Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-09-16
Тогтоолын дугаар 392
Хэргийн индекс 187/2019/0079/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Г.А
Зүйл заалт 27.10.4.1., 27.11.1.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Г.А-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогчийн өмгөөлөгч Ц.Монгол, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 406 дугаар магадлалтай, Г.А-д холбогдох 1803008200430 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч Ц.Монгол нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто гридрийн операторч мэргэжилтэй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, С овогт Г-ын А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний амь нас хохирох”, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаах” гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.А-г  автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 4 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1,350,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, торгох ялыг 90 хоног буюу 3 сар хорих ял болгон дүйцүүлэн тооцож, хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 4 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Г.А-гаас гэм хорын хохиролд 20,079,277 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 58,249,473 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын шүүгдэгч Г.А-гаас 20,079,277 төгрөг төгрөг гаргуулахаар заасан хэсгийг 1,504,778 төгрөг болгож, нэхэмжлэлээс үлдэх 72,824,971 төгрөгийг хангахгүй орхисон өөрчлөлтийг оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч Ц.Монгол нар хамтран гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.3 дугаар зүйлийг буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэх замаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Г.А-гаас гаргуулсан тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 13,574,499 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Энэ нь гэм хор учруулсны төлбөр бөгөөд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т зааснаар хохирогч Б.Ц-ын төрсөн хүү Ц.Х-од олгох хууль зүйн бүрэн үндэслэлтэй. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хохирогчийг эрхийг хөсөрдүүлж байгаад туйлын их гомдолтой байна. Авто ослын гэмт хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирч гэр бүл үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь нөхөж баршгүй хүнд уй гашуу, гарз тохиолдож, улмаар эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар өмгөөлөгч авч өмгөөллийн зардлыг төлж байгаа нь энэ гэмт хэрэгтэй шууд шалтгаант холбоотой болох нь тодорхой байхад давж заалдах шатны шүүх өмгөөллийн зардлыг хассан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ төрлийн хэрэгт өмгөөлөгчид 5-10 сая төгрөгийн гэрээ хийдэг байхад өмгөөлөгч нь зөвхөн зардалд зориулж 1 сая төгрөгийн гэрээ хийсэн, түүнийг нь анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн байтал давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Г.А гэгч хохирогчийг дайрч амь насыг нь хохироогоогүй бол бидэнд өмгөөлөгч авах шаардлага гарахгүй байсан. Энэ нь хохирол мөн. Үүнд хяналтын шатны шүүх зохих дүгнэлт хийнэ гэдэгт найдаж байна. Шүүхийн практикт ийм төрлийн гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн өмгөөллийн зардлыг шүүх хангаж шийдвэрлэдэг. Г.А нь согтуугаар хохирогчийн амь насыг бүрэлгээд хэргийн газраас оргон зайлсан, 2 гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг барагдуулахаас элдвээр зайлсхийсэн байхад түүнд оногдуулсан ял хөнгөдсөн байна. Энэ нь шүүх гэмт этгээдүүдийг согтуугаар машин жолоодохыг өөгшүүлсэн ялыг нь хөнгөрүүлсэн, ялын бодлогод нийцээгүй хөнгөн шийтгэл оногдуулсан тул ялыг хүндрүүлэхээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон сэтгэл санааны хохирол 50 сая, машины лизингийн үлдэгдэл 4,8 сая, шашны зан үйлтэй холбоотой 2,5 сая төгрөгийн зардлыг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Монгол хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 13,574,499 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тайлбарлахдаа гэр бүлийн 3 гишүүд нь хөдөлмөрийн чадвартай гэж үзсэнд гомдолтой байна. Тэжээгч алдсаны тэтгэмжийн зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нэхэмжилсэн. Шүүгдэгчийн буруутай үйлдлээс болж хүний амь нас хохирсон байдаг. Прокуророос талийгаачийн эхнэрийг биш эгчийг нь хууль ёсны төлөөлөгчөөр томилсон нь буруу гэж үзэж байна. Талийгаачийн эгч нь шүүгдэгчээс 10 сая төгрөг авсан атлаа эхнэрт нь 2 сая төгрөг өгсөн байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Авто осол гарахад амь хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байна.  Хохирогч хүнд зэргийн согтолттой байсан. Шүүгдэгч Г.А согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, хэргийн газрыг зориуд санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүх шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан байна.  Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч Ц.Монгол нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Г.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Г.А нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 04 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Яармагийн гүүрний хойд замд “Тоёота премио” загварын 33-29 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авах, мөн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7 дахь заалт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосныг зөрчсөнөөс явган зорчигч Б.Ц-ын амь насыг хохироосон,

Мөн дүрмийн 2.5.а, б, в-д заасан осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ зогсоож ослын газрыг хамгаалах, осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх талаар авах арга хэмжээг аваагүй, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, иртэл хүлээх заалтыг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.А-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн талаар дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх хохирогчийн гаргасан иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ дараах алдаануудыг гаргасан байна.

Анхан шатны шүүх нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджийг тогтоохдоо нас барагч таксины үйлчилгээ эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэж байсан талаар иргэний нэхэмжлэгч мэдүүлсээр байхад нотлох баримт гаргах эрхээ эдлэх боломж нөхцөлөөр хангахын оронд эцсийн арга хэмжээ болох иргэн орлогогүй үед тооцох аргачлалаар буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон, ингэж тооцохдоо гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг суурь болгон авсан, хөдөлмөрийн чадвартай этгээдэд оногдох хэсгийг хасаагүй зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаж залруулсан боловч иргэний нэхэмжлэгчид орлогоо нотлох боломж олгох, аль цаг хугацаатай уялдуулж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сонгох талаар зөв дүгнэлтийг хийгээгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах торгох ялын хэмжээ, учруулсан хохирлын дүнг тогтоохдоо эдгээр ойлголтууд нь гэм буруутай хамааралтай байдаг учир гэмт хэрэг үйлдсэн үеэр тооцох нь зөв бөгөөд харин асран хамгаалалтад байгаа хүнийг тэжээн тэтгэх шаардлагатай холбоотой иргэний эрх зүйн гэм хорын нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг шийдвэрлэж орлогын хэмжээг тогтоохдоо тэжээн тэтгэх цаг хугацаатай уялдуулж авч үзэх нь зүйтэй.

Тэтгэврийн мөнгөн хөрөнгийг зарцуулах шаардлага нь ирээдүйд бий болох байвал шүүхийн шийдвэр гарч буй цаг хугацаагаар орлогыг тооцож нэг дор эсхүл сар тутам төлүүлэхээр шийдвэрлэж болно. Шүүх төлбөр авагчийн хүсэлтээр мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан төлбөрийн үнийн дүнг тухай бүр өөрчлөн тогтоож болохоор хуульд заасан бөгөөд энэ нь тэжээн тэтгэх цаг хугацааг чухалчлан үзэж буй хууль тогтоогчийн санаа юм. Ийнхүү орлогын эх үүсвэр тогтоогдоогүй тохиолдолд амь хохирогчийн олох байсан орлогыг гэмт хэрэг гарсан үе бус шүүхийн шийдвэр гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож гаргах нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг бодитой сэргээж буй хэрэг гэж үзнэ.

Үүнээс гадна давж заалдах шатны шүүх тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү 13,574,499 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөрүү гараагүй үндэслэлээр хүчингүй болгосон атлаа иргэний журмаар жич нэхэмжлэх 72,824,971 төгрөгөөс хасаж тооцоогүй, мөн энэ үнийн дүнг хангахгүй орхисон тохиолдолд хэрэгсэхгүй болгох атал жич нэхэмжлэх эрхтэйгээр тогтоосон зэрэг хууль хэрэглээний алдаануудыг гаргажээ.

Эдгээрээс шүүгдэгч Г.А-гийн гэм бурууг тогтоосон, ял шийтгэл оногдуулсан, бусад хохирол нөхөн төлүүлсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг хөндөхгүйгээр тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг тооцож гаргуулсан шийтгэх тогтоол болон түүнийг хүчингүй болгосон, магадлалын хэсгийг хүчингүй болгож иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тусад нь шийдвэрлүүлэхээр тогтов.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх 20,079,277 төгрөгийн нэхэмжлэлийг хангасан байх бөгөөд уг үнийн дүнгээс тэжээгч алдсаны тэтгэврийн зөрүү болох 13,574,499 төгрөгийг 72,824,971 төгрөгт багтаан жич нэхэмжлэх тул хасч давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлсөн 4,000,000 төгрөгийг мөн хасч, үлдэх 2,504,778 төгрөгийг гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын нэхэмжлэлээс үлдэх 72,824,971 төгрөгийг хангахгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэхээр эрхтэй болохыг дурдсанаас бусад өөрчлөлтийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд тэжээгч алдсаны тэтгэврийн зөрүү 13,574,499 төгрөгийг гаргуулахгүй талаар тодорхойлох хэсэгт заасан боловч тогтоох хэсэгт хасаж тооцоогүй учир жич нэхэмжлэх төлбөрийн хэмжээ 72,824,971 төгрөг өөрчлөгдөхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч Ц.Монгол нарын гаргасан гомдлыг хэсэгчлэн хангасан өөрчлөлтийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “20,079,277 төгрөг” гэснийг “2,504,778 төгрөг” гэж өөрчилж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 406 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “нэхэмжлэлээс үлдэх 72,824,971 төгрөгийг хангахгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэхээр эрхтэй болохыг дурдсугай” гэснээс бусад өөрчлөлтийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН