Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-09-30
Тогтоолын дугаар 448
Хэргийн индекс 188/2017/0161/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Г.Г
Зүйл заалт 10.1.1
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

                                                                            

Г.Г-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 336 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 456 дугаар магадлалтай, Г.Г-т холбогдох 1908000600009 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Б.Анхбаяр нарын гаргасан гомдол болон Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Энх-Оюуны бичсэн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаартай эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай боловсролтой, аврагч гал сөнөөгч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Г-ын Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Г-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 9 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаагүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Г гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүх гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн шинэ хүндрүүлэх нөхцөл байдлыг шалгуулахаар хэргийг буцаахдаа миний эх Ц.С-ийн гэрчээр өгсөн “манай хүүхэд урьд тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн” гэх мэдүүлгийг үндэслэл болгосон. Энэхүү гэмт хэрэг тохиолдлын шинжтэй үйлдэгдсэн бөгөөд үүнд одоо хүртэл маш их харамсан гэмшиж явдаг. Амь хохирогчтой гэр бүлийн ямар ч холбоогүй, хамтран амьдарч байгаагүй, эхтэйгээ өмнө нь маргалдсан асуудал байхгүй болно. Миний бие эмээ, нагац ах, дүү нартайгаа хамт амьдардаг. Миний хувьд 2011 онд дээрмийн гэмт хэрэгт шалгагдаж, улмаар шүүхээс уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тэнсэн харгалзах ял авч байгаагүй болно. Иймд тохиолдлын шинжтэйгээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн байдлыг харгалзан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Анхбаяр гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.4-т заасны дагуу шүүгдэгч болон амь хохирогч нарыг гэр бүлийн гишүүд буюу гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн байна гэж дүгнэсэн. Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т “... гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар... хүнийг ойлгоно.” гэх заалт болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “... тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх” гэж заасан зохицуулалтыг тайлбарлан дүгнэлт хийсэн. Гэтэл шүүгдэгч Г.Г нь амь хохирогчийн дагавар хүүхэд, харин амь хохирогч нь шүүгдэгчийн хойд эцэг бөгөөд тусдаа ажиллаж амьдардаг юм. Эндээс үзвэл гэр бүлийн гишүүн гэх тодорхойлолтод дурдсан хамт амьдарч байгаа дагавар хүүхэд биш. Мөн Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 3.1.2-т заасан тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх гэх тодорхойлолтод хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл энэхүү тодорхойлолтод үрчлэн авсан хүүхэд эсхүл үрчлэн авсан эцэг, эх гэх хүмүүсийг хамааруулсан болохоос тусдаа амьдарч байгаа дагавар хүүхэд, хойд эцгийн талаар оруулаагүй юм. Үүнийг давж заалдах шатны шүүх хуульд тодорхойлогдоогүй гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэх ойлголтод явцуу байдлаар хамааруулж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоох гэх байдлаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэн шийдсэн. Магадлалын үндэслэл болгон тайлбарласан гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд тусдаа амьдарч байгаа дагавар хүүхэд, хойд эцгийн харилцааг хамааруулаагүй байхад ийнхүү хамааруулж шийдсэн нь хуульд нийцэхгүй байна. Хэрэг гарах үед шүүгдэгч Г болон амь хохирогч нар нь архи дахин авахгүй гэх хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн харилцан зодолдсон байдаг. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 10.1 зүйлийн 2 хэсгийн 2.8-д заасны дагуу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдээгүй бөгөөд эдгээр үйл баримт нь гэрчүүдийн болон бусад баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4, 1.6-д заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэж байна. Тухайлбал, хэрэг гарах үед шүүгдэгч, амь хохирогч нар хоёулханаа байсан бөгөөд маргааныг амь хохирогч эхлүүлж, улмаар шүүгдэгч руу дайрч хоолойг нь хоёр гараараа багалзуурдан дарсан нь гэрч Ц.С-ийн мэдүүлгээр тогтоогддог. Мөн хоолой багалзуурдаж гэмтэл учирсан нь шинжээчийн 888 дугаартай дүгнэлтээр нотлогдсон. Гэвч шүүхээс шүүгдэгч амь хохирогчийн толгойн тус газар цохисон гэж дүгнээд энэ нь шууд шалтгаант холбоотой гэж үзсэн. Гэтэл амь хохирогчийн үхлийн шарх ямар хүчин зүйлээс /гараар эсхүл, хавтгай зүйл эсхүл мохоо зүйлээс/, ямар үйлдлийн арга хэлбэрээр, ямар нөхцөл байдалд гэмтэл учирсан талаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй, үүнийг анхан шүүх хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн шинжээч эмч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “ер нь бол энэ гэмтэл хавтгай зүйлийн үйлчлэлээс үүснэ. Гэхдээ гарны цохилтоос бас үүсч болно, мөн мохоо зүйлийн үйлчлэлээс үүсч болно” гэх мэтчилэн тодорхойгүй зүйлийг мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл амь хохирогч энгийн хүнээс нимгэн гавлын ястай тул ямар ч байдлаас гэмтэл учрах боломжтой гэж мэдүүлдэг. Мөн анхан шатны шүүх амь хохирогчийн буруутай үйлдлээс гэмт хэрэг гарсан гэж дүгнэсэн боловч хэрэг гарах үед амь хохирогчийн буруутай үйлдэл хэзээ гарсан талаар шалган тогтоож, үнэхээр шүүгдэгч амь хохирогчоос өөрийгөө хамгаалж цохисон уу, үгүй юу гэдгийг нэг мөр тогтоогоогүй, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосонгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, 888 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч Ц.С-ийн мэдүүлгээр нотлогдож байна гэж дүгнэсэн атлаа амь хохирогчийн шүүгдэгч рүү чиглэсэн халдлагын үйл баримтад буюу цагаатгах талын санал, байр сууринд дүгнэлт хийгээгүй. Яллагдагчийн мэдүүлэг нь илтэд алдаатай буюу яллагдагчийг уншиж бичиж чадахгүй байхад хуульд заасны дагуу заавал өмгөөлөгч байлцуулж мэдүүлэг аваагүй. Энэ нь яллагдагчийн өмгөөлөгчтэйгээр мэдүүлэг өгөх эрхийг хязгаарласан процессын шинжтэй алдаа гарсан гэж үзэж байна. Гэвч анхан шатны шүүхээс тус яллагдагчийн мэдүүлгийг яллах гол нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх энэхүү зөрчлийг хяналгүй орхигдуулсан нь хууль зөрчиж байна. Хохирогчийн анх гаргаж өгсөн хэрэгт авагдсан 4,465,000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй буюу тамга, тэмдэг, гарын үсэггүй байхад шүүхээс тэдгээр баримтыг бүхэлд нь үнэлж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд хэрэгт хавсаргаснаа хүлээн зөвшөөрөн мэдүүлж дахин шаардлага хангасан баримт гэж 7,487,000 төгрөгийн баримт гаргаж өгдөг. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримтыг хуульд заасан шаардлага хангасан эсэх дээр дүгнэлт хийлгүйгээр, хохирогчийн мэдүүлгийг анхааралгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь хуульд нийцэхгүй байна.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь субъектив шинжийн хувьд бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийх, ингэхдээ санаа, сэдэл, зорилгын хувьд хор уршгийг хүсэж үйлддэг онцлогтой гэмт хэрэг. Гэвч бодит байдал дээр шүүгдэгч нь амь хохирогчийн халдлагаас өөрийгөө хамгаалах үедээ гараа савж цохисон үйлдэл нь хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж үзэж байна. Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 2.7-д заасан заалтыг тус тус зөрчсөн. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр болон давж заалдах гомдолд дурдсан асуудлуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй бөгөөд цагаатгах талын санал, түүнд дурдагдсан нотлох баримтыг хэрхэн няцаан үгүйсгэн талаар огт тусгаагүй байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчсөнийг харуулж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Энх-Оюуны бичсэн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаартай эсэргүүцэлд “Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Гэр бүлийн тухай хуульд зааснаар амь хохирогч Ч.Д, шүүгдэгч Г.Г нар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэх хүндрүүлэх шинж буй эсэхийг шалгалгүй орхигдуулсан байна.  Мөн Шүүгдэгч Г.Г-ын хувийн байдал болон урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг бүрэн гүйцэт шалгах шаардлагатай...” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Г-т холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд; 3.1.2-т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү, ...” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгоно.” гэж тус тус тодорхойлсон” гэж магадлалд дурджээ. Шүүгдэгч Г.Г-ын хувьд эмээ, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 18-10 тоотод оршин суудаг, харин амь хохирогч эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 44-24 тоот хашаанд оршин суудаг. Мөн амь хохирогч Ч.Д, шүүгдэгч Г.Г-ын эх Ц.С-тай хамтран амьдарч дундаасаа хүүхэд төрүүлсэн боловч Г.Г- нь тэдэнтэй хамт амьдарч байгаагүй болох нь хэрэгт авагдсан гэрч Н.Н, Ц.С нарын мэдүүлэг, оршин суугаа хорооны тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон. Тиймээс шүүгдэгч Г.Г нь амь хохирогч Ч.Д-ийн дагавар хүүхэд боловч Гэр бүлийн тухай хуульд зааснаар тэдэнтэй хамт амьдарч байгаагүй тул гэр бүлийн гишүүн биш, мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд биш байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэж хүндрүүлэх үндэслэлгүй байна.

Мөн хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн сангаас авсан лавлагаагаар шүүгдэгч Г.Г урьд нь сэжигтнээр болон яллагдагчаар татагдан шалгагдсан талаар бүртгэлд авагдаагүй, ял шалгах хуудсаар ял шийтгэгдэж байгаагүй гэж гарсан. Шүүгдэгч Г.Г урьд нь сэжигтнээр болон яллагдагчаар татагдан шалгагдсан тохиолдолд Цагдаагийн Ерөнхий газрын мэдээллийн санд болон Прокурорын байгууллагын дотоод нэгдсэн цахим бүртгэлд бүртгэгдэж улмаар тухайн хэргийн эцэслэн шийдвэрлэлт бүртгэгдэнэ. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Тухайн хэргийн хувьд тохиолдлын шинжтэй байсан. Амь хохирогчийг байнга зовоон тарчлаасан талаар баримт хавтаст хэрэгт байхгүй. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийн тухайд эргэлзээтэй гаргасан гэж байна. Амь хохирогчийн хувьд нимгэн зулайн ястай буюу гараар эсхүл мохоо зүйлийн алинаар ч цохигдох үед гэмтэх боломжтой гэж гарсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Б.Анхбаяр нарын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Г.Г-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 44-24 тоот хашаанд байрлах монгол гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хойд эцэг Ч.Д-тэй маргалдан, зодож алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Г-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Г-ын хойд эцэг Ч.Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан хүндрүүлэх шинж буй эсэхийг болон шүүгдэгчийг урьд ял шийтгүүлж байсан эсэх талаарх хувийн байдлыг тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд; 3.1.2-т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү” нарыг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд гэж тодорхойлсон. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгохоор хуульчилсан.

Эдгээрээс үзэхэд хууль тогтоогч гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсвэл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон гэж үзнэ.

Дээрх харилцааны явцад хүний амь насыг санаатай хөнөөсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэмт хэргээр зүйлчлэх бөгөөд Г.Г нь хохирогчтой нэг гэр бүлд багтаж хамт амьдарч байгаагүй, 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө тэдгээрийн хооронд болсон маргаан нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулаагүй, архи авч өгөөгүй гэх асуудалтай холбоотой таарамжгүй харилцааны явцад Г.Г нь хохирогчийг алсан байх тул гэр бүлийн гишүүний эсрэг хүчирхийлэл үйлдсэн хэмээн гэж үзэж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй болно.

Хэдийгээр шүүгдэгчийн төрсөн эх Ц.С нь Г.Г-ыг урьд нь дээрмийн гэмт хэргээр ял шийтгүүлж, ялыг тэнсэж байсан талаар мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар түүний мэдүүлэг няцаагдаж байна.

Иймд магадлалыг хүчингүй болгох тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Б.Анхбаяр нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 336 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 456 дугаар магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Б.Анхбаяр нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

      

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН