Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-10-07
Тогтоолын дугаар 462
Хэргийн индекс 188/2019/0196/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Б.Б
Зүйл заалт 11.1.2.4.
Улсын яллагч О.Сарангэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 235 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 419 дүгээр магадлалтай, Б.Б-д холбогдох 1808016761460 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Атарболдын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Б-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Б-ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Атарболдын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүх Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцохдоо түүний хувийн байдлыг тогтоож үнэлэлт, дүгнэлт өгөлгүй шийдвэр гаргасан нь миний үйлчлүүлэгчийн хууль ёсны ашиг, сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан байдлаар Б.Б-ы хувьд урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа төлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогддог. Үүнд Гэрч Л.Б-ийн “Дүү нь хагалгааны мөнгө 350,000 төгрөг өгөөд дахиж мөнгө өгч чадахгүй уучлаарай”, яллагдагч Б.Б-ы “...Намайг 48 цаг баривчлагдсан байхад 350,000 төгрөг өгсөн байна лээ. Р-ийн эмчилгээнд мөнгө өгөх хэрэгтэй байна гэсэн чинь манай дүү өгсөн байна лээ...” гэх зэрэг нотлох баримтуудаас үзэхэд мөрдөн байцаалтын шатанд Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах арга хэмжээг авсан гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь хэсэгт заасан 138,200 төгрөгийн хохирлын талаар хохирогч анхан шатны шүүх хуралдааны үед шинэ нотлох баримт гарган өгч тогтоогдсон үйл баримт юм. Б.Б нь уг төлбөрийг төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүний хохирогчийн эхнэрт 350,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн болно. Б.Б нь өөрийн хийсэн гэмт үйлдэлдээ маш их харамсаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийг сайн дураараа арилгасан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг анхан болон давж заалдах шатны шүүх дурдаагүй явсан тул Улсын дээд шүүхээс дээрх Б.Б-ы хувийн байдал болон дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэн хөнгөн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь хэсэгт өөрчлөлт оруулж Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хэргийн газрын үзлэгээр хутга олдоогүй боловч шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн болох нь тогтоогдсон. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Атарболдын гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 7в байрны орцонд иргэн С.Р-той  “Н-г зодсон” гэх шалтгаанаар маргалдан зодолдож, улмаар түүний хэвлийн тус газар нь зэвсэг буюу хутгаар нэг удаа хутгалж, хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн, хатгагдсан шарх бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-ы гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэхээр хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалбал шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэнээс гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршиг бүрэн арилаагүй, хохирогч гомдолтой зэрэг нөхцөл байдлыг харгалзан ял хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглээгүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Атарболдын гаргасан “хорих ял хөнгөрүүлэх” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 235 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 419 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Атарболдын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН