Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-10-09
Тогтоолын дугаар 481
Хэргийн индекс 176/2019/0119/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Ц.Г
Зүйл заалт 11.1.1
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Ц.Г-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, М.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 120 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 52 дугаар магадлалтай, Ц.Г-т холбогдох 1734000170019 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, М.Алтанцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Булгадар овогт Ц-ийн Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Г-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, М.Алтанцэцэг нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Г- гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Ц.Г-т оногдуулсан хорих ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж дүгнэсэн. Ц.Г миний бие өөрийн гэм буруутай үйлдэлдээ гүнээ гэмшиж байгаа бөгөөд анхнаасаа хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, хохирогчийн гэм хорыг арилгах арга хэмжээг шүүхийн тогтоолд заагдсан үнийн дүнгээр арилгасан зэрэг маань миний бие гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч буйг илтгэж байгаа болно. Хамгийн гол нь хууль буруу хэрэглэж, процессын алдаа гаргасан гэх хяналтын гомдлын үндэслэл маань хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний эхнэр төрж одоо 6 сартай хүүхэдтэй бөгөөд түүнээс гадна бага насны 2 хүүхэдтэй. Би ажил хийж гэр бүлээ тэжээн тэтгэж, гэр бүлийн амьжиргааг залгуулдаг юм. Гэтэл миний бие 2 жил 6 сар хорих ялыг эдэлснээс хойш манай гэр бүлийн амьдрал туйлын хүнд байдалд ороод байна. Гэр бүлийнхээ амьжиргааг залгуулдаг, орлого олдог ганц хүн нь байхгүй болохоор хүүхдүүдийн минь эрүүл мэнд, хоол унд, хичээл ном бүх зүйл орвонгоор эргэж гэр бүл маань орлогогүй, амьдрахад санхүүгийн хүнд байдалд ороод байна. Шүүхээс надад ял оногдуулж буйд бүрэн санал нийлж буй бөгөөд хийсэн үйлдэлдээ туйлын гэмшиж байгаа ч, ялын төрлийн хувьд хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон ялыг сонгоогүй гэх асуудлын хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүхийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Анхнаасаа ийм болчимгүй, хохирогч, гэр бүл болон өөртөө ийнхүү хор хөнөөлтэй тусах хууль бус үйлдэл хийсэн нь миний буруутай үйлдэл бөгөөд энэхүү буруутай үйлдлээрээ ялаа эдлэх нь зүй ёсны хэдий ч гол нь хэргийн нөхцөл байдал, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу хорих ялыг багасгаж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлгүүдийг үнэлээгүй, мөн гэрчүүд мөрдөн байцаалтын шатанд таньж олуулах ажиллагаа хийсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ талаар хэрэгт авагдаагүй, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн гэжээ. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцсон Б.А, Б.У нар нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг минийх биш,  миний гарын үсэг биш байна гэж мэдүүлдэг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчиж гэрч нарын мэдүүлгийг сольж, хуурамчаар гарын үсэг зурсан байхад үүнийг үнэлэхгүй гэж байгаа нь илтэд хуулийг ноцтой зөрчиж байна. Мөн хэрэгт таньж олуулах ажиллагаа хийгдсэн талаар гэрчүүд болон яллагдагч, хохирогч нар мэдүүлсээр байтал энэ ажиллагаа хэрэгт авагдаагүй болно. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг хохирлоо нөхөн төлсөн гэж үзэхээргүй тул 2 жил 6 сар хорих ял оногдуулсан гэж дүгнэсэн. Гэтэл хавтаст хэрэгт хохирогчийн нэхэмжилсэн баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, хууль ёсны шаардлага хангасан баримтууд ирүүлээгүй байсан тул шүүгдэгчийн зүгээс ял шийтгэлийн байдлаа хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг бүрдүүлэх буюу гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлөх, хохирогчид яг хэдэн төгрөг, ямар хэмжээний үнийн дүнгээр төлөх ёстой талаар мэдэхгүй нөхцөл байдал бий болсон. Улмаар мөрдөн байцаалтын шатанд буюу шүүхийн шатанд хохирогчид яг ямар хэмжээний үнийн дүнтэй хохирол төлөх талаар хуулийн шаардлага хангасан баримт байхгүй байсан тул энэ талаар анхан шатны шүүхэд хандан хохирол төлөх хугацаа авч хохирлоо өгөх гэхэд хохирогч авахгүй байсан талаар хурлын тэмдэглэлд дурдсан байгаа. Хохирогчид яг ямар хэмжээний хохирол учруулсан талаараа хохирогчоос асуухад хэлэхгүй байсан тул шүүх хурлаас өмнө өөрийн боломжоор хохирогчид 6,500,000 төгрөг өгөхөд аваагүй болно. Давж заалдах шатны шүүх Ц.Г-т оногдуулсан хорих ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж дүгнэжээ. Шүүхээс Ц.Г-т оногдуулсан ял нь тухайн ялын санкцид байгаа боловч хийсэн үйлдэлдээ туйлын гэмшиж байгаа, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон ялыг сонгоогүй нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Ц.Г нь анхнаасаа буруу үйлдэл хийснээ ойлгон гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэнээс болж ялаа эдэлж байгаа нь зүй ёсны хэдий ч гол нь хэргийн нөхцөл байдал, уг хэргээс Ц.Г-т хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдал, хавтас хэрэгт цугларсан нотлох баримт, хохирогчийн хохирлыг шүүхийн тогтоолд заагдсан үнийн дүнгээр төлсөн, ар гэрийнхний нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хэргийн нөхцөл байдлаас харахад тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч П.Э-ийн өөрийнх нь зүй бус харьцаа нөлөөлсөн. П.Э нь таарамжгүй харилцаа үүсгэж Ц.Г-ийг бусадтай бүлэглэн зодож биед нь хөнгөн хохирол учруулсан. П.Э-ийн дээрх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хэдий боловч шинжээч эмчийн дүгнэлтээр хохирогч Ц.Г-ийн биед тухайн үед маш олон тооны шарх, гэмтэл үүссэн байдаг. Дээрх олон тооны гэмтэл нь нэг хүний цохилтоор нэгэн зэрэг үүсэх боломжгүй. Ц.Г  нь өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг бусдын хууль бус халдлагаас өөрийгөө хамгаалах явцдаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.А, гэрч Б.У нар П.Э нь бусадтай бүлэглэн Ц.Г-ийг зодсон талаар болон мөрдөн байцаалтын шатанд таньж олуулах ажиллагаа хийгдсэн талаар мэдүүлсэн мэдүүлгүүдийг анхан шатны шүүх үнэлээгүй орхигдуулсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа, прокурорын яллах байр суурь, шүүн таслах зэрэг ажиллагааны явцад Ц.Г-ийг хүний биед санаатай хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх амбиц илүү давамгайлж нэг талыг хэт барьсан байдал ажиглагдаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Хохирогч П.Э-ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг нь тогтворгүй, зөрүүтэй, 7,293,120 төгрөгийн шаардлага гаргасан боловч хохирлын талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, 1,243,500 төгрөгийн цалин авдаг талаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтгүй, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон бусад баримтууд хэрэгт авагдаагүй. Гэвч Ц.Г нь П.Э-ийн хохиролд амаар нэхэмжилсэн 6,500,000 төгрөгийг бэлнээр төлж өгөхөөр өмгөөлөгч надтай хамт очиж уулзахад хохирогч П.Э нь заавал 7,000,000 төгрөг авна гэж өөрийн дур зоргоор аашлан өгсөн мөнгийг нь аваагүй. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан 774,200 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэж, уг мөнгийг хохирогчид төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан бөгөөд Ц.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь торгох болон хорих ял оногдуулах санкцтай. Ц.Г нь торгох ялыг төлөх бүрэн боломжтой. Сарын 1,200,000 төгрөгийн цалинтай ажил хийдэг бөгөөд энэ талаарх бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Мөн гарын эв дүйтэй, ажлын хажуугаар сур элдэж, сур аргамж зэрэг зүйлийг хувиараа хийдэг. Хэдийгээр хохирогчийн зүй бус харьцаа үйлдэл нөлөөлсөн ч гэсэн Ц.Г нь өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг бусдын хууль бус халдлагаас өөрийгөө хамгаалах явцдаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж хохирогчийн биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг хүлээн зөвшөөрч арилгасан, гэмт хэргийн хохирол, хор уршгийн хувьд маргах зүйлгүй.

Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д “Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзнэ гэж заасан. Ц.Г-ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзэж байна. Иймд Ц.Г-ийн хувийн болон ар гэрийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-д заасны дагуу түүнд холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэн, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, оногдуулсан хорих ялыг багасгах эсхүл торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч П.Ганбаатар хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх хуралдаанд бүх асуудал тодорхой яригдсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Тухайн хүний хувийн байдлыг үндэслэн 2 жил 6 сар хорих ял оногдуулсан. Хохирогчийн биеийн байдал гайгүй байгаа. 6,500,000 төгрөгийг өгье гэх боловч бэлнээр өгсөн зүйл байхгүй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч согтуугаар галын хайчаар хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирогчийн зүгээс зүй бус үйлдэл гаргасан гэх нэг ч баримт байхгүй байгаа.  Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Хохирлын тухайд нотлох баримтын шаардлагад нийцсэн баримтуудад үндэслэж хохирлыг гаргуулж, үлдсэн нэхэмжлэлийн асуудлыг жич нэхэмжлэхээр шийтгэх тогтоолд дурдсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг  хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, М.Алтанцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн Ц.Г-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ц.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эх булаг” амралтын газарт 2017 оны 05 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хохирогч П.Э-г галын хайчаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Г-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулжээ.

Шүүгдэгч Ц.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, уг хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол, шүүгдэгчээс хохирол, төлбөрт шилжүүлсэн мөнгөний хэмжээ, иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтууд, шүүхээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэхээр заасан хохирол зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан гэж үзэхэд хангалтгүйн дээр Эрүүгийн хуульд заасан хорих ял хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар Ц.Г-ийн эрүүл мэндэд хохирол учирсан гэж маргаж байгаа боловч шүүгдэгч өөрийг нь гэрээсээ хөөсөн гэж П.Э-г галын хайчаар  цохиж, хүзүүний нугалмын сэртэнгийн хугарал, зулай, хуйхан дахь шарх, шуунд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулах үед хохирогчийн зүгээс түүний үйлдлийн эсрэг эсэргүүцэж тэмцэлдэх явцад шүүгдэгчийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан байх бөгөөд өөрийн эрүүл мэндийн эсрэг тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх боломжгүй байна.  

Иймд шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, М.Алтанцэцэг нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 120 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 52 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, М.Алтанцэцэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН