Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-09-16
Тогтоолын дугаар 393
Хэргийн индекс 167/2019/0075/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Д.Б
Зүйл заалт 17.1.2.1.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Д.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 78 дугаар цагаатгах тогтоол, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаар магадлалтай, Д.Б-д холбогдох 1819003120062 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын замчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Б овогт Д-ын Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүн амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Б гаргасан гомдолдоо “Миний хувьд бусдын эзэмшилд нэвтэрч эд зүйл хулгайлснаа зөвтгөж гомдол гаргаж байгаа асуудал биш юм. Анхан шатны шүүхээс цагаатгасан үндэслэл нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмын дагуу хамгийн гол нь гэмт хэргийн нийгмийн аюул нь гэм буруугийн хэлбэр болон учруулсан бодит хор уршгийн хэмжээгээр тодорхойлогдоно гэж дүгнэсэн. Энэ дүгнэлт нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, хүний эрхийг хангасан дүгнэлт болсон. Хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай ч миний бие шударга шүүх хүний эрхийг дээдэлдэг юм байна гэж гэм буруугаа ойлгож ухаарахдаа баярлаж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “... хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч...” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирлын хэмжээ хамаарахгүйгээр орон байранд нэвтэрсэн гэж хүндрүүлэхээр заасан ч миний бусдад учруулсан хохирлын хэмжээ, тухайн караокегаас авсан зүйлийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдэл гэж дүгнэсэн анхан шатны дүгнэлт үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Миний бие хулгайн хэрэгт холбогдож цагдаагийн байгууллагад шалгагдаж шүүх хуралд улсын яллагчийн зүгээс хорих ялын санал сонсож байхдаа өөрийгөө буруутгаж байснаас бусдыг буруутгаж байсангүй. Тиймээс хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулж бусдад төлөх төлбөргүй болсон. Ингээд шүүх хурал болж хэдийгээр бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн боловч анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримталж, шүүхийн энэрэнгүй, хүний эрхийг дээдэлсэн шийдвэр гаргахад хагартал баярлаж шүүх надад ийм боломж өгч байхад би цаашид зөв амьдрах ёстой гэсэн итгэлээр өөрийн зан ааш хандлагаа өөрчлөх зорилт тавин амьдарч байна. Иймд хүний эрх, шударга ёсыг дээдэлсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн боловч шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирол шаардахгүйгээр хүндрүүлэхээр хуульчлагдсан байтал шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь үндэслэлгүй байна. Харин давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Б-ийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Налгар хайрхан” караокены цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж иргэн Э.О-т 51,550 төгрөгийн хохирол учруулсан хэмээн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ нь нийгмийн аюулын шинж чанарын хэр хэмжээгээр ялимгүй бөгөөд гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж дүгнэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Учир нь бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн үйлдсэн тохиолдолд учруулсан хохирлын хэмжээнээс үл хамаарч, тухайн шинжээр нь хүндрүүлэн үзэхээр Эрүүгийн хуульд салаа утгагүй, агуулга эргэлзээгүй заасан байхад шүүх хууль тогтоогчийн санааг сөргүүлэн тайлбар хийсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хулгай хийх зорилгоор орон байр, агуулахад нэвтрэхийг иргэний хуулиар хамгаалагдсан эрх ашигт ноцтой аюул занал учруулсанд тооцох нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт тусгасан зарчим тул энэ хэргийн бодит хохирол, хор уршиг нь хулгайлсан эд зүйлийн үнийн дүнгээр тодорхойлогдохгүй. Энэ тохиолдолд нийгмийн хор аюулаар ялимгүй үйлдэл, эс үйлдэхүйн тухай ойлголтыг шүүх авч үзэхгүй ба хулгайлсан эд хөрөнгийн үнийн дүнгээс үл хамааран хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгайлах гэмт хэргээр зүйлчилнэ. Шүүхийн хууль тайлбарлах үйл ажиллагаа нь хуульд шинэ хэм хэмжээ тогтоох, эсхүл эсрэг зохицуулалт үүсгэх байдал руу хэрхэвч хальтарч болохгүй билээ.

Шүүгдэгч Д.Б-ийн хулгайлах гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээний хохиролд хүрэхгүй боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, насанд хүрсэн хүний хувьд өөрийн үйлдлийн улмаас учрах хохирол, хор уршгийг ухамсарлах боломжтой, караокены цонхоор нэвтрэн орохдоо бэлэн мөнгө хулгайлах зорилготой байсан боловч мөнгө байхгүйн улмаас архи, пиво эд зүйлийг хулгайлсан зэрэг үйлдлийг ялимгүй гэж үзэх боломжгүй байна.

Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэв.   

Иймд шүүгдэгч Д.Б-ийн гаргасан “магадлалыг хүчингүй болгох” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН