Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-10-14
Тогтоолын дугаар 488
Хэргийн индекс 188/2017/0151/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Э.Э
Зүйл заалт 11.6.1.
Улсын яллагч Ш.Одонсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Э.Э-т холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 725 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 640 дүгээр магадлалтай, Э.Э-т холбогдох 1906013670778 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Боржигон овогт Э-ны Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй...” гэжээ. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, өөрийн үйлдсэн хэргээ үнэн шударгаар мэдүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэсэн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байхад хэрэглээгүй нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокуорт гаргаж болно” гэжээ. Энэ хуульд заасны дагуу Э.Э нь хэргээ хялбаршуулснаар шийдвэрлүүлэхээр прокурорын шатанд буюу 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүсэлт гаргасан байдаг. Гэтэл энэ хүсэлтийг нь шийдвэрлэхгүйгээр шууд л шүүх рүү шилжүүлж, шүүх нь үүнийг огт тоолгүйгээр 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Э.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнийг эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй хувийн байдал зэргийг харгазан гээд түүнд 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1-т “Прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл журмыг танилцуулна”, 2 дахь хэсэгт “Прокурор яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргана” гэж тус тус заасан байна. Тэгтэл прокурор энэ хуульд зааснаар үйл ажиллагаа явуулалгүйгээр хуулиа ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүх зөрчлийг арилгуулалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна гэж тодорхойлсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотолно” гэсэн байхад хавтаст хэрэгт ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох Э.Э-ийн хувийн байдлыг тогтоогоогүй, зөвхөн ял шалгах хуудас, хорооны тодорхойлолт зэргээс өөр зүйл огт байхгүй байдаг. Бас магадлалын тодорхойлох хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тоггооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээний тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж дүгнэжээ. Гэтэл хэрэгт өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъект гэх тал огт байхгүй ямар ч мэтгэлцэх боломжоор хангасан зүйл байхгүй, зөвхөн Э.Э-ийг өөрийгөө өмгөөлнө өмгөөлөгчгүй орно гэснээр л хэргийг шийдвэрлэсэн байгаа. Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т “яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно” гэж заасан ч гэлээ Э.Э нь өмгөөлөгчийн мөнгө төлөх боломжгүй гэж нэг удаа байцаалтад хэлснээр л түүнийг өмгөөлөгчтэй байх эрхийг нь эдлүүлэхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж түүний хуульд заасан эрхийг зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалыг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт тусгана” гэж заажээ. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг огт тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй нь хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын хувьд давж заалдах шатны шүүх хуралдааны дараа буюу 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бие давхар байснаа мэдсэн бөгөөд ураг нь амьгүй болж үүний улмаас болж мэс ажилбар хийлгэн бие нь сайнгүй, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй хэвтрийн байдалд байгаа, холбогдсон хэрэг нь тохиолдлын шинжтэй хөнгөн гэмт хэрэг юм. Хохирогч Туяа нь давж заалдах шатны хуралдаанд оролцохдоо Э.Э нь бага насны хүүхдээ харах шаардлагатай, ажил хийх боломжгүй хүн байгаа учраас тухайн ялыг нь солиход нь гомдол санал байхгүй гэж хүртэл хэлсэн байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ш.Одонсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Э-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон болно. Э.Э нь гэмт хэрэгт холбогдох үед эрхэлсэн тодорхой ажилгүй байсан бөгөөд анхан шатны шүүхээр ял шийтгүүлснээс хойш ажилд орсон гэж харагдаж байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан гомдлыг үндэслэн Э.Э-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бамбино” буудлын 303 тоот өрөөнд иргэн Д.Т-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Э-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнхандын зүгээс Э.Э нь бага насны хүүхэдтэйгээс гадна эрүүл мэндийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солиулах тухай гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад анхан болон давж заалдах шатны шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч  Э.Э  болон хамт буудалд орсон Ц.М, С.О нарын зүгээс түүнийг гэр рүү нь явуулахгүй гэснээс болсон маргааныг буудлын үйлчлэгч хохирогч Д.Т утсаар бичлэг хийн олон нийтийн сүлжээнд тавина гэснээс Э.Э, Д.Т нарын хооронд таарамжгүй харьцаа үүсч энэ гэмт хэрэг гарах шалтгаан болсон байна. Зочид буудлын ажилтан Д.Т-ийн зүгээс буудлын үйлчлүүлэгчийн аливаа байдлын талаарх дүрст бичлэгийг олон нийтийн мэдээллийн орчинд тавих, үзүүлэх нь ёс суртахууны хувьд зөв зүйтэй үйлдэл бус бөгөөд энэ нь тэдгээрийн хооронд маргаан үүсэх, гэмт хэрэг гарахад өдөөн түлхсэн ажиллагаа болсныг шүүгдэгчид ял оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд дурдсан үндэслэлүүдийг хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулан шинжлэн судалж үзэхэд Э.Э нь эцэг, эх болон бага насны хүүхдийн хамт амьдардгаас гадна ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг нь тогтоогдож байх тул энэ талаарх хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээтэй дүйцэхүйц буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Э нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдвал зохино.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 725 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 640 дүгээр магадлалд:

 “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т 500 нэгж буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т оногдуулсан 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулж, шийтгэх, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН