Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-10-02
Тогтоолын дугаар 452
Хэргийн индекс 188/2019/0389/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч П.О
Зүйл заалт 17.1.2.1.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

                                                                            

П.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор  Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 392 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 585 дугаар магадлалтай, П.О-д холбогдох 1808056071591 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,

1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 74 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, Төв аймгийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 65 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил, 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж, хянан харгалзсан,

2. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2007 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

 3. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил хорих ял шийтгүүлж, 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

 4. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил хорих ял шийтгүүлж, Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 16 дугаартай шүүгчийн захирамжаар “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн 7 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлж, суллагдсан,

5. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 6 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт П-ын О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч П.О-г хохирогч Г.Я-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2,404,380 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэх эрүүгийн хэргээс 285,000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч П.О-г хүн байнга амьдрах зориулалтын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.О-г 5 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-д энэ тогтоолоор оногдуулсан 5 жил хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 10 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 5 жил 10 сар 6 хоногийн хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар” гэж нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгч П.О-гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч П.О гаргасан гомдолдоо “Миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмөн тодорхой шалтгааны улмаас хохирлын 15,000 төгрөгийг төлж барагдуулж чадаагүй юм. Одоо энэхүү хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно. Амьдралдаа олон удаа алдаа гаргаж, хэрэгт холбогдож байсандаа харамсаж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Архи хэрэглэсэн үедээ гэмт хэргүүдийг үйлдсэн байдаг. Тиймээс архинаас гарах зорилгоор “З” ТББ-д захидал илгээж, гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлсэн байгаа юм. Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд цаашид архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх муу зуршлаасаа салах чин хүсэлтэй байна. Түүнчлэн үнэн шударгаар хөдөлмөрлөж, үлдсэн амьдралаа утга учиртай, зөв замаар туулах хүсэл эрмэлзэлтэй байгаа зэргийг харгалзан хорих ялыг багасгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх шүүгдэгч П.О-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ урьд нь олон удаагийн ял шийтгэлтэй байдлыг харгалзан хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан. Шүүх Эдрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.О-гийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч П.О нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 9-06б тоотод оршин суух иргэн Г.Я-ын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч ишгэний үстэй монгол дээл, хурган дотортой дээл, бэлэн 2380 төгрөг, зоосон мөнгө 14 ширхэг, зурагтын удирдлага, “Самсунг галакси жи-3” загварын гар утас зэрэг 2,119,380 төгрөгийн эд зүйлийг,

Мөн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 12-33 тоотод оршин суух иргэн З.А-ын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, морин хуур 1 ширхэгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 150,000 төгрөг, нийт 2,269,380 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.О-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүн байнга амьдрах зориулалтын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хорих шүүгдэгч П.О-д 5 жил хорих ял оногдуулсан үндэслэлээ түүний өмнө ял шийтгүүлж байсан хувийн байдалтай нь холбож дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасантай нийцэхгүй гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа хүний хувийн байдлыг харгалзан үзэх тухай зохицуулалт нь ялын бодлогыг хэрэгжүүлэхэд үр нөлөө бүхий эрүүгийн хариуцлагын төрөл, эдлэх хэлбэрийг тогтооход хамааралтай болохоос бус ялын хэмжээг тогтооход нөлөөлөх учиргүй.

Иймд шүүгдэгч П.О-гийн ял хөнгөрүүлэх тухай гомдлыг хангаж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 3 жил хорих ял шийтгэсэн өөрчлөлтийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 392 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 585 дугаар магадлалд:

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар П.О-д 3 жил хорих ял шийтгэж, уг ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 3 жил 10 сар 6 хоногийн хорих ялаар тогтоосугай” гэсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН