Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-09-23
Тогтоолын дугаар 421
Хэргийн индекс 187/2019/0243/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Г.А
Зүйл заалт 27.10.2.1., 27.11.1.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Г.А-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 261 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 516 дугаар магадлалтай, Г.А-т холбогдох 1903000180096 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Баасанбатын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г-ын А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэх”, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.А-ыг  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 3 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр зааж, хорих болон торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Баасанбатын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Баасанбат гаргасан гомдолдоо “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй...” хэмээн хуульчилсан байхад түүний мэдүүлгийг шийтгэх тогтоолын үндэслэл болгон дүгнэж, улмаар согтолтын зэргийг хуульд заасны дагуу шалгаж тодруулаагүй боловч тодорхой хэмжээнд согтуу байсан хэмээн таамаглан дүгнэж хууль буруу хэрэглэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй...” гэсэн хуулийн заалтыг зөрчиж согтолтын хэмжээг тогтоосон нотлох баримт хавтаст хэрэгт огт авагдаагүй байхад тодорхой хэмжээнд согтуу байсан гэж дүгнэсэн нь энэхүү хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна. Мөн шийтгэх тогтоолд “...Шүүгдэгчийн үйлдсэн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хэдийгээр гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг боловч тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утсыг гарны оролцоотойгоор ашиглахгүй гэсэн заалтуудыг мэдсээр байж санаатай зөрчиж, тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа осол гаргаж, ослын газрыг санаатай орхиж зугтаасан байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй байна... ” гэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно... ” гэж тодорхой хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл түр зогсохыг хориглосон газар зогсож байсан тээврийн хэрэгслийг мөргөж хохирогч Ж.Т-ын биед хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ...” бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй... ” гэж хууль буруу хэрэглэн шийтгэх тогтоол гаргажээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчилсан байна. Гэтэл шүүгдэгч Г.А нь “Термо Энержи” ХХК-нд сантехникийн инженер ажилтай хөдөлмөрч, шаргуу байдлаараа хамт олноо манлайлан ажилладаг, тус компанид ажиллаж байх хугацаандаа 2016 онд Нийслэлийн тэргүүний ажилтан залуу алтан медаль, 2017 онд байгууллагын хөдөлмөрийн аварга ажилтан болж 2 өрөө орон сууцаар шагнуулж байсан шилдэг ажилтан байхаас гадна хүнд өвчтэй эцгээ асран хамгаалж, тэжээн тэтгэж хамт амьдардаг хүү нь байсан бөгөөд эдгээр хувийн байдлыг мөрдөгч, прокурорын зүгээс тогтоогоогүйгээс ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бий болгож чадаагүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт Г.А мэдүүлэхдээ “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өвчтэй аавыгаа асардаг, манай аав байнгын эмнэлгийн хяналтад байдаг, өрхийн бүртгэл дээр ам бүл 3 гэсэн боловч аавтайгаа хоёулаа амьдардаг...” талаараа тодорхой мэдүүлсэн байх боловч эдгээр хувийн байдалтай холбоотой ажиллагааг мөрдөгч, прокурорын зүгээс хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйтэй шууд холбоотой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ” гэж хуульчилсан бөгөөд улсын яллагчийн яллах дүгнэлтэд яллагдагчийн гэм бурууг нотлохдоо гэрч Даваадорж болон яллагдагчийн өөрийн мэдүүлгийг үндэслэн Г.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн зүйлчлэн ирүүлсэн хэрэгт шүүх эрх зүйн талаас нь үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх дээрх мэдүүлгийг үндэслэн тодорхой хэмжээнд согтуу байсан болох нь тогтоогдож байна хэмээн дүгнэсэн байх боловч Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалаар “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ыг баталсан бөгөөд уг журмын 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ гэжээ. Гэтэл яллагдагчийн согтуурлын хэмжээ хэдэн хувьтай байсан, тухайн архинаас хэдэн граммыг хэрэглэсэн болохыг тогтоож чадаагүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх байтал шүүх хууль буруу хэрэглэн Г.А-ын эрх зүйн байдлыг дордуулж ял шийтгэлийг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа “... Хууль тогтоогчоос яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан хэдий ч... яллагдагч Г.А-ын мэдүүлгээр Г.А- нь тухайн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан болох нь тогтоогджээ... ” хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй юм. Түүнчлэн магадлалд Г.А-ын “...согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоогүй, архинаас амсах төдий л болсон ...” гэсэн мэдүүлгээс үзвэл тэрээр үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь эргэлзээтэй байхын зэрэгцээ нэгэнт тогтоогдсон хэргийн үйл баримтыг үгүйсгэх байдлаар мэдүүлж байгааг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, энэрэнгүй ёсны зарчмыг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 3-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Г.А-ын хувьд мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд анхнаасаа нэг л мэдүүлэг өгч ирсэн бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгчээс хэр их уусан юм гэсэн асуултад жоохон л уусан гэж хариулсан нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Нөгөө талаар давж заалдах шатны шүүх шалгаж тогтоох ажиллагаа хийгдэх боломжгүй байсан гэж дүгнэсэн атлаа нэгэнт тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэсэн хэмээн ял шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг харгалзан  Г.А-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн зам буюу Буян-Ухаа 1 хорооллын урд замд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 20 цаг 10 минутын үед “Субару форестер” загварын 45-23 УБУ улсын дугаартай тээврийг хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.5 а, б, в, г, 3.7, 12 дугаар зүйлийн 12.3 дэх хэсгийг зөрчсөний улмаас “Ниссан Икс трайл” загварын 87-73 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, тээврийн хэрэгслээс буугаад зогсож байсан зорчигч Ж.Т-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон байна. Шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн учраас хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Баасанбатын гаргасан гомдлыг үндэслэн Г.А-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Г.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн зам буюу Буянт-Ухаа 1 хорооллын урд замд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 20 цаг 10 минутын үед “Субару форестер” загварын, 45-23 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: д/ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашиглана” гэж, 12 дугаар зүйлийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас “Ниссан икстрайл” загварын, 87-73 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг болон уг тээврийн хэрэгслээс буугаад зогсож байсан зорчигч Ж.Т-ыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан зам тээврийн осол гаргасан,

Мөн дүрмийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ; а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх, болон жолооны үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог, нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авна” гэж заасныг зөрчиж, авто тээврийн осол хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.А-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Баасанбат нь шүүгдэгч Г.А-т оногдуулсан хорих ялыг тэнсэж өгөхийг хүссэн агуулгатай гомдол гаргасан байна.

Шүүгдэгч Г.А-ын үйлдсэн гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэм хэргийн ангилалд багтах боловч мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” зэрэг шаардлагыг хангасны үндсэн дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр заажээ.

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.А- нь согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Ж.Т-д эмнэлгийн тусламж үзүүлэлгүйгээр хэрэг гарсан газрыг зориуд орхиж зугтаасан зэрэг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ял нь үйлдсэн гэмт хэргийн  хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж дүгнэлээ. 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Баасанбатын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 261 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 516 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Баасанбатын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН