Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-09-30
Тогтоолын дугаар 447
Хэргийн индекс 165/2019/0038/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Б.Б
Зүйл заалт 17.12.2.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

                                                                            

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогч Ж.Э, хохирогч нарын өмгөөлөгч Т.Баярцэнгэл, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 37 дугаар шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 06 дугаар магадлалтай, Б.Б-д холбогдох 1834000000140 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Хөх овогт Б-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Б.Б-ыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг гаргасан гомдолдоо “...Б.Б тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутгаас иргэн Ж.Э-ны 12 тооны адуу, иргэн Ц.Э-ын 3 тооны адуу буюу нийт 15 тооны адуу хулгайлж 11,672,500 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдон улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, улмаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Гэтэл давж заалдах шатны шүүх “...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, улмаар уг зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг ялаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй, өөрөөр хэлбэл шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэн, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дүгээр зүйлийн 1.4, 39.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг зөрчиж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг үгүйсгэж эрх зүйн байдлыг нь дордуулсан шийдвэр гаргасан гэж гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх үнэлж дүгнэхдээ “...Анхан шатны шүүхээс тухайн адуу нь салхи шуурганд уруудан өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр байнга идээшсэн нутаг бэлчээрээс холдсон, өөр орон нутагт шилжсэн болох нь тогтоогдсон, шүүгдэгч нь адууны жинхэнэ эзэмшигч нь хэн болохыг мэдэлгүйгээр авсан тул түүний энэ үйлдэл нь хулгайн гэмт хэрэг биш бусдыг алдуул мал завшсан гэмт хэрэг гэж үзсэн нь буруу байна. Алдуул мал завших гэмт хэрэгт тооцсон анхан шатны шүүхийн дээрх нөхцөл байдлууд нь малыг алдуулд тооцох анхдагч үндсэн шалтгаан нөхцөл байж болох төдий зүйл байна. Уг нь алдагдсан гэх мал тухайн орон нутагт шилжин ирснээс хойш хэдий хугацаа өнгөрсөн, малыг олсон этгээд орон нутгийн захиргаанд бүртгүүлсэн эсэх, уг малын талаар олон нийтэд зар түгээгдсэн эсэх, орон нутгийн засаг захиргаанаас ямар ямар үйл ажиллагаа явуулсан болох зэргийг харгалзан үзэх шаардлагатай байсан. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээс үзэхэд уг адуу 2018 оны 02 дугаар сарын сүүлээр салхи шуурганд уруудсан ба 2018 оны 03 дугаар сарын 13-нд хулгайлагдсан гэж үзэхэд тухайн адууг алдуулд тооцох хангалттай хугацаа өнгөрөөгүй байна гэж үзэхээр байна. Мөн мал олсон этгээд, орон нутгийн засаг захиргаа ямар арга хэмжээ, үйл ажиллагаа явуулсан нь мөрдөн байцаалтаар шалгагдаагүй байна” гэжээ.

2018 оны 02 дугаар сарын сүүлээр салхи шуурга цаг агаарын нөхцөл байдлаас хамааран уг адуунууд уруудсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдсон бөгөөд харин Б.Б нь дээрх алдагдсан адуунуудыг хэний адуу болох, хохирогч хэдий тооны малаа хэдийд алдсан болох талаар огт мэдэхгүйгээр бусдын алдуул малыг завшиж захиран зарцуулсан үйлдэл тогтоогдсоныг анхан шатны шүүх зөв үнэлж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Алдуул мал завших нь мөн хулгайлах гэмт хэргийн адил бусдын өмчлөх эрхэд халдаж буй үйлдэл бөгөөд анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг ялгамжтай авч үзэж алдуул мал болохыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл давж заалдах шатны шүүх мал олсон этгээд, орон нутгийн засаг захиргаа ямар арга хэмжээ, үйл ажиллагаа явуулсан нь мөрдөн байцаалтаар шалгагдаагүй, алдуул малд тооцох хангалттай хугацаа байгаагүй гэх эс үйлдэхүйтэй холбон тайлбарлаж байгаа нь өрөөсгөл бөгөөд уруудаж алдагдсан алдуул малыг өөрийн үзэмжээр захиран зарцуулж завшсан гэх хэргийн нөхцөл байдлаар гэмт хэргийн шинж тогтоогдсон гэж үзэж байна. Харин анхан шатны шүүхээс хэргийг шүүгчийн захирамжаар мөрдөн байцаалтад буцааж дахин анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэх үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэх өөрийн дотоод итгэл үнэмшил байсан хэдий ч хохирогч нарын хэт өндрөөр үнэлсэн адууны үнэлгээг зах зээлийн бодит ханшинд нийцүүлэн өөрчилсөн байдлаас шалтгаалсныг дурдах нь зүйтэй байх. Иймээс анхан шатны шүүх үнэлж дүгнэн холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна

Мөн “...Хавтаст хэрэгт авагдсан адууны үнэлгээ тогтоосон үнэлгээний тайланд адууг махалж зарсан адууны махны үнэ ханштай дүйцүүлж үнэлсэн, үнэлгээний тайлангууд хоорондоо эрс зөрүүтэй, хохирогчдын үнэлгээнээс зөрүүтэй, уг адууны үнэлгээнээс хамаарч учруулсан хохирлын хэмжээ цаашлаад хэргийн зүйлчлэлд ихээхэн нөлөөлөхүйц байдалд анхан шатны шүүхээс тодорхой хийгээгүй байна” гэжээ. Алдагдсан адуунуудын үнэлгээтэй холбогдуулан өмнө нь ямар учраас тухайн адуунуудыг өндрөөр үнэлсэн болох эх сурвалжийг тогтоолгохоор анхан шатны шүүхээс шүүгчийн захирамжаар мөрдөн байцаалтад буцааж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн нэмэлт шинжилгээ хийлгэх тогтоолоор “Х” ХХК урьд өмнө анх холбогдох баримтыг шаардан гаргуулахгүйгээр хохирогчийн үнэлсэн үнэлгээнд тулгуурлан гаргаснаа зөвтгөж дахин нэмэлт шинжилгээ хийж хурдан удмын адуу болохыг тогтоосон өндөр ханшинд нийцэх уралдаж, түрүүлж байсан баримт авагдаагүй, хохирогч нараас баримт гаргаж өгөөгүй, хурдан удамтай гэх боловч уяж хурдлуулж байгаагүй, шүрэн толгойтой хөөргөөр наймаа арилжаа хийгээгүй, уяж хурдлуулж байсан баримт бүртгэл мэдээлэл байхгүй, гэрчийн мэдүүлэгт үндэслэн хохирлын үнэлгээг бодитойгоор үнэлж тогтоосон байдаг. Иймээс эрх бүхий байгууллагаас шинжлэх ухааны үндэслэл бүхий тодорхой аргачлалаар илүү нарийвчлан тогтоосон бодит нөхцөл байдалд үндэслэсэн үнэлгээг баримтлан анхан шатны шүүх эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэсэн. Мөн тус эрх бүхий байгууллага болох “Х” ХХК үнэлгээний тайландаа тодорхой эх сурвалжийг зааж харьцуулан шинжилж тогтоосныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч, түүний өмгөөлөгч танилцсан, мөн прокуророор хянагдан хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоогдсон баримтын хүрээнд шүүх шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч нарын өмгөөлөгч Т.Баярцэнгэл хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийг авч үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь авч хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Б.Б нь Говьсүмбэр аймагт ямар ч хамаатан садангүй, мал хулгайлах гэж ирсэн нь тодорхой байдаг. Хавтаст хэрэгт нэр дурдагдаж байсан хоёр гурван хүмүүстэй хамтарч уг хэргийг үйлдсэнийг мөрдөн байцаагч ажиллагаа хийхдээ дутуу шалгасан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б нь бусдын олон тооны адууг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн. Учир нь шүүгдэгч бусдад өр зээлтэй байсан учраас уг гэмт хэргийг үйлдсэн талаар хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хавтаст хэрэгт авагдсан баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Б.Б-ыг тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн  нутаг, Төмөр замын 16 дугаар зөрлөгийн орчмоос иргэн Ж.Э-ны 12 тооны адуу, иргэн Ц.Э-ын 3 тооны адуу, нийт 15 тооны адууг буюу бусдын олон тооны адууг хулгайлж, Ж.Э-д 9,610,000 төгрөг, Ц.Э-т 2,062,500 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг.

Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.

2018 оны 02 дугаар сард болсон байгалийн давагдашгүй хүчин зүйл болох шуурганд уруудаж өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээс холдон өөр орон нутагт хохирогчийн адуу шилжсэн нь тогтоогдсон боловч шүүгдэгч Б.Б нь энэ нөхцөл байдлыг ашиглан тэдгээрийг эрж олон цуглуулж нуун далдалж улмаар хашаа, хороонд тууж оруулан барьж, машин механизм ашиглан тээвэрлэж бусдад зарж борлуулсан идэвхтэй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

Үүнээс гадна дээрх адуунаас авсан шалтгаанаа машин механизмаар тээвэрлэж үйлчилгээ үзүүлсэн гэж тайлбарласан Ц.С, зээлсэн мөнгөнийхөө оронд авсан гэсэн түүний эхнэр С.А, машин механизмд ачихад тусалсан гэж мэдүүлсэн Д.Б, худалдан авсан Ц.Д нарыг мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулахад тэдний гүйцэтгэсэн үүрэг, оролцоо нь тохиолдлын шинжтэй, иргэний эрх зүйн шинжтэй харилцаа байсан гэж үзэхэд эргэлзээ төрөхөөр байна.

Иймээс Ц.С, С.А, Ц.Д, Д.Б тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, хамтран оролцсон хэлбэр зэргийг нарийн тогтоох шаардлагатай байх тул шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 37 дугаар шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 06 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Б-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан Говьсүмбэр аймгийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН