Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-09-30
Тогтоолын дугаар 442
Хэргийн индекс 188/2019/0288/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч А.А
Зүйл заалт 10.1
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

А.А-д холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э-, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 192 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 58 дугаар магадлалтай, А.А-д холбогдох 1818000000579 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Амгалангийн А-, 1973 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 9 дүгээр хэсэг, 3 дугаар гудамжны 201 тоотод оршин суух, өмнө нь

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1996 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 65 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар шийтгүүлж, 1996 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 68 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 3 сар 28 хоногийн хорих ялыг тэнсэн хянан харгалзсан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 283 дугаар таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 3 сар 14 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 96а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 2006 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 232 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 1 жил хорих ялаар, шийтгүүлж, 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь  хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 260 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 жил 5 сар 20 хоног хорих ялаас чөлөөлөгдсөн Б овогт А-н А-.

А.А- нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг “Ноён Хонгор” гэх газарт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.Э-ийг онц харгис хэрцгийгээр биед нь олон тооны гэмтэл шарх үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  А.А-ыг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д зааснаар шүүгдэгч А.А-д 20 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.А- гаргасан гомдолдоо “... Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие хамтран амьдрагч Э-ийн амь насийг онц харгис хэрцгийгээр хөнөөгөөгүй. ...миний найз болох хар хочит Цээеэ хочит /Ц-/ намайг согтоож, тасарсны дараа Э-ийг хүч хэрэглэн хүчирхийлэхийг завдан улмаар зодож, тархи толгойг нь хагалж, шалны модоор цохисон, хөлөөрөө өшиглөсөн, нүүр рүү нь цохиж, эмэгтэй хүний биеэ авч явах чадваргүй байдлыг ашиглаж зодож гэмтээснийг хамтран амьдрагч надад хэлж, танай найзад гомдож байна гэсэн.

2018 оны 12 дугаар сарын 16-ны шөнө сэрэхэд хамтран амьдрагч маань хөргөгч, ор хоёрын завсар ...толгойн ар хэсгээс цус гарсан байдалтай хэвтэж байхад нь би орон дээр тавьсан. Удалгүй сэрээд Ц- зодсон болохыг хэлдэг. Би тухайн үед бухимдаад Э-ийг өгзөг дээр нь 2-3 удаа цохисноо хүлээн зөвшөөрдөг. Тэгэхэд Э- Цээеэ энд өшиглөөд байсан өвдөөд амьсгалахад хэцүү байна гэж байсан. Яг хаанаа заасныг нь анзаараагүй. ...Ц- бид 2 найзууд хорих ангид хүртэл хамт ял эдэлж байсан. Гэтэл Ц- миний хамтран амьдрагчийг зодож, улмаар амь насыг хохироочихоод намайг танихгүй би юу ч мэдэхгүй гэж худал мэдүүлж байгаад гайхаж, гомдож байна.

Би үнэхээр хамтран амьдрагчаа зодож амь насыг нь хохироосон бол хуулийн өмнө гэм буруугаа хүлээж, үр хүүхдүүдээс нь уучлалт гуйж, чин сэтгэлээсээ гэмшиж, алдаагаа ухамсарлах байсан....Би хамтран амьдрагчаа зодож амь насыг нь хөнөөгөөгүй. ...хэргийг мөрдөн байцаалтад буцааж, Ц-ийг сэжигтэнээр шалгаж, энэ хэргийн эзэн холбогдогчийг олж хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон. А.А-д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон. Шүүгдэгч өөр хүнийг шалгах талаар ярьдаг боловч хэрэгт таксины жолоочийг шалгах үндэслэлгүй юм. Шүүх А.А-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.А-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

А.А- нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг “Ноён Хонгор” гэх газарт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.Э-ийг онц харгис хэрцгийгээр биед нь олон тооны гэмтэл шарх үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож алсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх А.А-ын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн шүүх А.А-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тусгай ангид заасан төрөл, хэмжээний хүрээнд хорих ял оногдуулан, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.       

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд прокуророос шүүхэд ирүүлсэн хавтаст хэргийн хүрээнд А.А-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч А.А-ын үйлдсэн гэмт хэрэг хөдөлбөргүй нотлогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан “...Би хамтран амьдрагчаа зодож амь насыг нь хөнөөгөөгүй, ...хэргийг мөрдөн байцаалтад буцааж, Ц-ийг сэжигтнээр шалгаж, хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү, мөн Ц-ын цусны бүлгийг тогтоож өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 192 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 58 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН