Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-09-17
Тогтоолын дугаар 407
Хэргийн индекс 168/2019/0041/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Б.Б
Зүйл заалт 22.1.1.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.Б-д холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч В.Давааням, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар магадлалтай, Б.Б-д холбогдох 1821002590229 дугаартай эрүүгийн хэргийг Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ***, ам бүл 4, ***,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 03 сарын 29-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж байсан, У овогт Б-н Б-.

Б.Б- нь Дорнод аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, “Мах сүү, сүүний чиглэлийн үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч олгох” төслийн 3,000,000 төгрөгийн үнэ бүхий 16 толгой үхрийг төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ч.Д-гийн төрсөн ах Ч.Д-, төрсөн дүү Ч.Б- нарт 2017 оны 12 сарын 04-ний өдөр олгож, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5,400,000 төгрөгийн торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.      

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх  шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Ц.Лхамсүрэн бичсэн эсэргүүцэлдээ “Магадлалыг эс зөвшөөрч байна эсэргүүцэл бичиж байна. Б.Б- нь Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, материал худалдан авах тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулах ёстой байхад сонгон шалгаруулалт явуулахгүйгээр төслийн 16 тооны үхрийг Ч.Д-, Ч.Б- нарт олгохоор тушаал гаргаж, албан үүрэг, эрх мэдлээ урвуулан ашигласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Давж  заалдах шатны шүүх Б.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ “давуу байдалд олж авсан этгээдүүд нь үүнээсээ татгалзсанаар үйлдлийн хор уршиг арилсан, Б.Б-ы үйлдлээр зөрчигдсөн дүрэм, журам нь хуульчлагдаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба бодитой хор, уршиг бий болсон эсэх, хохирлын хэмжээг харгалзан үзэхээргүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх, ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй” гэх заалтад хамааруулж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн Б.Б-ы зөрчсөн гэх дүрэм, журам нь Монгол Улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа материал худалдан авах тухай” хуулиар зохицуулагдах бөгөөд тэрээр төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, төсөл сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий үнэлгээний хороо буюу ажлын хэсэгт нөлөөлж, төрөөс үзүүлж байгаа төсөл сонгон шалгаруулах үйлчилгээнд иргэдийн тэгш, шударгаар оролцох эрхийг хязгаарласан, төрийн үйл ажиллагааг хэвийн явуулахад харшилсан, эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл хийснээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Энэхүү үйлдлийн улмаас зөвхөн нэг субъект биш нийтийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул хохирол, хор уршиг бодитойгоор шаардахгүй юм.

Давж заалдах шатны шүүх нь Авилгын тухай хуулийг буруу тайлбарлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъектив талын шинжид “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилго” зайлшгүй байх ёстой гэсэн хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж, Б.Б- нь албаны эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн гэх нөхцөл тогтоогдоогүй тул гэмт хэргийн шинжгүй байна гэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Авилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “авилга” гэх нэр томъёог “албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдпийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж тус тус тодорхойлсон байна.

Дээрх тодорхойлолтоос үзэхэд “...хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах...” гэсэн нэг ойлголт, “...бусдад давуу байдал олгох...” гэсэн өөр нэг ойлголтыг таслалаар заагласан, мөн “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” гэсэн тус тусдаа гэмт хэргийн объектив шинжтэй ойлголтууд байхад хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэхээр өөртөө эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон бол албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангана гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Б.Б-д холбогдох хэргийг цагаатгасан тул магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч В.Давааням хэлсэн саналдаа “Прокурорын эсэргүүцэлд дурдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа материал худалдан авах тухай хууль Монгол улсад байхгүй. Харин 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ хуулийн гол зохицуулах харилцаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ гаднаас худалдан авахдаа энэ хуулийг дагаж мөрддөг. Энэ нь нэгэнт тогтсон ойлголт юм. Улсын төсвийн хөрөнгөөр тодорхой үнийн дүнгээс дээш үнэтэй бараа ажил үйлчилгээг худалдан авах шаардлагатай тохиолдолд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж гаднаас бараа ажил, үйлчилгээ худалдаж авахдаа энэ хуульд заасан журмыг баримталдаг. Гэтэл төр өөрийн дансны буюу өөрийн мэдлийн хөрөнгийг бусдын эзэмшилд түр шилжүүлж, иргэдийг малтай болгох үйл ажиллагаа явагдсан. Энэ харилцаа нь яагаад Тендерийн хуулийн дагуу зохицуулагдах харилцаа болсон нь ойлгомжгүй байна.

Дорнод аймгийн Засаг даргын эрх шилжүүлэх тухай А/58 дугаар захирамж, түүний хавсралтаар Б.Б-ы гэм буруу тогтоогдож байна гэж нотлох баримтаар авч үзсэн. Уг захирамж, түүний хавсралтаар малжуулах төсөлд хэрэглэгдэх нийт үхрийг худалдан авах эрхийг Хүнс хөдөө аж ахуйн даргад шилжүүлээд энэ захирамж хэрэгжээд үхрийг худалдаж авсан. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж Авилгын эсрэг хууль тогтоомжийг зөв хэрэглэж, хэргийг цагаатгасан гэж үзэж байна.

Хор уршиг шаардсан байхыг шаардаагүй бөгөөд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэдэг нь хоёр шатны шүүхийн шийдвэрээс харагдаж байгаа. Харин давуу байдал бий болгохдоо эрх мэдэл, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл байгаа юу гэдэгт маргаан үүссэн.

Урвуулан ашиглах гэдэг ойлголтыг Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчимд тусгасны дагуу Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан уу үгүй юу гэдэгт давж заалдах шатны шүүх манай гомдлыг хүлээн аваад хэргийг цагаатгасан нь үндэслэлтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн хувийн дансны мэдээлэл зэргийг бүрэн цуглуулж шалгасан боловч хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилго тогтоогдоогүй. Түүнчлэн эсэргүүцэлд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч н.Д-, түүний төрсөн дүү н.Б- нар нь ямар агуулгаар яллах дүгнэлтэд дурдагдаж байгаа нь ойлгомжгүй. Нам бүлгийн ашиг сонирхол байгаа эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч н.Д- нь Ардчилсан намын төлөөлөгч байдаг. Б.Б- нь Монгол Ардын намаас сонгогдсон Засаг даргын томилсон томилгооны хүн юм. Прокурорын зүгээс хэтэрхий нэг талыг баримталсан байр суурийг илэрхийлж байсан нь давж заалдах шатны шүүхийн тэмдэглэлд тусгагдсан байдаг.

Иймд давж заалдах шатны шүүх хуулийн үзэл санааг зөв тайлбарлаж, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон эрх зүйн зохицуулалтыг үндэслэлтэй дүгнэж хэрэгт авагдсан баримтад үндэслэж бодитой дүгнэлт гаргасан гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Б.Б-д холбогдох хэрэгт гэрчээр байцаагдсан Ч.Д-, Ч.Батдэлгэр, Ч.Д-, Ч.Батчулуун нар төрсөн ах дүүс бөгөөд 16 тоо толгой үхрийг хоёр малчинд олгох ажлыг Ч.Д- буюу Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Дорнод аймгийн хөдөө ах ахуйн дарга Б.Б-д явуулсан. Төслийг Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэдэд олгох байсан. Үүнээс үүдээд 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр албан бичиг хүргүүлсэн.

Б.Б- тухайн үед Хүнс хөдөө аж ахуйн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд  2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлын хэсэг байгуулах тухай А/16 дугаар тушаалаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилж, 2 дахь заалтад үхрийг хуулийн дагуу Гурванзагал суманд хүлээлгэж өгөхөөр заасан. Гэтэл 2012 оны Аймгийн Засаг даргын тушаалаар батлагдсан журамд төслийн сонгон шалгаруулалт явуулах ёстой байсан боловч үнэлгээний комисс байгуулж ажиллуулах талаар заасан. Гэтэл үнэлгээний комисс байгуулалгүйгээр шууд ажлын хэсэг байгуулсан.  2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Гурванзагал суманд 16 тоо толгой үхрийг хүлээлгэж өгөх акт гараад 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэр дурдсан хүмүүст үхрийг өгсөн.

Уг хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхад давж заалдах шатны шүүх заавал хор уршиг учирсан байхыг шаардаж, Эрүүгийн хэргийг буруу хэрэглэж шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлгүй байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох саналтай байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б- нь Дорнод аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, “Мах сүү, сүүний чиглэлийн үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч олгох” төслийн 6,500,000 төгрөгийн үнэ бүхий 16 толгой үхрийг төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ч.Д-гийн төрсөн ах Ч.Д-, төрсөн дүү Ч.Б- нарт 2017 оны 12 сарын 04-ний өдөр олгож, бусдад давуу байдал бий болгосон болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ы гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин давж заалдах шатны шүүх Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.

Шүүгдэгч Б.Б-ы хувьд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн үйл ажиллаганы хүрээнд хэрэгжүүлж байгаа төслийн үр шимийг хүртэгчийг шалгаруулалт явуулахгүйгээр сонгож буй нь холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтад оролцож уг төслийн үр шим, өгөөжийг шударгаар хүртэх байсан бусад иргэд, аж ахуйн нэгжийн хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал аль алинд нь хор уршиг учруулсан байх тул эрх мэдэл, албан тушаалын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, прокурор Ц.Лхамсүрэнгийн бичсэн “...давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Б.Б-д холбогдох хэргийг цагаатгасан тул магадлалыг хүчингүй болгуулах” агуулгатай эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсүгэй.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН