Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-10-21
Тогтоолын дугаар 513
Хэргийн индекс 178/2019/0058/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч И.Б
Зүйл заалт 10.1.1
Улсын яллагч О.Сарангэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

И.Б ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүх, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хяналтын шатны шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар магадлалтай, И.Б ид холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Батсүх нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, эрэгтэй, 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял,

2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Д овогт И-н Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч И.Б ийг хүнийг алсан гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 145 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

шүүгдэгч И.Б  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Д д 11,300,000 төгрөг төлснийг дурдаж, өмгөөлөгчийн хөлс 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Д  нь тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.Б , түүний өмгөөлөгч Б.Батсүх, Б.Хосбаяр нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос хойш давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл шүүгдэгч И.Б  нь 228 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч И.Б , түүний өмгөөлөгч Б.Батсүх нар хамтран гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул гэм буруугийн талаар дараах гомдлыг гаргаж байна.

1.1. Шинжээчийн дүгнэлт тус бүрээр дүгнэлт хийвэл: ...Нас барагч Ц.П  ийн тархины зөөлөн бүрхүүл доогуур сууриасаа эхэлж орой хэсгийг хамарсан маш их хэмжээний тархмал цус харвалт үүссэн байдаг. Ийм цус харвалтын шалтгаан нь даралт ихсэх өвчтэй хүнд эсхүл тархины суурийн хэсгийн артерийн судасны хатуурал, цүлхэн гэх, мэт эмгэгтэй үед судас аяндаа хагарч цус харваж болдог. Цус харвах агшинд хүн босоо байдалтай байсан үед цус харвалтын улмаас унаж хоёрдогч байдлаар биеийн унасан хэсэгт нь цус хуралт, зулгаралт зэрэг үхэлд хүрхээргүй гэмтэл үүсэх бүрэн боломжтой. Үүнийг цус харвалтаас өмнө нь үүссэн гэдгийг шууд ялгах боломжгүй байдаг. Амь хохирогч Ц.П  ид учирсан дээрх гэмтэл нь тархины цус харвалт өвчний улмаас үүссэн үү, гэмтлийн улмаас үүссэн үү гэдгийг гагцхүү эд эсийн шинжилгээгээр тогтоох боломжтой. Гэтэл шинжилгээний 31 дүгээр дүгнэлтийг гаргахдаа тархины эд болон суурийн судаснаас авсан дээжийг эд эсийн шинжилгээнд илгээж шинжлүүлээгүй нь “Нас барагчийн цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийх” журмыг зөрчсөн, таамаглал дутуу, бүрэн гүйцэт биш, эргэлзээтэй дүгнэлт гаргасан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. ...Шинжээчийн 2 дахь удаагийн мэдүүлгээр ...согтууруулах ундаа хэрэглээд тархинд харвалт өгч болно гэдгийг үгүйсгээгүй.

1.2. ...Х.Г аас хураан авсан гэх хувцсанд татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт урагдалт нь юунаас болж үүссэн, ...шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан шүүгдэгч болон амь хохирогч нарын хооронд мөнгө зээлэх, зээлэхгүй гэх хүсэл зоригоос болж маргаан үүссэн, хамт архидан согтуурсан, хамт байсан явдал нь Ц.П   нас барсан үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж дүгнэсэн нь өрөөсгөл юм. Мөн хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр хоорондоо маргалдсан, зодолдсон гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд хэргийн 91-92 дугаар хуудсанд авагдсан гэрч М.Ц ийн мэдүүлэгт анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2-т заасан нөхцөл байдлыг тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, ...гэмт хэрэг үйлдсэн арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх асуудалд анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Б-ийн ...шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн... мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...Мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан” бодит байдалд нийцсэн мэдүүлэг гэж үзэх боломжтой.

1.3. ...79 тоот дүгнэлтээр ...амь хохирогч Ц.П  ийн цогцсоос авсан гэх цусанд 2.6 промилли спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарч байх бөгөөд ...согтолтын хүнд зэрэгтэй этгээд ямар нэгэн байдлаар өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болдог ба энэ үед унах, цохигдох, өөр гадаргуутай зүйлтэй мөргөлдөх тохиолдол түгээмэл байдаг. Гагцхүү шүүгдэгчийн үйлдлээс болж нас барсан нь ямар шалтгаант холбоотой гэдэг нь эргэлзээтэй, нотолж чадаагүй.

1.4. ...321 тоот шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч И.Б ийн биед тогтоогдсон ...гэмтлүүдийг гагцхүү амь хохирогчтой маргалдсан гэж үзсэн нь өрөөсгөл юм.

1.5. ...6628 тоот шинжээчийн дүгнэлтэд “...Талийгаач Ц.П  ийн цогцост хийсэн дүгнэлтээр зулгаралт, цус хуралт, доод уруулын зүүн дотор хэсэгт учирсан язарсан шарх зэргээс цус гарч бусад этгээдийн хувцсанд тогтох бүрэн /цацрах/ боломжтой бөгөөд энэхүү дүгнэлтээр бусад этгээдийн хувцсанд цус илрээгүй нь эргэлзээ төрж байгаа болно.

1.6. ...6627 тоот шинжээчийн дүгнэлтээр... шинжилгээнд ирүүлсэн ариун цэврийн цаасан дээр цус илэрсэн гэсэн ба И.Б  нь “Нүүрэн дээрх батгаа шахахад цус гарсан” гэдгийг ...мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан бөгөөд энэхүү өгсөн мэдүүлэгт эргэлзээтэй зүйл байхгүй.

2. ...Шүүгдэгч ...мөнгө зээлэх хүсэлт гаргасан нь амь хохирогч Ц.П   нас барсан үйлдэлтэй шалтгаант холбоо байхгүй. Өөрөөр хэлбэл И.Б , Ц.П   нарыг хоорондоо маргалдсан, зодолдсон үйл баримт авагдаагүй бөгөөд харин эсэргээрээ тэд автомашин дотор инээлдээд сууж байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсоор байхад мөнгө зээлэх, зээлэхгүй гэснээс үүдэлтэй маргаан болсон гэж шууд утгаар дүгнэлт хийх боломжгүй юм.

...Амь хохирогчийн ...нас барсан байдлыг ...нарийвчлан тогтоох зайлшгүй шаардлагатай байсаар байхад гадны нөлөөтэй нас барсан гэж шууд дүгнэлт хийх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “...гадны нөлөөгөөр, эсхүл сэжигтэй байдлаар нас барсан бол түүний шалтгааныг тогтоох ёстой” гэж заасан ч шалтгааныг тогтоогоогүй.

...Хэрэгт И.Б  нь Ц.П  ийг зодож, цохисон үйл баримт, гэм буруутайд тооцох шууд нотлох баримт байдаггүй. Мөн гэрч нарын мэдүүлгээс шүүгдэгч И.Б ийг буруутгах талын нотлох баримтыг иш татсан боловч гэрч Ц.Цэцэгмаа, М.Ц  нарын мэдүүлэгт дүгнэлт хийгээгүй нь зөвхөн яллах талыг барьсан гэж үзэхээр байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т зааснаар И.Б  нь Ц.П  ийг алсан гэж нотлох баримтаар гарцаагүй нотолж чадаагүй.

3. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, тулган шаардлагад өртөхгүй байх эрхтэй” бөгөөд шүүгдэгч И.Б ийн хувьд мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд тухайн өдрийн үйл явдлыг архи согтууруулах ундаа хэрэглэснээс болж санахгүй байгаагаа илэрхийлснээс биш гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй явдал гэж ойлгож болохгүй юм. Улсын яллагчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж тайлбарласан боловч дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол гэсэн шаардлагын дагуу 12-15 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүнд ялын дээд болон доод хэмжээний 3/2-оос багагүй ял оногдуулж болох зохицуулалтыг хууль тогтоогч хуульчилсан. Анхан шатны шүүх шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж байсан боловч хохирол нөхөн төлсөн үндэслэлээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн атлаа дээрх хуулийн заалтад заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжгүй гэж дүгнэж урьд гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн дүгнэлтээ үгүйсгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх бөгөөд шийтгэх тогтоол, магадлалд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, И.Б ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүх хэлсэн саналдаа “...Шүүгдэгч И.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдыг санаатай алсан гэж анхан болон давж заалдах шатны шүүх ял оногдуулсан. Өмгөөлөгч анхнаасаа шинжээчийн 31 тоот дүгнэлт бүрэн биш гарсан гэсэн байр суурьтай байсан бөгөөд шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах агуулгатай шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан. Нас барагчийн үхлийн гол шалтгаан нь тархины цус харвалт гэсэн байдаг. Цус харвалтыг гэмтлээс үү, өвчний улмаас уу гэсэн шалтгааныг тогтоогоогүй. Өмнөх шинжилгээнд нас барагчийн тархи, элэг, бөөр, уушиг, зүрх, нойр булчирхай, дэлүүг нь авчирсан байсан тул нарийн шинжилгээнд оруулж гэмтлийн шалтгааныг тогтоох бүрэн боломжтой байсан. Мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд зөвхөн яллах талын нотлох баримтыг үндэслэн ял шийтгэл оногдуулсанд шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байдаг. Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч болон амь хохирогч нарын хооронд мөнгө зээлэх, зээлэхгүй гэсэн талаар маргаан болсон гэж дүгнэсэн. Гэрч Х.Г ын мэдүүлэгт “Шүүгдэгч унаж явсан автомашинаа барьцаалаад 4,000,000 төгрөг зээлж авья” гэсэн нь харилцан тохиролцоо байснаас биш нэг нэгэнтэйгээ маргалдах, зодолдох хэмжээнд хүрээгүй юм. Мөн бусад гэрчүүдийн мэдүүлгийг яллах талаас нь үндэслэлээ болгосон. Шүүгдэгч болон амь хохирогч нарын хооронд тухайн цаг хугацаанд ямар нэгэн маргаан болоогүй. Гэрч Цагаанцоож “...Хэрвээ маргаан гарч хашгирч зодолдсон бол сонсох боломжтой байсан” гэж мэдүүлдэг. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс гэрч Цэцэгмааг оролцуулахад Ц нь “...Тухайн үед ямар нэгэн зодоон болоогүй” гэдэг. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн удаа дараагийн дүгнэлтүүд гарсан бөгөөд Г-н хувцсанд татаж чангаах хүчний үйлчлэлээс үүдэж урагдал үүссэн байхад энэ урагдал яагаад үүссэн талаар шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Шүүгдэгч нь 2,6 хувийн согтолттой байсан. 2,5 хувиас дээш согтолттой бол хүн өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болдог. Тэгэхээр шүүгдэгч, амь хохирогч нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас газар унах, юм мөргөх үр дагавар үүсэх боломжтой. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч И.Б ид холбогдох хэргийг шүүх мөрдөн байцаалтад авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хэргийн үйл баримтыг тогтоож, И.Б ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гарсан гэсэн агуулгатай гомдол гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн улмаас цус хуралт үүсэж, үүний улмаас нас барсан гэж тогтоосон. Тухайн цаг хугацаанд шүүгдэгч, амь хохирогч хоёр байсан. Ганмягмар тэднээс сүүлд салаад явсан талаар мэдүүлсэн. Тэгэхээр энэ хэрэг нотлогдон тогтоогдсон тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч И.Б , түүний өмгөөлөгч Б.Батсүх нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн И.Б ид холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс И.Б ийн Ховд аймгийн Мөст сум, Хужирт багийн нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.П  той маргалдаж, улмаар түүний амь насанд аюултай гэмтэл учруулж алсан нөхцөл байдлыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн тогтоож, хийсэн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон, ийнхүү үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил гаргаагүй байна.

Хоёр шатны шүүх И.Б ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, гэм буруутайд тооцон хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил гарсныг батлах, И.Б ийн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт хавтаст хэргийн материалд тогтоогдоогүй болно.

Хэргийн тогтоогдсон нөхцөл байдал болон хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудад дүгнэлт хийхэд, хохирогч Ц.П   амь насаа алдах тэр цаг хугацаа, орон зайд И.Б той хамт байсан, тэдний хооронд маргаан үүсэх нөхцөл байдал бий болсон, И.Б , Ц.П   нартай хамт архи ууж байгаад салж явсан Х.Г  “салах үед Ц.П  ийн бие махбодид ямар нэг гэмтэл” байгаагүй, Ц.П   нь И.Б той хамт байсан гэх тухайн газарт өөр хүн байсан нь тогтоогдоогүй, И.Б  нь тархиндаа гадны нөлөөтэй гэмтэл авч нас барсан зэрэг нөхцөл байдлаас Ц.П  ийн үхэл И.Б ийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой “Хүнийг алах” гэмт хэрэг мөн гэсэн дүгнэлт хийсэн нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн нотлох баримтын хүрээнд хангалттай учир шалтгаантай, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт болсон байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь “...И.Б  нь хүнийг санаатай алсан нь нотлох баримтуудаар нотлогдоогүй. Гэрч Х.Г ын хувцсанд үүссэн урагдалд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, Ц.П   нь гэмтлийн улмаас цус харвасан уу, өвчний улмаас цус харвасан уу гэдгийг тогтоож чадаагүй” гэж анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл баримтын дүгнэлттэй маргаж, уг дүгнэлтийг үгүйсгэснээр хэргийг хэрэгсэхгүй болгуулах агуулгатай гомдол гаргасан нь хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, ... эрхгүй” хэмээн тодорхой заасан тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтүүд, түүнийг гаргасан шинжээчийг байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдсөн талаарх үндэслэлтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эдгээр нотлох баримтуудыг үнэлж гарсан шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч И.Б , түүний өмгөөлөгч Б.Батсүх нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч И.Б , түүний өмгөөлөгч Б.Батсүх нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                              ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН