атлаа Ч.Х нь удаа дараагийн мэдүүлгээ тогтвортой өгч байсан, мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, эрүүл мэндийн байдлаас хамааралтай зөрүүтэй мэдүүлсэн, гэрчийн аль мэдүүлэг худал болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр  холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь ойлгомжгүй бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Прокуророос Ч.Хг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 14-15 цагийн үед Налайх дүүргийн ...........тоотод байрлах  С.Ж-ны гэрт С.Ж, Ч.Н  нартай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн хамт байхдаа Ч.Н  нь хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн талийгаачийг онц харгис хэрцгийгээр зодож биед нь олон тооны шарх, гэмтэл учруулан алсан гэдгийг мэдсээр байж мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн гэж яллах дүгнэлт үйлдсэн.

Шүүхүүд “Хүнийг алах” гэмт хэрэг гарах үед Ч.Х, Ч.Н , С.Жаргалсайхан нараас өөр хүн байгаагүй, С.Ж-г алах үйлдэлд өөр хүн хамааралтай нь тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийсэн атлаа Ч.Хгийн хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн мэдүүлгийг үнэн, эсхүл худал эсэхэд огт дүгнэлт хийж чадаагүй, хамт байсан Ч.Н ыг нь “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн атлаа Ч.Х тэрхүү нөхцөл байдлын талаар эрс өөр мэдүүлэг өгч байхад яагаад түүний ийнхүү мэдүүлэг өгч байгааг гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн шүүхийн шийдвэрийн хэсэг тодорхойгүй, ойлгомжгүй болжээ. 

Энэ нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тавигдах шаардлага буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтын шаардлагыг хангаагүй зөрчил бөгөөд уг зөрчил нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтын ноцтой зөрчилд хамаарч, шийтгэх тогтоол, магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болж байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалын Ч.Хд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлан анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Н ын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 болон 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 698 дугаар магадлалын тогтоох хэсгээс “Шүүгдэгч Ч.Хд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлан анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж”, “шүүгдэгч Ч.Н т холбогдох хэсгийг хэвээр үлдээсүгэй” гэсэн өөрчлөлт оруулсугай.

2. Шүүгдэгч Ч.Н ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                    ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН