Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-09-25
Тогтоолын дугаар 430
Хэргийн индекс 161/2019/0039/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Б.Б
Зүйл заалт 17.3.1.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.Ж-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар магадлалтай, Б.Ж-т холбогдох 1813002630196 дугаартай эрүүгийн хэргийг Баян-Өлгий аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Т.Батсүхийн бичсэн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 5/06 дугаартай эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уран зургийн багш мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Ж-ыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ж-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Т.Батсүхийн бичсэн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 5/06 дугаартай эсэргүүцэлд “Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...шүүгдэгч Б.Ж- нь гэрч Б.Г-тэй зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр гурил авч бусдад нийлүүлдэг байсан, хамгийн сүүлд гурилын тооцоог хийчихвэл зээлээр гурил нийлүүлэхээр 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө тохиролцож, өмнөх гурилын тооцоог дуусгаж дараагийн зээлээр гурил авах үед Б.Г нь хөдөө явж байсан, хөдөөнөөс ирээд тухайн цаг хугацаанд ажилтай байсан, гурил нийлүүлэх гэхэд гурилын агуулахад нь цөөхөн гурил үлдсэн учраас, эсхүл хувийн шалтгаанаар Б.Ж-т зээлээр гурил нийлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ үед шүүгдэгч Б.Ж, хохирогч Д.А нарын хооронд байгуулсан гурил худалдах- худалдан авах тухай аман хэлцэл хэрэгжих боломжгүй болсон байдлыг “зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гурил нийлүүлэн гэж итгүүлсэн...” гэж үзэх үндэслэлгүй гэжээ. Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт нь хэргийн нөхцөл байдалд хуулийн  зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэргийн үйл баримттай харьцуулж үзвэл гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тооцоогоо бүрэн хийж дуусгаж дахин зээл авч 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мөн тооцоогоо дуусган тухайн өдөр 50 кг-ын гурилаас 380 шуудайг зээлээр авсан ба нэг бүрийн үнэ 46,500 төгрөгөөр тооцож авсан, надад нийт 17,670,000 төгрөг өгөхөөр болсон байсан...” гэжээ. Хохирогч Х.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “....Миний бие 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэн Б.Ж-аас 50 кг-ын гурилаас 340 шуудай гурил авч тухайн өдөр иргэн Б.Ж-ын надад өгсөн 5031617341 тоот данс руу 10,200,000 төгрөг, маргааш нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр үлдсэн 4,850,500 төгрөгийг шилжүүлсэн юм. Би иргэн Б.Ж-т нэг шуудай гурилыг 45,000 төгрөгөөр бодож 340 шуудай гурилд 15,300,000 төгрөг өгөх байснаас 10,200,000 төгрөгийг нэг удаа, 4,850,500 төгрөгийн нэг удаа нийт 15,050,000 төгрөгийг Б.Ж-ын данс руу шилжүүлж, үлдсэн 249,000 төгрөгт бараа болон бэлэн мөнгө авсан...” гэжээ. Үүнээс үзэхэд Б.Ж- нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Б.Г-ээс 50 кг-ын 380 шуудай гурилыг нэг бүрийн үнэ 46,500 төгрөгөөр тооцож зээлээр авсан ба нийт 17,670,000 төгрөгийн өртэй болсон, авсан гурилыг иргэн Х.А-д 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 340 шуудай гурилыг нэг бүрийн 45,000 төгрөгөөр тооцож худалдсан байна. Б.Ж нь Б.Г-ээс нэг бүрийн 46,500 төгрөгөөр зээлээр худалдаж авсан шуудайтай гурилыг Д.А-д 45,000 төгрөгөөр буюу 1,500 төгрөг бууруулан өгч байсан болох нь тогтоогдсон бөгөөд зах зээлд гурилын худалдаа, наймаа хийж ашиг орлого олох гэж байсан хүн 46,500 төгрөгөөр авсан гурилаа ямар ч нөхцөлд 45,000 төгрөгөөр буюу 1,500 төгрөгөөр бууруулан бусдад зарж борлуулан ашиг олно гэж байхгүй, энэ нь Б.Ж-ын анхнаасаа Д.А-ын итгэлийг олж авч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж мөнгө шилжүүлэн авах гэсэн субъектив санаа зорилготой байсныг харуулж байна. Б.Ж- нь Б.Г-ээс авсан 50 кг-ын 380 шуудайтай гурилаас 340 шуудайтай гурилыг худалдсан мөнгийг хувьдаа зарцуулчихсан, Б.Г-ээс авсан зээлээ төлөх ямар ч боломжгүй болсон, энэ үеэс эхлээд Б.Ж нь Б.Г-ээс авсан зээлээ Х.А-аар төлүүлж, хариу төлбөр хийхгүй гэсэн субъектив санаа зорилго гэмт үйлдлээ хэрэгжүүлэхээс өмнө бий болсон. Ингээд Х.А-тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Х.А-д “...2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 500 шуудай гурил өгъе...” гэж хуурч мэхэлснээр Х.А нь 50 кг-ын жинтэй 400 шуудай гурил авахаар болж нэг бүрийн үнэ 45,000 төгрөгөөр тооцож 18,000,000 төгрөгийг Б.Г-ний эхнэр Ш.А-ийн ХААН банкны 5108405061 тоот дансанд шилжүүлсэн байна. Х.Ж нь Х.А-ын шилжүүлсэн 18,000,000 төгрөг иргэн Б.Г-ний эхнэр Ш.А-ийн ХААН банкны 5108405061 тоот дансанд орсны дараа уг мөнгө Х.А-ын мөнгө гэдгийг мэдсээр байж Б.Г-нд “...өгөх ёстой зээлийг шилжүүлсэн...” гэж хэлсэн бөгөөд Б.Г-нд өгөх ёстой 17,670,000 төгрөгөөс илүү шилжүүлсэн 330,000 төгрөгийг өөрийнхөө 5031617341 дугаартай дансанд шилжүүлэн авсан, энэ мөнгийг одоо хүртэл хохирогч Б.А-д өгөөгүй байгаа нь анхнаасаа хохирогчийг залилах гэсэн субъектив санаа зорилготой байсныг батлан харуулж байна. Б.Ж нь 2018 оны 06 дугаар сараас эхлэн иргэн Б.Г-ээс бөөний үнээр шуудайтай гурил худалдан авч байсан боловч энэ талаар иргэн Д.А-д хэлэлгүй бодит байдлыг нууж байсан, гурил бөөндөж зардаггүй мөртлөө “...би гурил бөөнддөг...” гэж, гурилыг Улаанбаатар хотоос тээвэрлэж авч ирээгүй мөртлөө “....гурилыг Улаанбаатар хотоос тээвэрлэж байгаа, Улаанбаатар хотод Ургац гэдэг гурилын компаниас авдаг...” гэж, гурил бөөнддөг газар байхгүй байхад “....онгоцны буудал тийшээ том газар авах гэж байгаа, 9 дүгээр сараас гурилын үнэ буурна, Өлгийн гурилыг бид нар барина, бид нар 10,000 шуудай гурил оруулж ирэх гэж байгаа...” гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар олж авахын тулд худал хэлэх аргаар үгээр буюу үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 18,000,000 төгрөгийг гурилын худалдаа эрхэлдэг Б.Г-ий эхнэр Ш.А-ийн дансанд шилжүүлсэн байна. Б.Ж нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Б.Г-ээс 50 кг-ын 380 шуудай гурилыг нэг бүрийн үнэ 46,500 төгрөгөөр авч, авсан гурилаа заж борлуулан ашиг олох гэхээс илүүтэй мөнгөтэй болох гэсэн зорилгоор 340 шуудай гурилыг иргэн Д.А-ад нэг бүрийн 45,000 төгрөгөөр буюу 1,500 төгрөгөөр бууруулан худалдаж, үүнээс олсон орлого 15,300,000 төгрөгийг өөртөө хувийн хэрэгцээнд зарцуулж, бодит байдал дээр Б.Г-д 17,670,000 төгрөгийн өртэй болж уг зээлийг төлөх ямар ч боломжгүй болсон, энэ үеэс эхлээд Б.Ж нь Б.Г-ээс авсан зээлээ А-аар төлүүлэн өргүй болох гэсэн субъектив санаа зорилго  бий болж, энэ сэдэлт, санаа зорилгоо бүрэн хэрэгжүүлснээр залилах гэмт хэрэг үйлдсэн байна.

Түүнчлэн магадлалд “....Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмыг хэрэгжүүлээгүйг дурдах нь зүйтэй байна” гэжээ. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна..”, 5 дахь хэсэгт “...хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол...” хөрөнгө орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлэхээр зохицуулсан. Гэтэл энэ хэрэгт Б.Г, Ш.А нар гэрч болохоос гэмт хэрэг үйлдсэн хүн биш, 18,000,000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэх замаар шилжүүлсэн болохыг мэдээгүй, тухайн үед Б.Ж нь “өгөх ёстой зээлийг шилжүүлсэн” гэж хэлснээр өөрсдийн авах ёстой 17,670,000 төгрөгийг шилжүүлсэн гэж ойлгож авсан, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 18,000,000 төгрөгийг Б.Ж-аас гаргуулах нь зүйд нийцнэ. Иймд Б.Ж-т холбогдох хэргийн талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байх тул магадлалыг хүчингүй болгохоор прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүх  Б.Ж-т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ шүүгдэгч хүнээс мөнгө аваад өртэй хүн рүүгээ шилжүүлээд  өөрөө захиран зарцуулаагүй учраас гэмт хэрэг биш гэсэн.  Тухайн үед Баян-Өлгий аймагт гурилын үнэ 1 шуудай нь 46,000 төгрөг байсан. Давж заалдах шатны шүүх зээлээр авах бодолтойгоор хүний мөнгийг авсан байна гэж үзсэн. Хохирогчийн талаас харахад хямд үнэтэй гурил авах юм байна гэж ойлгосон байдаг. Гэтэл энэ тохиолдолд 18,000,000 төгрөгийг гурил авахаас өмнө шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч утсаа авахгүй салгаад алга болсон байдаг. Шүүгдэгч нь хохирогчийг төөрөгдөлд оруулсан. Хэрэгт 17,676,000 төгрөгийн өр төлбөр төлөгдсөн, бид хоёрын хооронд тооцоо байхгүй гэсэн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт авагдсан байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Т.Батсүхийн бичсэн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 5/06 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.Ж-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Ж нь Б.Г-д өгөх ёстой гурилын үнэ 17,670,000 төгрөгийн зээлээ төлөх зорилгоор  Д.А-тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гурил нийлүүлнэ гэж итгүүлэн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Д.А-ын 18,000,000 төгрөгийг Ш.А-ийн ХААН банкны 5108405061 тоот данс руу шилжүүлэн залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хэргийн бодит байдалтай нийцсэн байна. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах учиртай.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Ж нь Д.А-ад өмнө нь 7 удаагийн давтамжтайгаар гурил нийлүүлж байсан ба ингэхдээ гурилыг дэлгүүрт буулгасны дараа төлбөрөө авч байжээ. Харин шүүгдэгч энэ удаа гурилын үнэ болох 18,000,000 төгрөгийг хохирогч Д.А-аас бэлнээр авч, Б.Г-ээс өмнө зээлээр авсан гурилынхаа өр төлбөрийн оронд банкаар шилжүүлсний дараа түүнээс гурилыг дахин зээлээр авахаар тохиролцсон, түүнийг  Д.А-ын 18,000,000 төгрөгийн өрөнд шилжүүлэхээр төлөвлөж байсан боловч тухайн цаг хугацаанд Б.Г нь хөдөө орон нутагт ажлаар явж байсан, гурилын агуулахад цөөхөн гурил үлдсэн гэх шүүгдэгчээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас шүүгдэгчид гурил нийлүүлэхээс татгалзсан, үр дүнд нь Д.А мөнгө, гурил хоёрын алиныг ч хүлээн аваагүй үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Ж нь гурилын өрийг бусдын гурил захиалсан мөнгөн хөрөнгөөр дарж төлбөрийн хүндрэл бүхий нөхцөл байдал үүсгэсэн хэдий ч хохирогчид гурил нийлүүлэхгүй байх, түүнийг хохироох санаа, зорилго агуулж байгаагүй, өөрөөс нь шууд хамаарахгүй нөхцөл байдлын улмаас хэлцлээр тохирсон үүргээ биелүүлж чадаагүй нөхцөл байдал үүссэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болжээ.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар магадлалыг хэвээр үлдээж, прокурорын хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН