Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-10-09
Тогтоолын дугаар 483
Хэргийн индекс 187/2019/0125/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Л.Д
Зүйл заалт 27.10.3.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Л.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 558 дугаар магадлалтай, Л.Д-д холбогдох 1803009900044 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, арьсан гутал урлал мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Л-ын Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирох” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Д-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.Д гаргасан гомдолдоо “Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас осол гаргаж, эрдэнэт хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсандаа маш их гэмшиж байна. Банкнаас зээл авч, дээр нь машинаа бусдад борлуулж гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан төлбөрийг төлж барагдуулсан болно. Миний хувьд хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой тул ажил хийж хохирогч нарт чадахаараа тусалж, Д.Х-ын цаашдын эмчилгээний зардлыг цаг алдалгүй төлж эмчлүүлэх,  хохирогч Э.Б-ийн охинд нь хуульд заасны дагуу тэтгэлэг төлөх шаардлагатай юм. Намайг анх хорих ялаар шийтгүүлэхэд эхнэр маань 9 сартай жирэмсэн байсан бөгөөд одоо төрж хүүтэй болсон. Эхнэр маань төрөхөд дэргэд нь байж чадаагүйгээс гадна гэмт хэрэг үйлдэж тэднийг зовоосонд маш их гэмшиж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг багасгаж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх Л.Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...улсын яллагч дүгнэлт, өмгөөлөгч санал, тэдгээрийг тайлбар хэлж дууссаны дараа эцсийн уг хэлэхийг шүүх хуралдаан даргалагч шүүгдэгчид зөвшөөрөх ба шүүгдэгч эцсийн үг хэлж байхад түүнд асуулт тавьж болохгүй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүгдэгчээс хэлэх эцсийн үгийг цагаар хязгаарлаж болохгүй” гэж тус тус заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны үед улсын яллагч дүгнэлт, өмгөөлөгч санал, хохирогч нараас нэмэлт тайлбар хэлсэн бөгөөд үүний дараа шүүх хуралдаан даргалагч шүүгдэгчээс эцсийн үг хэлэх боломж олгоогүй, шүүх хуралдаан завсарлахаас өмнө хэлэх эцсийн үг байгаа эсэхийг асуулгүй шүүх хуралдаан завсарласан. Энэ нь шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгч Л.Д нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч ирсэн бөгөөд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хэргийн зүйлчлэлийн талаар маргаан байхгүй. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэж заасан байдаг. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх дараах ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Л.Д нь хэрэг гарах үед буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр авто осол болмогц өөрөө түргэн тусламж болон цагдаа дуудаж шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн байдаг. Энэ тухай гэрч С, Э болон Л.Д тус тус мэдүүлсэн байдаг. Мөн Л.Д  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эрдэнэчулуунд түүний эхнэр Оюунцэцэгийн Төрийн банкин дахь 230100050455 тоот дансанд 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр оршуулгын зардалд хоёр хуваан 5,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр оршуулгын зардалд 100,000 төгрөг, гар утасны төлбөрт 250,000 төгрөг нийт 5,350,000 төгрөг, хохирогч Д.Х-т түүний ах Б-ийн Хаан банкин дахь 5556346337 тоот дансанд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 250,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөг нийт 1,750,000 төгрөг хохирол төлбөрт тус тус төлсөн байдаг. Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанаас хойш хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-ийн эхнэр О-ийн дансанд 150,000 төгрөг шилжүүлсэн, Ц.Э-д 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр 150,000 төгрөг өгсөн, мөн хохирогч Д.Х-т түүний ах Батхуягийн дансаар 475,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Хэдийгээр эрдэнэт хүний амь насыг юугаар ч үнэлж баршгүй ч гэлээ шүүгдэгчийн зүгээс өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаасаа гэмшиж, хэрэгт авагдсан бодитой гарсан зардлыг бүрэн төлж барагдуулсан. Цаашид амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдэд хуульд заасны дагуу тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ болон хохирогч Х-т цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна гэдгээ илэрхийлсээр ирсэн. Л.Д нь гэмт хэрэгт холбогдсоноосоо хойш ажил хөдөлмөр эрхлээгүй бөгөөд ээж нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хамтран амьдрагч О нь жирэмсэн байж байгаад төрсөн тул ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Л.Д нь гэр бүлээсээ ганцаараа хөдөлмөр эрхэлж эх болон эхнэрээ тэжээдэг байсан. Л.Д нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, өөрийнх нь хөрөнгө болох авто машинаа зарж хохирогч нарын төлбөрийг төлсөн юм. Үүнээс гадна Л.Д нь өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй болно. “Газар Шим” ХХК-нд борлуулалтын туслах ажилтнаар ажиллаж байсан ба хувийн байдлын тухайд үг дуу цөөтэй, архи тамхи хэрэглэдэггүй, төлөв даруу зантай талаар гэрч А, С нар мэдүүлсэн байдаг. Түүнчлэн Л.Д-гийн хамтран амьдрагч О нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Л.Д-гийн хүү О.Т-г төрүүлсэн. Дээрх нөхцөл байдлаас харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”, “...өөрийгөө илчилсэн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдаж байна. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх санкцтай. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлэх боломж байгаа гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ”, мөн хуулийн 7.1 дугээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заасан байдаг. Иймд Л.Д-гийн хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирол төлбөр төлсөн болон цаашид гарах хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байдал, хохирогч нарт шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн байдал зэргийг харгалзан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, Л.Д-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэн харгалзаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.Д-гийн үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэхүү гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон болно. Шүүх шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Л.Д нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Эрэл групп” ХХК-ийн барилгын хийц эдлэлийн үйлдвэрийн урд замд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны орой 19 цаг 40 минутын үед 73-17 ОРО улсын дугаартай “Тоёота кроун” загварын автомашиныг жолоодож явахдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Х, Э.Б нарыг мөргөснөөс Э.Б-ийн амь насыг хохироож, Д.Х-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Д-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний ялыг оногдуулсан байна.

Шүүгдэгч болон өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор зохицуулсан болно.

Хэдийгээр шүүгдэгч Л.Д-гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа боловч түүний үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нөхцөл байдлаас үзэхэд дээрх хуульд заасан хор уршгийг арилгасан гэх шалгуурыг хангасан гэж үзэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээдэд хариуцан арилгахыг үүрэг болгожээ. Мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлүүлэхээр заасан ба хүний амь нас, зовиур шаналал, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүйгээс хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг шүүх тогтоох боломж хязгаарлагдмал юм. Энэ тохиолдолд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан эсэх тухай санал, дүгнэлт шүүхээс энэ талаар үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой бөгөөд хэрэгт ийм баримт авагдаагүй байна.   

Иймд шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 558 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН