Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-10-09
Тогтоолын дугаар 472
Хэргийн индекс 164/2019/0015/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Э.Д
Зүйл заалт 17.1.2.1.
Улсын яллагч Д.Дамдинсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

   Э.Д-д холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирдорж, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 сарын 09-ний өдрийн 439 дүгээр магадлалтай, Э.Д-д холбогдох 1810025130710 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Очирдорж нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 13 дугаар гудамжны 399 тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийх ялаар,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 598 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, Х овогт Э-н Д-.

Э.Д- нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын 9 дүгээр гудамжны 187 тоотод оршин суух иргэн Г.Ч-ийн өвлийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч, “Эл Жи” брэндийн 43 инчийн зурагтыг хулгайлж 390,000 төгрөгийн,

Мөн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Цагдаа 3 хотхоны барилгын ажилчдын гэрийн гаднаас иргэн Б.П-гийн эзэмшлийн 47-37 УНТ улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгсэл болон дотор байсан нөүтбүүкийг хууль бусаар авч, 8,250,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Д-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Э.Д-ийг 3 жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Д-ийг энэ тогтоолоор оногдуулсан 3 жил  хорих ял дээр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 598 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 1 сар, 8 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 3 жил, 1 сар, 8 хоног хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.Д-д оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Д-ий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирдорж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Э.Д- нь үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч, үнэн зөвөөр мэдүүлэг өгч ирсэн ба хохирогч Б.П-д төлөх 932,500 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн. Шүүгдэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зохих ёсоор явагдаагүй гэж анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр яригддаг. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Прокурорт мөн анхан болон давж заалдах шатны шүүхэд Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтэст өөр хэрэгт шалгагдаж байгаа талаар тайлбарлаж, уг хэрэгтэй нэгтгүүлэх талаар хүсэлтийг удаа дараа гаргасан байдаг. Үүнтэй холбоотойгоор давж заалдах шатны шүүхэд Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс албан тоот болон  хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. 2018 оны 03 сарын тогтоолыг хэрэгт хавсаргаж өгсөн боловч давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанаар “тухайн албан бичиг болон хэрэг бүртгэлт нээсэн тогтоолд Э.Д-ий тухайн хэрэгт ямар байдлаар холбогдсон талаар  хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангаагүй. 06 сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүсэлт тавиад хариуг авсан байгаа. Тус хариунд тус цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт 180901039 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт Э.Д- нь гэрчээр мэдүүлэг өгсөн, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна гэсэн хариуг өгсөн. Прокурорт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа хүсэлтийг өгсөн боловч тодорхой хариуг өгөөгүйгээс гадна тодорхой ажиллагааны хийхгүй байсаар анхан шатны шүүхрүү хэргийг явуулсан. Анхан шатны шүүх дээр хэргийн дугаар байхгүй гэсэн үндэслэлээр тухайн хэргийг прокурорт буцаах боломжгүй гэж яригдсан. Прокурор уг хүсэлтийг хүлээж аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.6, 29.2 дугаар зүйлийн 7, 32.4 дүгээр зүйлийн 2.3, 33.2 дугаар зүйлийн 1.6-д заасан ажиллагаа хийлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Иймд хэргийг прокурорт буцааж Э.Д-ий үйлдлийг нэгтгэж шалгах нь үндэслэлтэй байна. Мөн Э.Д-ий гомдолд дурдсанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу ял хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Э.Д- гаргасан гомдолдоо “...Би хоёр шатны шүүх хуралдаанд оролцохдоо гэм буруугаа хүлээсэн, мөн ял эдэлж байх хугацаандаа 1 сая орчим төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан. Иймд надад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа, хохирыг бүрэн барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан эдлэх ёстой ялын хугацаанаас багасгаж өгнө үү” гэв.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хэргийг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хууль хэрэглээний алдаа гаргаагүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдолд дурдсанаар Э.Д- өөр хэрэгт яллагдагчаар татагдсан баримт байхгүй учраас анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг нэгтгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй. Анхан шатны шүүх хуралдаан хэлэлцэгдэх үед хохирол төлөгдөөгүй байсан. Шүүгдэгчийн хувийн байдлыг үндэслэн түүний үйлдсэн гэмт хэрэгт 3 жил хорих ял оногдуулсан нь тохирсон гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Э.Д-д холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Очирдорж нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Э.Д- нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бусдын орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, “Эл Жи” загварын 43 инчийн зурагт хулгайлж 390,000 төгрөг, мөн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.П-гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болон дотор байсан зөөврийн компьютерийг хулгайлж 8,250,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлэг, хэргийн шийдвэрлэлтэд аливаа нэгэн сонирхолгүй хөндлөнгийн гэрч,  шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байх бөгөөд  шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсгийг зөв тодорхойлж зүйлчилжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлж болох зохицуулалт нь агуулга, онолын үзэл баримтлалын хувьд анхан шатны шүүхээр гэм буруугийн асуудал хэлэлцэгдэх болон түүний өмнөх шатанд голлон хэрэгждэг заалт төдийгүй, заавал хэрэглэгдэхээр шүүхэд үүрэг болгосон заалт биш юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Иймд хэргийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Очирдорж нарын гаргасан “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг барагдуулсан тул хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн” ижил агуулга бүхий гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН