Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-10-23
Тогтоолын дугаар 536
Хэргийн индекс 105/2019/0578/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч С.Б
Зүйл заалт 22.12.1.
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

С.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч С.Б , түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 579 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 660 дугаар магадлалтай, С.Б од холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1963 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, А овогт С-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Б ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, С.Б од холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн прокурорын газарт буцааж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Б , түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нар хамтран гаргасан гомдолдоо “...Магадлалаар хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан шаардлагад нийцүүлэн яллах дүгнэлтийг дахин үйлдүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 39.5 дугаар зүйл, 39.6, дугаар зүйл, 39.7 дугаар зүйл, 39.8 дугаар зүйлүүдийг бүхэлд нь зөрчсөн гэж үзэж хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Үүнд:

1. Магадлалын 2 дахь заалтад “...улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж заасан атлаа 1 дэх заалтаар цагаатгах тогтоолыг мөн хүчингүй болгож, прокурорт буцаасан нь ...магадлал агуулгын хувьд эрс зөрчилтэй ба ...цагаатгах тогтоол нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлүүдийн ямар заалтыг зөрчсөн талаар огт дүгнэлт хийлгүй хуульд заасан дээрх журмыг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, зөрчсөн гэж үзэж байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Гомдол, эсэргүүцлийг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх” гэж заасан байхад прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон атлаа мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн, энэ заалтад анхан шатны шүүхээр дамжуулж, прокурорт буцаах гэсэн ямар ч заалт байхгүй байхад хуульд заагаагүй, байхгүй зүйлийг зохион хэрэглэсэн гэж үзэж эс зөвшөөрч байна.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хамгийн гол бүрэлдэхүүн /обьектив тал/ нь “үлэмж хэмжээний хохирол” заавал учирсан байхаар заасан ба эд хөрөнгийн үнэлгээгээр /хх1-165-170/ 393,000,000 гэж тогтоосон бөгөөд яллагдагчаар татсан тогтоолд нийт хохирлыг 357,624,428 төгрөгөөр тооцсон нь С.Б ын хувьд хохирол учруулсан байдлыг шууд үгүйсгэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримталбал эдийн засгийн үнэлгээгээр биет байдлаар байгууллагын үндсэн хөрөнгөд байгаа эд хөрөнгийг хохиролд тооцох ямар ч хуулийн үндэслэл байхгүй.

Энэ хэргийн хувьд өр барагдуулах үйл ажиллагааг нь хохирлоос хамаарахгүйгээр гэмт хэрэг гэж тооцоод яллах гэж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үлэмж хэмжээний хохирол учруулсан байх гол шинжийг хангахгүй байхад зөвхөн үйл ажиллагааг гэмт хэрэгт тооцож байгаа гэсэн ойлголт байх тул эс зөвшөөрч байна.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасан.

Нийслэлийн прокурорын газарт хэргийг буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна гээд гомдлын үндэслэлээ дахин тайлбарлаж, прокурорын ажиллагааг дахин хийлгэх гээд байгаа нь эрх зүйн байдлыг буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Гомдол, эсэргүүцлийг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх” гэж заасан. Тэгэхээр уг заалт нь давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо прокурорын эсэргүүцлийг давхар хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь зөрчил болчихоод байгаа юм. Хэрвээ прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлах байсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг заасан бөгөөд анхан шатны шүүхээр дамжуулан хэргийг прокурорт буцаах эрх хэмжээ байхгүй тул хуулийг жишиг маягаар хэрэглэж болохгүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хамгийн гол бүрэлдэхүүн нь үлэмж хэмжээний хохирол учирсан байхыг шаардана. Шүүхийн цагаатгах тогтоол гарсан гол учир нь эдийн засгийн үнэлгээгээр 393,000,000 төгрөг нь байгууллагын үндсэн хөрөнгөд авагдаад энэ байгууллагад хохирол учраагүй байна.

Хохирол нь 357,624,428 төгрөг гэж тогтоосон гэдэг. Гэтэл шүүгдэгч нэг төгрөг ч аваагүй. Харин өр барагдуулах бизнесийн үйл ажиллагаа явагдсан байдаг. Гадны байгууллагаас авч чадахгүй байсан өр төлбөрийг байгууллагад хэрэгцээтэй зүйлээр сольсон энэ үйл ажиллагааг буруутгадаг. Гэтэл нөхцөл байдлаас үзэхэд байгууллагад 36, 37 сая төгрөгийн ашигтай харагддаг. Тэгэхээр магадлал агуулгын хувьд зөрчилтэй, хуулийг тайлбарлаж хэрэглэхэд эргэлзээ гарахад ашигтайгаар тайлбарлах байдал байхгүй болж, харин ч яллах талаас прокурорын чиг үүргийг нь хэрэгжүүлэхээр заасан.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн гомдол гаргасан” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх С.Б од холбогдох хэргийг хянан хэлэлцээд цагаатгах тогтоол гаргасан. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянаад прокурорт буцаасан магадлал гаргасан. Прокурорын зүгээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийн аль аль нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хохирол учраагүй гэсэн ганцхан дүгнэлт хийж цагаатгасан байдаг. Өөрөөр хэлбэл улсын яллагчийн яллаж байгаа баримтыг няцаасан хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон атлаа хэргийг прокурорт буцаасан.

Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч яллаж байгаа үндэслэлээ тайлбарлаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн няцаан үгүйсгэсэн дүгнэлтүүдээр хэргийг шийдвэрлэх боломжтой. Иймд яллах дүгнэлтийг дахин үйлдүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Б , түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн М.Батболдод холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос С.Б ыг “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хооронд ажиллахдаа дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж “Б” ХХК-д ашиглагддаггүй техникийн сэлбэг 68 ширхэг втулкийг нэр бүхий өртэй байгууллагаас өрөнд суутган тооцож авсан,

Өөрийн хамаарал бүхий компанийн 12 сая төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг 16 сая төгрөгөөр “Б” ХХК-д борлуулсны улмаас “Багануур-Илч” ХХК-д нийт 356,833,475 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг жагсаан бичээд энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б ын холбогдсон гэмт хэрэг, “Б” ХХК-д хохирол учирсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Б ыг цагаатгаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх  прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх прокурор С.Б ыг яллаж буй 49 нотлох баримтыг шинжлэн судалсан атлаа ямар нотлох баримттай харьцуулж, няцаан үгүйсгэж байгаа дүгнэлтээ хийгээгүй гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, харин яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтын шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд яллах талын нотлох баримтыг ямар нотлох баримттай харьцуулахад үгүйсгэгдэж, яллах гэж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг, заалт ямар хууль зүйн үндэслэлээр няцаагдаж байгаа талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй байх тул уг цагаатгах тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэв.

Тухайлбал, яллах талын нотлох баримт бүрийг болон тэдгээрээс урган гарсан агуулга, үндэслэлийг хэрхэн, юугаар няцаасан, улмаар хууль, эрх зүйн ухамсрыг удирдлага болгож хууль хэрэглээний ямар дүгнэлтэд хүрсэн нь шүүхийн шийдвэрт огт тусгагдаагүй байна.

Шүүхээс цагаатгах тогтоол гарсан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан агуулга, үндэслэлүүдийг тодорхой илэрхийлсэн байхыг шаардах бөгөөд үүнийг хангаагүй тогтоол, шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтын дагуу ноцтой зөрчилд хамруулан үздэг тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзлээ.

Харин, давж заалдах шатны шүүх прокурорын яллах дүгнэлтийг хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэхдээ зөвхөн хуулийн заалт иш татсанаас бус шийдвэрийн агуулга, үндэслэлийн талаар тодорхойгүй дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан байна.

Энэ тохиолдолд яллах дүгнэлтийн аль хэсэг, хуулийн ямар заалт, шаардлагад нийцэхгүй байгааг тодорхойлж байх нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой байх хуулийн шаардлагыг хангадаг тул магадлалын энэ хэсгийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 579 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 660 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 579 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд нь буцаасугай.” гэж, 3 дахь заалтыг “Хэрэг шүүхэд очтол С.Б од авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, магадлалын 2 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч С.Б , түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.                       

                                         ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                         ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН