Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-10-07
Тогтоолын дугаар 461
Хэргийн индекс 186/2019/0074/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Б.Ч
Зүйл заалт 11.6.1.
Улсын яллагч О.Сарангэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Б.Ч-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 448 дугаар магадлалтай, Б.Ч-ад холбогдох 172010240178 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1966 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгэж, 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 10 сар 17 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Б-ын Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Ч-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюунцэцэг гаргасан гомдолдоо “Г.О миний охин Ш.Э нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Б.Ч гэгчид хутгалуулсны улмаас амь насаа алдсан. Миний бие талийгаач охиныхоо хамт 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 18 цаг өнгөрч байхад Цэргийн төв эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Тухайн үед ажиллаж байсан Н- гэгч эмч үзээд, шинжилгээ хийлгэх үү, төлбөртэй шинжилгээ авна гэхээр нь миний бие уг шинжилгээг өгөх шаардлагатай байна аа, мөнгө байгаа гээд шинжилгээг өгсөн. Тэгээд шинжилгээний хариу гарлаа гэхээр нь ямар байгаа талаар асуухад зүгээр байна гээд, эм бичиж өгөөд гэртээ харь гэсэн. Бид эмнэлгээс 20 цаг өнгөрч байхад явсан. Очоод удалгүй охины маань бие муудаж, түргэн дуудсан ч түргэн 1 цагийн дараа ирсэн. Түргэн ирэхэд охин маань нас барчихсан байсан. Эмнэлгээс ирээд 2 цагийн дараа л дуудлага өгсөн, тэгээд түргэн ирэхээс өмнө нас барсан. Эмч тухайн үед миний охины оношийг зөв тавьсан бол, эмнэлгийн тусламжийг зохих ёсоор үзүүлсэн бол ийм асуудал огт болохгүй байсан. Н эмч мэдүүлэг өгөхдөө бид нарыг өөрсдөө яваад өгсөн гэж мэдүүлэг өгсөн бөгөөд бид яваагүй, харин ч гуйгаад цус нь тогтохгүй байна, дахин боолт хийж өгөөч гэхэд угаасаа шингэн юм гоожно, боолт хийх шаардлагагүй гээд боож өгөөгүй. Яаралтай тусламжийн үзлэгийн хуудсаар бүх үзүүлэлт дээр охины биеийг хэвийн гэж бөглөсөн байдаг. Үнэхээр энэ хүн хэвийн гэж бөглөсөн, миний охиныг зүгээр гэж үзсэн учраас биднийг өөрсдөө явуулсан нь энэ бүртгэлээс тодорхой харагдаж байна. Шинжээч эмч Ц.Н “...эмнэлгийн тусламж авч, оёж битүүлээгүйгээс бохирлогдож, халдварлагдаж хүндэрсэн ...” гэж мэдүүлсэн. Бид Н эмчид хандаад байхад эмч бидэнд тусламж үзүүлээгүйгээс миний охин өнөөдөр амь насаараа хохироод байна. Н эмчтэй холбоотой энэ хэргийг прокурор Уранчимэг нь хяналт тавьж ажиллаж байгаа гэсэн боловч 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр давж заалдах шатны шүүхийн магадлалаа гардаж аваад Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очиход Н эмчийг буруугүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Н- эмч гэрчээр мэдүүлэг өгөхдөө энэ хүмүүс өөрсдөө яваад өгсөн гэж худал мэдүүлсэн боловч үүнийг нотолж шалгаагүй. Энэ мэдүүлгийг нь үнэн зөв байна гээд үнэлээд явж байна. Энэ хэрэгт өгсөн мэдүүлэг нь Н эмчтэй холбоотой хэрэг үүсэхэд нотлох баримтад үнэлэгдээд үүнийг нь үндэслээд хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Миний охин амь үрэгдэж, хүү нь ганцаараа өнчирч үлдсэн энэ асуудалд хэн ч хариуцлага хүлээх ёсгүй юм уу. Эмч Н-ийн ажилдаа хариуцлагагүй хандсан үйлдэл, Б.Ч-ын миний охиныг хутгалж алсан үйлдэл нь хоорондоо салшгүй шалтгаант холбоотой учраас энэ асуудлуудыг хамтад нь шалгах ёстой байсан гэж үзэж байна. Өнөөдөр ямар ч гэм зэмгүй, ямар ч буруугүй байж гаднаас анхнаасаа хутга барьж орж ирж, хүмүүстэй муудалцсан Ч-ын үйлдлийг таслан зогсоох гэж урдуур нь орж салгах гээд охин минь алтан амиараа хохироод байж байхад яагаад хүний амийг юман чиний бодохгүй хэргийг зөвхөн Ч-ын эрхийг хамгаалж шалгасан юм бэ, миний охины үхэлд хэн ч буруугүй юм уу. Н эмчийн үйлдлийг энэ хэргээс буруу тусгаарласны улмаас энэ хүн ял завшихад хүрээд байна. Шүүх хуралдаанд орж ирэхдээ прокурор нь Н эмчийн үйлдлийг шалгаад явж байгаа гэх боловч өнөөдөр энэ хэрэг хэрэгсэхгүй болчихсон байна. Хуулийн байгууллага ингэж хэтэрхий нэг талд ажиллаж хэргийг шийдсэнд маш их гомдолтой байна. Иймд хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж хэлсэн саналдаа “Шүүгдэгч Б.Ч-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна. Амь хохирогч Ш.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Харин хохирогчийн үхлийн шалтгаан нь халдварлагдсан шарх бүхий гэмтлийн улмаас үжлээр нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв. 

Мөн хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Ч нь амь хохирогч Ш.Э-ын гуяны гадна хэсэгт хутгалж хөнгөн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Үхлийн шалтгаан нь халдварлагдсан шарх бүхий гэмтлийн улмаас үжлээр хүндэрч нас барсан байна. Н эмчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа, одоогоор шинжээч томилж дүгнэлт гараагүй байна.  Н эмчид холбогдох хэргийг тусгаарласнаар энэ хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-ийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Ч-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Б.Ч-ыг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16 дугаар гудамжны 677 тоотод Ш.Э-ын гуя руу нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэмээн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Ч нь Ш.Э-ын гуя руу нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бөгөөд талийгаач нь зүүн гуяны гадна хажуу талын дунд хэсгийн гүн хатгагдаж, зүсэгдсэн халдварласан шарх бүхий гэмтэл нь үжлээр хүндэрч улмаар биеийн ерөнхий хордлого болон эрхтнүүдийн дутагдалд орж нас барсан үйл баримтыг анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагаагаар цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоожээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалбал хохирогч Ш.Э нь Б.Ч-д зүүн гуяндаа хутгалуулсны дараа 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 18 цаг 20 минутын үед Цэргийн төв эмнэлэгт очиж, их эмч Д.Н-д яаралтай тусламжийн хуудсаар үзүүлэхэд эмчийн хэсэг газрын үзлэгээр зүүн гуяны ар хэсэгт бохирдож халдваргүй шархтай гэж оношилж, улмаар шархыг цэвэрлэж боолт хийгээд явуулсны дараа хохирогч тэр өдөртөө нас барсан байна.

Хохирогчийн үхлийн шалтгаан нь Б.Ч-ын учруулсан гэмтэлтэй холбоотой эсэх, мөн хохирогчийн өөрийнх нь хайхрамжгүй байдал нь нөлөөлсөн, эмчийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг стандартын дагуу хийгээгүйтэй холбоотой эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд эдгээр нөхцөл байдлууд хоорондоо холбоотой учир шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөх хүчин зүйлд хамаарна гэж үзэхээр байна.

Хэдийгээр хохирогчид хөнгөн хохирол учруулсан Б.Ч, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн Д.Н нарын үйлдэл нь тус тусдаа эхлэл, төгсгөлтэй боловч харилцан хамааралтай үйл баримтыг салгаж, аль нэгийг түрүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэсэн хуулийн зохицуулалтад нийцэхгүйгээс гадна Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, шүүхээс хууль ёсны шийдвэр гарахад сөргөөр нөлөөлнө гэж дүгнэв.

Иймд эдгээр асуудлуудыг нэгтгэн шийдвэрлүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Ч-д холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 448 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Ч-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч Б.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН