Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-09-25
Тогтоолын дугаар 428
Хэргийн индекс 188/2018/0105/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Т.М
Зүйл заалт 21.2.1.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Т.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 44 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 500 дугаар магадлалтай, Т.М-д холбогдох 1807002160063 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Т-ын М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэгт холбогджээ.

Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Т.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгон, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад орших бөгөөд хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ дагуу прокурор, шүүх аль аль нь Т.М-д холбогдох хэргийг бүтэн 1 жил болоход эцэслэн шийдвэрлэхгүй байгааг миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчин чирэгдүүлж, хууль хэрэглээний алдаа гаргалаа гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх магадлалын тодорхойлох хэсэгтээ дүгнэлт болгосон “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй, “гэмт хэргийг хэзээ үйлдсэн байдлыг тогтоон яллаагүй, ...мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг танилцуулж үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээж мэдүүлэг өгөхдөө гэж тодорхойлсон нь ойлгомжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг танилцуулан, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээлгэх хууль зүйн зохицуулалт байхгүй..., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасныг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй..., хэргийн материалыг яллагдагч Т.М-д биш Халиунаа гэх хүнд танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж тус дүгнэсэн. Дээрх дүгнэлтээр Т.М-г прокурор яллагдагчаар татаж шалгасан атал хуулиар хүлээсэн эрхээ хэрэгжүүлж, үүргээ биелүүлээгүйг давж заалдах шатны шүүх буруутгасан мөртлөө алдаагаа зас гэж прокурорт буцааж байгаа нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэхгүй, нэгэнт л прокурор хууль зөрчсөн учир Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүйг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн заалтыг хэрэглэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагаатгах хангалттай үндэслэл тогтоогдож байна гэж үзэж шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр гомдол гаргаж байна. Мөн Б.Б-д холбогдох 20171080221 дугаартай хэрэгт Б.Б гэрч нарт хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсныг дурдах нь зүйтэй. Иймд магадлалыг хүчингүй болгож, Т.М-д холбогдох хэргийг “зориуд худал мэдүүлэх гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулж хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Т.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж гарын үсэг зурсны дараа худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдсон боловч анхан шатны шүүх түүний энэхүү үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, энэ нь хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учраагүй гэж дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан байна. Харин давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэл бүхий гарсан тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн Т.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Т.М нь эрүүгийн 201701080221 дугаартай хэрэгт шалгагдаж байсан хамт ажилладаг Б.Бат-Ирээдүйн нөлөөнд автаж түүнийг удаа дараа ятгасан ятгалгын дагуу 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг танилцуулж үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээж мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болжээ.

2002 оны Эрүүгийн хуульд буй гэрч мэдүүлэг өгөхөөс татгалзсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай зохицуулалтыг 2015 оны Эрүүгийн хуулиар халсан боловч нэгэнт мэдүүлэг өгөхөө сайн дураар хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэх гэмт хэргээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан билээ.

Энэхүү хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Н.Э-ыг Б.Б алгадахыг харсан гэж мэдүүлсэн атлаа 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Б.Б-н гуйлтаар уг үйл явдлыг хараагүй гэж мөрдөгчид мэдүүлсэн нь бусдын нөлөөнд автаж зориуд худал мэдүүлсэн үйл баримт тогтоогдсон гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх Т.М-гийн үйлдлийг хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хор хохирол учруулаагүй гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийн талаар төөрөгдсөн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Т.М нь худал мэдүүлэх болсон санаа, зорилго нь хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг харсан атлаа үгүйсгэх байдлаар Б.Б-н гэм бурууг нотлох, тогтооход түүний гуйлтаар саад учруулах явдал байсан байна. Энэ тохиолдолд түүний үйлдэл сөрөг үр дагавар үүсгэсэн байхыг хууль шаардахгүй, худал мэдүүлэг өгөхийн нийгмийн хор аюулыг шүүн таслах ажиллагаанд ноцтой алдаа гарах эрсдэлийг ихээр нэмэгдүүлж байгаа талаас нь үнэлдэг тул худал мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, хүн хилс шийтгэгдсэн эсхүл ял завшсан байхыг заавал шаардахгүйгээр уг гэмт хэргийн бүрдэл хангагдсан, төгс үйлдэгдсэн гэж үзнэ.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Т.М-гийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгийн огноог 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэж буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байх бөгөөд уг огноог хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан зөвтгөн шийдвэрлэх боломжтой тул хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж дүгнэлээ.

Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалд дээрх өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 500 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “прокурорын газарт” гэснийг “анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр” гэж өөрчилж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН