Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-10-09
Тогтоолын дугаар 482
Хэргийн индекс 164/2019/0032/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч П.М
Зүйл заалт 27.10.1.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

П.М-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр магадлалтай, П.М-т холбогдох 1916000460035 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, трактор, бороожуулагч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 89 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт П-ийн М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  П.М-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.М-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч П.М гаргасан гомдолдоо “Анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Тухайн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалт буюу 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Давж заалдах шатны шүүх надад оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэж үзсэн нь яллах талыг барьж, хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна. Миний хувьд анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээж хийсэн хэрэгтэй гэмшсэн, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй болно. Мөн хувийн байдлын хувьд ам бүл 4, бага насны хоёр хүүхэдтэй бөгөөд эхнэр маань жирэмсэн удахгүй төрөх ба хэдэн мал маллаж амьдралаа залгуулдаг юм. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон сольж, хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч П.М-ийн хувьд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх боловч шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.М-ийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч П.М нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн урд зам дээр 42-23 ГАА улсын дугаартай “Приус-20” загварын автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Н-ыг мөргөж унагаан, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.М-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч П.М нь бага насны 2 хүүхэдтэйгээс гадна эхнэр жирэмсэн, хөдөө мал маллаж гэр бүлээ тэжээн тэтгэдэг тул анхан шатны шүүхээс оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солиулах тухай гомдол гаргажээ.

Шүүгдэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд дурдсан үндэслэлүүдийг хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулан шинжлэн судалж үзэхэд П.М нь эхнэр болон насанд хүрээгүй хоёр хүүхдийн хамт хөдөө мал маллаж, гэр бүлээ тэжээн тэтгэдэг нь тогтоогдож байх тул энэ талаарх хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээтэй дүйцэхүйц буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч П.М нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдвал зохино.

Иймд шүүгдэгч П.М-ийн гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр магадлалд:

 “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-т 500 нэгж буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-т оногдуулсан 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулж, шийтгэх, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН