Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-09-30
Тогтоолын дугаар 441
Хэргийн индекс 188/2019/0287/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч О.Т
Зүйл заалт 11.1.2.1.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

О.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Одгариг, хохирогч Я.А-, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 344 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 486 дугаар магадлалтай, О.Т-д холбогдох 1808026630912 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Одгаригийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автогрейдер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ***, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт О-н Т-.

О.Т- нь согтууруулах ундааны зүйл зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 14-45 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэр Я.А-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт О.Т-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч О.Т-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч О.Т-ыг 3 жил 5 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Т-ын өмгөөлөгч С.Одгариг, хохирогч Я.А- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Одгариг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “ ... Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилжээ.

О.Т-ын хувьд хардалтын улмаас эхнэр Я.А-ийн эрүүл мэндэд зэвсэг хэрэглэж, хүнд гэмтэл учруулсан боловч гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар байхгүй болсон, гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсан боловч түүний үр дагавар болох хор уршиг байхгүй, эхнэр нь гомдолгүй, бид 2 олон жил хамт амьдарч байгаа, нөхрөө шоронд явуулмааргүй байна гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн зэрэг байдлуудын улмаас энэ хүнд заавал хорих ялыг биеэр эдлүүлэхгүйгээр зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлж хорих ял ононгдуулахгүйгээр тэнсэх боломжтой байдлыг харгалзан үзэж өмгөөлөгч миний бие шүүх хуралдаан дээр хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй.

Шүүгдэгч О.Т- нь хорих ангид очоод уналт, таталт өгч биеийн эрүүл мэнд нь муудаж эмнэлэгт хэвтсэн бөгөөд хэдийгээр хуульд гэмт үйлдэлд оногдуулах хариуцлагыг нарийвчлан томьёолсон байдаг боловч хэрэг үйлдэгдсэн болон ял оногдуулах үеийн нөхцөл байдлыг харьцуулан хүнийг зөвхөн хуулийн хатуу заалтаар биш энэрэнгүй зарчмаар хандаж ялыг хөнгөрүүлэх нь шүүгдэгч болон түүний гэр бүлийн цаашдын амьдралд ач холбогдолтой /үүнд хохирогч орж байгаа/ болохыг анхааран үзэж өмгөөлөгч миний анхан шатны шүүх хуралдаанд гаргасан байр суурийн дагуу зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч О.Т-ын үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх тухай гомдол гаргах боловч О.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийг хутгалж, биед нь гэмтэл учруулсан бөгөөд түүний энэ үйлдэл  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан шинжийг бүрэн хангаж буй тул гомдол үндэслэлгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Одгаригийн гаргасан гомдлыг үндэслэн О.Т-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

О.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 14-45 тоотод өөрийн эхнэр Я.А-ийг хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Т-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль буцаан хэрэглэх зарчмыг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Ийнхүү шийдвэрлэхдээ О.Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан” яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.  Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүрээнд үйлдэж байгаа үйлдэл нэг бүр гэр бүлийн хүчирхийлийн шинжид хамаардаггүй бөгөөд эр, эмийн хардалтаас шалтгаалж гэнэт үүссэн буюу нэг удаагийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул О.Т-ийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн шүүгдэгч О.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, мөн тухайн хэрэгт оногдуулж болох хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлэн тогтоож 3 жил 5 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутган дүгнэх, өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Одгаригийн гаргасан “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжийг харгалзан үзэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 344 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 486 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Одгаригийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН