Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-09-23
Тогтоолын дугаар 425
Хэргийн индекс 166/2019/0186/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч П.М
Зүйл заалт 11.6.1.
Улсын яллагч Д.Дамдинсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

П.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 57 дугаар магадлалтай, П.М-т холбогдох 1918001160176 дугаартай эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Ёндонсамбуугийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ***,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 91 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 201 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, Б овогт П-н М-.

П.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шижих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 9 дүгээр хэсэг, 3 дугаар гудамж 235 тоотод Б.О-ыг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч П.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.М-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 46 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 368 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ тогтоолоор оногдуулсан ялаас хасаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулснаас биечлэн эдлэх 352 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнө тогтоолоор оногдуулсан 250 цагийн ялаас эдлээгүй үлдсэн 178 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 530 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэсэн байна.   

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дүгээр заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, З дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тусдаа ажил хийлгэх ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 178 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн 898 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэхээс хуульд зааснаас хэтэрсэн 178 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.М-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тусдаа ажил хийлгэх ялаас энэ хэрэгт цагдан хоригдсон 46 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 368 цагийг хасч, П.М-ыг 352 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй ....гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор С.Ёндонсамбуу бичсэн эсэргүүцэлдээ “ ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх нь шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтанд өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй буюу уг өөрчлөлтийн хүрээнд ялын хэмжээг тогтоосон нь мөн үндэслэлгүй байна. Тухайлбал шийтгэх тогтоолоор шүүгдэгчид 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялыг нэмж нэгтгэсэн тохиолдолд нийт ялын хэмжээ нь тухайн төрлийн ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй тухай заалтыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх хууль шийтгэх тогтоолд ялын талаар өөрчлөлт оруулах үндэслэлгүй байхад өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болох тухай давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хуульчилж өгсөн нь давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хууль ёсны шийдвэрт л ялыг багасгах өөрчлөлт оруулах эрхтэй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахдаа “шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр... “ гэж дүгнэж байгаа нь дээр дурдсанаар үндэслэлгүй бөгөөд, цааш нь “ ... өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 178 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн 898 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэхээс...” гэж анхан шатны шүүхийн үндэслэлгүй оногдуулсан 720 цагийн ял дээр эдлээгүй үлдсэн 178 цагийн ялыг нэмж нийт 898 цаг буюу ялыг нэмж нэгтгэж байгаа тохиолдолд тухайн төрлийн ялын дээд хэмжээнээс хэтэрсэн хэмжээгээр нийт эдлэх ялыг тогтоосон, улмаар “...898 цагийн ялаас хуульд зааснаас хэтэрсэн 178 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай” гэж өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 178 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмсэн атлаа дахин уг 178 цагийн ялыг хасаж, биечлэн эдлэх ялыг 720 цагаар тогтоосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн, мөн шүүгдэгчид өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 178 цагийн ялыг нэмж нэгтгэлгүй шийдвэрлэсэн болж харагдаж байх ба давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулсан дээрх өөрчлөлт нь хууль зүйн үндэслэлтэй зөвтгөсөн шийдвэр биш байна.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх шүүгдэгчид 720 нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн бөгөөд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж 720 цагаас хэтрүүлсэн байдлаар шийтгэх тогтоол гаргасан.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн энэхүү алдааг зөвтгөн залруулахдаа мөн алдаа гаргаж тодорхой биш, ойлгомжгүй байдлаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 542 цагаас доош нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад 720 цагийн ял дүйцэхээр байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.                                                                      ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурорын эсэргүүцлийг үндэслэн П.М-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч П.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шижих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 9 дүгээр хэсэг, 3 дугаар гудамж 235 тоотод Б.О-ыг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд П.М-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах талаар Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмыг буруу тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхээс П.М-т оногдуулсан ялыг хэмжээг өөрчлөн тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ. 

Тодруулбал анхан шатны шүүх П.М-ын шинээр үйлдсэн хэрэгт нь ял шийтгэл оногдуулан, цагдан хоригдсон хоногийг нь дүйцүүлэн хасч, тухайн хэрэгт эдлэх ялыг нэг мөр тогтоосны дараагаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг эцэслэн тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

Гэтэл давж заалдах шатны шүүх шинээр үйлдсэн хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг нэг мөр эцэслэн тогтоогоогүй байхдаа өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмсний дараа цагдан хоригдсон хоногийг хасаж тооцох нь зүйтэй гэж буруу дүгнэлт хийж, шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг үндэслэлгүйгээр өөрчилжээ.

Түүнчлэн, прокурорын эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтээс харахад Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 3 дэх хэсгийн агуулгыг буруу тайлбарлан, шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан тогтоох нийтлэг зарчмыг баримтлах бус харин өөр хүчин зүйлсийг тухайлбал, тухайн төрлийн ялын дээд хэмжээнээс хэтрэхээс сэргийлж ялын хэмжээг тохируулж тогтоох ёстой мэт илтэд хууль бус дүгнэлт хийсэн байна.  

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн “...анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах” агуулгатай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 57 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Ёндонсамбуугийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН